Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь DNN.mn

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу өнөөдөр буюу наймдугаар сарын 8-ны өдөр цахилгаан хязгаарлах байршлуудыг танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

МУБИС-ийн уулзвараас ГХЯ хүртэлх замыг хаана DNN.mn

Энхтайваны өргөн чөлөө Боловсролын их сургуулийн уулзвараас баруун тийш Гадаад харилцааны яам хүртэлх авто замыг энэ оны наймдугаар сарын 08-ны 06:00 цагаас наймдугаар сарын 09-ний өдрийн 22:00 цаг хүртэл хааж дулааны шугамын өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийг баримталж, зохицуулагчийн дохиог мөрдлөг болгох, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандах, тухайн замаар зорчихгүй бусад замыг сонгож стресс бухимдалгүй хөдөлгөөнд оролцохыг зөвлөе.

Categories
мэдээ спорт цаг-үе

Монгол Улс залуучуудын олимпийн наадмыг зохион байгуулах хүсэлтээ илэрхийллээ DNN.mn

ОУОХ-оос Залуучуудын Олимпийн Наадмыг зохион байгуулах хүсэлтээ илэрхийлсэн үндэсний олимпийн хороодын дунд дугуй ширээний уулзалтыг зохион байгууллаа. “Парис 2024” наадмын сүүлийн хагс эхэлсэн энэ цаг мөчид 10 гаруй улсын төлөөлөл уг уулзалтад уригджээ.

Энэхүү дугуй ширээний уулзалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг нар оролцож, Монгол улсын залуучуудын олимпын наадмыг зохион байгуулах хүсэлтийг баталгаажуулж, товч танилцуулга хийлээ. Манай улс 2023 онд Мумбай хотноо явагдсан ОУОХ-ны чуулганы үеэр 2030 эсвэл 2034 оны Залуучуудын зуны олимпын наадам, 2027 оны ОУОХ-ны чуулганыг зохион байгуулах хүсэлтээ илэрхийлээд байгаа билээ.
Уг арга хэмжээг ОУОХ-ны гишүүн, олимпийн хошой аварга К.Ковентри ахалж, “Дакар 2026” наадмыг зохион байгуулах хорооны дарга И.Вэйд, “Буэнос Айрес 2018” наадмын зохион байгуулах хорооны дарга, Л.Ларроса тэргүүтэй хүндэт зочид байлцав. Зочид залуучуудын наадмын үзэл санаа, спортын уралдаан тэмцээний онцлог, хэрэгжүүлсэн соёлын хөтөлбөрүүдийн талаар сайн туршлагуудаа хуваалцлаа.
Залуучуудын Олимпын наадам хамгийн анх 2010 онд Сингапур улсад зохион байгуулагдсан бөгөөд 15-18 насны тамирчдын дунд явагддагаараа онцлогтой. Залуучуудын наадмыг зөвхөн спортын уралдаан тэмцээнээс гадна тогтвортой хөгжлийг эрхэмлэсэн, байгальд ээлтэй, залуучууд руу чиглэсэн дэд бүтэц, боловсрол, хувь хүний хөгжлийн урт хугацааны хөрөнгө оруулалт бүхий цогц байдлаар зохион байгуулах бодлогыг ОУОХ-оос хэрэгжүүлдэг.

Хамгийн сүүлд 2024 оны 1-р сард Залуучуудын өвлийн олимпын наадам БНСУ-ын Канвон хотноо зохиогдсон. Дараагийн зуны наадам 2026 оны 10-р сарын 31-нд Дакар хотноо нээгдэх бөгөөд 35 спортын 244 төрөлд 5000 гаруй тамирчин оролцох төлөвтэй байна. Энэ нь олимпын наадам анх удаа Африк тивд явагдах тохиолдол болж байгаа юм.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Д.Уламбаяр: Монгол, Швейцарь хоёр улс адил үнэт зүйлтэй DNN.mn

ХИС-ийн профессор, шинжлэх ухааны доктор Д.Уламбаяртай ярилцлаа.


-Энэ зун манай улс гадаадын өндөр дээд хэмжээний төрийн айлчлалд нэлээд дарагдах янзтай. Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, Филиппиний Гадаад хэргийн сайд, Швейцарийн ерөнхийлөгчийн айлчлалууд ар араасаа цуварлаа. Удахгүй Японы ерөнхий сайд айлчлах гэж байна. Энэ удаа тантай Швейцарийн Ерөнхийлөгчийн айлчлалын үр дүнгийн талаар ярилцъя. Манай хоёр улсын харилцаа нэгэн жарны түүхийг бүтээжээ. Энэ орны онцлог болон хоёр орны харилцааны түүхэн замналаас нь эхлээд сонирхуулахгүй юу?

