Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Бусадтай хуваалцах нь сайхан мэдрэмж өгдөг DNN.mn

Гэрийнхэн маань энэ жил баруун аймгуудаар аялаад ирэхдээ авсан зураг, бичлэгээ надад харуулангаа байгалийн сайхныг биширч сүсэглэж явснаа, яаж хөгжилдсөнөө ярьсан юм.

Эндээс би газрын нэр тогтоож, өөрөө очоогүй ч байгалийн тэр үзэсгэлэнг оюундаа тольдов. Нэг ёсондоо төсөөлөлдөө зураглаж тэнд очсон юм. Тэд замдаа өргөн гол гаталж, машин нь элсэнд суужээ. Элсэнд суух нь дүү нарт хачин сонирхолтой байж. Машинаа түрээд элсэнд ойчиж байгаа хүмүүсийг хараад сэтгэлээсээ хөөрөн инээх, голын эрэг дагуу майхнаа босгоод машинуудаа эгнүүлэн тавьж буудаллах, түүдэг гал асаан, хорхогны чулуу халаах гээд бүгд л сэтгэлийг минь баясгаж догдлуулж байлаа. Дүү нар тэр хавиар хөөцөлдөж гүйгээд л… Нэг л тайван, жаргалтай.

Ээж маань усны хоржигнох чимээ сонсон, нар мандахыг тольдож буй мэт голын наана суух аж. Аялалд хамт яваагүй ч явсан мэт сэтгэгдлийг төрүүлэх энэхүү агшин надад ийм сайхан мэдрэмж төрүүлсэн юм. Аялал бидэнд мэдлэг, сайхан мэдрэмж өгдөг юм байна. Тэрхүү сайхныг хүүрнэх гэр бүлийнхнээсээ сайхан зүйлсийг хуваалцах нь бусдыг жаргалтай болгодгийг ойлгосон юм.
Өөрийн олж авсан мэдлэг, туршлага, сайхан мэдрэмжээ бусадтай хуваалцахад мэдлэг, чадвар улам батаждаг гэдэг.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Д.Цогтбаатар: Төсвийн тодотгол бол сонгуулийн үр дүнгээр зайлшгүй хийхээр болсон зүйл DNN.mn

Засгийн газар энэ оны төсөвт тодотгол хийхээр болж, төслийг боловсруулж байгаа. Мөн хамтарсан намуудын гэрээ болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон. Харин УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх долоо хоногт зарлан хуралдуулахаар болсон байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатараас дараахь тодруулгыг авлаа.


-Ээлжит бус чуулган хуралдуулж, улсын төсөвт тодотгол хийхээр болсон. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Улсын төсөвт зайлшгүй тодотгол оруулж, шинэчлэх шаардлагатай болсон. Энэ бол бодит сонгуулийн үр дүнгээр гарч ирж байгаа ажлын шаардлага.

-Түүнээс тодотгох гээд байгаадаа биш гэсэн үг үү?

-Үнэхээр тийм. Улсын төсвийг нэг их тодотгох гээд байгаадаа биш юм. Нэг ёсондоо тэр төсвөөр энэ засаг явах ямар ч боломжгүй болчихсон байхгүй юу. Тийм учраас төсвийн тодотгол хийж өгч, яамдуудынхаа төсөв, зардлыг гаргаж өгөхгүй бол болохгүй. Хоёрдугаарт, тэр төсвийг баталж байх үед өмнөх сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт явж байсан. Одоо болохоор өөр Үндсэн хууль хэрэгжээд эхэлсэн. Огт өөр яамдууд ороод ирсэн, өөр улс төрийн хүчнүүдээс мөрийн хөтөлбөр нь хүртэл өөрчлөгдчихсөн шүү дээ. Тийм болохоор Үндсэн хуульдаа ч нийцэхгүй. Үндсэн хуулийн дагуу мөрийн хөтөлбөрөө ард түмэндээ танилцуулаад, тэдний итгэлийг хүлээгээд ороод ирсэн намууд. Мөн хамтарсан засаг байгуулагдаж байгаа учраас эдгээр намууд мөрийн хөтөлбөрүүдийнхээ нэгтгэж болохыг нь нэгтгээд дундаасаа нэг мөрийн хөтөлбөр оруулж ирж байна. Үүнийг нь хэрэгжүүлэх гэхээр өмнөх нэг намын мөрийн хөтөлбөрт зориулж баталсан төсөв чинь болохгүй. Тэгэхээр энэ төсвийн тодотгол гэдэг чинь сонгуулийн үр дүнгээр зайлшгүй хийхээс өөр аргагүй болсон зүйл. Мэдээж үүн дээрээ нэмээд макро эдийн засгийн гол үзүүлэлтүүд ямар байна, ажлын байр хэр нэмэгдсэн, худалдааны тэнцэл хэр байна, гадны хөрөнгө оруулалт ямар болсон гээд энэ бүхнээ тооцсон өөрчлөлтүүдийг Сангийн яам санал болгох байлгүй дээ.

