-ШУДАРГА ШИЙДВЭР ГАРСАН БОЛ ЗУУРАЛДАХ ШААРДЛАГА НАДАД АЛГА-
Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн хурлын дарга, Засаг даргын хэрүүл удаан үргэлжилж улс төржсөн билээ. Удирдах зөвлөл үүнийг өчигдөр хуралдан нэг тийш болгох шийдвэр гаргаж, маргалдагч гол баатруудыг албан тушаалаас нь огцруулахаар шийдвэрлэсэн. Мөн Сонгинохайрхан дүүргийн МАХН–ын дэд дарга Г.Бямбасүрэнг намаас хөөх шийдвэрийг ч энэ өдрийн хурлаасаа гаргасан юм. Намаас хөөгдсөн Г.Бямбасүрэнтэй утсаар холбогдоход гэрээсээ гарч чадахгүй зодуулчихаад сууж байна гэлээ. Ингээд үйл явдал юу болсон хийгээд намаас хөөгдөх шийд гарсан өдөр хэнд зодуулсан нь анхаарал татаж, түүнтэй уулзахыг хүслээ. “Үнэнийг сонирхож байгаа бол гэрт ирээд уулз. Толгой тархи өвдөөд гэрээсээ гарч чадахгүй нь” гэснээр түүнтэй гэрт нь очиж ярилцсан юм. Хацар нь зулгарч, нүд нь хавдсан тэрээр гэртээ хүлээж суулаа. Ингээд түүнтэй болсон явдлын талаар ярьснаа хүргэе.
–Удирдах зөвлөлийн хурлаас таныг намаас чинь хасахаар болжээ. Ямар үндэслэлээр хасагдсан гэж бодож байна?
-Дүрэмд байдаг намаас хасах тухай заалтад намаас нэр дэвшсэн хүнтэй зэрэгцэж нэр дэвших, намын эсрэг сурталчилгаанд оролцсон бол хассанд тооцно гэсэн байдаг юм. Би нэр дэвшигчтэй зэрэгцэж нэр дэвшээгүй. Намын эсрэг сурталчилгаанд оролцсон юм байхгүй. Ийм учраас Удирдах зөвлөлийн энэ шийдвэр нь ямар ч үндэслэлгүй юм. Мөн Удирдах зөвлөл намаас хөөхийг мэддэг юм биш. Дүрмээрээ намын анхан шатны байгууллага шийддэг асуудал. Нам дотор болохгүй байгаа юмыг шударга үнэнээр хэлж шүүмжилж ярьсны төлөө дүрмээ зөрчиж ингэж шийдвэр гаргаж байгаа бол намаас хасагдах хүн нь би биш, харин Удирдах зөвлөлийн нөхдүүд өөрсдөө дүрэм зөрчсөнөөрөө намаас гарах хэрэгтэй. Ер нь өнөөдөр намд болж байгаа хууль бус, шударга бус, хэсэг бүлэг хүний эрх ашгийг хамгаалсан ийм үйл явдал нь Монголын ард түмний эрх ашиг, өдөр тутмын амьдралд нөлөөлж байгаа нь олон баримтаар харагдаж байгаа шүү дээ. Ялангуяа нийслэлд дандаа л манай намын нөхдүүд удирдах ажил хашаад сууж байгаа. Гэтэл нийслэлчүүдийн ажил амьдрал ямар байгаа билээ. Энэ бол манай намын хэсэг бүлэг нөхдүүдийн хийж байгаа бодлого, үйл ажиллагаатай шууд холбоотой. Явж, явж үнэн үг хэлсэн хүн Хувьсгалт намд байх газаргүй л болсон юм байна л даа. Манай намын дотоод зохион байгуулалт, нам дотор болж байгаа бодит зүйлийг үнэнээр нь ярьсан хүнд ингэж ханддаг юм байна. Ийм байдал газар авах шинжтэй. Боловсон хүчний бодлого гэж манай намд алга. Нэг хүний эрх ашгийн төлөө ийм юм хийж байна ш дээ.