-Швейцарийн Холбооны Улс нь парламентын гүйцэтгэх засаглалтай Холбооны улс. Далайд гарцгүй ч хүчирхэг худалдааны флоттой, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн нь нийгмийн дундаж давхарга, түүнээс дээш чинээлэг хэсэгт төлөв чиглэгддэг, өндөр хөгжилтэй, ардчилсан улс юм. Бараа бүтээгдэхүүн нь “япон чанар”, “герман чанар” гэдэгтэй ижил. Швейцарьь чанар гэдгээрээ дэлхийд алдартай. Банк санхүү систем нь нууцлал, баталгаа, найдвартай чанараараа дэлхийд алдартай, бараг 200 жилийн түүхтэй болов уу. Европ дахь НҮБ-ын салбар байгууллагын төв, түүний системийн болон төрөлжсөн олон улсын байгууллагууд Швейцарийн Женев хотноо байрладаг. Жил болгон Швейцарийн Давос хотноо зохиогддог Дэлхийн эдийн засгийн форумыг бид сайн мэдэх билээ.

2002 онд Швейцарь НҮБ-ын Бүрэн эрхт гишүүн болж 2023 оны нэгдүгээр сарын 3-наас анх удаа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр хоёр жилийн хугацаатай сонгогдон ажиллаж байна. Швейцарийн Холбооны Улс Оросын эсрэг Европын холбооны эдийн засгийн багц хоригт нэгдсэн. 2022 оны аравдугаар сард тус улсын төрийн тэргүүн Игнацио Кассис Украинд айлчилсан нь нийт Европ тив, хүн төрөлхтний аюулгүй байдлыг хангах онцгой сорилтуудын үед төвийг сахих боломжгүйг гэрчилж буйд Украины ерөнхийлөгч В.Зеленский талархал илэрхийлсэн байдаг. Тийнхүү Швейцарийн төвийг сахисан олон улсын эрх зүйн статус төгсгөл болж байна гэж шинжээчид тэмдэглэдэг.

Энэ жил Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталсны түүхт 100 жилийн ой тохиож байна. Судар бичгийн хүрээлэнгийн гишүүн, профессор Ж.Цэвээн 1922 оноос анхдугаар Үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссын бүрэлдэхүүнд орж ажиллаж байхдаа Швейцарь улсын Үндсэн хууль ба үндсэн хуулийн чанартай эрх зүйн баримт бичгүүд, түүхийн болон бусад судалгааны зохиол бүтээлийг нэлээд судалж, сайхь улсаас авч хэрэглэвэл зохих зүйл багагүй байгааг Үндсэн хуулийн талаар өөрийн оруулсан 24 зүйлийн саналд онцлон дурдаж байжээ. Энэ тухай Улсын Анхдугаар Их хуралд тавьсан Засгийн газрын илтгэлд тэмдэглэхдээ, “…Европын Швейцарь хэмээх Бүгд Найрамдах Улсын хэдийнээс тогтсоор ирсэн Засгийн байдал ба эдүгээгийн Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын тогтсон Засгийн байдлыг үлгэр болгон … улсын дээд эрхийг Улсын Их хуралд хадгалах ба Улсын Их хурлын чөлөө цагт Ардын Засгийн газрын хуралд хадгалахаар тогтсон болно” гэсэн байдаг.

1920-иод оны Монгол, Германы харилцааг хөгжүүлэхэд Москвад суугаа Монгол Улсын ЭСЯ-нд худалдааны зөвлөхөөр ажиллаж байсан Цэдэн-Ишийн Дашсампилон нарын Германд хийсэн ажлын айлчлал чухал ач холбогдолтой байсан байдаг. Төлөөлөгчид Берлин, Хамбург, Дрезден, Лайпциг зэрэг хотуудаар явж Монголд ажиллах мэргэжилтэн элсүүлэх, тус улсад хэрэгтэй үйлдвэрийн тоног төхөөрөмж, бараа таваарыг сонгох, зохих газруудтай гэрээ хэлэлцээр байгуулах зэрэг ажлыг хийжээ. Төлөөлөгчид Германаас нарийн мэргэжилтнүүдийг элсүүлэхэд Швейцарийн тоосгоны үйлдвэрийн инженер Xерман Геринг багтаж, 1926-1929 хүртэл ажилласан түүхтэй.

