Categories
мэдээ цаг-үе

Э.Оюунболд арслан энэ жилийн баяр наадмаар зодоглохгүй DNN.mn

Улсын арслан Э.Оюунболдын зүгээс Монгол дахь олон улсын ба үндэсний спортын арбитрт нэхэмжлэлийн шаардлага хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Түүний шаардлагыг давж заалдах комисс хүлээн авснаар Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооноос Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ) болон эрх бүхий комисс шийдвэрлэхийг даалгасан юм.

МҮБХ-ны дэргэдэх допингийн хэргийг хянан шийдвэрлэх хараат бус комисс энэ асуудлаар хоёр өдрийн турш Монгол Бөхийн Өргөө (МБӨ)-нд хуралдлаа.

Тус хурлаар Э.Оюунболдод оноосон найман жилээр барилдах эрхийг нь хассаныг 2.4 жил болгож өөрчилжээ. Тухайлбал Э.Оюунболдод шийтгэл оноохдоо Монголын Допингийн Эсрэг Дүрмийн 2.4, 8.7 болон 8.10 дугаар заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр шийтгэлийн хугацааг өөрчилсөн болохыг тус комиссын гишүүн О.Амгаланхүү мэдэгдлээ.

Э.Оюунболдоос өнгөрсөн оны хоёрдугаар сард допинг давтан илэрсэн. Ингээд тооцвол 2025 оны зургаадугаар сард барилдах эрх нь сэргэх боломжтой болох нь.

Ямартай ч энэ жилийн баяр наадмаар барилдах эрх нь сэргэхгүй гэв.

МҮБХ-ны дэргэдэх допингийн хэргийг хянан шийдвэрлэх хараат бус комиссын даргаар П.Мөнхжаргал (хуульч), гишүүнээр нь О.Амгаланхүү (эмч), Ж.Эрдэнэбаяр (хуульч, өмгөөлөгч), Д.Золбаяр (тамирчин), Д.Нямдорж (эмч) нар ажилладаг билээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Гайхамшигт Монгол наадам эхэллээ DNN.mn

“Домгийн шувуу үргээж Монгол наадам эхэллээ”. Орчин үед энийг сонсоод ихэнх нь инээд хөөр болж шоолж байна гэж ойлгодог. Энэнд шоолох юм байхгүй. Энэ бол бичиг номын хүмүүст бол ив ил зүйрлэл юм. Ингэхэд домгийн шувуу гэж юуг хэлнэ вэ. Анх энэ үгийг хэн хэлэв, хэн бичив гэж.Тэгвэл энэхүү “Домгийн шувуу” хэмээх нь одооны хүмүүсийн үл ойлгох бичгийн хэлний л зүйрлэлээс өөр юу ч биш. Энэ үгийг анх сонин, телевиз, радиогийн үе, үеийн нэрт сэтгүүлчид хэлж, бичсээр өдгөө монголчуудын сэтгэл, зүрхэнд наадам гэх үгтэй дүйцэхүйц хоногшин үлджээ. Үлгэр домогт өгүүлэх шувуудын хаан буюу гайхамшигт хүч чадалтай, маш том биетэй шувууг Хангарьд хэмээн нэрлэдгийг бид мэднэ. Үүнийг санскрит хэлэнд “домгийн шувуу” гэж тайлдаг аж.Хэрвээ энэхүү аварга том домгийн шувууг хунгийн чуулган мэт олуулаа чуулж байхад нь үргээвэл яах вэ. Том шувуу учраас хөөрөх гэж аварга далавчаа хэдэнтээ дэвэхийн хажуугаар багагүй зайнд газарт гүйж, хурдаа авч таараа.Маш их сүр хүч, тод үзэсгэлэнт агшин төсөөлөгдөж байгаа биз.Тэгвэл энэхүү домгийн шувуудын дэвж байгааг эрийн гурван наадмын нэг хүчит бөхчүүдийн гараа, дэвэлттэй адилтган зүйрлэж. Наадмын хүчит бөхчүүд Хангарьдын дэвэлтээр дэвэн дэвсээр гарч ирлээ гэж ярьдаг.Улсын цолонд “гарьд” хэмээх цол бий.Тиймээс л Монголын сэтгүүл зүй энэхүү үгийг анх олон түмэндээ таниулснаар эдүгээ хүртэл монголчууд бид домгийн шувуу үргээж, Монгол наадам эхэллээ хэмээн ярьдаг болжээ.Гэхдээ шоолж доош нь хийж гутаах маягаар.

Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой энэ жил тохиож байна. Монгол үндэстний дэлхийн олон улсаас ондооших гол ялгарал, түүх соёлын илэрхийлэл бол Үндэсний их баяр наадам.Өнө мөнхөд мандан бадрахуйн тайлал болсон нар, сар, галыг бэлгэдэн, эв нэгдэл, төрт ёс, бахархлыг зөгнөдөг монгол наадам нь эрхэмсэг оршихуй, ижилсэн эвлэхүй, бахдан омогшихуйн утга учиртай. Энэхүү баярын талаар түүхийн хуудаснаас сөхөн үзвэл, эртний Хүннүгийн үед очих аж.Хүннү гүрний нэгдсэн төр байгуулагдсан үе буюу МЭӨ I-II зууны үеэс эхтэй. Тухайн үеийн сурвалж, бичгүүдэд наадмын талаар дурдсан байдаг нь үүнийг гэрчлэх төдийгүй морь, бөх, сурыг тулгар төрийн үүсэл хэмээн үздэг байв. Хүннүчүүд бутархай овог аймгийн эв нэгдэл, цэргүүдийн байлдааны ур чадварыг сайжруулах зорилгоор наадам зохион байгуулж ирсэн нь өдгөө монгол угсаатнуудын эрийн гурван наадмын төрхийг олжээ гэж үздэг. Түүнчлэн Монголын нууц товчоонд эрийн гурван наадмыг “Хуран сар” буюу долдугаар сард тэмдэглэдэг байсан тухай тэмдэглэсэн нь бий. Энэ мэт Үндэсний их баяр наадмын үүх түүх, ёс заншил, бэлгэдэл, бэлгэшээлийг яривал асар их зүйлийг бичнэ.Юутай ч энэ жилийн наадам хатуу цагийн дараа бас шинэ сонголтын дараа болж байгаагаараа онцлогтой.

Өнгөрсөн өвөл, хавар ямаршуухан болж өнгөрснийг малчид, иргэд мартаагүй.Өвөл хүндхэн болсон ч энэ зун нийт нутгаар зуншлага сайхан болж байгааг олон хүн хэлж байгаа.Цаг сайханд наадам, найр тэмдэглэх шиг жаргал хаана байх вэ гэж ярих хүн ч олон байна.Төрт ёсны их баяр наадмаа шинэ төр, шинэ засагтай угтаж байгаа нь ч энэ жилийн наадмын нэгэн онцлог.Тиймээс монголчууд бүгд Үндэсний их баяр, цэнгэл наадмаа тэмдэглэхдээ ам сайтай, сэтгэл уужуу золгон баярлаж байна.Ард түмэн баярлах, цэнгэх эрхтэй.Харин ардын засаг, “алаг” засаг баярлах арай эрт байна.Баярлахаасаа өмнө овоорсон баахан асуудлаа шийдэх хэрэгтэй гэдгээ мэдэж байгаа байлгүй.Баяр болж байна гээд ард түмэнтэйгээ зэрэгцээд хөөрцөглөөд байх цаг үе биш. Зуны сар зургаа биш.Урин дулааны цагт шийдэх асуудал олон байгаа.Даруйхан хамтарсан Засгийн газрынхаа үйл ажиллагааг идэвхжүүлж салбар бүрийнхээ овоорсон ажлаа цэгцлэх хэрэгтэй байна.Наадмын дараа намар.Намрын эхэнд л цахилгаан, эрчим хүчний асуудал чинь яригдаж эхэлнэ. Өнгөрсөн өвөл арай ч гал алдалгүй давсан. Энэ жил шинэ шийдэл, нэмэлт станцгүй л бол ёстой найраагүй, бүгдээрээ хөлдөцгөөнө гэдгээ мэдэж байгаа юу. Наадмаас хойш энэ асуудлаа шийдэхэд та нарт гуравхан сарын хугацаа л байгаа. Энэ хугацаанд шинэ том станц барина гэж хоосон хийрхэж байгаад асуудал үүсэх вий. Том станцаа ч барих ажлаа хаялгүйгээр хажуугаар нь батерей станцуудаа байгуулчих. Энэ богинохон хугацаанд та нарын хийж чадах гол ажил чинь л энэ болж таарах байх.

