Categories
гадаад мэдээ цаг-үе

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай албан ёсны уулзалт хийв DNN.mn

 Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Америкийн Нэгдсэн Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкентэй 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр албан ёсны уулзалт хийв.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен АНУ нь Монгол Улсын “гуравдагч хөрш” гэдгээрээ бахархдаг бөгөөд “ардчиллын баян бүрд” Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023 оны 8 дугаар сард хийсэн албан ёсны айлчлалаас хойш Вашингтон хотноо ийнхүү дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр хоёр тал Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улам бэхжүүлэх хүрээнд Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээний механизмыг нэвтрүүлж байгаад сэтгэл хангалуун буйгаа харилцан тэмдэглээд, Монгол Улсын эдийн засгийн тэсвэртэй байдал, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, англи хэлний монгол багш нарыг бэлтгэх, аялал жуулчлал, иргэдийн солилцоог дэмжих, нэн чухал эрдэс баялаг, эрчим хүч, хот байгуулалтын чиглэлээрх хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Ташрамд тэмдэглэхэд, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен ирэх 8 дугаар сарын 1-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ гэж ГХЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Олон тоглогчоос долоо дахь Ерөнхийлөгч тодрох 2027 оны сонгууль айсуй… DNN.mn

Саяхан л “Ямар ч эсэргүүцлийг сөрж Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө” гэж байсан АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден сонгуулийн сунгаанаас нэрээ татлаа. Өөрийнхөө оронд дэд ерөнхийлөгчөө зүтгүүлэхээр болжээ. Уг нь тус улсын Ерөнхийлөгчийн сонгууль гурван сар хагасын дараа болох юм. Жо Байдены намын чуулган ч сар хүрэхгүй хугацааны дараа хуралдаж, нэр дэвшигчийг зарлахаар товлогдсон юм.

Гэвч Жо Байден ингээд мэдэгдэл хийчихлээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд сүүлийн хагас зуун жилд тохиогоогүй үйл явдал бөгөөд олон улсын анхаарлыг ч татаж байна.

Жо Байден намынхаа болоод улс орныхоо эрх ашгийг бодож ийн шийдсэнээ мэдэгдсэн. Үүнээс нарийн тайлбар хэлээгүй байна. Харин эх сурвалжууд түүний шийдвэрийг “CNN” агентлагийн зохион байгуулсан мэтгэлцээнд тааруухан оролцсон, ер нь нэр хүнд нь сайнгүй байгаатай холбож байна. “Жо Байден нэрээ татах нь ойлгомжтой байв. Учир нь түүнийг олон нийт хүлээн зөвшөөрөхгүй болчихоод байсан” гэх дүгнэлт хүчтэй тарж байна.

Ертөнцөд ийм сонин хачнаар дүүрэн байгаа бол Монголд гурван жилийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуулийн хөдөлгөөн оржээ. Нэр дэвших магадлалтай эрхмүүдийн нэр, ус ч яригдаад эхэлжээ. Олны дунд таран түгж буй 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр зэхэж буй тэр эрхмүүд дунд хэн хэн байна вэ. Илүү ихээр яригдаж байгаа эрхмүүдийг товч танилцуулъя.

Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2-т “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасан. Энэ хэсгийг 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан. Энэ дагуу анхны сонгууль 2021 онд явагдаж Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сонгогдсон. Түүний бүрэн эрх 2027 онд дуусна. Одоо яг талдаа орж байна. Гэхдээ саяхан болж өнгөрсөн УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн өмнө хийгээд түүний дараа болж буй үйл явдлууд 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль нэгэнт эхэлснийг харууллаа.

2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль нэг том онцлогтой. 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр улс төрийн таван нам, эвсэл УИХ-д суудалтай болсон. Тэгэхээр 2027 оны сонгуульд таван нэр дэвшигч Монгол Улсын долоо дахь Ерөнхийлөгчид өрсөлдөнө гэсэн үг. Гэхдээ үүнээс өмнө их олон үйл явдал өрнөнө.

Нам, эвсэл бүрт сунгаа явагдана.

Нэг эрхийн төлөө нэлээд хэдүүлээ өрсөлдөх бололтой байна.

