Categories
редакцийн-нийтлэл

Энхбаярыг НАМНАХ нийгэм дэх их ав

Хэдэн жилийн өмнө юмсан. Редакцийн их ажлын
заваар “Өд­рийн сонин”-ы Ерөнхий эрхлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн  Ж.Мяг­марсүрэнгийн өрөөгөөр орж цай уун дэмий
юм ярин сууж байтал хаалга тас саван Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч З.Түмэн­жаргал
орж ирэв. Тэрбээр манай Угтаалын унаган хүүхэд бөгөөд бид багадаа нэг дор өссөн
улс билээ. Түмээ гавьяат энэ удаа нэлээд бухим­дуу ууртай явж байв.  Энэ нь манай сонинд нийтэл­сэн нэг материа­лаас
үүдсэн байжээ. Бид түүнийг “Түмээ ах” гэж авгай­лах. Түмээ ах уурла­хаараа  тас ширвэн шилбэлздэг, бас яагаад ч юм манай сонины  Ерөнхий эрхлэг­чид гомор­хон айл­гадаг зантай
билээ. Харин сайхан зантай үедээ марзан мар­зан хууч ярин элэг хөшөөчихөө алдана.
“Хэн гуай намайг бага байхад тэгж хэлдэг байсан юм. Тэр үед нь би шоолоод л байдагсан.
Одоо бодож байхад тэгж хэлсэн үг байж” гэж ирээд л алхам тутамдаа нээлт хийн монгол  үгийг тал талаас нь тайлан өдөр бүр оролдож  байдаг зантай. 

Энэ удаа тэрбээр ууртай шил­бэлз­сээр орж
ирлээ хэмээн дээр дурд­сан. “Чи ганц удаа ч болтугай  манай даргыг муу хэлэлгүй өнгөрч чадсангүй юу.
Хаа хамаагүй бо­лоод өнгөрсөн “Болор цом”-ын тэмцээн Энхбаяр даргад ямар хамаа байна
аа” хэмээн  Ерөнхий эрхлэгчид хандан мэн­дийн
хариу­гүй үглэж эхэлсэн юм.  Энэ цаг дор манай
Түмээ ах Ерөн­хийлөгч асан Н.Энхбаярын зөвлө­хөөр ажиллаж байлаа. Болор цом дөнгөж
болоод өнгөрсөн байсан. Уг тэмцээнд Ж.Мөнхбат 
гэдэг залуу гэнэт гарч ирэн түрүүлж шуугиан тарьж бай­сан цаг аа, тэр үед.
Тэр залуу МАСЗХ-ны гишүүн бөгөөд Ерөн­хий­лөгчид ид хүчээ өгөн зүт­гэж,  нөгөөдөх нь ч мөнгө төгрөг, эрх мэдлээрээ “Болор
цом” наадамд түрүүлүүлж шоу хийн гайхуулж байсан үе л дээ. Бас дээр нь Ерөнхийлөгч
Н.Энхбаяр өөрөө очин шагналыг нь гардуулж өгч байсан. Үүнийг л манай сонин  “Энхбаярын оролцохгүй юм гэж байхгүй боллоо. Одоо
байчихаад “Болор цом”-д хүртэл оролцож  өөрийн­хөө
хүнийг мөнгө өнгөөр түрүүлүүлж байна” хэмээн шүүм­жилж бичсэн юм. Хүн толгойтой
болгон нь Энхбаяр даргаа хэмээн мөлхөөд гүйсэн, түүнийг шүүмжлэн хэлэлцсэн болгон
нь эргүү тэнэг мэт үзэгдэн нийгмийн дайснаар тодордог хүнд үе байсан. Түүний хаанчлал
ид бүрэн хүчин чадлаа­раа ажиллаж, хаант засаг тогтоход ойрхон болж цорын ганц хаанаа­раа
Энхбаярыг сонгоход ойрхон очсон цаг байлаа. Энэ хүнд цаг үед  энэ том дарагуйлагчийн өөдөөс  үнэн үг хэлж шүүмжилж чаддаг ганц сонин нь манай
“Өдрийн сонин” байсныг одоо эргэн дурсахад сай­хан байдаг юм.

Ерөнхий эрхлэгч Ж.Мягмарсү­рэн “Танай даргыг
шүүмж­­лэхгүй байж бололгүй яахав. Танай Энх­баяр чинь энэ ард түм­нийг тэнэг гэж
боддогоо болих хэрэгтэй шүү дээ. Сая “Болор цом”-оор юу болсныг хүн бүр л мэдэж
байгаа. Харин айгаад ч юм уу долигоноод л хэлэхгүй байгаа боло­хоос. Бас дээр нь
нэмж хэ­лэхэд одоо улыг нь долоочихоо алдаад гүйлдэж бай­гаа энэ дол­дойнууд чинь
цагаа болохоор хаяад гүйнэ дээ. Хаяад гүйхээр барахгүй бүүр тал талаас нь боор­лож
барьж иднэ гээч. Ашиг­гүй болохоор нь буюу албан ту­шаа­­лаас нь буусан хойно хэн
ч түүнийг тоож харахгүй. Бүүр доли­гонож байснаа нуугаад, тэгж байс­ныг нь хүн мэдчих
вий гэсэн дээ тасдаж иднэ гээч. Тэр үед л танай даргыг өмөөрий дөө. Тэгээд ч нийгэм
тэр аяараа үзэж чадахаа болих цагт бид л түүнийг өмөөрч дуугараад ад үзэгдэх байх
даа” хэмээн тоглоом болгоод өнгөрөөж байсан юм. Түмээ ах ч тэгэс ингэс­хийгээд тайвшран
гаргах гэж бай­гаа но­мынхоо тухай хүүрнэн 
хууч дэлгэж байсансан.