Харин энэ ажлаа түргэн хийх шаардлагатай. Тэгж чадвал намар, өвөл эрчим хүчний асуудалд хэсэгтээ санаа зовохгүй давчихна гэж эрдэмтэд, судлаачид хэлсэн. Наадам, найр гэлтгүй намрын асуудлуудаа өнөөдрөөс яаралтай шийдэх хэрэгтэй.Нийслэл хотын хувьд наадмын дараа хэсэгхэн аниргүй орших байх.Энэ хугацаандаа бид утаа, түгжрэлээ түр мартдаг муу зуршилтай. Ард түмэн хэсэг хугацаанд мартаж болох ч шинэ төр, засаг мартаж болохгүй. Та нарт мартах ч эрх байхгүй.

Энэ жилийн өвөл нийслэлчүүд нөгөө л сайжруулсан түлшээ түлэх байх. Угтаа хагас коксжсон нүүрс түлдэг болъё гэдэг нь зөв гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн.Гэхдээ энэ жилдээ манай төр, засаг энэ чигийн үйлдвэрээ барьж амжихгүй болсон нь тодорхой.Ирэх жил Хятадын утаагүй түлшийг оруулж ирэх асуудлаа эртнээс ярьж, санхүүжилт, тендер юу хэрэгтэй байна тэр бүхнийг нь одооноос шийдэхийн төлөө Төрийн бодлого, шийдвэрээ яаралтай гаргацгаа. Тэгж байж нийслэлчүүд утаанаасаа ойрмогхон салж чадна.Сургууль орохоор түгжрэл жинхэнэ утгаараа тэг зогсолт үзүүлнэ.Тиймээс одооноос тендер юмнуудаа явуулж, давхар зам, тойруу зам, гүүрэн байгууламжуудынхаа зураг төслийг яг таг бэлэн болгочих хэрэгтэй байна.Энэ жилдээ багтаад дээрх бүтээн байгуулалтын ажлуудынхаа зураг төслийг гаргаад, санхүүжилтийг нь шийдчихэж чадвал ирэх жилийн хавар гэхэд ажлууд нь эхнээсээ хэрэгжээд явах боломж үүснэ.Энэ жилийн есөн сарын 1-ийг түгжрэлтэйгээ өнгөрөөдөг юм аа гэхэд ирэх жил бид түгжирмээргүй байна шүү, Ерөнхий сайд аа, Хотын дарга аа. Угтаа хамгийн амархан, богинохон хугацаанд асуудлыг нь шийдэх боломжтой зүйл бол Улаанбаатар хотын автозамын түгжрэл гэж гадна, дотны мэргэжилтнүүд ярьдаг. Үнэн бол энэ асуудлаа даруй шийдэцгээ.Та бүхний хамтарсан засгийн гол уриа бол том асуудлаа шийдье, хурдан хөгжье гэж байгаа.