-Хамтарсан Засгийн газрын бүтцийг нэлээд өргөн боллоо гэсэн шүүмжлэлийг хэлэх хүмүүс байна. Та юу гэж харж байна вэ?

-Миний хувьд Үндсэн хуулийн нэмэлтийн таг эсрэг байсан хүн шүү дээ. Ийм том Их хуралтай болохоор дагаад засаг чинь томорно гэдгийг хэлж байсан.

Гэтэл үгүй улам цомхон болно л гээд байсан. Би УИХ-ын чуулган дээр 40 гаруй сая хүн амтай Аргентин улс 21 сайдтай байснаа багасгаж есөн сайдтай болгосон. Гэтэл манайх гурван сая хүнтэй хэрнээ 22 сайдтай байхаар боллоо. Ер нь бол төрийн өмчит аж ахуйн нэгж нэгийг ч шинээр байгуулахгүй. Хувийн салбараа дэмжье гэсэн байр суурийг би хамгийн их илэрхийлж байлаа. Нэг ёсондоо суурь том өөрчлөлтүүдийг л хэлж байсан.

-Засгийн газрыг ийм том болгохгүйгээр танай нам дангаараа засаглаад явах боломж байсан уу?

-Би бас энэ талаар хэлж л байсан. Засаг чинь ийм сонгуулийн үед тогтвор их муутай болно гэж хэлээд байсан бодит үнэн чинь одоо гарч ирж байна. Ялсан ч гэсэн хамтрахгүй л бол засгийн чинь тогтох хугацаа богиносчихож байгаа юм. Тэгэхээр тогтвортой байлгах ганц боломж нь л хамтрах шүү дээ. Энэ бол сонголтгүй. Үндсэн хуулийг өөрчилж байхад л энэ чинь тодорхой байсан.

-Энэ удаагийн ээлжит бус чуулганаар өөр ямар асуудал хэлэлцэгдэх вэ?

-Надад одоогоор шууд мэдэгдэж байгаа зүйл алга. Нэгдүгээрт, төсвийн тодотгол. Энэ засаг, төрийг чинь ажиллах боломжоор нь хангаж өгөх ёстой. Хоёрдугаарт, хамтарсан засаг байгуулах гэрээгээ байгуулаад дундаасаа намуудын хамтарсан хөтөлбөрөө гаргаад явах байх.

-Таны хувьд өмнөх парламентын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Одоо мөн улирч ажиллаж байгаа. Тэгэхээр энэ намрын чуулганаар танай Байнгын хорооноос хэлэлцүүлэхээр бэлдэж байгаа гол хуулиуд юу вэ?

-Хууль зүй, дотоод хэргийн сайд нь шинээр томилогдсон. Тэр хүн маань шинэ засгийн зүгээс хууль зүйн салбартаа ямар бодлого барих вэ гэдгээ тодорхойлно. Ямар, ямар хууль дээр илүү ач холбогдол өгөх вэ гээд асуудал байна. Тэгэхээр надад хүний эрхийн чиглэлээр, хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг илүү нээлттэй болгох асуудал зэргээр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бодсон санасан зүйлүүд маш тодорхой байгаа. Ялангуяа сая 461 дүгээр хорих ангид гарсан харамсалтай хэрэгтэй холбогдуулаад нэлээд хэдэн хуульд өөрчлөлт оруулах санал байгаа. Энэ дагуу Байнгын хорооныхоо түвшинд ажлууд эхлүүлж, зарим хуульчидтай ярьж, санал боловсруулаад эхэлчихсэн.