Энэ үйл явдлыг эргэн санаг­дуулах үйл явдлууд
“гурав дахь” Ерөнхийлөгч асан Н.Энх­баярыг албанаасаа буус­наас хойш олон­таа тохиол­дож
байгаа нь сонин. Тэр үед яригдаж байсан ярианууд яг л бодитоор биелэгдэж эхлэх нь
тэр. Энхбая­рыг алба даягтай бай­хад нь яаж уралдан долигонож байлаа, одоо яг түү­нийхээ
эсрэг хэн нь түүнийг илүү сайн муу хэлж чадах вэ гэсэн уралдаан зарласан мэт шороо
самардан цацаж байна. Түүний эсрэг. Нэгэн цагийн шүтээн явсан түүнд энэ бүхнийг
тэсвэрлэн давж гарах нь ямар хэцүү байдаг бол. Хүнийг ингэж элдэв дээдээр элэг­лэн
гутаах кампанит ажил зохион байгуулах нь арга үгүй л коммунист угшилтай хүмүүсийн
зан гэж манай үеийн нэрт нийтлэлч Баабар хэл­сэн нь үнэхээр аж. Ерөнхий сайд Сү.Батболд
түүнээс салдаггүй анд нөхдүүд явсан. Нөгөө манай сонин дээр гарч, Түмээ ахын өмөөрч
бидэн дээр давхиж ирэхэд хүргэж байсан Ж.Мөнхбат нь хүнээс дут­чих­вий гэсэн шиг
сонин­оор хуучин даргаа гутаан дээрэлх­сэн. Хаяж л орхих­гүй, залуу хүнд ийм юмыг
нүдээ аниад өнгөрөө­чихдөг юм гэж хэлж өгсөн хүн байхгүй байгаа л даа. Гэхдээ үүнийг
заавал хүнээр хэлүү­лэх юу байхав. Өөрөө л мэдэх хэрэгтэй.

Түүнийг тахин шүтэж явсан бүхий л нөхдүүд нь одоо нэг нэг­нээсээ
өрсөн түүнийг гутааж байна. Энэ нь эргээд нийгэмд, монгол­чуудын ёс суртахуунд асар
муу нөлөө үзүүлж байна. Монгол хүн гэдэг ямаршуухан зан сурта­хуун­тай байх ёстой
вэ гэдгийг нийгмийн элит хэсгийнхний гаргаж байгаа зан авир тогтоож өгдөг. Тэгвэл
нийгмийн нэр цуутай гэсэн болгон нь ийм адгийн урвагч сурта­хууныг сурталчлаад байхад
нийгэм юу гэж ойлгох вэ. Урвалт бол байж боло­хоор барах­гүй зан суртахууны зайлшгүй
байх ёстой үзэгдэл гэж ойлгодог юм байгаа биз дээ. Ний­гэм дэх Н.Энх­баярыг намнах
их авыг харж суу­хад манай эрхлэг­чийн “Цаг нь болохоор бид л ний­гэмд өмөөрч дуугарах
байх даа” гэж хэлж бай­сан үг санаанд орох юм. Ингээд нэг өдөр түүнээс “Энэ Ерөнхийлөгч
асан Н.Энхбаярыг өмөөрөх цаг нь ирж байгаа бус уу. Муу ч сайн ч Монгол төрийн тэргүүн  байсан хүн. Одоо бүүр байчихаад хувийнхаа мэдлийн
хэвлэл дээр юу бичихийг нь зааж зааварлан, түү­нийг нь хөндлөнгийн хүмүүс их л бах­тайгаар
өөгшүүлж байна. Бид ард­чилалтай оронд байна уу үгүй юу” хэмээн асууж билээ. Тэгэхэд
Ерөн­хий эрхлэгч Ж.Мягмарсүрэн надад “Адилхан хэвлэлийн сал­барт ажил­ла­даг хүний
хувьд, дээр нь Засгийн газар УИХ-ын эсрэг хатуу шүүмж­лэл өрнүүлж байгаа­гийнх нь
хувьд өмөөрөх цаг болж байна. Харин ганц юм л санаа зовоогоод байх юм. Иргэншиж
өгөхгүй нь, жирийн сайхан иргэн болоод үнэн үгийг нь улаан нүүр дээр нь хэлээд явж
байхгүй нь хэцүү юм. Өөрийгөө хэд дэх ч гэнэ үү Ерөнхийлөгч гэж зарлаад л үзээд
байх нь төвөгтэй байна. Бид энэ төр засгийг шүүм­жилж байгаа дээр нь нэг фронт болон
зогсох хэрэгтэй. Харин Ерөнхийлөгчийг шүүмжлээд бай­гаа нь зөвхөн ялагдсан хон­зонгоо
муу хэлж байж л тайлж байгаа явуургүй арга гэдгийг нь өдий олон жил хэвлэл мэдээллийн
салбарт ажил­лаж байгаа хүнийхээ хувьд  ялгах­тайгаа
байна” хэмээн хэлсэн юм.