Яг энэ уриа шигээ ажлаа гялалзуулмаар байна.Наадам найр гэж хавтайгаар явбал энэ сонгуулийн үр дүн, иргэдийн саналаар та нар тоглолоо л гэж ойлгох хэрэгтэй.Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого” гэх зүйлийг дэвшүүлээд багагүй хугацаа өнгөрсөн.Энэ бодлогод тусгагдсан боомтын боймыг тайлна гэх хөтөлбөр чинь юу болсон бэ.Одоо хүртэл боомтууд боймлогдсон хэвээрээ байна. Тиймээс боомтынхоо боймыг бодитой тайлцгаа.Хамтарсан Засгийн газрын шийдэх гол ажлуудын нэг нь энэ байх. Сонгуулийн дараахь эдийн засгийн нөхцөл байдал таагүй болно гэж эдийн засагчид анхааруулж хэлж байсан. Тэгвэл эдийн засгийн өнөөгийн өсөлтөө хадгалах, төгрөгийн ханшаа алдахгүй байх чиглэлд одооноос л анхаарч ажиллах шаардлагатай. Наадам, найр гээд явчих л юм бол энэ олон ажлууд та нарын шийдвэрийг хүлээгээд байж байхгүй л байх.Валютын нөөц таван тэрбум ам.доллар давсан. Энэ зун, энэ наадмаар нөөц улам бүр нэмэгдэх хандлагатай байгаа. Гэвч наадмын дараа гаднаас барилга, хүнс, түлш, шатахуун, хувцас, автомашин, эрчим хүч гээд авах бараа, бүтээгдэхүүн асар их бий. Тиймээс экспорт, импортынхоо асуудлыг одооноос л анхаар.

Асуудлыг товчхон хэлэхэд ийм олон зүйл байна. Шийдэл, шийдвэр, санхүүжилтээ хүлээж байгаа олон асуудал Монгол Улсад байна. Бараг энэ олон асуудлыг харж, мэдрээд, яаж шийдэх вэ гэж толгойгоо гашилгаж суугаа хүнд юун наадам, юун зугаалга, амралт бодох манатай баймаар. Гэтэл шинээр байгуулагдсан парламентын гишүүд, хамтарсан Засагт орох тохироогоо хийсэн улстөрчид та бүхэн чихэр долоосон хүүхэд шиг баярлан бахдаж, инээж цовхчиж байгаа чинь ард түмэнд таалагдахгүй шүү.Нэг л их инээцгээсэн, нэг л их ард түмнийхээ төлөө гэж ирээд шударга дүр эсгэн хүмүүс яваад л байна даа. Та нарыг ард түмэн, улс орныхоо төлөө ажиллах уу, эс ажиллах уу гэдгийг иргэд андашгүй мэднэ.

Төрийн ордны торгон хивсэн дээгүүр толгойндоо шинэ ширээ сандлаа бодон маасайн явахыг чинь ч ард түмэн алхаа гишгээнээс чинь шууд л танина.Ард түмэн баярлаж, цэнгэж, зугаалж болно. Ардын засаг, алаг засаг, анхын 126-д энэ жилдээ наадах эрх байхгүй.Ирэх жилийн ажлаа энэ жилдээ багтаан хийчихээд дараа жил даврахгүй сайхан наадацгаагаарай. Эцэст нь, гайхамшигт Монгол наадам эхэллээ. Монгол түмэн маань хотол олноороо сайхан наадаарай.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр гахай өдөр DNN.mn

Аргын тооллын долдугаар сарын 10, Буд гариг. Билгийн тооллын 4, Бага морь одтой, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 05:04 цагт мандаж, 20:51 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, өдөртөө Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +5…+10 градус, Увс нуурын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +11…+16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +20…+25 градус, бусад нутгаар +15…+20 градус, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +18…+23 градус, говийн бүс нутаг болон Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр +31…+36 градус, бусад нутгаар +25…+30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +15…+17 градус, өдөртөө +28…+30 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ .Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +26…+28 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +25…+27 градус дулаан байна.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дээлтэй Монгол наадам 18 дахь жилтэйгээ золголоо DNN.mn

Ардын хувьсгалын 103 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүрээнд “Үндэсний хувцасны өдөр”-ийг тохиолдуулан 18 дахь жилдээ “Дээлтэй Монгол наадам-2024”-ыгзохион байгууллаа.

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Соёлын яам, Монголын Аялал жуулчлалын холбоо, “Монгол костюмс” төвтэй хамтран зохион байгуулж байгаа энэ арга хэмжээнд үндэсний хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом, наадгай, дээл, хувцас урлаачдын үзэсгэлэн худалдаа болж, үдэш нь хүүхэд залуучуудад зориулан “Дээлтэй диско” орчин үеийн хамтлаг дуучдын тоглолт зохион байгуулна гэдгийг Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлсэн юм.

