Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар-Чойр чиглэлийн авто замд үeр бууж зорчих хэсэг эвдэрчээ DNN.mn

A0102 дугаартай Улаанбаатар-Чойр чиглэлийн авто замд 2024.08.02-ны өдөр орсон аадар борооны улмаас 258км-т байрлах 12у/м гүүрний дөхөх далан үeрийн усанд угаагдаж нарийссан.

Одооний байдлаар үeрийн ус татарсан. Дээрх гүүрийн ойролцоо түр зам гарган тээврийн хэрэгслийн хөдөлгөөгийг нэвтрүүлж байгаа.

Зам хариуцагч “Поларис рөүд инжeнeринг” ХХК газар дээр нь шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Ч.Сайхнаа: Цагдаагийн алба хаагчид харилцаа, хандлагадаа анхаарах хэрэгтэй DNN.mn

Хувь хүний хөгжлийн багш Ч.Сайхнаатай ярилцлаа.


-Цагдаа нар олон хэрэгт нэр холбогдох болсон. Саяхан 461 дүгээр хорих ангид хоригдож байсан 21 настай залуугийн амь хохирсон харамсалтай хэрэг гарлаа. Үүнийг хүний эрхийн ноцтой зөрчил гэж үзэх хүмүүс олон байна. Амь хохирогч залуу өмнө нь нэр бүхий алба хаагчид намайг эрүүдэн шүүсэн гэх асуудлаар АТГ-т гомдол гаргаж байжээ. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Тухайн байгууллагуудын онцлогоос хамаарч хүний эрхтэй шууд тулж харилцдаг хүмүүсийн хувьд жирийн иргэд, тухайн хэрэгтэй холбогдож байгаа хүмүүстэй харилцах харилцаа, хандлагатаа маш сайн анхаарах хэрэгтэйгийн том илрэл гэж харж байна. Ялангуяа бүхий л хуулийн сургуулиуд, энэ чиглэлийн байгууллагууд суралцагчдадаа суралцаж байгаа үед нь хүний эрх гэдэг ойлголтыг суулгах, хүн өөрөө өөртэйгөө зан төлөв, харилцаа, хандлагын хувьд хэрхэн ажиллаж сурах вэ гэдгийг маш сайн ойлгуулж өгөх ёстой салбар болов уу гэж хардаг.

Хүн бүр л өөрөө өөрийнхөө ажлыг манай ажил стресстэй, бухимдалтай, энэ хүмүүстэй ингэж харилцахгүй бол болохгүй гэж тайлбарладаг. Гэсэн хэдий ч түүний цаана хүний эрх давхар явагдаж байдаг. Тэгвэл бусад салбарт ажиллаж буй хүмүүс стресс, уур бухимдлаа яаж арилгадаг юм. Эргээд хүмүүсийн ялгаатай байдлыг хэрхэн ойлгож үнэлэлт, дүгнэлт өгч чадах вэ гэдгийг ч магадгүй сургуульд нь зааж байх ёстой. Хууль зүйн сэтгэл судлалын хичээлийг нь нэр төдий биш олон цагаар оруулж, олон дасгал даалгавар дээр ажиллуулдаг байх шаардлага бий. Ажил дээр гарсан ч гэсэн бид алхам тутамдаа үүнийг ойлгож, өөртөө хэвшүүлж явж байх ёстой олон зүйлсийн нэг нь энэ удаа сөрөг тохиолдлоор илэрлээ гэж болно.

-Цагдаа нарын олон асуудлыг та хувь хүний хөгжил талаас нь хэрхэн харж байна вэ?