Монгол Улс, Швейцарийн Холбооны Улсын хооронд 1964 оны тавдугаар сарын 22-нд дипломат харилцаа тогтоосноос хойш энэ жил нэгэн жарны түүхэн ой тохиож байна. Монгол Улс 1961 онд НҮБ-д гишүүнээр элссэний дараа 1963 онд Өрнөдийн гүрнүүдээс 1963 онд Их Британи Монгол Улстай дипломат харилцаа тогтоосноос хойш Австри, Финландын дараа Өрнөдийн дөрөв дэх улс нь Швейцарь улс болж байжээ.

Хүйтэн дайны он жилүүдэд Монгол Улс Швейцарь, Их Британи, Баруун Германтай хамгийн сайн худалдаа хийж байжээ. Швейцарьтай дипломат харилцаа тогтоохоос бүр өмнө 1956 онд Гадаад худалдааны яамны дэргэд байгуулагдсан “Монгол экспорт”, 1958 онд байгуулагдсан “Техникимпорт”, 1961 онд байгуулагдсан “Төрөл бүрийн барааны импорт” нэгдлүүд 1960 оноос эхлэн Швейцарийн худалдааны нэгдэл, пүүсүүдийн хэмжээнд худалдаа хийж эхэлжээ. 1960 онд хонины болон тэмээний ноос, хөөвөр, адууны хялгас зэрэг 668.2 мянган рублийн бараа, 1961 онд 857.4 мянган рублийн бараа худалдан авч байжээ. 1967 онд хоёр орны худалдааны нийт эргэлт 4.9 сая ам. доллараар хэмжигдэж, Швейцарьт өлөн гэдэс, адууны дэл, сүүл, тарваганы болон үнэгний арьс худалдаж, аж үйлдвэрийн комбинат, нэхий эдлэл, хивсний зориулалтын будаг, хэвлэлийн машин, эм, эмийн зүйл, савангийн будаг, шүдэнзний фабрикийн антимон, оёдлын машины сэлбэг, гутлын цавуу болон өргөн хэрэглээний бараа худалдан авч байсан байна. 1973 онд Гадаад худалдааны яамны дэргэд байгуулагдсан “Илгээмжийн худалдаа” контор төрөл бүрийн барааг жижиг хэсгээр экспортлохын зэрэгцээ дотоодод валютын барааны дэлгүүрээр дамжуулан жижиглэн худалдаж байсан нь тус улсад суугаа гадаадын ЭСЯ-д, төлөөлөгчдийн газрууд, олон улсын байгууллагуудын ажилтнууд, гадаадын зочид төлөөлөгчид, жуулчин, мэргэжилтнүүдийн ба өөрийн орны иргэдийн хэрэгцээг хангахад чухал ач холбогдолтой байв. Швейцарьт үйлдвэрлэгдсэн төрөл бүрийн архи, тамхи, бусад хүнсний болон өргөн хэрэглээний бараа, жинс, үнэртэн, гоо сайхан, ариун цэврийн бараа, мебель, суудлын машин зэрэг барааг импортоор авч байжээ.

1980 онд Монголын Швейцарьт экспортолсон бараа бүтээгдэхүүн оны үнээр 4 сая, 1985 онд 19.6 сая, 1990 онд 3.5 сая төгрөг, импорт 1980 онд 5.8 сая,1985 онд 4 сая 1990 онд 17.5 сая төгрөг болж байсныг “Монгол Улсын Үндэсний эдийн засаг 70 жил 1921-1991” статистикийн эмхтгэлээс харж болно.

-Швейцарийн Холбооны Улсын ерөнхийлөгч хатагтай Виола Амхердын айлчлал ямар ач холбогдол, үр өгөөжтэй болов?

-Ерөнхийлөгч Виола Амхердын төрийн айлчлал нь Швейцарийн Холбооны Улсын Төрийн тэргүүний хувьд анхны айлчлал. Монгол Улс, Швейцарийн Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны нэгэн жарныг тэмдэглэх түүхэн чухал арга хэмжээ болов. Швейцарийн Холбооны Улсын ерөнхийлөгч Виола Амхерд хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, “…би Монгол Улсад айлчилж байгаадаа туйлын баяртай байна. Манай хоёр улсын олон жил ойр дотно хамтран ажиллаж ирсэн атал Швейцарийн ерөнхийлөгчийн түвшинд анх удаа айлчилж байгаа нь итгэхэд бэрх ч бодит үнэн юм. Энэ айлчлал Швейцарь, Монголын харилцааны түүхэнд нэгэн чухал үйл явдал болж байгааг нэн хүндэтгэж, маш их баяртай байна. Манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жил, Хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага Монгол Улсад 20 жил ажилласан амжилтыг энэ айлчлалаар ёслон тэмдэглэж байна. Үүний зэрэгцээ бид ирээдүйгээ харж, хоёр улсын цаашдын харилцааг тодорхойлоход чухал ач холбогдол өгч байна. Энэ зорилтын хүрээнд бид хоёр улсын хамтын ажиллагааны тухай Хамтарсан тунхаглал, “Ардчилсан засаглалын асуудлаарх Харилцан ойлголцлын санамж бичиг” байгууллаа. НҮБ-аас анхааруулсан “дэлхий дахинаа тархаж буй ардчиллын бууралт”-ыг сөрөн зогсоох нь Швейцарь улсын хувьд нэн чухал юм. Бид улс төр, хууль эрх зүйн чиглэлээр идэвхтэй харилцаа өрнүүлж байгаагийн зэрэгцээ эрүүл мэнд, худалдаа, хүмүүнлэгийн салбарт олон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж байна. Түүнчлэн бид бусад салбарт хоёр болон олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр болсныг өнөөдөр Хамтарсан Тунхаглалдаа тусгалаа. Швейцарь, Монгол дэлхийн тавцанд олон асуудлаар ижил төстэй байр суурьтай” гэсэн байна.