–Нэг хүн гэж хэнийг хэлээд байгаа юм?
-Нэг дүүргийн Засаг даргын суудлын асуудлыг манай намын Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл хоёр хамтарч хуралдаад л хэлэлцэж, шүүмжилсэн хүнийг намаас хасна гээд сууж байгаа нь үнэхээр намын дүрэмд ч, хуульд ч нийцэхгүй. Намын удирдлагын иймэрхүү үйл ажиллагаанд дүгнэлт хийх цаг аль хэдийнэ болж гэдэг нь харагдаж байна.
–Дүрмээрээ намын анхан шатны хурлаар таны асуудлыг оруулах болов уу?
-Анхан шатны хурал болох байх. Би анхан шатны үүрийн хурлаар хэлэлцүүлнэ гэж бодож байна. Үүр намайг намаас хасах шийд гаргавал өөр хэрэг. Гэтэл үүрийн хийх ёстой дүрмээр заагдсан үүргийг Удирдах зөвлөл шүүрч аваад намаас гишүүнээ хасаад сууж байгаа бол дэндүү болчимгүй хэрэг.
–Үйл явдлын гол баатар нь Ч.Сайханбаяр, С.Баярт хоёр гэж ойлгож байна. Гэтэл тэр хоёрыг албан тушаалаа өг гэчихээд таныг яахаараа намаас хөөх болчихдог байна. Тэр л хамгийн сонирхолтой санагдаад байгаа юм.
-Тэнд байгаа Иргэдийн хурлын дарга, Засаг даргын хэрүүлийг надтай хутгаж намайг энэ явдлыг зохион байгуулсан мэтээр намаас хөөх нь үнэхээр ёс зүйгүй асуудал. Миний хувьд энэ байдлаа засч залруулаач гэж бүтэн жилийн өмнөөс л ярьсан. Тэрийг анхаарч арга хэмжээ авч шийдэхгүй байсан мөртлөө шударга шүүмж хэлсний төлөө намайг хаслаа гэж харж байна. Манай Удирдах зөвлөл огцрох ч багадаж байна.
–Намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх энэ саналыг оруулсан гэж сонссон. Өмнө нь намын байрны үүдэнд таныг ерөнхий нарийн бичгийн дарга чинь шанаадсан гэж баахан дуулиан болж шүүхдэлцээд авсан. Тэр гомдол, өширхөл нь иймэрхүү байдлаар илэрхийлэгдэж байдаг юм болов уу?
-Ер нь тэгж л ойлгогдохоор байна л даа. Хийж байгаа үйлдэл, хэлж байгаа юм нь өшөө авах гэсэн оролдлого шиг харагдаж байна.
Цаанаа үнэн үг хэлчихлээ, бидний болохгүй юмыг шүүмжилчихлээ, ил гаргалаа гэж өөрсдийнхөө булхайг нуух гэсэн арга л юм шиг. Удахгүй намын Бага хурал болох байх. Дараа нь Их хурал зарлана. Нам дотор болж буй муу муухайг засч залруулахын төлөө гишүүд бас дуугардаг болоод байгаа. Намын энэ бузар булхайн талаар тэсвэр алдан ярьдаг хүн ч бас олон болжээ. Өмнө нь нийслэлийн намын хорооны хурал дээр нэг ч хүн үг хэлдэггүй, шүүмжлэл хэлэхгүй л өнгөрдөг байсан. Сая хамгийн сүүлийн хурлаар долоо, найман хүн үг хэлсэн. Дандаа болохгүй, бүтэхгүй байгааг нь шүүмжилж дуугарсан. Шүүмжлэлийг хүлээж авч, дүгнэлт хийхийн оронд харин үнэнийг хэлсэн хүнийг гоочлоод суудаг нь намын үйл ажиллагаа ямар алдаатай ямар их завхарч байгааг л харуулсан хэрэг.