-Хувь хүний хөгжил гэхээр олон зүйлийн өргөн ойлголтыг хэлдэг. Хөгжил гээд их гоё нэртэй боловч дотроо түрүүн хэлсэнчлэн хүн өөрөө өөрийнхөө стресс менежмент, уур бухимдлыг хэрхэн арилгах вэ, эцсийн дүндээ хувь хүнийхээ хувьд хэн болж үлдэх юм, тав, арван жилийн дараа ямар хүн байх вэ гэдэг ч юмуу маш олон ойлголтыг хамтад нь багтаадаг том сэдэв. Ялангуяа ажлын байран дээр ажилчдыг хөгжүүлэх гэхээр л мундаг, шилдэг байлгах гэж ойлгоод, манайхан дутуу хараад байдаг. Яаж уур бухимдлыг нь арилгах, харилцааны эв дүй, хүн бүр өөр, өөрийн онцлогтой зэрэг энэ бүхнийг байгууллагын хувь хүнийг хөгжүүлэх хөтөлбөрүүддээ багтааж өгнө. Мэдээж цагдаагийн байгууллагаар аз жаргалтай хүмүүс орж гарахгүй нь тодорхой. Гэтэл ийм хүмүүстэй хэрхэн харилцах вэ. Жирийн иргэд бид ч гэсэн албаны хүмүүстэй харилцахдаа ямар байх ёстой юм гээд энэ бүхэн хувь хүний хөгжил гэдэг том сэдэв дотор багтаж буй асуудал. Хүн бүрд хамаатай хөгжлийн асуудал хаа сайгүй дутагдаж буй нь цагдаагийн алба хаагчдад тод илэрч байна гэж болно.

Энэ хугацаанд талууд янз бүрийн байр суурийг илэрхийлж байна. Зарим нь ажлын ачаалалтай холбож байна. Ажлын байран дээр бодлогын түвшинд хүний нөөцийн тоог нэмэгдүүлж болно. Одоо байгаа нөхцөлд стресс менежмент гэдэг зүйлийг хэр сайн хэрэгжүүлдэг вэ, байгууллагын сэтгэл зүй гэхээр зүгээр л нэг лектор очоод нэг өдрийн сургалт орчих нь учир дутагдалтай. Энэ нь нэг сайхан мэдээллийн цаг болоод л өнгөрдөг. Эргээд л нийгмийн харилцаанд ороод янз бүрийн зүйлстэй тулгарч эхэлдэг. Байгууллагуудын өөр, өөрийн онцлогт тохирсон хувь хүний хөгжлийн шат дараалсан, урт хугацааны хөтөлбөрүүд байх ёстой. Бидэнд ийм, ийм асуудал байдаг гэж түүнийг шийдэж байгаа нь л дараа дараачийн хөгжил болж хувирдаг.

-Хөгжсөн хүн гэж ямар хүнийг хэлэх вэ. Хүний хөгжлийг дэмжихэд юун дээр анхаарах ёстой вэ?

-Өргөн ойлголт л доо. Хөгжсөн хүн гэж хэнийг хэлэх вэ гэхээр мундаг лидер байх гэхээс илүү зарчимтай, олонтой хөл нийлүүлэн алхдаг, манлайлдаг, ярилцдаг, багаар ажилладаг, нийгэмд юу болоод байгааг тунгаагаад өөрөө оюун дүгнэлт хийгээд зөв шийдвэр гаргадаг хүнийг хэлж болох юм. Энэхүү цогц ойлголтыг цагдаагийн алба хаагч гэлтгүй хүн бүрд ойлгуулж байх ёстой юм шиг санагддаг. Дандаа ажлын ачаалалд дарагддаг, хэдий заванд нь бид амьдраад байгаа юм бэ гэх бодлогын асуудлыг л цагдаагийн алба хаагчид их ярьдаг. Яагаад ийм их ачаалалтай, өөрсдийн үнэт зүйл зарчмаа алдан байж ажиллах ёстой вэ гэдгийг анхнаас нь сайн ойлгуулж, өөрөө ч сайн ойлгох хэрэгтэй. Аливаа асуудлыг цаг тухайд нь болон урт хугацаанд засах арга хэмжээнүүдийг авч байх ёстой. Мэдээж хурдан хугацаанд эрх бүхий байгууллагууд хуулинд өөрчлөлт оруулах боломжтой. Гэхдээ кампанит ажлууд, алба хаагчдын харилцаа руу чиглэсэн үйл ажиллагаанууд илүү хурдан эерэг өөрчлөлтийг бий болгодог. Хүний эрхийн болон хөгжлийн ойлголтыг системтэйгээр өгдөг байх нь чухал.