Энэхүү айлчлалын үеэр “Монгол, Швейцарийн Хамтарсан Тунхаглал” хэмээх улс төрийн баримт бичигт анх удаа хоёр улсын төрийн тэргүүний түвшинд гарын үсэг зурсан нь чухал ач холбогдалтай юм.

-Мөн хоёр улс нь “Ардчилсан засаглалын асуудлаарх Харилцан ойлголцлын санамж бичигт”-т гарын үсэг зурсан. Энэ хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ?

-Хамтарсан Тунхаглалд тэмдэглэснээр Ардчилал, хууль дээдлэх зарчим, сайн засаглалын үнэт зүйлийг сурталчилж, ардчилсан Парламентын байгууллагууд хооронд болон иргэний нийгмийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих, шүүх болон эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэхийн төлөөх Монгол Улсын хүчин чармайлтад үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ. Түүнчлэн “Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай гэрээ”-г эцэслэн байгуулах зэрэг ажлууд хийгдэх болов уу.

-Хатагтай Виола Амхерд “Швейцарь, Монгол дэлхийн тавцанд олон асуудлаар ижил төстэй байр суурьтай. Тухайлбал, манай хоёр улс цаазын ялыг дэлхий дахинаа халахын төлөө байдаг” гэж хэлсэн. Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлын төлөөх Швейцарь, Монголын хүч чармайлтын талаар онцолж байсан шүү дээ. Энэ тухай та дэлгэрүүлэхгүй юу?

-Цаазын ялыг халах нь ардчилал, хүний эрхийн баталгаажуулалтын чухал хэмжүүр гэж үздэг. Монгол Улс цаазын ялыг албан ёсоор Эрүүгийн хуулиас халсан ч одоогоор Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд: …Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” гэсэн нь буй.

Энх тайван, аюулгүй байдлыг хангах нь Швейцарийн олон талт гадаад бодлогын нэг тулгуур гэдгийг Швейцарийн Ерөнхийлөгч тэмдэглэсэн. Хамтарсан Тунхаглалд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ, Зүүн хойд Ази дахь аюулгүй байдлын асуудлаарх Церматтын дугуй ширээний уулзалт зэрэг санаачилгаа цаашид үргэлжлүүлэх эрмэлзлээ тэмдэглэсэн. Цермат нь Женевын Аюулгүй байдлын бодлогын төвөөс Швейцарийн Цермат хотноо Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар зохиогддог дургуй ширээний дипломат ажиллагааны формат юм. Өнгөрсөн тавдугаар сард 10 дахь удаагийн уулзалт нь болсон.

-Манай хоёр улсын худалдаа-эдийн засгийн харилцаа ямар түвшинд байгаа вэ. Швейцарийн хөрөнгө оруулалт аль, аль салбарт байна вэ?

-Хоёр орны худалдааны эргэлт 2000 онд 3.01 сая, 2005 онд 6.2 сая, 2009 онд 5.9 сая ам. доллар байсан бол 2022 оны тавдугаар сард 440.5 сая, 2023 оны тавдугаар сард 244.2 сая, 2024 оны тавдугаар сарын байдлаар 328.6 сая ам. доллар болж, Монгол Улсын гадаад худалдааны 5.2 хувийг эзэлж байна. Швейцарь улсад экспортолсон барааны 99.8 хувийг боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт эзэлж, үнийн дүн 1 тэрбум ам. доллараар хэмжигдэж байна. Монгол Улс импортын хувьд машин, тоног төхөөрөмж, цахилгаан болон техникийн сэлбэг хэрэгсэлүүд, нэхмэл, гоёлын барааны үйлдвэрийн зарим түүхий эд, өргөн хэрэглээний бараа, химийн бараа (арьс шир, ноос, үслэг эдлэлийн будаг, малын эм), хүнсний бараа, тамхи, өнгө оруулагч бодис дээр суурилсан бэлдмэл, гар багаж, төхөөрөмж зэрэг бүтээгдэхүүн авч байна. Экспортын хувьд түүхий эд (ноос, ноолуур, өлөн гэдэс, ангийн үс, зэсийн баяжмал), бэлэн бүтээгдэхүүн (ноолууран болон тэмээний ноосон эдлэл) гаргадаг.