АН-аас тус намын дарга Лу.Гантөмөр 2027 онд Ерөнхийлөгчид нэр дэвших хамгийн боломжтой эрхэм юм. Задрах дөхсөн намаа нэгтгэсэн гавьяа түүнд бий. Хоёр бүрэн хугацаанд эрхийн найман жилийн турш үргэлжилсэн ялагдлыг зогсоосон. Засгийн газарт хамтрах түвшинд хүргэсэн. Хамгийн гол нь ингэж тэр АН-ынхаа гишүүдийн унтарсан итгэлийг асаасан. Энэ бүхний ард эв нэгдэл яваа. Эв нэгдэл бол Ерөнхийлөгч болох гол нуруу л даа. УИХ-ын гишүүн “босоо” С.Ганбаатар 2017 онд өрсөлдөөд 400 гаруй мянган санал авсан. УИХ-ын сонгуульд ч, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сэтгэхүйтэй өрсөлддөг нэгэн. Сая тангараг өргөхдөө сунаж мэхийж байгаа нь ч 2027 онд сунайтал өрсөлдөнө гэсэн биеийн хэлэмж гэх сонин тайлбар явж л байна. Саяын сонгуульд МАН-ын хүчтэй өрсөлдөгч Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн нарыг даваад гараад ирсэн. Олон нийтийн дунд одоо үедээ хамгийн өндөр рейтингтэй явна. Энэ утгаар нь АН-ынхан түүнийг Ерөнхийлөгчид дэмжих магадлал өндөр. Тэр ч ялж мэдэх улстөрч.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг бол АН-ын чансаатай дүрүүдийн нэг. “Топ 10” улстөрчид багтдаг. Ерөнхийлөгчид нэр дэвшвэл амжилт үзүүлэх магадлал их. Сонгогдвол “хонгил”-оо нураах хүсэл түүнд байгаа нь тодорхой.

Нэр хүнд өндөртэй. СХД-ийн тэр битүү сүлжээ дундаас сонгогдсон нь баргийн улстөрч барахгүй ажил. Н.Алтанхуягт ард түмний дэмжлэг байна л гэсэн үг.

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай. 2027 онд 54 нас хүрэх түүнд ийм боломж бололцоо хангалттай бий. УИХ-д гурав дахиа сонгогдсон Б.Пүрэвдорж АН-ынхаа квот дээр сайд бололгүй үлдсэн. Тэрээр УИХ-ын дэд дарга болж, Ерөнхийлөгчид нэр дэвших бууриа засаж буй гэх юм билээ.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нэр дэвшээд, тэгээд сонгогдвол ийм цагт хэрэгтэй Ерөнхийлөгч болж мэдэх юм. Тэрээр эрх зүйн, олон нийтийн шилдэг дүр. Түүний улс төр, хууль, эрх зүйн туршлага Монгол Улсын долоо дахь Ерөнхийлөгчийн имиж, илэрхийлэл болоход тун зохино. Х.Тэмүүжин прокурорын тогтолцоо, шүүхийн системийг өөрчлөх талаар ярьдаг. Үүнийг тэр санаандгүй яриад байдаггүй нь лавтай. Яагаад гэвэл үүнийг УИХ-ын гишүүн биш Ерөнхийлөгч л хийж чадах ажил юм. Дахин хэлэхэд, Х.Тэмүүжин нэр дэвшвэл сонгогдох магадлалтай. Сонгогдвол ярьснаа хийж чадна. Тийм үнэлгээтэй улстөрч байгаа юм.

МАН-ын эрх мэдлийг атгаж буй наяад оныхон гэгддэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй. Санаа нь байвч нас нь хүрэхгүй. Энэ сонгууль тэдэнд хүртээл багатай өнгөрнө. Харин далаад оныхон нь олноороо өрсөлдөнө. Тэднээс УИХ-ын дарга асан Г.Занданшатар бараг л бэлэн нэр дэвшигч. Улс төрийн туршлага, сонгодог парламентын мэдлэг, мэдрэмж өндөр. Айлгаж ичээхгүй, аюулгүй Ерөнхийлөгч болох магадлалтай.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр бол ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан. Үеийнхээ улстөрчид дунд нөлөөтэй. Намаасаа ч дэмжлэг авах боломжтой.

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт ч намдаа, Засгийн газарт хамгийн их хөрвөж байгаа улстөрч. Олон жил энэ тогоонд чанагдаж, бизнесмэн байсныг нь олон нийт бараг мартсан. Тэрээр асуудалд хүч түрж ханддаггүй, гэсэн атал зорилгоосоо ухарч няцаж харагддаггүй. Улсын эв нэгдэл ярих цаг нь ч, нас нь ч болсон. ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар бол яахын аргагүй шилээний улстөрч. Түүнийг Ерөнхийлөгчөөр сонгоод гадаад харилцаагаа атгуулахад МАН байтугай Монгол амар болно. Тэр тусмаа дэлхий ертөнц ийм байхад гадаад харилцааны нэрийн хуудас болсон Д.Цогтбаатар чухам л төрд хэрэгтэй зайран байгаа юм. Сангийн сайд Б.Жавхлан бас л Ерөнхийлөгчид өрсөлдөхөд яахнав гэхээргүй эр бяр нь жагсчихсан улстөрч. Хий алга. Хэл амнаас хол. Банкираас улс төрд амжилттай нутагшсан.