-Хорих ангид гарсан харамсалтай хэрэгтэй холбогдуулан ХЗДХ-ийн сайд холбогдох албаны хүмүүсийг дуудаж уулзсан. Гэтэл нэр бүхий хүмүүс тэр уулзалтад ирээгүй. Үүнээс болж шинэ сайдыг үл тоож байна гэсэн яриа гарсан. Үүн дээр юу хэлэх вэ?

-Би бол тэгээгүй байх гэж бодож байна. Төрийн тусгай албадыг улстөржүүлж, аливаа асуудлыг нь дүгнээд хэрэггүй. Яагаад гэвэл тэд чинь төрд тангараг өргөсөн.

Удирдах, удирдуулах ёс бол хатуу зарчим нь болсон хүмүүс байгаа. Тийм болохоор аль намаас сайд ирэх тэр хүмүүст ямар ч хамаагүй. Ялангуяа хууль хэрэгжүүлэх байгууллагуудад ийм байдаг. Учир нь тэр хүн чинь өөр хууль авч ирээд хэрэгжүүлэх гээгүй. Монгол Улсын хуулийг, УИХ-аар батлагдсан хуулийг л хэрэгжүүлнэ. Тиймээс яг хэрэгжүүлэх түвшинд нь аль намын сайд байх ямар ч хамаагүй зүйл. Үндсэн хуульд тэр нам, энэ нам гэж байхгүй. Түүнчлэн улстөржсөн зүйл байхгүй болов уу гэж бодож байгаа. Гэнэтийн цаг тулгамдсан. Дээрээс нь зун цаг байна. Ажил, амралт давхацсан л зүйл байгаа байх. Яарч дүгнэлт хийх хэрэггүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна DNN.mn

Аргын тооллын наймдугаар сарын 10, Санчир гариг. Билгийн тооллын 6, Тэргүүн дагуул одтой, улаан морь өдөр. Өдрийн наран 5:41 цагт мандаж 20:14 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 градус дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +14…+16 градус, өдөртөө +18…+20 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр +4…+9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндий, Дорнод-Дарьгангийн тал нутгаар +14…+19 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +20…+25 градус, бусад нутгаар +9…+14 градус, өдөртөө Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +15…+20 градус, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангийн тал нутгаар +23…+28 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +29…+34 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +18…+20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө +16…+18 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Гепатитын вирусийн халдвараас урьдчилан сэргийлж эрт илрүүлэг, шинжилгээндээ хамрагдаарай DNN.mn

Иргэд олон нийт та бүхэн гепатитын вирусийн халдвараас урьдчилан сэргийлж эрт илрүүлэг, шинжилгээндээ хамрагдаарай

Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨМЖ: Аялал, зугаалгаар явахдаа дараах зүйлийг анхаараарай DNN.mn

Аялал, зугаалгаар явахдаа дараах зүйлийг анхаараарай:

  • Аянга нь өндөрлөгт байгаа зүйл дээр унах нь элбэг, өндөр зүйл дээр буусан аянга дотогш дамжих аюултай,
  • Ил задгай саванд шатамхай бодис хадгалахгүй байх,
  • Өндөр уулын оройд, тэгш тал газрын голд болон нүцгэн хадан дээр байрлахгүй байх,
  • Радио, телевиз, гар утас зэргийг унтраах,
  • Саваа модон хэлбэртэй биетийг толгой дээрээ барихгүй байх,
  • Машин дээр аянга буусан ч дотор нь дамжиж орохгүй. Тиймээс цонхоо заавал хааж, дээвэр цонхноос зайдуу суух,
  • Аянга нижигнэх дуу гармагц мориноосоо бууж доош суух,
  • Модноос 4 метрээс дээш зайнд холдож доош суух,
  • Цахилгаан шон дээр аянга их буудаг учир шонгоос хол байх,
  • Гэрийн янданг яаралтай авч, өрхөө бүтээх, телевизийн антенныг брезинт буюу даавуугаар бүтээх,
  • Аянга цахилгаантай үед нейлон, пролонон хувцастай байх нь цахилгаан цэнэгийн газардуулгагүй болж цэнэг хуримтлах осолтойг анхааруулж байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шахмал түлшийг есдүгээр сарын 15-наас худалдаална DNN.mn