Categories
редакцийн-нийтлэл

Тоох тусам чинь том болоод байна, наад Н.Энхбаяр чинь

Шидийг олоод нисэхийг шахав… Шог зургийг С.ЦОГТБАЯР

-Н.ЭНХБАЯРААС ЖИЖИГХЭН МАН-

Иргэн Н.Энхбаярыг  мө­рөөрөө лааз өшиглөөд явж байхад нь өдөөд бай­на шүү дээ, МАН-ынхаан. Н.Энхбаяр хороо най­руулж, ховоо хутгаад явж л байг. МАХН-тайгаа үл­дэнэ гээд манаргана уу, маниасаа гуйгаад явна уу тоохгүй л хаячих ёстой байсан юм. МАН-ынхан айж байгаагаа мэдэгдээд, бүгдээрээ нийлээд гар хөлийн үсэг зураад тоох тусам чинь том болоод байна ш дээ, цаадах чинь.

Тийм л агуу түүхтэй намын том дарга нар юм бол ганц муу иргэнээсээ айж сандарч, гарын үсэг­тэй бичиг шидээд бай­гаа нь хэнд ч инээдтэй  бай­гаа юм. Тэгэхээр нөгөө Н.Энхбаяр нь “Унтаж бай­гаа барыг сэрээлээ шүү” гэх маягийн үг хэлээд улам том болоод байх юм. Нэг ёсондоо шууд хадан­даа авирч байна. Н.Энх­баяр “Албан тушаал со­нир­хохгүй. Бүгдийг хийж үзсэн”  гээд байсан.  Хүсч байгаа ч аргаа барсан хүний л үг. Гэтэл МАН-ынхан дөгөөгөөд л. Ингэж дөгөөснөөрөө шинэ од хүртэл төрүүлж, Ц.Шинэ­баярт хайртай олон хүн бий болголоо. Одоо яая гэхэв. Ц.Шинэбаяр гэдэг нөхөр Н.Энхбаярыг харж жижигрээд байгаа МАН-аар ёстой даажигнаж бай­­на. Түүний ч зөв. МАН гэдэг намд орохгүй, ороо­гүй гээд байхад нь “Ма­най намаас зайл” гэдэг нь ч бас арга ядсан арчаагүй арга л даа. Хүн өөрийнх нь гэрт  тоож хөл тавихгүй гээд байхад  “Манайхаас зайл” гэх нь угтаа тэнэг үйлдэл. МАН-даа ороо­гүй өөр гишүүдийг ч,  МАН-ыг шүүмжилсэн УИХ-ын гишүүдээ ч “алах” гэхээрээ яадаг юм. Энэ янзаараа сонгуулиар МАН-ын эсрэг санал өг­вөл ард түмнээ дэлбэлж мэдэх нь.

Уг нь бол Н.Энхбая­рыг тоохгүй байх улс тө­рийн бүх нөхцөл бүрэлд­сэн байсан. Н.Энхбаяр харин улс төрөөр өөрөө оролдоод байсан юм. Гэтэл тоосноосоо болоод “Улс төрөөр оролдохгүй гэхээр улс төр надаар оролдоод байна” гэж хэ­лэх хүртэл нь  боломж  өгч бөөн далим цаад нөхөр­төө олголоо. Мөн түүнд хаягласан захидалд га­рын үсэг зурсан зарим нөхөд хүнийхээ хувьд тун муухай юм их хийж байна. Цагтаа хаал­ганых нь хатавчинд сууж, дохио зангаагаар нь хө­дөлж явсан  нь холгүй хаа газар дагаж явсан нөх­дүүд нь одоо хуншгүй зан гаргаж байна л даа. Ичих ч үгүй гарын үсгээ па­лийлгасан байгаа юм. Цаад нөхөр нь дургүй хүрмээр дарлаж хаан шиг байсан үе байсан л байх.

Өөрөө ч улс төрд хө­төлж оруулж ирсэн нөх­рөө мартдаг муу зантай. Тэглээ гээд тэрний зин­даанд л байна гэдгээ Ё.Отгонбаяр, Д.Идэвхтэн, М.Энхболд нарын нөх­дүүд харууллаа. Дайраад давшлаад, хүний олон хүнээ барьж идэх гээд байгаа болохоор ба­риулж идүүлэх гэж бай­гаагаасаа барьж идэх гэж байгаа нь зэвүүн хараг­даад байна.

Н.Энхбаярт дургүй
хүн олон. Цагтаа зөндөө муу­хай юм хийсэн. Түүнд тоож захиа бичээгүй бол өөрийнхөө хийсэн нүг­лийг өрөөлд
наагаад то­морч суухгүй байлаа.
Асуу­гаад байгаа авлига хээл хахууль, ажилгүйдэл,
ядуурал зэрэг нь жил ха­га­сын өмнө  улс төрөөс хөөгдсөн
түүнд бас хамаатай.