ХҮН намаас УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржханд нэр дэвших боломжтой байна. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар яг 50 нас хүрч, хуульд заасан насны шаардлагыг давна. Улс төрийн шаардлага бол түүний хувьд хангагдсан. Гуравдагч хүчнийг бодитоор гаргаж ирсэн. ХҮН нам хотод дэмжлэг сайтай. Тус намаас Т.Доржханд үгүй бол Датаком Д.Энхбат, Де Факто Д.Жаргалсайхан нар дээр хувилбарууд яригдаж байна. Бас л эерэг, сайхан Ерөнхийлөгчийн дүрүүд л дээ. Д.Энхбат 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан. Суурьтай. Д.Жаргалсайхан үйл ажиллагаагаараа улс орны, олон нийтийн төлөө дуугарч ирсэн. Буурьтай.

ИЗНН-аас намын дарга Б.Батбаатар нэр дэвших бололцоотой. Түүний улс төрийн туршлага сэлтийг ярих нь илүүц. Ялалт, ялагдлыг үзсэн. Улс төрийн эр зориг ялалтад хүргэдгийг сая ИЗНН-ыг УИХ-д суудалтай болгож харуулсан. Хэрэв Б.Батбаатар нэр дэвшихгүй бол С.Оюун өрсөлдөөнд орж ирж болзошгүй байна. С.Оюун нэр дэвшвэл сонгууль ихээхэн сонирхолтой болно. Сонгогдох магадлал өндөртэй. УИХ-д анх удаа эмэгтэйчүүдийн квот 25 хувь давсан. Энэ нөлөөлнө. Үүнээс гадна ардчилал, олон улсын харилцаа гэсэн давуу талууд С.Оюунд бий. Мөн С.Зориг агсны дүү, олон жилийн өмнөх хэргийн учир зангилааг тэр тайлах нь дамжиггүй. С.Оюун сонгогдвол Монгол Улс анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй болох юм.

Үндэсний эвслээс эрэмбээрээ УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт Ерөнхийлөгчид нэр дэвших эрх нь бий. Гэхдээ 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд нас нь хэдхэн хоногоор дутна. Харин тэр эрх түүний аав Б.Нямтайширт ирж мэдэхээр байна. Угаасаа Б.Нямтайширыг Ерөнхийлөгчид нэр дэвших нь гэж 2013 оноос хойших сонгууль бүрээр ярьж ирсэн. Хуучин “нэр дэвшигч” гэсэн үг. Тэгээд ч тэр нэр дэвшиж, Монгол Улс тийм Ерөнхийлөгчтэй болж чадвал чухам л энэ цаг үедээ монголчууд тэнгэрийн умдаг атгах нь тэр. Учир шалтгаан нь тун тодорхой. Аж үйлдвэржилтийн томоохон бодлогыг тэр л хийж чадна. Б.Нямтайшир олон нийтээс ч, улс төрөөс ч ирэх дэмжлэг ихтэй. Зөвхөн Үндэсний эвсэл гэлтгүй үндэсний хэмжээний дэмжлэгийг авах чадалтай. МАН-аас гэхэд л Хотын фракц, Сү.Батболдынхон хоёр гараа өргөөд дэмжинэ. Яаж ч харсан Б.Нямтайшир яг энэ цаг үед Монголд хамгийн хэрэгтэй Ерөнхийлөгч болно шүү.

Ингэж 2024 оны УИХ-ын сонгуулийн тоос бууж, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн их сунгаа эхэлжээ. Уг сонгуульд олон тоглогч оролцоно. Ил яригдаж байгаа хэд нь л энэ. Өөрөөр хэлбэл, УИХ-д суудалтай АН, МАН, ХҮН нам, ИЗНН, Үндэсний эвсэл олон эрхмээс нэр дэвшигчээ тодруулна.

Гэхдээ сонгууль хүртэл хугацаа байна. Хэн нь хэн бэ гэдгийг ялгах боломж нам эвслүүдэд ч, бидэнд ч хангалттай олдоно. Чансаатай, чанга нэр дэвшигчидтэй, тачигнасан, начигнасан сонгууль болох дог.

Ажиглагч А.Батболд

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Сэтгүүлчийг ялласан асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийе, гишүүд ээ DNN.mn