–Та бас намын шинэчлэл ярьдаг жигүүрийн гишүүн. Жигүүр намын удирдлагууд болон үйл ажиллагаанд шүүмжлэлттэй ханддаг. Таныг шүүмжлэл хэлсний төлөө намаас хөөх болсон нь ч жигүүртээ нам нь хэрхэн ханддагийн бас нэг илрэл болов уу гэж харагдаж байна. Ийм маягаар шүүмжлээд байвал намаас хөөчихнө гэсэн сануулга ч юм билүү гэсэн хар төрлөө. Та үүнийг юу гэж бодож байна?
-Манай нам болохгүй байгааг нь шүүмжилсэн хүнээ ингэж л дарамталдаг байхгүй юу. Тэгээд бүр дүрэмд байхгүй зүйлээр удирдлагууд нь сайн дураараа дарамталж байна. Өнөөдөр хүний эрхийг, хуулийг яаж зөрчиж хэрхэн гууль болгож байна. Цөөхөн хэдэн хүний албан тушаалтнууд л үүнийг хийгээд байгаа.
–Өчигдрийн Удирдах зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрээс хойш та намын гишүүн хэвээрээ байна уу, эсвэл үгүй юу?
-Дүрэмд тодорхой байгаа. Батлахаа өгөөгүй тохиолдолд намаас гарсанд тооцогдохгүй гэж.
–Нэгэнт хөөгөөд байхад та намдаа байх гэж зууралдах хэрэг байна уу?
-Би учрыг нь олно. Шударга шийдвэр гарч байгаа бол зууралдах шаардлага байхгүй. Намд байх гавьяагүй, алдаа гаргачихсан байвал үнэхээр надад энэ намд байх гээд зууралдах шаардлага алга. Гэхдээ шударга үнэн гэж байдаг бол тэр нь ялтал би энэ намын үйл ажиллагаанд оролцох болно.
–Анхан шатны хурлаар намаас хасах шийдвэр гаргасан ч МАХН–ын болж бүтэхгүй байгаагийн төлөө тэмцсээр л байх нь гэж ойлгож болох уу?
-Бололгүй яахав. Тэртэй тэргүй намын гишүүн ч бай, биш ч бай нэгэнт л нийгэмд ажиллаж амьдарч явахаас хойш шударга ёсны төлөө чадахаасаа чадахгүйгээ хүртэл тэмцэнэ. Сая манай дүүргийн намын зарим нөхөд цуглаад ярьсан байна. Яахаараа Удирдах зөвлөл анхан шатны байгууллагын өмнөөс ийм шийдвэр гаргадаг юм гээд ярьсан байна лээ. Би нөхөдтэйгээ зөвлөж байгаа нэг хэвлэлийн Бага хурал ч хийлгэдэг юм уу гэж бодоод байна.
–Намын гишүүн болоод хэдэн жил болж байна?
-1978 оны гишүүн. Олон жил намын ажил хийсэн. Үнэхээр нэг ялзарсан, заваарсан юмтай зууралдаж чадахгүй тэвчиж чаддаггүй учраас шүүмжилдэг нь үнэн.
–Удирдах зөвлөлийн хурал болох үед таныг ингээд зодчихоо юу. Хурлаас хойш ийм юм болов уу. Ямар хүн таны нүүрний арьсыг зулгартал, нүдийг чинь хөхөртөл зодчихов оо. Үйл явдал ингэж таарсан нь бас хачин санагдаад байна?
-Өчигдөр би ойрхон хөдөө явчихаад гэрийнхээ гадаа машинаасаа буугаад гэртээ орох гэж байхад хоёр залуу айл асуусан. Мэдэхгүй гээд эргэх гэтэл намайг цохиод унагаачихсан.
–Та өөрөө ийм юманд өртөөд байдаг хүн үү. Байсхийгээд л зодуулж байх юм. Байн, байн ийм байдалд ороод байхаар чинь худлаа хэлээд байна уу гэж бодохоор. Та өмнө нь намынхаа ерөнхий нарийн бичгийн даргадаа шанаадуулсан гээд байсан. Гэтэл нөгөө хүн тэгээгүй гээд шүүхдээд, сүүлдээ та хүн гүтгэсэн болж хувирсан санагдана?