Бүр хамаатайгаас илүү хамаа­тай. Энэ бүхний суурийг тавьсан, бий болголцсон хүний нэг яалт ч үгүй Н.Энхбаяр. “Ард түмэндээ өрөө төлөх үү, үгүй юу” гэж асуусан байна лээ, хариу захиандаа. Аль өрөө асуугаад байгаа юм, хэн мэдэхэв. Уг нь өөртөө ч гэсэн энэ асуултыг тавих ёстой. Төлөх ёстой бол олон өр бий.  Төлөлцөх хүн нь бас  Н.Энхбаяр. Монгол Улс Н.Энх­баярын үед хангалуун сайхан цатгалан байж байгаад өнөөдөр гэнэт ийм болсон биш. Түүнээс хойших жил хагасыг бусдад тохлоо гэхэд өмнөх олон жилийн гай барц­дыг үүрч, төлөлцөх ёстой нэгэн. Авлига хээл хахууль ч гэсэн хэний үед ид хүчээ авч байсныг Н.Энх­баяр мэдэж л байгаа.  Харин МАН-ынхан ганц Н.Энхбаярт дэндүү анхаарал хандуулж, бүг­дээр бүг­дээрээ нийлж захиа бичээд байгаа­гаараа түүнд хайртай болох хүмүү­сийн тоог нэмээд байна. Хамтдаа асуудлаа шийдье хэмээн гуйгаад байгаа дээр нь одоо л амыг нь асуугаад буулгаж авдаг цаг биш үү.

Ядарч яваа хүнийг өрөвдөх сэтгэл монголчуудад бий. Бүгдээ­рээ дайраад аархаад байхаар чинь ард түмэн, хэвлэл мэдээлэл аяндаа түүнийг өрөвдөөд талд нь зогсоод байна. Тэгэхээр ганц хү­нээс айгаад байгаа МАН Н.Энхбая­раас жижигхэн болж таарч байна.  

МАН гэдэг бүхэл бүтэн намын дайсан нь ганц Н.Энхбаяр юм бол тэр том л юм байна. Том болж дээшээ өгсөх шатыг нь өөрсдөө тавьчихаад дараа нь орой дээр чинь гараад суувал олон юм ярих хэрэггүй.

МАХН-тайгаа үлдэнэ гээд бай­гаа олон зуун мянган гишүүнээ бүгдийг нь Н.Энхбаярын дохиогоор хөдөлдөг гэж зүхээд доромжлоод байхаар наашаа гэхээсээ илүү цаашаа явах нь олон болжээ. 1990 онд Сүхбаатарын талбай дээр Ц.Элбэгдорж “Өөрөө сайхан амь­дарч чаддаггүй, өрөөлийг сайхан амьдруулдаггүй хүнийг коммунист гэдэг юм” гэж хэлж байсан санаг­дана. МАН яг л тийм коммунист үнэр нэвт ханхлуулаад байна. Өөрсдөө өрх тусгаарласан бол өрөөл ард түмнээ дорд үзээд байх ямар хэрэг байнаа. 

Хувь хүнийхээ
хувьд Н.Энхбаяр том, жижиг ямар ч байж болно. Харин түүнийг том болтол нь жижиг­рээд байгаа нам л илүү өрөвдмөөр дүр төрхтэй
харагдаж байна. Хэн  дуртай нь, бүр НАМЗХ-ны хориод­хон настай жаалууд
хүртэл “Н.Энх­баяр хэн бэ”
гэж дураараа орилдог болж. Тэгэх тусам түүний
уур хүрч шидийг олж байна.
Тоовол тоосон шиг тоогоод, тоохгүй
бол хаяж орхихгүй бол цаадахыгаа
ямар мэдэхгүй биш дээ, МАН-ынхаан.