Энэ жилийн “Дээлтэй Монгол” наадамд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн төлөөллөөс гадна БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн “Хөрөнгө оруулагчдын холбоо”, Баруун үзэмчин хошуу, Ордос аймгийн Монголчууд, Монгол туургатны утга зохиол, өв соёлын “Дорнын гэгээ аялгуу” нэгдсэн холбоо, Шинжаан уйгурын өөртөө засах орны Торгууд, Өөлд, Цахар, Хошуут, Захчин, Урианхай, Халх үндэстэн ястнуудын төлөөлөл бүхий Ойрад Монголчууд, ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын Буриад Монголчууд, ОХУ-ын Бүгд найрамдах Халимаг улсын Элстэйн холбоо гэх мэт гадаадын 200 гаруй оролцогч оролцлоо.

Түүнчлэн “Дээлтэй Монгол” наадмын үеэр шилдэг дүүрэг, шилдэг аж ахуйн нэгж байгууллага, шилдэг дээл урлаач, хамгийн сайхан дээлтэй гэр бүл, хамгийн сайхан дээлтэй оролцогч /эрэгтэй, эмэгтэй/, монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч /эрэгтэй, эмэгтэй/, хамгийн сайхан дээлтэй хүүхэд /эрэгтэй, эмэгтэй/ зэрэг номинаци шалгаруулах юм.

Нээлтийн үеэр Хөлөнбуйраас оролцож буй оролцогчийн сэтгэгдлийг сонссон юм.

-Дээлтэй Монгол наадамд хэд дэх жилдээ, хаанаас оролцож байгаа вэ?

-Хөлөнбуйрын Барга Монголоос эхний жилдээ оролцож байна.

-Өөрийн өмсөж буй үндэсний хувцасныхаа талаар тайлбарлавал…?

-Барга монголчууд уужаар гоёдог байсан. Дээр үед бид энгийн цамцан дээр ууж өмсдөг байсан, одоо бол Монгол дээлний гадуур ууж өмсдөг болсон.

-Энэхүү наадамд оролцож буй сэтгэгдэл?

-Маш сайхан байна. Сэтгэл их догдолж байна. Монголчууд үргэлж баян тансаг байгаасай, бүх монголчууд нэг цул болж нэгдээсэй гэж хүсдэг.

Та өөрийгөө болон өмссөн хувцсаа танилцуулбал?

Намайг Т.Ариунаа гэдэг, үзэмчин судлаач хүн. Үзэмчин судлал сангийн тэргүүн, “Үзэмчин өв брэнд”-ийн үүсгэн байгуулагч. Аман найраг, дуу, ерөөл магтаал гэх мэт үзэмчиний өв соёлыг дэлгэрүүлэхийг хичээж судлаж яваа, ном бүтээлүүд, идээ ундаа, хувцас хэрэглэлүүд маань гарсан, заримыг нь брэнд болгоод хөгжүүлээд явж байгаа. Энэ удаад 13 коллекц загвараар дан үзэмчин хувцасны бүх төрлөөр оролцлоо. Би энэ наадамд оролцох гэж дөрвөн жил бэлдсэн, энэ хувцас хэрэглэлийг хийж бүтээхэд маш их хугацаа шаарддаг. Үзэмчин хувцас бол дотроо эхнэр, төрийн хар хүн,бага насны болон өсвөр насны охид хөвгүүдийн хувцас гэх мэт төрлүүдтэй байдаг. Нэг жилийн өмнөөс”Үзэмчин өв брэнд”-ийг байгуулаад, хүмүүст түгээгээд явж байна. Үзэмчин долоон төрлийн цай хэрэглэдэг, цайны брэндийг бас гаргасан.

Тухайн үндэстэн ястны онцлогийг хувцсандаа шингээнэ гэдэг бол их ур чадвар шүү дээ, та энэ тал дээр ер нь юу гэж бодож байна. Харахад эдгээр хувцаснууд нь бас гайхалтай харагдаж байгааг дурдах нь зүйтэй байх?