Мөн байгууллагын сэтгэл зүйчтэй байх нь чухал. Хүний нөөцүүдийн урт хугацааны ажлын гол зорилго нь та сүүлийн үед ийм байгаад байна гэдэг байдлаар амралт, чөлөө өгөх, өөртэйгөө ажиллах боломжийг хангаж өгөх юм. Гэтэл манайд дандаа ажлаар шахдаг. Байгууллагын сэтгэл зүйч нар алба хаагч нартайгаа хэр ажилладаг вэ гэдэг нь сонин. Сүүлийн үед ажиглагдаад байгаа асуудлуудыг харахад алба хаагчидтайгаа тэр бүр ажилладаггүй юм шиг санагддаг. Америкийн цагдаагийн байгууллагын жишээнээс харахад заал, шүршүүр, бясалгалын танхим гээд бий. Ээлж буусан үед цагдаа нар нь эдгээр танхимуудаар орсон байх шаардлагатай байдаг. Ажлын байрнаасаа гарсан бол та жирийн иргэн тул аз жаргалтайгаар амарч болно гэдэг зүйлийг бий болгодог. Гэтэл манайд объектив байдлаараа ч тэр боломжгүй. Цаг наргүй.

-Цагдаагийн алба хаагчдад хүн чанар, хүнлэг сэтгэл дутагдаж байна гэж их шүүмжилдэг. Хувь хүнийг хэрхэн өөрчлөх вэ. Хүн өөрөө өөрчлөгдөх боломжтой юу?

-Магадгүй тухайн хүн эрх зүйн дээд боловсрол эзэмшээд, тусгай зохих албаны сургуулийг төгсөж байгаа ч гэсэн өөрийн гэсэн үнэт зүйл, зарчимтай байх ёстой.

Сэтгэл судлал чиглэлийн “хүн бол өөрчлөгдөхгүй” гэх зэрэг хүний эрхтэй зөрчилддөг онол сургаалууд ч бий. Ухамсарт хүн өөрөө хүлээн зөвшөөрөөд дутагдлууд болох харилцаа, хандлага, сэтгэл зүйн олон асуудлаа ойлгосон тэр цагт өөрчлөгдөх боломжтой. Түүнээс биш хэн нэгэн хүн лекц ороод чи өөрчлөгд гэснээр өөрчлөгдчихдөггүй, сэдэл аваад л өнгөрдөг. Хорихоос бусад ял эдэлж буй хүмүүст би нэг удаа сургалт орж байхад сургалтад сууж байсан нэг эмэгтэй уйлж байсан тохиолдол бий. Уйлсан шалтгаан нь “би амьдралдаа ийм сургалтад анх удаа сууж үзэж байгаа юм, баярлалаа” гэж надад хэлсэн. Яагаад гэхээр хувь хүний хөгжлийн талаарх эерэг яриа өмнө нь сонсоогүй байгаа юм. Тэр хүнд сурагч байх хугацаанд нь, нийгмийн харилцаанд орж байхад нь хэн ч эерэг байж болох юм гэдэг ойлголтыг өгөөгүй нь нийгэм ямар байгааг харуулж байгаа юм. Хүний хөгжил бол бүхий л салбарт чухал.

-Хувь хүний хөгжил талаасаа цагдаа гэлтгүй хүн бүрд юу чухал вэ?

-Хүмүүс харилцаа, хандлага гэж холбож ярьдаг, хандлага дээр илүү ач холбогдол өгөх ёстой. Хэрвээ хандлагаа зөв байлгаж, би энэ ажлыг ингэж хийнэ, хүмүүстэй ийм байдлаар харьцах ёстой гэх бодлууд нь зөв байгаа тохиолдолд энэ хэрэг зөрчлүүд бага гарах юм. Мөн харилцааны ур чадвартай байх нь зүйн хэрэг. Ялангуяа хэрэг зөрчил хянан шийдвэрлэхэд хамгийн чухал нь хандлагын асуудал юм. Би эрх зүйч мэргэжилтэй. Манай цагдаа нар ялгаа заагийг муу гаргадаг юм шиг санагдсан. Гэмт хэрэгт сэжиглэгдэж, хэрэгт холбогдож байгаа хүн, энгийн гомдол гаргаж байгаа иргэн хоёрт адилхан хандаад байдаг. Өөрөө хэрэг хийгээгүй хэрнээ цагдаад очно гэхээсээ манайхан айдаг, төвөгшөөдөг болсон. Яагаад гэвэл загнаад байдаг ч гэдэг юмуу. Насанд хүрээгүй, харгалзан дэмжигчгүй, дөнгөж 18 хүрсэн залуучууд цагдаагийн байгууллагуудад хэцүү тохиолдлуудаар очиход дандаа загнасан, зандарсан, цаанаа магадгүй хэрэгт холбогдсон хүмүүстэй зөөлөн, намдуу өнгө аясаар харилцахаар болохгүй. Байцаалт авах, хэрэг илрүүлэхэд хүндрэлтэй байдлыг бий болгохыг үгүйсгэхгүй. Гэлээ гээд хүний эрхэм чанарыг оролдох асуудал биш юм. Шүүхээр хэрэг нь шийдэгдээгүй байхад тухайн хүн хэрэгтэнд тооцогдохгүй. Хэрэгтэнд тооцогдож, хорих газар очсон ч гэсэн хүнийхээ хувьд хязгаарлагдахгүй зүйлсүүдийг нь бид зөрчих ёсгүй.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Бүх зүйлд чин сэтгэлээсээ хандаарай DNN.mn