Categories
редакцийн-нийтлэл

МАН-д “Дөрвийн бүлэг” мэндэллээ

Өнгөрсөн баасан га­ри­гийн орой 20 цагийн үед МАН-ын дөрвөн ги­шүүн
намынхаа дарга, гүйцэтгэх
засаглалын тэр­гүүн
С.Батболдод нэгэн бичиг өргөн барьсан нь улс төрийн хүрээнд шуу­гиан тарьж байна. Уг бичиг  МАН-ын удирдах түвш­ний зарим хүний
уур унтууг хүргэж, омгийг
нь бадраасан, харин  энгийн гишүүдийн жинхэнэ загат­на­сан
газар мааж­сан явдал болсон юм. УИХ-ын гишүүн
Д.Бал­дан-Очир, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн,
Д.Тэрбиш­даг­ва нарын дөрвөн гишүүн намынхаа дарга хийгээд журмын нөхөр танаа хэмээн онцолж ирээд үзэл бодлын зөрүү­тэй хүмүүсийг адалж бус зохицож
амьдардаг үе гэдгийг ил
захидлынхаа өмнө сануулжээ. Тэд нэг намын үзэл бодолтой нөхдөө хэвлэл мэдээл­лийн хэрэгслээр төлбөр төлж
байгаад газар дор ортол муулж байгаа яв­далд харамсч байна гээд нэг ч гэсэн хүнийг намдаа тогтоож  чадах нь 
чухал гэжээ. Мөн
иймэр­хүү за­хиал­гат гүтгэлэг нь на­мын нэрийг солихгүй байх, намын шинэчлэ­лийн
талаар сэтгэл дун­дуур явдаг, тэдэнтэй адил­хан бодож сэтгэж яваа олон мянган
гишүү­дийг хам­руулан
дайрсан хэрэг болно гэсэн нь тэд өөрс­дөө ч дээрх үзлийг дэмж­дэг гэдгээ зарласан
хэрэг болов. МАН болсон  намд Ху
нэртэйгээ үлдэ­хийг хүсэгчид УИХ-д гэхэд
Ц.Шинэбаяраар тогтох­гүй
гэсэн яриа эртнээс байсан. Ийнхүү
дээрх  яриаг баталж УИХ-д МАХН-ын
Ц.Шинэбая­раас гадна МАН-ын “дөр­вийн
бүлэг” гэгч  мэндэл­лээ. Энэ дөрвийн бүлэг
найм болж УИХ-д бүлэг
байгуулах хэмжээнд хү­рэх
үү гэдгийг хараад сууж
байх үлдэж байна. Ямартай
ч ах намынхны зангидсан гар шиг байж чаддаг гэсэн саяхныг хүр­тэл уламжлагдаж ирсэн
ойлголт  нуран унасан нь тодорхой болж
байна. Дотроо үүссэн
утааг га­дагш­луулахгүй
гэж МАН-ынхан хэт хичээж ирсэн нь нэгэнт гал болон ма­налзсан, одоо бүр түймэр болж дүрэлзэж
байна. Дээрээс нь МАХН гэсэн нэрийг алдахгүй
гэсэн муур, хулганын тог­лоом хийгээд Улсын Бүрт­гэ­лийн
газрынхан­тай хий­сэн тэнэг өрөг нь нийгэмд бүр инээдтэй байдлыг бий
болгочих­сон. Үнэ­нээр нь
хэлбэл МАН-ын дотоод тэмцэл нэгэнт олны нүдэн
дээр тоглог­дох жүжиг
болж, удирд­ла­гуудынх нь хянал­таас гарчихлаа. МАХН гэсэн нэрийг эсэр­гүү­нүүдэд өгөхгүй гэж арван залуу ерэн нэр авсан нь нэмэр ч
болсон­гүй. АН-ынхан хэрүүлтэй уруултай гэдэг байсан
бол одоо МАН нь зодоон­той нүдээнтэй
болов. Харин АН-ынхан Засгийн эрхийг давхар барилцан­гаа “Монгол хүн 2020 он” гэсэн хэлэлцүү­лэг энэ тэр хийсэн шигээ
амжуулж явна. Одоо АН-ынхан зодоонтой биш МАН-ынхан дайнтай бо­лох цаг иржээ.
Намынхаа нэг ли­дер Н.Энхбаярыг намаа­саа зайлуулах гэж хэт мэрийн оролдсон
МАН-ын удирдлагуудын төлөв­лөгөө
нь өнөөдрийн хямралыг нэгэнт
дагуулах нь тодорхой байсан юм. Н.Энхбаярын сахалт ут­сан хүүхэлдэй хэмээн шог­­­луулж
байсан Ц.Шинэ­баяр тайзан дээр ганцаараа биш болох нь батлагдлаа. Нэгэнт өрөг ийм дээрээ тулсан бол “дөрвийн бүлэг”
ингээд зогсохгүй нь хэнд
ч то­дорхой байгаа юм.

Хятадад Соёлын хувьс­галын дараа хүчээ авсан Дөрвийн бүлгийн тухай манайхан санаж л байгаа байх. Мао Зэ Дуны сүүлчийн эхнэр Жян Чины толгойлдог уг бүлэгт Мао үзлийн хэт дэмжиг­чид болох улстөрч, онолч, зохиолч хэмээгд­дэг Жан Чунчао, ком­му­нист намын дээрээсээ гурав дахь болж асан Ван Хунвен, Шанхайн гол со­нины эрхлэгч Яао Вэн­юань нар байсан юм. Тэд Соёлын хувьсгалын үеийн хийрхлээсээ гарч чадахгүй, эрх мэдлээ ашиглан бужигнуулдаг байсан тул дөрвөн дээ­рэмчний бүлэг ч гэж бай­лаа. Маог нас эцэслэсний дараа төрийн эрх мэд­лийг залгуулах гэж үзээд бараагүй улмаар төрийн эсрэг гэмт хэрэгтнүүд болж ял хүлээсэн. Мао Зэ Дун хүртэл “Эрх мэдлийг дээрмийн аргаар ху­римт­луулах гэж бүү оролд” хэмээн тэдэнд сануулж байсан гэх бөгөөд дөрвөн дээрэмчний бүлэг гэсэн нэрийг Мао өгсөн гэдэг.  Дөрвийн бүлэг үүссэн түүх ийм. Харин  манай  дээрх дөрвөн гишүүний үйлдлийг  Монголын улс төрд шинэ зууны “Дөр­вийн бүлэг” мэндэллээ хэмээн улс төр ажиг­лаг­чид нэрлэж байна. Дэг журам, намын бодлого гэж их ярьдаг намынхаа удирдлагуудын дарамт шахалтаас ч эмээхгүй зоригтой дуугарч байгаа тэдний эр зоригийг үнэ­лэх хэрэгтэй.  Ямар АН-ын гишүүд биш МАН-ын гишүүд шүү дээ. Дээрээс нь гүйцэтгэх засаглалын тэргүүн С.Батболдод хан­дан байгуулагдсан ца­гаасаа эхлээд сайхан болгоод өгнө гэж амла­сандаа хүрэхгүй байна хэмээн хатуу сануулж, экс дарга С.Баярынхаа стан­дарт бус аргаар байгуулсан Засгийн газар нь стандарт бусаар асуу­далд хандаж ирснийг шүүмжилсэн байгаа юм. Тэд намынхаа эв нэгдэл хийгээд улс эх орны яз­гуур эрх ашигт нийцэх гурван шаардлагыг тавьсан билээ. Түүнийг биелүүлэх эс биелүүлэх нь дараагийн асуудал. Харин хамгийн эхний тай­лал бол УИХ дахь МАН дахь эсрэгчүүдийн бүлэг нэгээр тогтохгүй болжээ гэсэн баримт юм. Одоо энэ дөрвийн бүлэг дээр архаг эсэргүүн Ц.Ши­нэбаярыг нэмбэл тав болно. Тав гэдэг нь бүлэг байгуулах найман хүний тавиас илүү хувь нь гэсэн үг.