Үндэсний статистикийн хорооны мэдлээллээс харвал 1991-2023 оны хооронд Монгол Улсад худалдаа, банк санхүү, нийтийн хоол, геологи, уул уурхайн хайгуул, МАА-н түүхий эд боловсруулах, инженерийн барилга байгууламж, барилгын материалын үйлдвэрлэл, аялал жуулчлал, тээвэр, хөнгөн үйлдвэр, мэдээдэл технологийн салбарт Швейцарийн 72 компанийн 165 сая ам. долларын шууд хөрөнгө оруулалт бүртгэгдсэн байна.

Швейцарь нь Монгол Улсын Европын Холбооны гишүүн бус Өрнөд Европын худалдааны идэвхтэй харилцаатай уламжлалт түнш боловсруулаагүй болон хагас боловсруулсан алтны хамгийн том зээл болж байна.

Энэ жил мөн Швейцарийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсний 20 жилийн ой тохиож байна. Тус агентлаг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн 20 жилийн хугацаанд хөгжлийн хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдэд 200 сая Швейцарь франкийн буцалтгүй тусламж үзүүлжээ.

-Ар араасаа хөврөж байгаа айлчлалууд гуравдагч хөршийн сонирхол Монгол руу чиглэснийг харуулж байна гэж шинжээчид дүгнэжээ. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Хоёр улсын төрийн тэргүүн нар албан ёсны яриа хэлэлцээ хийсний дараа хэвлэлийн бага хурал хийх үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мэдэгдэхдээ: “Газарзүйн байршлын хувьд алс хол Швейцарийн Холбооны Улсыг бид манай гурав дахь хөрш, Европ дахь итгэлт түншээ хэмээн үздэг” гэжээ. Би үүнтэй санал нэг байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд өндөр хөгжилтэй ардчилсан улсуудтай улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарт хоёр болон олон талт хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэсэн байдаг. Швейцарь нь өндөр хөгжилтэй ардчилсан улс, хоёр орон адил үнэт зүйлстэй.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

Р.Даваадорж: Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл тооцоо судалгаагүй, дэврүүн сэтгэлээр асар их хөрөнгө цацсанаас үүдэж гацсан DNN.mn

Эдийн засагч Р.Даваадоржтой газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн талаар ярилцлаа.


-Киргиз улс газрын тос боловсруулах үйлдвэрийг нэг жилийн дотор барьж ашиглалтад оруулж байгаа тухай сүүлийн үед эдийн засагчид энэ чиглэлийн мэргэжилтнүүд онцлох боллоо. Манай газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл өнөөдөр хэд дэх жилдээ үргэлжилж байна вэ гээд харахаар анхаарал татдаг. Энэ тухай ярилцлагаа эхлэх үү?

-Киргиз улс газрын тосны үйлдвэр боловсруулах үйлдвэрийг яг манайхтай ойролцоо хугацаанд барьж эхлүүлсэн. Гэхдээ арай түрүүлж бариад нийт хэрэглээнийхээ 20 хувийг үйлдвэрлэж байсан. Харин одоо жил хагасын хугацаанд энэ үйлдвэрээ шинэчлээд жилд 850 мянган тн нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр болсон мэдээлэл явж байсан.

Ямар ч байсан бидний өмнө алхаж байгаа нь үнэн. Хятадын хөрөнгө оруулалтаар энэ үйлдвэрээ шинэчлэх болсон байна лээ. Санхүүжилтийн хувьд ч маш бага тоо харагдаж байсан. Харин манай улсын хувьд Энэтхэг улсын Засгийн газрын 1 тэрбум 236 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт 2017 оноос хэрэгжүүлж байна. Газрын тосны үйлдвэртэй болно гэж дэврүүн мөрөөдөлтэй, үйлдвэрийнхээ шавыг тавиад олон жил өнгөрчээ. Тухайн үед үйлдвэрийг хоёр гуравхан жилд бариулна гэж зарлаж байв. Дараа нь 2024 онд ашиглалтад оруулна гэж байсан ч ковидын улмаас хойшлогдож, 2026 он болсон.