Ямар нэгэн зүйлийг зүгээр л халтуурдаж хийх, сэтгэлээсээ хийх хоёр асар их ялгаатай. Чин сэтгэлээсээ ажиллах. Чин сэтгэлээсээ хайрлах. Чин сэтгэлээсээ туслах. Чин сэтгэлээсээ баярлах. Энэ үг энгийн юм шиг хэрнээ бүх сайхан зүйл, амжилтыг шингээсэн байдаг. Зарим хүн бүх зүйлд сэтгэл гаргавал өөрөө л шархалдаг, дэмий гэх нь бий. Хэдий сэтгэл гэдэг хүнд өгч буй зүйл ч гэлээ өөрөө өөртөө гаргадаг нэг төрлийн аз жаргал гэж боддог юм. Сэтгэлээсээ хандсан бүх зүйлээс жаргал мэдэрдэг байхад л болно. Хариу нэхэх ч шаардлагагүй. Хариу нэхэхгүйгээр өгөх нь бидний амьдралд гэгээ нэмж, амжилт авчирдаг билээ.

Хүмүүсийн бусдад өгөх, авах хүсэл сонирхол харилцан адилгүй байдаг ба өглөгч хүн бусдад чин сэтгэлээсээ хариу нэхэлгүй туслахыг хичээдэг. Харин авагч төрлийн хүн бусдад алсын бодолтой тусалж, хожим авах ашиг тус нь гаргаж буй зардал, золиосноос их байх ёстой гэж үздэг байна.

Хэрвээ та хэн нэгэнтэй уулзах гэж байгаа бол үнэн сэтгэлээсээ хандаж, ямар нэг зүйлийг хийх гэж байгаа бол чин сэтгэлээ зориулаарай. Чин сэтгэлээсээ хийсэн бүхний ард аз жаргал, амжилт, баяр хөөр байдаг юм.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Д.Энхтуяа: Хүмүүнлэг, ардчилсан нийгмийг байгуулна хэмээн тунхагласан. Үүнийгээ хангаж чадаж байна уу гэдгээ эргээд харах цаг нь болжээ DNN.mn

УИХ-ын гишүүн Д.Энхтуяатай ярилцлаа.


-Сүүлийн үеийн үйл явдлаас ярилцлагаа эхэлье. 21 настай залуу цагдан хоригдож байх явцдаа харамсалтайгаар амиа алдлаа. Ардчилсан хүчнийхэн хүний эрх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний төлөө тууштай дуугарсаар, тэмцсээр ирсэн намын хувьд уг асуудалд хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Юуны өмнө амь насаа алдсан хүүгийн эцэг эх, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Энэ хэргийг хүний эрх талаасаа маш сайн анзаарч харах ёстой. Цагдан хоригдож байх явцад эрүү шүүлт тулгасан уу, төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаа байсан уу гэдгийг эхлээд шалгаж, тогтоох ёстой.

Наанадаж уг харамсалтай явдлын талаар цагдаагийн байгууллага мэдээлэл өгөхдөө тухайн хүний эмзэг хувийн мэдээллийг олон нийтэд дэлгэх нь хэр зохистой вэ. Ямар, ямар хэрэгт сэжигтнээр татагдаж байсан зэрэг бүх мэдээллийг нь ил гаргасан. Хүний хувийн нэр төрд халдсан. Хэдийгээр тухайн иргэн сэжиглэгдэж байсан ч тэр хүний эрх хангагдах ёстой. Хүний хувийн мэдээлэл нууц байх ёстой.