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд “Тавантолгой түлш” компани 100 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлэхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 50 хувьтай байна.

Өнгөрсөн жил нийслэлийн хэмжээнд 650 шахмал түлш борлуулах цэг ажилласан.  Энэ жилийн хувьд наймдугаар сарын 15-наас цахимаар шахмал түлш худалдан борлуулах хүсэлтэй иргэдийг бүртгэж, есдүгээр сарын 15-наас шахмал түлшийг худалдаж эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Монгол-Оросын хамтарсан 162 дугаар сургуулийн багш, ажилчдын орон сууцны барилгын ажлыг 2025 оноос эхлүүлнэ DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Монгол-Оросын хамтарсан 162 дугаар сургуулийн баруун талд багш, ажилчдын орон сууц, орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай цэцэрлэг, усан бассейн барихаар төлөвлөж буй. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныхантай хамт тус байршилд ажиллалаа.

Тэрбээр “Багш, ажилчид сургуультайгаа ойр байранд байснаар түгжрэлээс ангид байж цагийн менежмент, ажил төлөвлөлт нь илүү сайжрах учиртай. Уг байршилд 11 айлтай зөвшилцөлд хүрч чадвал ирэх оноос газар чөлөөлөлтийг эхлүүлнэ. Ингэснээр тухайн дүүргийн 2, 3, 4, 26, 34, 35, 36 дугаар хороо, Толгойт орчмын хүүхдүүд хоёр настайгаасаа эхлэн ерөнхий боловсролын сургуулиа төгстлөө гүнзгийрүүлсэн сургалттай хөтөлбөрт хамрагдах боломж бүрдэж байгаа юм” гэв.

Тэрчлэн тус дүүргийн 24, 25, 40, 41 дүгээр хороо, Баянхошуу орчмын сургуулиудад кембрижийн хөтөлбөр хэдийн хэрэгжиж эхэлсэн. Мөн 1, 20, 33 дугаар хороо орчимд хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургууль байгуулахаар БНХАУ-ын  талтай зөвшилцөөд буй. Ийнхүү Сонгинохайрхан дүүргийн бүс болгон гүнзгийрүүлсэн сургалттай, чанартай боловсролыг олгох боломжтой болно гэдгийг мөн тодотгож байлаа.

Categories
мэдээ нийгэм

Хэнтий аймгийн Бэрх хотыг 3Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор шагнажээ DNN.mn

Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хэнтий аймгийн Бэрх хот үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, Бэрх хотыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

Монгол Улсын нийгэм, эдийн засаг, уул уурхайн салбар, аймаг, орон нутгийн хөгжил, ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Бэрх хотыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