Тэгвэл одоо хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй болчхоод байна, “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийнхэн асар их хэмжээний санхүүжилт хэрэгтэй, одоогоор өрөнд орчихоод байна гэж УИХ дээр хээвнэг ярьж суусан. Нэмэлт хөрөнгөө энэ оны төсөв дээр суулгахаар ярилцаж байсан. Гэхдээ энэ оны төсөв дээр тийм их хөрөнгө мөнгө тавигдаагүй.

-Төслийн багийн зүгээс санхүүжилт дутсан тухай мэдэгддэг. Санхүүжилт үе үе дутаж төсөл гацаад байгаа шалтгаан нь юу юм бэ?

-Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди анх удаа манайд айлчлахдаа Монгол Улсад нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсноо мэдэгдлээ. Энэ зээлийг манай улс дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалтад зарцуулахаар төлөвлөж улмаар нефть боловсруулах үйлдвэр барихаар болсон. Харин төсөл хэрэгжүүлэх санхүүгийн нарийн тооцооллыг гаргахад 1.236 тэрбум ам.доллар шаардлагатай болсон. Нэмэлт санхүүжилт болох 236 сая ам.долларыг мөн Энэтхэгийн Засгийн газраас хөнгөлөлттэй зээл авах хэлбэрээр 2019 онд шийдвэрлэж байв. 2023 онд УИХ дээр нэмэлтээр 437 сая ам.долларын асуудал яригдсан. Ний нуугүй ярихад, би энэ төслийг гадныхнаар хийлгэх ёстой байж дээ гэж харамсаж байсан. Яагаад гэвэл энэ нөхдүүд дахиад олон зуун сая ам.доллар нэхээд хошуугаа унжуулаад ороод ирэх нь цаг хугацааны асуудал юм байна гэж ойлгосон. Төсөл гацсан гол шалтгаан бол тооцоо судалгаагүй, дэврүүн сэтгэлээр асар их хэмжээний хөрөнгийг энэ төсөл рүү хийснээс үүдэлтэй. Улаанбаатар- Дарханы замын томоохон хувилбар гэж хэлж болно.

-Нөгөө талаар нөөцийн асуудал хөндөгдөж байгаа. Нөөц хангалттай юу манайх?

-Зүүнбаянгийн нефть боловсруулах үйлдвэр 1960-аад оны үед ажиллаж, дотоодын зах зээлийнхээ багагүй хувийг хангаж байгаад 1970-аад оноос зогсчээ. Хаалгаа барьсан шалтгаан нь газрын тосны нөөцтэй холбоотой. Зүүнбаянгийн үйлдвэр “түүхий эдийн нөөцийн асуудалд орсон” тул зогссон байдаг. Монгол Улсын хэмжээнд газрын тосны хэтийн төлөв бүхий хайгуулын 33 талбай байгаагаас өнөөдрийн байдлаар 28 талбайд 31 гэрээлэгч Засгийн газрын баталсан “Бүтээгдэхүүн хуваах” гэрээний дагуу ажиллаж байна. Монгол Улсын Ашигт малтмалын нөөцийн санд нийт 333.789 сая тонн газрын тос бүртгэгдсэнээс ашиглалтын баталгаат нөөц нь 43.4 сая тонн газрын тос байна гэж Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээлэл бий. Гэтэл одоо барьж буй тосны үйлдвэрт 1.5-2 сая тн жилд шаардлагатай. Тэгэхээр нөөцийн хувьд том асуултын тэмдэг байгаа гэж ойлгож болно.

-Энэ төслийг Энэтхэгийн Засгийн газрын зээлээр барьж эхэлсэн. Эргээд маш их өрөнд орж байгаа гэсэн үг биз дээ?

-2017 онд зээлээ авч байхад эхний 7 жил зээлийн үндсэн төлөлтөөс чөлөөлөх заалт байсан. Тэгэхээр энэ оноос үйлдвэрээ бариагүй мөртлөө үндсэн зээлийн төлбөрөө төлж эхэлсэн байх ёстой. Манай улс Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй 1 тэрбум 236 сая ам.доллар, жилийн 1.75 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай зээл авсан. Өнгөрсөн жилийн зургадугаар сард УИХ дээр энэ бүтээн байгуулалт яагаад зогссон талаар асуудал орж ирэхэд нэмэлтээр 437 сая ам.доллар шаардлагатай хэмээн яригдаж байсан. Зөвхөн 2022 онд гэхэд л “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн урсгал зардал, ажилчдын цалин гээд Хөгжлийн банкнаас 166 тэрбум төгрөг авч, хүү нь гэхэд л 64 тэрбум төгрөг болсон тухай ярьж байсан. Өөрөөр хэлбэл, огт хэрэгжээгүй төсөлд асар их хэмжээний мөнгө нэмэлтээр хэрэгтэй байгаа талаар яригдаж байсан. Хийж бүтээсэн нь тун маруухан мөртөө өр үйлдвэрлэж байсан нь эндээс тод харагдана. Гоё сайхан бүтээн байгуулалтын нэр зүүчихээд ийм хариуцлагагүй байж яавч болохгүй.