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болж, түүнд 4.9 жилийн хорих ял өгч, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Өмгөөлөгчид нь давж заалдана гэдгээ мэдэгдсэн. Гэвч ямар ч хамаагүй хугацаагаар түүнийг хорихоор зүтгэж байгаа юм шиг олон жилийн ял өгчихлөө. Давах шатнаас ялын хугацааг багасгахаас бус ялгүй болгох боломжгүйгээр тооцоолж яллалаа гэж үзэж байгаагаа ойр дотныхон болон гэр бүлийнхэн нь хэлсэн. Жил орчмын өмнө түүнийг цагдан хорьж, дараа нь гэрийн хорионд байлгаж, гэрийн хориог нь цуцалж, хэд хэдэн удаа шүүх хурал нь хойшилсон. УИХ-ын ээлжит сонгуулиас өмнө болохоор товлогдсон шүүх хурлууд ямар нэгэн байдлаар хойшилсоор байсан нь нийгэмд хардлага төрүүлээд байсан. Учир нь түүнийг сонгуулийн өмнө шүүгээд ял өгчихвөл сонгуулийн үр дүнд нөлөөлж мэднэ хэмээн тооцоолсон байхыг үгүйсгэхгүй. Үүнийг батлах мэт өнгөрсөн долоо хоногт шүүх хурал хоёр өдөр үргэлжилж, шийдвэрээ гаргасан нь олны дургүйцлийг хүргэсэн. Шийдвэр гарсны дараа иргэд шүүхийн гадаа цуглаж, эсэргүүцлээ илэрхийлж байсан бөгөөд тэд шударга үнэний дуу хоолой болсон сэтгүүлчийг ингэж болохгүй хэмээн үзэл бодлоо илэрхийлж байна лээ. Үнэхээр ч сэтгүүлч Н.Өнөрцэцэг шударга үнэний дуу хоолой болж, эрх баригчид, дарга нарын олон булхайг илчилж байсан. Тиймдээ ч дайсан олонтой болсон биз. Мэдээж түүнд алдаа дутагдал бий юу гэвэл бий. Гэвч тэр нь ийм хэмжээний ял авахаар биш гэдэг дээр олон хүн санал нэгдэж байгаа юм. Түүнийг дөрвөн зүйл ангиар буруутгасан боловч тэдгээр нь ял өгөхөөр хэмжээний биш гэдгийг хуульч, өмгөөлөгчид, учир мэдэх хүмүүс хэлээд байгаа. Мөн түүнийг улсын нууцыг хадгалсан гэж буруутгасан мөртлөө тухайн нууцыг харж хамгаалж байх ёстой албан тушаалтан хариуцлага хүлээхгүй байгаад олон дургүйцлээ хүн илэрхийлээд буй. Тэрхүү нууцыг өмнөх Засгийн газарт сайд хийж байсан одоогийн УИХ-ын нэгэн гишүүн Za­rig.mn сайтын сэтгүүлчид өгсөн гэсэн мэдээлэл ч олон нийтийн сүлжээгээр тарж, тухайн хүн нь хэн болох тухай таамаг өрнөж байна. Сонгуулийн өмнө Н.Өнөрцэцэг Ардчилсан намд гишүүнээр элссэн. Харамсалтай нь эцсийн мөчид түүнийг Их хурлын сонгуульд нэр дэвшүүлээгүй нь мөн л хардлага төрүүлсэн. Нэр дэвшүүлнэ хэмээн амлаж, бусад нам, эвслээс өрсөлдөх боломжгүй болгож байгаад эцсийн мөчид нэр дэвшүүлсэнгүй гэж үзэх хүмүүс ч тухайн үед гарч байсан юм. Үнэн ч байж мэднэ. Угаас улс төрд үүрдийн найз, мөнхийн дайсан гэж байхгүй. Гагцхүү эрх ашиг бий гэсэн үг байдаг шүү дээ.

Ингээд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нэр дэвшүүлээгүй ч Ардчилсан нам сүүлийн хоёр сонгуульд гаргаагүй амжилт үзүүлж, энэ удаад 43 суудал авсан. Улмаар эрх баригчид санал тавьсны дагуу хамтарсан Засгийн газарт орж, найман сайдтай болчихоод байгаа. Маргаашийн Засгийн газрын хуралдаанаар 100 өдрийнхөө төлөвлөгөөг батлаад, гэрээгээ байгуулчих юм бол үндсэндээ асуудал шуударч, тэд ажилдаа орно. Нэг үгээр бол энэ удаагийн сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулсан гэсэн үг. Харин тэдний ийм амжилтын гол хүч нь ард түмний итгэл. Иргэд шүүх болоод нийгэмд бий болсон шударга бус явдлыг үгүй хийнэ. Шударга ёсыг тогтооно. Хүн бүр эрх тэгш амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн тэдний амлалтыг нь дэмжсэн. Гэвч Ардчилсан нам засагт орохтой зэрэгцээд ардчилсан Монгол Улсад нэгэн сэтгүүлч шоронгийн хаалга татчихаад байгаа нь харамсалтай. Тус намаас мэдэгдэл гаргаж, “…Ардчилсан намын бүлгээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хууль ёсны эрхийг хангуулах асуудлаар Хүний эрхийн үндэсний комисст хандаж, УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд тайлбар гаргуулан ажиллах болно…” гэсэн байна лээ уг нь. Гэвч намрын чуулган эхлээд, тайлбар гаргахыг хүлээгээд суух цаг өнөөдөр биш. Сэтгүүлчдэд хамгийн их хэрэгтэй Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг эрх баригчид батлалгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Харин ч Эрүүгийн хуульд тусгай заалт оруулж өгсөн нь сэтгүүлчийг буруутгахад амар болсон гэдгийг салбарынхан хэлдэг.Тэгэхээр эрх баригчдаас энэ тал дээр нааштай шийдвэр, хариу хүлээгээд нэмэргүй. Тиймээс энэ асуудлыг Ардчилсан нам бодитойгоор хөндөж, Их хурлын гишүүдээ уриалж, шүүхийн ил тод байдал болон, хараат бус байдал дээр нээлттэй сонсгол, хэлэлцүүлэг хийх хэрэгтэй. Тэгж байж олон нийт шүүх засаглалын сайн, муугийн тухай ойлголттой болно. Алдаа дутагдал нь хаана байгааг олж мэднэ. Үүний үр дүнд хэрхэн засаж сайжруулах арга эв олдоно.