Ерөнхийлөгч мөн эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

 ГАВЬЯАТ УУРХАЙЧИН ЦОЛООР:
  • Бэрхийн уулын үйлдвэрийн хөлийн холбоо хэсгийн өрөмдөгч, ахмад уурхайчин Цэрэндүгийн Болдбаатар,
  • Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төвийн захирал Нямцэрэнгийн Батболд,
ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:
  • Бэрхийн уулын үйлдвэрийн ахмад уурхайчин, эдийн засагч Наваанцэндийн Баттулга,
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • Хэнтий аймгийн Бэрх хотын захирагч асан Цэрэндоржийн Лхагвасүрэн,
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
  • Бэрхийн уурхайн Дэлгэрхааны хэсгийн цахилгаанчин Лхамсүрэнгийн Очирхуяг,
  • Бэрхийн уурхайн Дэлгэрхааны хэсгийн өргөх машины машинист, ахмад ажилтан Далхжавын Шангарав,
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын мэргэжилтэн Төмөрбаатарын Отгонтөгс,
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
  • Хэнтий аймгийн Бэрхийн уурхайн ахмад ажилтан Дамдины Чанцалжүгдэр,
  • Хэнтий аймгийн Бэрх хотын захирагч асан Чадраабалын Чинбат,
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
  • Хэнтий аймгийн Бэрх хотын Нэгдсэн эмнэлгийн сувилагч Жадамбаагийн Аюуш,
  • “Бэрх-Уул” ХК-ийн харуулын албаны дарга Намжилваанчигийн Батбилэг нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх улс орныхоо хөгжил дэвшилд онцгой хувь нэмэр оруулсан Бэрх хотын иргэд, үе үеийн удирдлага, ажилтан, албан хаагчид, уурхайчдад  Монголын төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. Цаашид Бэрх хотын иргэд олсон ололтоо бататгаж, улам их амжилт гаргахыг хүсэн ерөөв.

Мөн төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Categories
мэдээ нийгэм

Ахмадын Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн Монголд болно DNN.mn

Монголын Шатрын Холбоо нь 1955 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 69 жилийн баялаг түүхэндээ анх удаа ахмад шатарчдадаа чиглэсэн олон улсын чанартай тэр дундаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохиож байна. Тэмцээн нь наймдугаар сарын 9-19 хооронд Тэрэлжийн World Terelj Resort зочид буудалд зохион байгуулагдана.

Тэмцээнд Монгол, ОХУ, Энэтхэг, Кувейт, Малайз, Филиппин, Шинэ Зеланд, Казакстан, Япон зэрэг есөн орны 80 орчим шатарчид оролцохоор мэдүүлээд байна. Оролцогчдоос дурьдвал Монгол улсын 8 удаагийн аварга, анхны Их мастер, МУГТ Б.Хатанбаатар, Ахмадын Дэлхийн аварга, Их мастер, ОХУ-ын тамирчин Галина Струтинская, Ахмадын Азийн аварга, Олон Улсын Мастер, Филиппин улсын тамирчин Хосе Эфрен Багамасбад, тэмцээнд оролцогчдын чансааг тэргүүлэгч Казакстан улсын шатарчин, Олон улсын Мастер Найсибуллын владислав зэрэг тэргүүтэй таван тивийн төлөөлөл болсон шатарчид оролцож байна.

Энэ удаагийн тэмцээн нь Ази тивийн түүхэндээ анх удаа 50-с дээш болон 65-с дээш гэсэн хоёр насны ангиллаар зохиогдож байгаа бөгөөд шагналын сан 9200$-р бүрдэж байна.

Манай тэмцээнийг зохион байгуулахад Биеийн Тамир, Спортын улсын Хороо болон World Terelj Resort зочид буудал хамтран зохион байгуулагчаар мөн ивээн тэтгэгчээр Гэрэгэ системс ХХК, Таванбогд моторс ХХК зэрэг байгууллагууд ажиллаж байна.

Тэмцээний ерөнхий зохион байгуулалтын комиссын даргаар Монголын Шатрын Холбооны Фиде төлөөлөгч, ОУ-ын шатрын их мастер, Дэлхийн Шатрын Холбооны Глобал Бодлогын Зөвлөлийн гишүүн А.Энхтуул багаа удирдан ажиллаж байна.

Тэмцээний нээлтийн ёслолд тамирчдаас гадна УИХ-ын гишүүд, оролцогч тамирчдын орны элчин сайдууд, шатрын спортын хүндэт зүтгэлтнүүд оролцоно. Тус тэмцээний зохион байгуулагч Монголын Шатрын Холбоонд амжилт хүсэж, Азийн Шатрын Холбооны Ерөнхийлөгч эрхэм дээдэс Шейх Султан бин Халифа Аль Нэхян баярын мэндчилгээ ирүүлсэн байна.