-Баярлалаа. Манай үзэмчин бусад үндэстний хувцастай харьцуулахад нийтлэг боловч ялгагдах онцлог ихтэй. Жишээлбэл, дээлний зах гэхэд өндөр босоо байдаг, догол энгэртэй, хоёр талдаа өндөр оноотой, нарийн ширмэл хаваастай, малгайн саравч нь дэлгэмэл, өндөр. Малгай нь гэхэд л маш олон бэлгэдэлтэй, хажуу талаас нь харвал ембүү хэлбэртэй энэ нь эд баялгийг бэлгэддэг. Хүрээ саравч нь хүч чадлыг бэлгэдсэн өндөр омогтой, оройн гучин гурван ширээс нь нарны цацрагийг бэлгэдсэн, орой дээрх товч нь бол ертөнцийн төвийг бэлгэдсэн байдаг. Дээлний ерөнхий хэлбэр бол уулыг бэлгэддэг, манай үзэмчид бүр эртнээс нутаглаж ирсэн үзмийн цагаан уулаа бэлгэдсэн байдаг юм.

Яг судлаад явж байхад таны хувьд юу нь хамгийн сонирхолтой байв?Яагаад судалъя гэж бодсон шалтгаанаасаа хуваалцаач?

– Би өөрөө хувцас дизайнер мэргэжилтэй.Тийм учраас мэргэжлийн талаасаа, нөгөө талаараа би үзэмчин хүн учраас үзэмчний өв соёлыг судлах, өөрсдийн түүхийг судлахыг хүссэн юм. Тэгээд өөрийн мэргэжлийн дагуу хамгийн түрүүнд хувцсаа судлаж эхэлсэн, хувцсаа судлангуут цаашаа бэлгэдлүүд нь, ерөөл магтаал нь, дуу нь, аман найрагт нь татагдсан хэрэг.

“Дээлтэй монгол” наадамд оролцохын тулд маш удаан хугацаанд бэлтгэсэн гэж хэлж байна. Нэг дээлийг бэлэн болгохын тулд хичнээн хоног шаардлагатай байдаг юм бэ?

– Чимэглэлээсээ шалтгаалаад янз бүр, дундажаар бол дээлийг нэг сар оёдог. Манайд нэг эр дарах оёдол гэж оёдол байдаг л даа, 13 наснаас эхлээд энэ оёдлоор хувцсыг нь чимэглэж өгдөг. Тэгэхээр зөвхөн эр дарах оёдлыг л гэхэд хамгийн хурдан оёдог хүн долоон хоног оёдог. Хаваас гэхэд 14-30 хоног оёдог. Удаан хугацаа шаарддаг маш нарийн оёдлуудтай, байгаль дэлхийгээ бэлгэдсэн хээ угалзуудыг зүү ороож хийдэг. Хамгийн үнэтэй 5-8 саяын дээл л гэхэд хоёр сарын хугацаа шаарддаг.

 

 

 Э.Одончимэг

 М.Уранбилэг

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Сүүлийн зургаан жил наадмын амралтын үеэр 85 хүн усанд осолдож амиа алдсан DNN.mn

ОБЕГ-аас баяр, амралтын өдрүүдийн цаг агаарын төлөв, нөхцөл байдлын талаар хэвлэлийн хурал зохион байгуулж мэдээлэл өглөө. ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ “Баяр наадмын өдрүүдэд усны ослоос сэргийлэх сэрэмжлүүлэг өгөхөөр бэлдлээ. Он гарсаар 40 хүн усны ослоор амь эрсэдсэн байна. Тэдгээрийн ес нь бага насны хүүхэд. Баяр наадмаар иргэд олон хоног амарч, усанд осолдох аюул эрсдэл нэмэгддэг.

Тухайлбал,

  • 2019 оны наадмын амралтын өдрүүдэд 14
  • 2020 онд наадмын амралтын өдрүүдэд 17
  • 2021 онд  наадмын амралтын өдрүүдэд 26
  • 2022 онд  наадмын амралтын өдрүүдэд 20
  • 2023 оны наадмын амралтын өдрүүдэд найман хүн усны ослоор амь эрсэдсэн гашуун сургамж байна.