-Мэдээж Монгол Улс газрын тос боловсруулах үйлдвэртэй болох ёстой. Чухам яагаад ажил хэрэг болж өгөхгүй байна вэ. ТЭЗҮ, зохион байгуулалт, менежмэнтийн дутагдал байна уу, эсвэл ерөөсөө манай улсад аж үйлдвэрлэлийн ийм төслүүд хэрэгжих боломжгүй юм уу?

-Өнөөдрийн байдлаар газрын тос боловсруулах үйлдвэрийн гурван багц ажлаас гурван ажлын гэрээг байгуулсан төдий байгаа. IV багцын ажлыг хийхэд 448 сая ам.доллар хэрэгтэй байгаа нь төслийн нийт зардлыг 1.6 тэрбум ам.доллар болгож өсгөсөн. Хөгжлийн банкны санхүүжилт зогссон. Тус төслийн үйл ажиллагааг хэвийн явуулахаар Засгийн газраас 182 дугаар тогтоол гаргасан ч тогтоолын зарим заалт тодорхой бус, шат дамжлага нэмсэн байдлаас болж, үйлдвэрийн санхүүжилт, татвараас чөлөөлөх, хил гаалиар нэвтрүүлэх асуудлууд хойш саатаж, цаг хугацааны ихээхэн хохирол бий болж, гэрээлэгч байгууллагууд нөхөн төлбөр нэхэж байгаа гээд тоочвол “зуун зовлон, жаран хагархай ажил” бий. Манайд ийм том төсөл хэрэгжүүлэх туршлага байхгүй. Ер нь улстөрчдийн шахаасны хүмүүс ийм төсөл хөдөлгөж чадахгүй гэдэг нь өнгөрсөн найман жилд маш тодорхой харагдлаа. Аливаа төсөлд тооцоо судалгаа чухал байдаг. Бид заавал 1.5-2 сая тонн нефть боловсруулах үйлдвэр биш, 700-800 мянган тонн хүчин чадалтай үйлдвэр барьж ашиглалтад оруулаад тодорхой хугацаанд ажиллуулж үр дүнг нь үзээд цаашид хүчин чадлыг нь нэмэх эсэхээ шийдэх ёстой байсан юм. Нүсэр үйлдвэр барина гэж зүтгээд асар их хэмжээний өрөнд орох юм биш биз гэдэг томоохон эмзэглэл бий болчихоод байгааг эрх баригчид анхаарах ёстой. Төслийн багаа солихоос энэ ажил эхлэх ёстой.

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна DNN.mn

Аргын тооллын наймдугаар сарын 8, Бархасбадь гариг. Билгийн тооллын 4, Харцага одтой, хөх луу өдөр. Өдрийн наран 05:38 цагт мандаж 20:17 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +15…+17 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн зүүн болон өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +6…+11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +15…+20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +20….+25 градус, бусад нутгаар +12…+17 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +17…+22 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +31…+36 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +26…+31 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Үйлдвэрчин ард”-ууд үнэ нэмэхийг шаардах болов” хэмээв DNN.mn

“Өдрийн сонин”-ы пүрэв  гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Эдиин засагч Б.Лакшми “Япон бодлогын хүүгээ нэмж, иениин ханш чангарснаар олон улсад хөрөнгийн зах зээл савлаж байна” гэснийг II нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

  • ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, ахмад У.Дэлгэрхишиг “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогчдын 57 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй байна” гэв
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

ЗГ: Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг УИХ-д
өргөн мэдүүлэхээр тогтов.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Үйлдвэрчин ард”-ууд үнэ нэмэхийг шаардах болов” хэмээв.

  • Энэ удаагийн “Цаг үе” нүүрт Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцийн Иргэний нийгмийн сүлжээг удирдах хорооны дарга, “Ногоон Ази” ОУТББ-ын үүсгэн байгуулагч У ГИ ЧУЛ “Агаарын хэм нь хоёр
    градусаар нэмэгдсэн орон дэлхийд Монголоос өөр байхгүй” хэмээн ярилаа.