Дээрээс нь үзэл бод­лоороо тэдний чигт байх гурван хүнийг ядаж зо­вохгүй олчихож болно. Хэвлэл мэдээллээр байр сууриа илэрхийлж бай­сан хүмүүсийг тоолоход л бүлэг үүсчихэж байгаа юм. Ц.Батбаяр гишүүн бол сая намынхаа эсрэг нэлээд хүчтэй дуугарсан. Харин тал талаас нь нам­наад одоохондоо дуугүй болчихсон байгаагаас биш. Намаасаа томи­логд­сон сайдыг огцруу­лах саналыг гаргаж  бай­сан Ц.Батбаяр гишүүн хэзээнээс ийм юмнаас айдаггүй. Хотын даргын суудлаас нь хууль бусаар буулгалаа гэж  МАХН-аа  шүүхэд өгч явсан  цөс ихтэй эр.  Мөн дарамт­луулж, дээрэлхүүлж яваа Ц.Шинэбаярынхаа төлөө юу ч хийхээс буцахгүй гэдгээ хэдийнэ зарласан Э.Мөнх-Очир гишүүнийг ч бүлэгт багтаан харж бол­но. Тэр “Ц.Шинэбаярыг дарамтална гэдэг бид­нийг дарамталсантай адил” хэмээн хэлж байсан удаатай.  Дээр нь  “Наран­туул” захын гэх тодот­голтой Ш.Сайхансамбуу гишүүн ч дөрвийн бүл­гийнхний ард жагсч бай­гаа гэх. Намын дарга удирд­лагадаа тал заса­хыг мэддэггүй түүнийг өнөөх дөрөвтэй нэгдсэн байхад хэн ч гайхахгүй. Ийнхүү УИХ-д МАХН-ын шинэ бүлэг үүсэн бий болоход бэлэн болжээ. Цаад эзнийг хүмүүс таа­варлаж байгаа нь мэ­дээж. Энэ бүлэг бол Зас­гийн эрхийг авах бүлэг мэндэлж байна гэдгийг улс төр ажиглагчид хэ­дий­нээ зарлаж эхлээд байна. Энэ бүлэгтэй хэл амаа олж чадсан нам л Засгийн газраа бай­гуулж чадна гэдгийг тэд хэлж байгаа.

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Зуд болоход эхлээд хүн дараа нь бусад нь

Уул нь бид чинь хүнээ дээдэл­сэн, оюун ухаан суу билгийг нь шүтэн биширч, хүндэтгэн хайрла­сан хүмүүнлэг ардчилсан нийгэмд амьдарч байгаа. Үүгээрээ ч бахарх­даг. Гэтэл өнөө хүнээ дээдэлдэг нийгэм маань малаа дээдэлдэг малынхаа өмнө сөхөрчихсөн, нэг эргүү хурга мажийхад эмгэнэн гашууддаг болжээ. Малын буян их л дээ. Гэхдээ яаж ч бодсон ухаант хүнтэй харьцуулж болмооргүй санагдаад байгаа юм. Манайхан болохоор мал мал л гээд байх. Зуд боллоо өнөө хэдэн мал минь гэнэ. Амьд мэнд онд ордог байгаа даа гэж дээд доодгүй санаа зовно. Цаана нь хүн яаж зовж зүдэрч, туйлдаж байгааг анзаарч санаа тавьж, сэтгэл гаргаж байгаа нь нэгээхэн ч үгүй. Ийм ядмаг сэтгэл­гээтэй, ухаант хүнээ ухна ишигнээс дорд үздэг болохоор нийгэм маань хаана хаанаа ой гутмаар болоод байгаа юм. Олон аймагт зуд нүүр­лэж, өвөлжилтийн байдал хүндэрч гамшгийн хэмжээнд хүрлээ гэсэн мэдээлэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирж, яамны нөхдүүд сандралдаж, төр засагтаа дуулгаж, онцгой комисс нь яаралтай хуралдаж онц байдал зарлаад сүйд. Энэ нь иргэдийн эгдүүцлийг ихээхэн хүргэж, өнөө жил л гэнэт өвөл цас орж байгаа биш юун сүржин юм гэх бодлыг төрүүлээд байгаа. Ингэж бодох нь арга ч үгүй юм аа. Хөдөөд гамшиг боллоо гэхэд сайндаа хэдэн мал цасанд даруулна л биз дээ. Ер нь хэдэн мал зуданд мажийх, за тэгээд хашаа хороо, малын нэмнээ зэрэг нь хүнийхээ дараа орох хоёрдмол асуудал. Харин Улаан­баатарын иргэд өдөр бүр гамшиг­тай тулгарч байна. Хотын утаа, эх захгүй архидалт, замын бөглөрөл гамшиг биш гэж үү. Их хотод аж төрж байгаа олон хорт утаагаар амьсгалсаар амьд явах боломжоо алдаж байгаа. Шинэ төрсөн хүүх­дүүд Монголын эмгэнэлт нийгэмд хичнээн жил наслахаар ирж бай­гааг үнэндээ таашгүй. Онцгой комисс хорт утааны, эх захгүй архидалтын эсрэг онц байдал зарлаж, хотынхоо иргэдийг жин­хэнэ “зуд”-наас салгах тал дээр анхаарвал зохилтой юмсан.