Эцэст нь шороотой хутгалдчихсан шүүхэд итгэх олон нийтийн итгэл эргэн сэргэнэ. Энэ бол зөвхөн нэг сэтгүүлчийн асуудал огт биш болчихлоо.

Н.Өнөрцэцэгийн өгсөн тайлбараар бол “Ямар зорилгоор энэ мэдээг бэлтгэсэн бэ” гэдэг асуултыг л хоёр өдрийн турш тавьсан гэж байгаа. Үнэн бол яг ийм байдлаар дараа дараагийн сэтгүүлчдийг буруутгана. Улмаар дөрөв дэх засаглал болсон сэтгүүл зүй арчигдаж, хэвлэлийн эрх чөлөө бүрэн нурснаар ардчилсан гэдэг тодотголоо манай улс алдаж ч мэднэ. Зүй нь бол тухайн мэдээлэл үнэн бодит байсан уу. Хэрэв үнэн бол буруу зүйл хийсэн эрх мэдэлтэн, эрхэм дарга нарыг шалгах ёстой юм.

Өнөөдөр дарга нарын гомдлоор цагдаагийн үүд сахиж, прокурор дээр хэрэг нь боогдож байгаа сэтгүүлчдийн цуваа улам уртассан. Нийгэмд сэтгүүлч гэдэг мэргэжлийг гутаах, буруу ойлголт төрүүлэх даалгавартай юм шиг цөөн хэдэн нөхөр байгааг үгүйсгэхгүй. Тэдний буруу. Улстөрчид ч тэднийг сайтар хөөргөддөг нь нууц биш. Гэвч эрх зүйн орчныг нь сайжруулаад, орой дээрээ залж явах хуулийг нь олигтойхон болгочихсон байсан бол сэтгүүл зүйн салбарт ийм асуудал үүсэх ч үгүй байсан биз.

Харамсалтай нь сэтгүүл зүйг, сэтгүүлчдийг муухай харагдуулах сонирхол улстөрчдөд байгаа учраас хуулийн орчин нь сайжирч өгөхгүй байна. Баримт гаргаж тавьсан сэтгүүлчийг баримтаа хаанаас олж авсан бэ хэмээн асуугаад яллаад байх юм бол ардчилсан тогтолцооны амин чухал тулгуур багана болсон хараат бус хэвлэл мэдээлэл алга болох аюултай. Тийм болохоор хүнийэрх, эрхчөлөөгхамгаалдаг улс төрийн намын хувьд Ардчилсан нам үүнд онцгой анхаарал хандуулж, сэтгүүлчийг өмгөөлөгчгүй, хаалттайгаар шүүж ял өгсөн асуудлаар нээлттэй сонсгол, хэлэлцүүлэг хийх шаардлагатай гэж хэлээд байгаа юм.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Categories
story-news

Сэтгүүлчийг ялласан асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийе, гишүүд ээ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Чулуунбилэг: Гурван нам хамтарсан засаг байгуулсан хүндэт шалтгаанаа тодорхой тайлбарлаж чадахгүй байгаа учраас дэмжлэг сул байна DNN.mn

Улс төр судлаач О.Чулуунбилэгтэй ярилцлаа.


-Ингэхэд танай Ардчилсан намыг ингэж өндөр санал авна гэж бодоогүй шүү?

-Яаж харахаас л болно. Найман жил гудамжинд байсан АН-ыг жижиг нам гэж харвал таны бодол зөв. ХХ зууны хамгийн том хувьсгалыг хийсэн, засгийн эрх барьж байсан нам гэж харвал ялаагүй учраас хамаагүй чамлалттай дүн харагдана. Ялах боломж байсан ч түүнийгээ ашиглаж чадаагүй, эсвэл ашиглахыг хүсээгүй л гэж бодож байна. Эрхбиш эрх чөлөө, ардчилалд хайртай олон зуун мянган монголчуудын дэмжлэг, намын эгэл жирийн гишүүд, нэр дэвшигчдийн зүтгэлээр органикаараа 42 суудал авлаа. Түүний 16 нь жагсаалтаас буюу шууд АН-ыг дэмжсэн сонгогчдын хүчээр гэхээр ямар их дэмжлэг байгаа нь харагдаж байна. Орон нутгийн сонгуулиар зоригтой байж хичээвэл илүү үр дүнд гарцаагүй хүрнэ.