Ер нь төрийн байгууллага, шүүх, хүчний байгууллагууд үүнийг хамгийн түрүүнд анхаарч ажилламаар байна. Манайд яагаад ийм асуудлууд гараад байна. Шүүхийн байгууллага, мөрдөн байцаах байгууллагууд алдаа дутагдал гаргаж байна уу, хүний эрхийг хангаж чадаж байна уу гэдгээ анхаарч ажиллах ёстой.

Хоёрдугаарт, ямарваа иргэн сэжигтнээр татагдаж хорих байгууллагын хаалгаар эрүүл орсон бол тэр газраас эрүүл л гарч ирэх ёстой. Эрүүл мэндийн байдал нь дордох ёсгүй. Гэтэл сүүлийн үед эрүүл ороод эрүүл мэндээрээ хохирох ч юм уу, амь насаа алдах зэрэг харамсалтай кейсүүд нэг биш удаа гарсан байна.

Би үүгээр цагдаагийн байгууллага ч юмуу, шүүх, эрүүл мэнд, хүчний байгууллагыг буруутгах гээгүй. Тогтолцооны гажуудлаа бодитоор харж өөрчлөлт хийж засах ёстой. Тиймээс асуудлыг нээлттэй хэлэлцэх сонсгол хийж тал талын мэдээллийг авч, хаана хүний эрх зөрчигдөж байна гэдгийг гаргаж ирж шийдэх ёстой гэж харж байгаа.

Хамгийн чухал нь шийдэл. Олон жил бие биеэ үгүйсгэж, буруутгаж ирлээ. Одоо бүх асуудлаа ил тод ярилцаж тогтолцооны өөрчлөлт хийх ёстой. Дахиад олон хүний эрх, амь нас битгий хохироосой гэж хүсч байна. Саяны кейс бол маш харамсалтай байлаа. 21-хэн настай, амьдралд дөнгөж хөл тавьж байгаа сайхан залуу амь насаа алдах ямар харуусмаар вэ.

Дөрөвдүгээрт, хорих ангиуд, СЭМҮТ, асрамжийн газрууд ч гэдэг юмуу хаалттай хаалга бүрийн цаана хүнийг яаж сэтгэл зүйн дарамтад оруулж, хүчирхийлж байгааг нийтээрээ олон жил ярилаа. Тиймээс УИХ-ын эмэгтэй гишүүдээ уриалж газар дээр нь очиж танилцаад өөрчлөх арга шийдлээ гаргаад ирье. Эрх зүйн өөрчлөлт оруулахаар байвал зохих хуульд нь өөрчлөлт оруулъя гэж бодож байгаа. Энэ саналаа ч цааш нь уламжилж, бодит болгоно.

-Тогтолцооны өөрчлөлт гэдгийг тодорхой ярихгүй юу?

-Манай улс хүмүүнлэг ардчилсан нийгмийг байгуулна хэмээн тунхагласан. Үүнийгээ хангаж чадаж байна уу гэдгээ бид эргээд харах цаг нь болжээ.

Цагдаа хүчнийхэн мэдээж хууль сахиулах үүрэгтэй. Нөгөө талаас хэдийгээр тухайн иргэний эрх хязгаарлагдсан ч хүмүүнлэг үйлчилгээг авах эрхтэй. Тиймээс ч хорих байгууллагуудад нийгмийн ажилтан гэж байдаг байх. Мөн эрүүл мэндийн туслалцаа үзүүлдэг байгууллагууд ч бий. Тэдгээр ажилтнууд хоорондоо хэр уялдаатай ажилладаг вэ гэдгийг мэдмээр байна.

Мөн цагдааг илүү иргэншүүлэх ёстой. Иргэнд, нийгэмд хүрч үйлчилдэг байх ёстой шүү дээ. Тиймээс аливаа асуудалд хандахдаа хүний эрхийг нэн тэргүүнд хангаж, эрхэмлэх ёстой. Тухайн хүний эрх нь тодорхой хүрээнд хязгаарлагдсан ч бусдын адил эрүүл мэнд болоод бусад үйлчилгээ, эрхээ хангуулах ёстой шүү дээ.