Иргэдийн аялах, амрахыг хориглоогүй, амрахдаа өөрсдийнхөө төдийгүй хайртай хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хангаж, зөв зохистой өнгөрөөхийг сэрэмжлүүлж байгаа юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд улсын хэмжээнд таван хүн усанд осолдож, амь насаа алдсан байна. Өчигдөр буюу даваа гарагт нийслэлд нэг, Сүхбаатар аймагт нэг, Увс аймагт нэг хүн усанд осолдож нас барсан харамсалтай явдал боллоо. Морь, мотоцикл, тээврийн хэрэгслээр гол мөрнийг гатлах, усанд сэлэх гэж байгаад амь насаа алдаж байна. Түүнчлэн бассейнд сэлж сурчхаад гол, мөрний усанд сэлчихнэ гэсэн ойлголттойгоор ороод амь эрсдэх тохиолдол байна. Усанд сэлж чаддаг хүн эндэх нь их байна. Мөн хүүхдэд тавих хараа хяналт суларснаас усанд эндэж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Буянт голын үерийн даланг шинэчилнэ DNN.mn

Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хэрэгжүүлэх ТЭЗҮ, зураг төсвийн ажлуудын жагсаалтад Буянт голын голдирол өөрчлөх, үерээс сэргийлэх далангийн зураг төслийг тусган баталсан.

Буянт голын голдирол өөрчлөх, үерээс сэргийлэх даланг шинэчилснээр байгалийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, сумын иргэдийн аюулгүй байдал хангагдах, оршин суугчдын тав тухтай амьдрах орчин бүрдэхэд ач холбогдолтой гэж Эдийн засаг, xөгжлийн яамнаас мэдээллээ. 

Categories
мэдээ цаг-үе

Наадмын өдрүүдэд худалдааны төвүүд болон сүлжээ дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарь DNN.mn

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд ажиллах худалдаа үйлчилгээний газруудын хуваарийг Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албанаас гаргажээ.

Барс-2, Бүрд худалдааны төвөөс бусад зах маргааш ажиллаад долдугаар сарын 11-нээс амрах хуваарьтай байна.

Нарантуул худалдааны төв хамгийн олон хоног буюу долдугаар сарын 11-20-ныг хүртэл амрах нь.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнгөрсөн оны долоодугаар сард ГССҮТ-өөс 15.588 хүн тусламж үйлчилгээ авчээ DNN.mn

Зуны улиралд, тэр дундаа Үндэсний их баяр наадам тохиож буй аялал зугаалгын саруудад /6, 7, 8/ осол гэмтлийн тохиолдол эрс нэмэгдэж, энэ хэрээр Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн ачаалал ч мөн нэмэгддэг.

Ялангуяа Үндэсний их баяр наадмын өдрүүдэд олон хоног амрах болсонтой холбоотойгоор зам тээврийн осол, бүх төрлийн уналтын шалтгаант бэртэл, гэмтэл, хүүхдийн болон ахуйн хүрээний осол гэмтэл нэмэгдэх хандлагатай байгаа юм.

Тухайлбал, өнгөрсөн 2023 оны долоодугаар сард ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт нийт 15.588 хүн тусламж үйлчилгээ авчээ.

Үүнээс эрэгтэй 9098 (58.4 хувь), эмэгтэй 6490 (41.6 хувь) байгаа бол 0-18 насны хүүхэд 6512 (41.8 хувь) байна гэж ГССҮТ-аас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хад, чулуун дээр бичиж, зураг зурвал торгоно DNN.mn

Соёлын үл хөдлөх газраар аялж буй аялагчдад Экологийн цагдаагийн албанаас анхааруулга өгч байна.
1. Хад, чулуун дээр штрих, будгаар бичихгүй байх, тос, сүү өргөхгүй байх;
2. Ойр орчимд будаа цацахгүй байх; /тагтааны сангас хад чулууг ихээр бохирдуулдаг/
3. Хог хаяхгүй байхыг уриалж байна.
Улсын тусгай хамгаалалттай газар нутагт орших хад, чулуун дээр бичээс үлдээх, зураг зурсан тохиолдолд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлд заасны дагуу иргэнийг 500.000, аж ахуйн нэгжийг 5.000.000 төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай болохыг анхаарна уу.