-Гурван намын хамтарсан засаг байгуулагдчихлаа. Ер нь хамтрах зайлшгүй шаардлага байсан уу?

-Шулуухан хэлэхэд, хамтарсан засаг байгуулах эсэх нь ялсан намын Ерөнхий сайдын бүрэн эрх. Гагцхүү МАН, АН, ХҮН гэсэн гурван нам яагаад хамтрах ёстой вэ гэсэн хүндэт шалтгаанаа намууд ард иргэддээ бодитой, дэмжлэг авахуйцаар тайлбарлах ёстой. Намын дарга нарын хамтрах мэдэгдлийг харахад тэрийгээ илүү сайн тодорхойлж чадаагүй байгаа юм байна гэж харсан. Сонгуулийн холимог систем нь хамтрахыг шаарддаг, татварын дарамтыг бууруулахын тулд, эрчим хүчний шинэчлэл хийхийн тулд гэсэн ярианууд нь дэндүү энгийн. Хамтрах шаардахгүйгээр стандарт олонхын Засгийн газар л зайлшгүй хийх ёстой өдөр тутмын зорилтууд байна. Ядаж Хамтарсан Засгийн 100 хоног баяр наадмын урт өдрүүдтэй давхцаж байгаа нь тийм ч сайн зүйл биш. Амарч ирсэн сонгогчид гэнэт л ажил нэхээд унана шүү дээ. Гэтэл одоогоор 100 хоногийн төлөвлөгөө нь гараагүй байгаа сураг байна лээ. Хүний намынхан яаж байгаа юм бүү мэд. Манай намынхны ажлын хэсэгт бол мөрийн хөтөлбөрт ажилласан хүмүүс цөөхөн байгаа дуулдсан.

-Дуулдсан гэж та чинь мөрийн хөтөлбөр бичилцсэн бас ҮБХ-ны гишүүн биз дээ. Энэ асуудлаа нам дотроо нээлттэй ярилцдаг суваг байхгүй юм уу?

-АН инститүүцийн хувьд 2016 оны ялагдлаас хойш тогтмол уруудсаар байна. АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүдэд ирдэг мэдээлэл нь татвараа хэзээ төлөх, ямар нэгэн даргыг томилохыг баталгаажуулах гэсэн хоёрхон төрлийн мессэжээр хязгаарлагддаг. Бид АН-ын байр суурь, улс төрийн үйл ажиллагааг сошиал орчноос л уншиж мэддэг болоод удлаа. Бүр генсекээ солигдсон, шинээр томилогдсон эсэхийг яг таг мэдэхгүй, нэгнээсээ асуусан улстөрчид л байна. Өнөөдрийн АН бол намын нэр барьж, эрх баригчидтай уулздаг гурван дарга, яахаа мэдэхгүй ч нам засагт орж байгаад хүлээцтэй байгаа 500 ҮБХ-ны гишүүн, АН-ын гишүүн байсныхаа төлөө эрх баригчдад адлуулж, ажил амьдралгүй чонын амьдралаар амьдарч яваа 120.000 гишүүнээс бүрдэж байна. Үүнийгээ одоо дүрэмдээ бичээд оруулсан нь илүү амар.

Уг нь Хамтарсан Засгийн газрын хамгийн либерал шинэчлэлүүд АН-аас л гарах ёстой юм. Хамтарсан засгийн нийт ажлын 40 хувь ядаж АН-ын мөрийн хөтөлбөрөөс орох ёстой. Гэтэл тэр ажлыг нь хийх ёстой, намын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт орсон трансформистууд тун цөөхөн. Одоо АН-аас засгийн хөтөлбөрт юу орох вэ гэдгийг Ванга шиг хэлье. Нөгөө л өргөн царигийн босоо хэвтээ төмөр зам, Оросын хийн хоолой, аж үйлдвэрийн парк нэмээд баахан төсөл, ТЭЗҮ, татвар төлөгчдийн мөнгөөр хийх монгол мөрөөдлийн мега төслүүд. МАН тэрийг нь машид баяртайгаар хүлээж авна. Хоёр жилийн дараа АН-ын гэсэн баахан хэргүүд парламентын сонсголоор хөвөрнө. Ийм л юм болно.