-Та бол хэвлэлийн салбараас УИХ-ын гишүүн болсон хүн. Өнөөдөр хэвлэлийн эрх чөлөө хэр хангагдаж байна, хэвлэлийн салбарын өнөөгийн байдлыг хэрхэн харж байна вэ?

-Анх 1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль дөрвөн зүйл заалттай. Тухайн үед гадаадын байгууллага, олон улсын экспертүүд, хэвлэн нийтлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын нэлээд олон судалгаанд үндэслэж уг хуулийг баталж байсан.

Хэвлэлийн эрх чөлөө нь өөрөө маш эмзэг. Миний санаж байгаагаар Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд 1998 оноос хойш 12 удаа өөрчлөлт хийхээр оролдож байсан ч УИХ-ын босгыг даваагүй. Тиймээс энэхүү хуульд амархан гар хүрээд, өөрчлөөд байдаггүй эмзэг хууль л даа.

Биднийг УИХ-ын гишүүнээр сонгогдоход манай салбарынхан ч тэр, олон нийт ч гэсэн хэвлэлийн эрх чөлөө хангагдахгүй байна. Хангаж өгөөч гэсэн. Бид үүнд ажлын хэсэг байгуулсан. Ямартаа ч эхлээд хэвлэл мэдээллийн салбарынхантайгаа, ТББ-тай томоохон хэлэлцүүлгийг зохион байгуулъя гэж бодож байгаа.

Есдүгээр сарын эхээр хэвлэл мэдээллийн төлөөллийн байгууллагууд, олон нийт, төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулаад ямар асуудал хаана байгаа талаар асуудлаа ярилцаж, хэлэлцүүлэг хийнэ.

-Хэвлэлийн эрх чөлөөний индексээр манай улс 21 байр ухарсан. Ардчиллын индексээр ч ялгаагүй ухарсан. Ер нь хэвлэлийн эрх чөлөө ардчилалд ямар нөлөөтэй болох талаар ярихгүй юу?

-Хэвлэлийн эрх чөлөө хангагдаж байж мэдээлэл нь үнэн бодитой шуурхай байдаг. Уг мэдээлэлд үндэслэж олон нийт төрийн эрхийг барихад оролцдог гэхчлэнгээр суурь эрхүүд хэвлэлийн эрх чөлөөтэй холбогддог.

Тиймээс Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд дээр хэлсэнчлэн тийм амар гар дүрдэггүй. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд төрийн бус байгууллагууд дэргэддээ хэвлэлийн байгууллага байгуулахыг хориглосон заалт байдаг. Гэтэл өнөөдөр бүх төрийн байгууллага дэргэдээ хэвлэлийн албатай байна. Нэг ёсондоо хэвлэл мэдээллийн байгууллага байна гэсэн үг. Түүгээрээ хүссэн мэдээллээ өөрсдөө бэлтгээд цац гээд өгчихөж байна. Өөрөөр хэлбэл, эрэн сурвалжлаад бүгдийг гаргаж ирэх хэвлэл мэдээллийн хийх ажлыг төрийн байгууллагууд хийгээд байна. Хэвлэл мэдээллийн байгууллагууд түгээлтийн ажлууд хийгээд байна шүү дээ. Энэ зөрчигдөж байгаа нэг заалт мөн үү гэвэл мөн.

Хоёрдугаарт, Төрийн болон албаны нууцын тухай хуулиар олон мэдээллийг нууцын зэрэглэлд оруулчихсан. Гэтэл хэвлэл мэдээллийн байгууллагууд төрд байгаа мэдээллийг ямар нэг байдлаар олж аваад эх сурвалжаа нуугаад гаргачихдаг. Тэр нь нууцын зэрэглэлтэй мэдээлэл болж таараад хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа хүмүүс буруутгагдаад байна.