МЗЭ-ийн шагналт Д.Хүдэрмөнх “Миний багш чинь алдарт “Хүрэн морь”-ны
Чойжилжавын Лхамсүрэн юм” гэснийг I болон “Өд бэх” нүүрээс уншаарай.

ГАДААД МЭДЭЭ: Японы 100 дахь ерөнхий сайд

АРЫН НҮҮР: Бөөмтэй цай мөн боловч эмээгийнх шиг биш байна…


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

DNN-СУРВАЛЖЛАГА: Үзэсгэлэн худалдаанд сургуулийн дүрэмт хувцас 76.000-234.000 төгрөгийн үнэтэй байна DNN.mn

2024 оны хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа наймдугаар сарын 1-ний өдрөөс 15 байршилд зохион байгуулж буй.  

Үзэсгэлэн худалдаа энэ сарын 31-ныг хүртэл үргэлжлэх юм. Тиймээс хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Улсын их дэлгүүрийн урд байрлах үзэсгэлэнгээс хичээлийн хэрэгслийн үнийн талаар сурвалжлага бэлтгэлээ.


Тус үзэсгэлэн худалдаанд бичиг хэргийн асар их байлаа.  Тэнд дэвтэр 420-2600 төгрөг, бал 600-1500 төгрөг, будгийн харандаа 3500-10.000 төгрөг байв.

Бичиг хэргийн асарт хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдээд зогсож буй ахимаг насны эмэгтэйгээс үзэсгэлэнгийн талаар үзэл бодлыг нь сонслоо.

Иргэн Б.Тунгалаг “Хүүхдийнхээ хэрэгцээт барааг нэг дороос цуглуулах маш амар санагдаж байгаа. Энэ үзэсгэлэн худалдаа эрт гарсан болохоор цагийг нь тулгаж яарч сандарч худалдан авалт хийхгүй сайн үзэж сонирхон хэрэгтэй зүйлсээ авч байна. Мөн хотын түгжрэлд хол явахгүй ойрхон болохоор үнэхээр амар санагдлаа” гэв.

Харин дүрэмт хувцасны асарт  хүүхдийн дүрэмт хувцас 76.000-234.000 төгрөгийн үнэтэй байлаа. Тодруулбал,

  • Бага ангийн эрэгтэй дүрэмт хувцас: 122.000-168.000
  • Бага ангийн эмэгтэй дүрэмт хувцас: 76.000-119.000 ,
  • Дунд ангийн эрэгтэй дүрэмт хувцас: 146.000-202.000
  • Дунд ангийн эмэгтэй дүрэмт хувцас: 143.000-198.000,
  • Ахлах ангийн  эрэгтэй дүрэмт хувцас: 176.000-234.000
  • Ахлах ангийн эмэгтэй дүрэмт хувцас:  158.000-215.000 төгрөгийн хооронд худалдаалж  байна.

Олон төрлийн баатруудын зурагтай цүнх эгнүүлж тавьсан худалдагч Г.Батсуурь “Үзэсгэлэн худалдаа энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс эрт зохиогдож байгаагаараа онцлог. Өмнө нь сарын сүүлээр зохиогддог байсан.  Харин энэ жил сарын эхээр эхэлж байгаа тул худалдагч, худалдан авагчид аль аль талдаа амар байгаа. Манайх цүнхнүүдээ 45.000-145.000 төгрөгийн хооронд худалдаалж байна.  Бидний хувьд сүүлийн гурван жил үнээ нэмэхгүй хэрэглэгчдэдээ үйлчлэхийг хичээж байна” хэмээн ярилаа.

Цүнхний бусад асарт  хүүхдийн цүнх 25.000-145.000 төгрөгөөс дээш үнэтэй, өргөн сонголттой  худалдаалагдаж  байсан юм.

 

Т.УНДРАХБАЯР

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хэрлэн гол үерийн болон аюултай түвшинг даван үерлэж байна DNN.mn

2024 оны наймдугаар сарын 7-ны өдрийн 08 цагийн байдлаар Онон гол Дадал сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 60 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 195 см даван хүчтэй үерлэж байна.

Түүнчлэн Балж, Хурх, Барх гол үерийн аюул түвшингээс 45-65 см даван үерлэсэн хэвээр байна. Онон голоор өнгөрч буй энэхүү үер ойрын жилүүдэд тохиогоогүй томоохон хэмжээний үерт тооцогдох хэмжээнд байна.

Ус судлалын Онон-Биндэр харуулын олон жилийн түүвэр мэдээнээс харахад 1973,1985,1990,1991,1993,1998,2009, 2012,2013 онд томоохон хэмжээний үер ажиглагдаж байжээ.