Намын даргадаа танай сониноор дамжуулж хэдэн үг хэлье. Ямар мань мэтийн залуучуудтай тоож уулзах биш. Засгийн хөтөлбөрт АН-аас оруулах ажлын хэсгээ өргөтгөөч ээ. Ядаж мөрийн хөтөлбөр дээр ажилласан хүмүүсээ дуудаач. Ийм боломжийг Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд олгосон гэж хэвлэлээс уншиж ойлгосон. Хувьдаа дэмждэг, дараа нь ажилд томилно гээд дотроо шийдсэн хэдэн хүнээрээ хязгаарлахаа болиоч ээ. Нэгэнт л хамтрах гэж байгаа бол итгэл үнэмшил, үзэл баримтлалынхаа дагуу чөлөөт нийгмийг байгуулах суурь шинэчлэлүүдээ төрийн бодлого болгомоор байна. Жишээ нь: үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахтай холбоотой бодлогуудаа оруулахын тулд би цаас бариад дарга даргын үүд сахиад сууж байх жишээтэй. Дөрвөн жилийн дараа АН хамтарсан засагт орсноор юу хийсэн бэ гэж сонгогчид асууна. Хийсэн ажлын ялгарал асууна. Хэдэн ТЭЗҮ, төмөр зам яриад зогсож баймааргүй байна. АН 2028 онд дөрөв дэх удаагаа ялагдмааргүй байна. Тэгвэл өртөг нь дарангуйлал гэдгийг ойлгож хариуцлагатай хандаасай.

АН засагт хамтарсны үр дүн найман гишүүн сайдын ажилтай болсноор зогсож байвал бушуухан гарсан нь бодитой.

– Дотроо ингэж төлөвшиж чадахгүй байгаа танай нам Хамтарсан засагт ороод ажил хийх үү. Танайхан сая дэд сайд нэхсэн гэсэн мэдээлэл сошиал орчинд тархсан?

-Хамтарсан Засгуудын түүхийг харахаар уг нь хамгийн их ажил хийсэн, гол шинэчлэлүүдээ явуулсан нь АН байдаг юм. Энэ уламжлал энэ удаа тасрах магадлалтай байгаа шалтгаан нь Ардчилсан намд МАН-тай тулах стратеги базаж, хүний нөөцийн бодлого гаргаж байгаа лидер алга. Нэгэнт хамтарч байгаа бол АН-ын ямар шинэчлэлийн бодлогууд явах юм бэ, тэр бодлогуудаа төрийн албанд ямар хүний нөөцөөрөө хэрэг-жүүлэх юм гэдгээ МАН-тай тулж ярилцаж нөлөөлж чадах төлөөний хүн байхгүй найман сул сайд л байгаад эрсдэлтэй байна. Тодруулбал, АН-ын найман сайд Засагт хамтрагчийн эн тэнцүү хэлэлцэх байр сууринаас биш, ажил олгогчтойгоо харилцаж буй ажилтны сул байр суурь дээрээс ажиллаж байна. Ямар сайндаа л найман сайд нэг зөвлөх, туслах, жолооч гээд 32 хүн л хуулиараа АН-аас ажилд авч чадах юм байна гээд өөрсдөө итгэчихсэн сууж байхав. Ядаж байхад тэр 32 азтаны ихэнх нь нэг бол сонгуульд нь ажилласан, үгүй бол өөр нэг гишүүний “өгсөн” үл мэдэх нэгэн байх жишээтэй. Намын бодлого, намын мөрийн хөтөлбөрөө ойлгож очиж ажил хийх гэсэн менежерүүд гэхээсээ засгийг тогтвортой байлгах гэсэн УИХ-ын гишүүдийн сүлжээ угсраад сууж байна. Үр дүнд нь ажил нь явахгүй, АН ажил хийсэнгүй гэж нийгмээсээ шүүмж тасрахгүй байх тийм л төлөв рүү орох эрсдэл харагдаад байна. АН засагт хамтарсны үр дүнд найман гишүүн сайдын ажилтай болсноор зогсож байвал бушуухан гарсан нь бодитой.

Та сая хэллээ. Танайх дэд сайд нэхсэн гэж. Дэд сайд гэх АН-ын яриа, парламент хариуцсан эрхэлсэн сайд гэх нэрээр жагсаалтын гишүүдээс дэд сайд тавих МАН-ын хувилбар хоёрт зарчмын ямарч ялгаа байхгүй. Эрх ашгийн л ялгаа бий. Гагцхүү нийгэмд ойлгуулах тал дээр АН-ын пиарчид муу учраас бид буруудаж байгаа юм. Бид өөрийн сайдгүй яаманд АН-ын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой дэд сайд яагаад тавьж болохгүй гэж. МАН-ын сайд нар өөрийн яам дээр, эсвэл хэн нэгэн төрийн албан хаагч АН-ын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр идэвхтэй ажиллана гэвэл жишээ нь та итгэх үү.

-МАН намар парламентаас эрхэлсэн сайдууд гэж яамдууд дээр тавих тухай та ярьж байна уу. Шинэ Зеландын туршлага гэсэн шүү дээ? 