Төрийн болон албаны нууцын тухай хуулиар өнөөдөр төрийн 565 мэдээлэл нууцлалд байна. Зөвхөн 67 мэдээлэл нээлттэй ч гэдэг юмуу хязгаарлаад өгчихсөн. Энэ нь хэвлэл мэдээллийн байгууллагууд төрийн байгууллага руу ороод мэдээлэл авч болохгүй, хаалттай болгочихоод байгаа юм. Тиймээс тодорхой хүрээнд зохих мэдээллийг нээлттэй болгомоор байна. Нууцын зэрэглэл дор олон мэдээллийг нуун дарагдуулчихаад хэн нэгэн улстөрчийн дохиогоор гаргая гэсэн үед нь мэдээллийг гаргаж болохгүй. Гэх зэргээр ямар ямар асуудал байна вэ гэдгийг хэвлэл мэдээллийн байгууллагынхантайгаа уулзаж ярилцах хэрэгтэй байгаа юм.

-Удахгүй болох УИХ-ын ээлжит бус чуулганаар ямар асуудал хэлэлцэх товтой байгаа вэ?

-УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бидэнд наймдугаар сарын 10-наас хойш ээлжит бус чуулган хуралдуулах товтой байна гэсэн мэдээллийг өгсөн. Үүгээр төсвийн тодотголыг хэлэлцэнэ гэж ойлгож байгаа. Учир нь Засгийн газрын шинэ бүтэц байгуулагдсан. Уг бүтцээр зарим яамд тамгын газар өөрчлөгдсөн. Тиймээс төсвийн тодотгол орох юм байна гэж ойлгосон. Бидэнд өөр тодорхой мэдээлэл өгөөгүй.

-Хамтарсан Засгийн газар байгуулагдсантай холбоотойгоор олон нийт АН-ыг Засгийн газарт орох нь буруу, хүчтэй сөрөг хүчний үүргийг гүйцэтгэх ёстой байсан гэхчлэнгээр шүүмжилсэн. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-УИХ-ын 2024 оны сонгуулиар Ардчилсан нам 500 гаруй мянган иргэний саналаар 42 суудалтай болсон.

Хоёрдугаарт, АН 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө ихээхэн анхаарсан. Бүтэн жил судалгаа хийсэн. Мэргэжлийн байгууллагуудыг урьж саналыг нь авсан. Тэрхүү санал дээр дахин ажилласан. Гадаадын бусад туршлагыг ч судалсан. Ингэж чамбай мөрийн хөтөлбөрийг боловсруулсан. Бид энэ мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхгүй дахин дөрвөн жил алдахыг хүсэхгүй байна.

АН-ын ҮБХ мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж улс орныхоо хөгжлийн төлөө хамтарч томоохон төслүүдийг явуулахын тулд хамтарсан Засгийн газарт орох нь зөв гэж шийдвэрлэсэн. Тиймээс олонхоороо гаргасан шийдвэрийг бид дэмжихээс өөр аргагүй.

Нөгөөтэйгүүр өнгөрсөн найман жилд улс орны хувь заяатай холбоотой томоохон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр хэрэгжсэнгүй. Өнгөрсөн хугацаанд нийтээрээ л шүүмжиллээ. Ажил огт явсангүй. Үүнд хэн хохирч байна гэхээр ард түмэн. Тиймээс манай нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, ажил хийх хэрэгтэй байгаа юм. Мөн ард түмний өгсөн 500 мянган саналыг гээхгүй байх ёстой. Иргэдийн саналыг гээхгүй байхын тулд л өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулиас эхлээд олон хуульд өөрчлөлт орууллаа шүү дээ. Иргэдийн саналыг бодит болгож байж ардчилал бэхэждэг.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Балжиннямтай, шарагчин гахай өдөр DNN.mn

Аргын тооллын 8 сарын 3, Санчир гариг. Билгийн тооллын 29, Найралт эх одтой, шарагчин гахай өдөр. Өдрийн наран 05:32 цагт мандаж, 20:25 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал жатхыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Балжиннямтай өдөр.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан, бороо орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +19…+21 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +4…+9 градус, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +9…+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17…+22 градус, бусад нутгаар +13…+18 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +18…+23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +29…+34 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө +13…+15 градус, өдөртөө +19…+21 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө +18…+20 градус дулаан байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд нар албан ёсны уулзалт хийлээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд 2024 оны 08 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд нар Төрийн ордонд албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч нар хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим зэрэг ардчиллын үнэт зүйлд суурилсан Монгол, Швейцарын найрсаг харилцаа улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол болон хүмүүнлэг зэрэг салбарт өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа харилцан илэрхийлэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсад өрнөсөн ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжилтийг швейцарын тал тууштай дэмжиж, ардчилсан засаглалыг бэхжүүлэх чиглэлээр болон хамтын ажиллагааны олон салбарт хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсныг тэмдэглэлээ.