-Үнэн үг хэлээд байвал энэ байтугай л юм болох юм шиг байна. Одоо энэ гуравдугаар сарын арван нэгэнд том жагсаал цуглаан болох гэж байна. Өнөөдөр улс төрийн хамгийн ууган нам дадлага туршлагатай, энэ намаас ард түмэн их юм хүсч хүлээж байхад манайхны удирдаж байгаа энэ нөхдийн хийж байгаа үйлдэл нь олон түмний нүдэнд бузар булай нь ил тод харагдаж байгаа нь тодорхой. Тэрийг нь гишүүний хувьд хэлэхгүй гээд яах юм. Ингэлээ гээд тэр албан тушаалаараа айлган сүрдүүлж, нухчин дарж, өөрсдөө үүрд энэ албан тушаалын суудал дээрээ сууж байх гэсэн арчаагүй арга барилаараа хариу барьдаг юм байна. Үүнийгээ засах чадвар алга.
–Удирдах зөвлөлийн гишүүд тэгээд бүгд дүрмээ мэдэхгүй байна гэж баймгүй. Намын дүрмээр Удирдах зөвлөл гишүүнээ хасдаггүй гээд хэлчих хүн байгаагүй гэж үү?
-Би Удирдах зөвлөлийн хурал дээр юу яригдсаныг сонссон. Д.Дэмбэрэл дарга гэхэд л “Энэ чинь анхан шатны байгууллага шийддэг. Бид хөөж болохгүй” гэсэн байна лээ. Нэлээд хэдэн хүн шударга үнэн үг хэлсэн гэж сонссон. Тэгэхэд нь “Ерөөсөө л ингэж шийднэ” гэж М.Энхболд, У.Хүрэлсүх хоёр зүтгэсэн байна лээ. Л.Дондог гэж Хяналтын хорооны дарга нэртэй ямар ч чадвар байхгүй, дарга нарын дуугарснаар утсан хүүхэлдэй болж, дамжуулах үүрэг гүйцэтгэдэг хүн байна. Их идэвхтэй дэмжсэн гэнэ лээ.
–Намаа шүүмжилж болохгүй гэсэн дүрэм арай байдаг юм биш биз дээ. Уг нь шүүмжлэл өрнүүлж санал бодлоо хэлэх нь ардчиллын нэг хэлбэр гэж бодож байна. Цаашид шүүмжлэл өрнүүлсэн үг хэлсэн хүн энэ мэтээр намаас хөөгдөнө гэсэн айдастай болчих биш үү?
-Яг тийм замаар л яваад байх шиг байна.
–Сонгинохайрхан дүүргийн ИТХ–ын нарийн бичгийн дарга Лхагвасүрэн гэдэг хүн манай сонинд төлбөртэй ярилцлага хүнээр өгч явуулсан байсан. Гэтэл өчигдөр ийм М.Энхболд даргыг шүүмжилж ярилцлага өгөөгүй. Миний өмнөөс ярилцлага зохиогоод тавьсан. Шүүхэд өгнө гэсэн байна лээ. Тэр хүн ч гэсэн Удирдах зөвлөлийн энэ шийдвэрээс болоод арай өөрийнхөө ярьсныг үгүйсгээд эхэлсэн юм биш биз дээ. Эсвэл намын удирдлагууд чинь дарамтлаад ийм байдалд хүргэв үү. Ер нь Ө.Лхагвасүрэн гуай намдаа шүүмжлэлттэй хандаж үг хэлдэг байсан уу?
-Дарамтлуулсан л байхгүй юу. Шүүмжилбэл намаас хөөдөг юм байна гэж тэр хүн бодсон байж болно. Эцсийн эцэст сонин буруутан болох нь байна шүү дээ. Ийм л аргаар манайхан ажиллаад байна. Хурал цуглаан дээр энэ нам болохгүй байна гэж шүүмжилж үг хэлж л байсан хүн. Янз янзын дарамт ирээд л арга буюу ингэж байгаа биз.