-Тийм. Монгол бол эх газрын буюу Ром Германы эрх зүйтэй улс. Англи саксоны тийм систем манайд ажиллахгүй. Засгийн Газар эргээд Их хурлынхаа нөлөөнд орно. Тэгээд ч нийгмийн эсэргүүцлээ дийлэхгүй гэж би харж байгаа. Засаг огцрох яриа руу явчихна. МАН-ын хууччуул, гомдогсод энийг л хүлээж байгаа.

– Хууччуул гэснээс хамтарсан засаг байгуулагдсан нь зөв гэж С.Баяр Ерөнхий сайд жиргээнд дэмжсэн байсан. Та ч дэмжсэн байсан харагдсан биз дээ?

-Хамтарсан засаг зөв өө. Гэхдээ яагаад хамтарч байгаа, юу хийхээ ард иргэддээ бодитой, хүлээн зөвшөөрөхүйц бодлогоо гаргахгүй бол энэ нийгэм хаос төлөв рүү явна. Парламент дэмий юм байна, бүх намууд адилхан хэрэггүй, ганц мундаг удирдагч тэжээе гэдэг гадна дотныхоос шидсэн мессэжийг иргэдийн олонх дэмждэг болвол тун эрсдэлтэй. Дахин эвсэхэд ч хүнд болно. Уг нь хамтарсных 15 тэрбум ам.долларын савыг хоёр жилд 40 тэрбум болгоно гээд гол зорилтоо зарлаад тэндээсээ наашаа бодлогуудаа өрөөд явчихмаар байгаа юм. Үндэстнийхээ шанаганы хэмжээгээ томруулахыг иргэд бүгд л хүсч байгаа шүү дээ. Түүнээс “Болор цом”-ын тайз шиг утга уянга одоо орохгүй.

С.Баяр гуайн хувьд одоо МАН-ын хуримын генерал болсон шиг. Эрх баригчдыг шүүмжилсэн үеийнхэнтэйгээ засгийн өмнөөс “хэрэлдэж” өгдөг үүрэгтэй гэж харддаг. Би л хувьдаа С.Баяр гуайн жир- гээнээс засгийн байр суурийг харчихдаг.

-Хэрвээ АН инстүүцийн хувьд төлөвшихгүй бол ямар эрсдэл байх вэ?

-Хэрвээ АН инстүүцийн хувьд чанаржихгүй бол хамтарсан засгийн эмзэг цэг АН болж хувирна. Өөрөөр хэлбэл, АН-ын хаос төлөв Засгийн газрын асуудал болж хувирна. Нэгдсэн институци стратегигүй, үндэсний лидергүй учраас фракц бүр, сайд бүр тусдаа Warlord-ууд л болж клубүүдийн нэгдэл хэвээрээ үргэлжлэх эрсдэлтэй. Эцэст нь МАН-ын гомдсон хэсэгтэй нийлээд төрийн тогтворгүй байдал руу ч шилжинэ дээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр үхэр өдөр DNN.mn

Аргын тооллын долдугаар сарын 24, Буд гариг. Билгийн тооллын 18, Чөдөр одтой, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 05:19 цагт мандаж, 20:38 цагт жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, өдөртөө төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд болон зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, нутгийн төв хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр +5…+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +20…+25 градус, Хэнтийн уулархаг нутаг, Халх, Онон, Улз голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +15…+20 градус, бусад нутгаар +11…+16 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +19…+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30…+35 градус, бусад нутгаар +25…+30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +14…+16 градус, өдөртөө +19…+21 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +20…+22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө +18…+20 градус дулаан байна.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Эдийн засагчдад хорлогдсон эдийн засаг” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Улсын Их хурлын гишүүн Ц.Мөнхтуяатай ярилцлаа.  Тэрбээр “Өнөөдөр ЭШ-д 20 хувь авсан хүүхэд 400, 60 хувь авсан нь 800 оноо авч байгаа” хэмээн ярилаа. Энэ талаар  V нүүрээс уншаарай.

Эдийн засагч Р.Даваадорж “ОХУ-д АИ-92, 95 шатахууны үнэ огцом өслөө. Манай Засгийн газар найр наадмаа хойш тавьж одооноос л арга хэмжээ авахгүй бол оройтно шүү” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт Нэрт нийтлэлч Баабарын “Эдийн засагчдад хорлогдсон эдийн засаг”” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

МУИС-ийн профессор, Ой судлалын ухааны доктор Начингийн Баатарбилэгтэй ярилцлаа.

Бизнес эрхлэгчид тулгамдаж буй асуудлаа ярилцлаацаашлаад

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Жозеп Боррел: Будапешт хотноо болох уулзалтыг дэмжихгүй

АРЫН НҮҮР: Сумдынхаа тэгш ойг бүсчилж хийвэл яасан юм бэ


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

 

 

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
story-news

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Эдийн засагчдад хорлогдсон эдийн засаг” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Categories
story-news

Г.Жамбалдорж: Үндэсний бөхөд хайртай хүмүүс, нийт бөхчүүдээсээ чин сэтгэлээсээ уучлалт хүсье