Талууд дипломат харилцаа тогтоосноос хойш 60 жилийн хамтын ажиллагааны ололт, амжилтаа бататгаж, цаашид харилцан сонирхсон бүхий л салбарт идэвхтэй ажиллахын төлөө байгаагаа нотоллоо.

Уулзалтын үеэр олон улс, бүс нутгийн түвшинд хоёр талаас дэвшүүлсэн санал, санаачилгуудыг хамтран хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль орчны доройтол зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулах талаар ярилцлаа.

Categories
мэдээ нийгэм

Богд ууланд аялагчдыг сэрэмжтэй байхыг анхааруулж байна DNN.mn

Богдхан уулын дархан цаазат газрын нийт талбайн 53.1 хувь буюу 22.129 га талбайг ойн сан эзэлдэг. Үүнээс ойгоор бүрхэгдсэн талбайн 98.8 хувийг байгалийн ой эзэлж байна. Энэ ойг бүрдүүлэгч гол мод нь шинэс, гацуур, хуш юм. Ойн 59 хувь нь хөгшин, 25 хувь нь дунд насных байна.

Аянга цахилгаан, бороо, үерийн усаар хөрс угаагдах, салхины нөлөө, цэвдэг зэрэг байгаль цаг уурын хүчин зүйлийн хамаарал болон хүний үйл ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлт зэргээс үүдэн, ой модод байгалийн жамаар унах үзэгдэл ихээр Богдхан уулын дархан цаазат газарт их ажиглагдаж байна. Иймээс Богдхан ууланд алхаж аялагч, амрагч иргэд та бүхэн унанги модонд даруулах, бэртэж гэмтэхээс сэрэмжтэй байхыг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-80 см нэмэгджээ DNN.mn

Наймдугаар сарын 2-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Шишхэд, Хангай нурууын араас усжих Идэр, Хануй, Чулуут, Орхон, өврийн Онги, Таац, Түй, Цагаантуруут, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Хараа, зүүн хажуугийн Хэрлэн, Их Хянганы нуруунаас эхтэй Халх зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-80 см нэмэгдсэн байна.

Туул /Босгийн гүүр-Улаанбаатар- Алтанбулаг/, Хараа /Дархан/, Эг, Онон /Биндэр/, Хэрлэн / дунд болон адаг хэсгээрээ/, Халх /Ялалтбаг/, Улз, Орхон, Онги, Хөгшин Орхон зэрэг голууд үерийн түвшинг 10-40 см, Туул /Лүн/, Хурх, Балж, Онон, Улз /Дашбалбар/ болон Хэрлэн гол Багануур дүүрэг  орчимд үерийн аюултай түвшинг 10-50 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Мөн түүнчлэн Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Увс нуурын савын Хархираа гол үерийн түвшинг 5-15 см давсан байдалтай байна.

Маргааш буюу наймдугаар сарын 3-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 5 см, Чулуут гол Өндөрулаан сум орчимд 35 см, Орхон гол Өлзийт-Хархорин сум орчимд 10-25 см, Хэрлэн гол Багануур дүүрэг Өндөрхаан хот орчимд 5-10 см тус тус нэмэгдэх хандлагатай байна.

Ойрын өдрүүдэд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороотой тул дээрх сав голдрил дүүрэн элбэг устай байгаа гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, халих мөн түүнчлэн хуурай сайр, гуу, жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж байгаа тул малчид, аялаж амарч яваа ард иргэдийг уулын ам, голын ай сав буюу уруйн үер болох нөхцөл бүрдсэн газарт отоглож хоноглохгүй байж үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна

Categories
мэдээ нийгэм

Хангайн бүсийн хурдан морины уралдаан хойшилжээ DNN.mn

“Илгээлтийн эздийн-50” жилийн ойн баяр, Хангайн бүсийн хурдан морины уралдаан-2024, Орхон аймгийн баяр наадам Эрдэнэт хотод болж буй.

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж хурдан морьдын уралдаан тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.