Бидний ярианд Г.Бямбасүрэн гуайн эхнэр Б.Бадамханд оролцов. МАХН-ын гишүүн тэрээр ” Би ч гэсэн шударга юмны төлөө үг хэлээд явж байгаа миний ханьд нам ингэж хандаж байгаад гайхаж байна. Нам гэдэг чинь У.Хүрэлсүх, М.Энхболд, Л.Дондог биш. Тийм учраас шүүмжлэл хэлдэг хүмүүс намтай тэмцэж байгаа хэрэг биш. Намыг удирдаж байгаа тэр хүмүүсийн арга барил нь болохгүй байна. Энэ хүмүүс намыг удирдаж чадахгүй байна. Хайран сайхан намыг энэ хүмүүс үгүй хийх нь гэж шүүмжлээд байгаа юм. Манай намаас төрийн албанд дандаа болохгүй хүмүүс тавигдаад байна. Ганц нэгхэн өөрийн бүлгийн хүнээ хамгаалахын тулд хэдэн хүний амь амьдралаар тоглодог байж болох уу. Ийм аймшигтай юм манай намд явагдаад байна. Ард түмний сэтгэл зүй ч үүний эсрэг бэлтгэгдчихсэн байгаа. МАХН-ын удирдлагууд үнэнийг харахыг хүсэхгүй явж байгаад шалдаа унах цаг нь болчихсон. Жирийн гишүүдээ айлгаж, амыг нь бариад сурчихсан. Хурал цуглаан болохоор эхлээд шүүмжилж байгаад сүүлдээ магтаад дуусчихдаг. Би ч тэсэхгүй хэлдэг. Шүүмжлээд байгаа юм уу, магтаад байгаа юм уу гэж. Энэ хүн чинь энэ намын төлөө үхэн хатан гучин хэдэн жил яваад юу хожив. Ажил амьдралаараа хохироод л дуусч байна. Болохгүйг нь засах гэж үг хэлээд, хэлснийхээ төлөө өнөөдөр ийм байдалд хүрлээ. Нэг идэж уудаг даргаа солилоо гэж жүжиглээд дараа нь дахиад л яг тийм хүн тавьчихдаг. Бүхэл бүтэн үеэр нь луйварчдыг бэлтгэж тавиад байгааг юу гэхэв. Яг тэр урвагч, шарвагч хүнийг олоод энэ олон гишүүдээсээ сонгоод байдаг нь бүр хачин. Ийм улсуудаас болоод энэ нам байхгүй болж ч магадгүй. Энэ намыг өдий болтол авч ирсэн тэр олон сайхан хүмүүс, энэ олон дэмжигч, гишүүдийн хөдөлмөр энэ янзаараа байхгүй болно шүү дээ. Сонгууль болохоор манай намын нөгөө хэдэн иддэг уудаг луйварчдыг магтаад, мэдээлэл байхгүй ард түмэн тэр цаад муу муухайг нь мэдэхгүй сонгочихоод байна. Тэр О.Магнай, Ж.Батзандан нарын яриад байгаа нь зөв шүү дээ. Тэд нар тэсч чадахгүй жагсах гэж байна. Хөдөө гадаагүй манай намыг эсэргүүцэж байгаа нь болохгүй болоод л тэр” хэмээн нөхрийг нь гэнэт намаас хасах шийдвэр удирдлагууд нь гаргасан хийгээд намынхаа нэр хүнд одоогийн дарга нараас нь болоод болж өгөхгүй байгаад эмзэглэж явдгаа намын жирийн гишүүний хувьд хэлсэн юм. Мөн нөхрийг нь ингэж зодсоныг ч зүгээр нэг тохиолдол биш намынх нь арга барилын илэрхийлэл гэж үзсэнээ нуусангүй.