Чоно хүртэл осгож үхмээр идэр есийн тэсгим хүйтэнд орон гэргүй хүмүүс нэг муу уранхай пүүзтэй орцонд хоноглож байна. Тэд хүний шаарууд л даа. Гэхдээ хүнлэг сэтгэлээр хандаж, өнөө малдаа тавиад байгаа анхаарлаа тэдэнд бага ч болов хандуулах аваас наад зах нь архидан мансуурах нь багасч, улмаар зөв сайхан амьд­рахыг бодож эхлэх бус уу. Ямар ч хүн хүний хайраар, энэрэл нигүүл­сэнгүй сэтгэлээр дутдаг. Орон гэргүй тэнэмэл нөхдийг шууд ажил­тай амьдралтай болгочих гэж бай­гаа юм биш л дээ. Гол нь өдөр бүр сэтгэл хандуулаад, бага багаар нөлөөлөөд байх нь чухал.

Тэгэхээр малдаа биш хүндээ анхаарал хандуулдаг, хөдөөний бус хотын “зуд”-тай хатуу тэмцдэг, урьдчилан сэргийлдэг, өвөлжөөн­дөө байгаа хурга ишгэнд нэмнээг нь бэлдэж явуулахаас өмнө, өв­лийн хүйтэнд осгож үхэж байгаа нэгнээ боддог болмоор байна шүү дээ.  

Хурга ишгэнд нэмнээ хүргэнэ гэснээс нэг зүйлийн талаар саналаа хэлэхийг хүслээ. Манай төр засаг малчдын хотонд өвс хүргэж өгөн мал сүргийг нь ма­жийхаас сэргийлдэг хэрнээ хотын захын дүүргийн айлын хашаанд бензингүй зогсож байгаа машинд яагаад шатахуун хүргэж өгдөггүй юм. Хавар мал төллөхөөр очиж бөөцийлөх нь холгүй байдаг байж хэн нэгэн иргэний хашаанд дөрвөн дугуйгүй хэвтэж байгаа тэргийг нь босгоод өгөх тал дээр анхаардаг­гүй юм бол оо. Яагаад ийм ялга­вартай ханддаг юм бэ? Мал тухайн малч­ны хувийн өмч, машин ч гэсэн адилхан хэн нэгэн иргэний хувийн л өмч биз дээ. 

Ер нь зуд турхан гэх нэрийн дор хэдэн мал боддог өрөвдмөөр сэт­гэл­гээнээсээ болж бид дандаа алддаг. Ганцхан жишээ татахад одоогоос арван жилийн өмнө яалаа. Их хурлын гишүүн Ш.Отгон­билэг тэргүүтэй гадна дотны олон сайхан иргэд нэгэн малчны гадаа нисдэг тэрэгтэйгээ осолдож амиа алдацгаасан. Тэдгээр эрхмүүд ердөө зудаас болж, хэдэн малаас болж хорвоог орхисон билээ. Ганц­хан зуд гэлтгүй үер, түймэр гэх байгалийн гамшиг тохиолдоход хүнээ боддоггүй. Дандаа бусдыг боддог. Хүний амь нас эрсдэхэд бид юугаар төлөх билээ, хэдэн мал үхэх юм уу, тэнд нэг ой шатахад нөхөн сэргээгдэж болно доо гэсэн ухаалаг шийдвэр Монголын төрд алга. Ийм ухаалаг шийдлийг бий болгохгүй бол ганц мод шатах, ганц модон гүүр усанд автахын өмнөөс хүний алтан амь үгүйрсээр байх нь ээ. Үүнтэй уялдуулж бас нэг жишээ иш татъя л даа. Сэлэнгэ аймгийн Мандал суманд түймэр унтраах нэрээр онцгой байдлын аврах залуучууд амиа алдсан даа, хөөрхий. Усан бороонд унтарч байгаа түймрээс болж шүү дээ. Ингээд бодохоор цас зуд, байга­лийн гамшгийн үед эхлээд хүн дараа нь бусад нь гэх ойлголтыг ягштал мөрдөх нь зүйн хэрэг байгаа биз.  

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Эрх баригчид мэдээллээ хааж байгаад сэтгүүлчид буруутай

Бидний хэдэн сэтгүүлчдэд хийх ажил мөдхөн олдохоо болих нь байна даа. Энэ маягаараа бол Их хурлын хамгийн гол үйл явдал өрнөдөг байнгын хороо хаалттай боллоо. Мэдээллээ хаасан юм гээд уншигчид мэдээлэл авахгүй суу­гаад байхгүй. Тэд харин бүр ч илүүтэй хаалттай хуралдаанаар  чухам юу хэлэлцэв хэмээн  сонир­хох болно. Хортой алим хамгийн амттай гэдэг  биз дээ.  Тэгээд олон түмэн уншигчдадаа яаж мэдээлэл хүргэх вэ.  УИХ-ын  байнгын хороон дарга гэж  хүмүүс мэддэггүй албан тушаал бий. Тэнд очсон нөхөр “Өнөөдөр байнгын хороогоор тийм юм хэлэлцлээ” хэмээн дуулгаж байх болсон. Хүссэн хүсээгүй түү­ний л үгийг  дамжуулаад сууж байх болно.

Бас болоогүй ээ. Тэр байнгын хороон даргын дургүйг хүргэсэн сэтгүүлч тэнд очиж мэдээлэл авах  нүүргүй болсон. Яагаад гэвэл дэгийн тухай хуульд тэр тухай  заачихсан байгаа. Гэхдээ юу гэж “зэвүүн хулгайчийг оруулахгүй” гэхэв дээ. Их цэвэрхэн бичнэ  шүү дээ. УИХ-ыг сурвалжлах сэтгүүлч­дийн туршлага мэдлэгийг харгал­зан сурвалжлах эрх олгоно гэсэн шүү юм бичихээ бас мэднэ. Энэ нь гишүүдийг шүүмжилдэг, тэдэнтэй найзархаг бус харьцдаг, элдэв булхайг нь олж хардаг хүмүүс тэнд хоншоороо шургуулах эрхгүй гэсэн үг юм.

Одоо тэгвэл  байнгын хорооны хуралдаан яг жинхэнэдээ юу болох вэ. Тэд үнэхээр хуралдах уу, ху­ралдчихаад бидэнд үнэн зөв мэдээлэх үү  гэдэг бол өөр асуудал.  Байнгын хорооны хуралдаан хуу­чин маягаараа бараг  хуралдахгүй.  Хэдхэн бүлэглэлийн толгойлогч гишүүд цуглаж суучихаад бүх  асуудлыг тохируулж, хуйвалддаг үүнийгээ чуулган гэх үзэгчдэд зориулсан жүжигтээ бэлтгэдэг  газар болж хувирна. Тэнд хэзээ ч ирц бүрдэхгүй бөгөөд бас ямар ч шүүмжлэл өрнөхгүй харин энэ хэний юм, тэр юуных юм, чуулган дээр тэр тэгж хэлнэ, энэ ингэж шүүмжилнэ хэмээн жүжгээ бэлтгэ­сээр байгаад  таарна. Харин бүлэг­лэл хоорондын тэмцэл хурцадвал л ганц нэг гишүүн гүйж гарч ирэн шударгаар нөгөөдүүлээ шүүмжлэн хэлэх биз ээ. Гэвч юу боллоо гэж тэнэгүүд шиг  байдаг бүхнээ түмний дэргэд дэлгээд байхыг бодох би­лээ. Энэ тохиолдол маш ховор байх болно. Парламент шинэ үед л ганц нэг удаа ингэж магадгүй  юм. Мөн сөрөг хүчинтэй тэр нь бас шинэвтэр байх үед л ганц нэг удаа ийм юм болно. Харин ингэж сай­хан “ивлэчихсэн” одооны парла­мен­таас тийм ухвар мөчид зүйл гарахгүй.

Манай сэтгүүлчид өнгөрсөн хойно нь  элдэв юм ярьж “мэдээлэл  авах эрх хумигдлаа” гэх зэрэг  зүйл хэлэх нь зүгээр жүжиглэл шахуу. Түүнээс ийм юм болох нь эртнээс нааш бараг хүн бүрт мэдэгдэж байсан. Яагаад гэвэл сэтгүүлчид  шүүмжлэлтэй хандаж байх ёстой төрийн түшээдэд хэтэрхий  найлан­хай хандаж тэдний хувийн найз нөхөд нь болчихсон шахуу байв даа. Сонин телевизийн  парламен­тыг сурвалжилдаг сэтгүүлч бүр нэг нэг гишүүдийн хувийн нарийн бичгийн дарга мэт аяглаж зөвхөн тэр гишүүнийхээ л сайн сайхныг бичдэг, үзүүлдэг болоод удаж бай­на. Мөн өөрийнхөө сайн гишүүнтэй муудсан юм уу маргасан бусад гишүүнийг элдэв шар мэдээ нэрийн доор доромжлоод дуусдаг. Дээр нь захиалгаар юу л бол юу хийж мэдэхээр болчихсон байхад эрх­биш амьд хүмүүс байна зай авахыг бодолгүй яахав дээ. Хэвлэл мэ­дээлэлд хамгийн харш зүйл болох хувийн бодол хувийн дүгнэлтээ нүүр дүүрэн, эфир дүүрэн явуулаад байхлаар чинь бусад нь дургүй байдаг юм байгаа биз дээ.

 Ийм найзархах харилцаатай, шүүмжлэн хэлэлцэж чадахгүй бол­чихсон хэвлэл мэдээллээс наад гишүүд чинь юу гэж айхав дээ. Айх гэж элдэв рекэт мэт зүйлийг хэлээгүй байна. Зүгээр л “миний энэ шударга бус үйлдлийг олон тү­мэнд дэлгэчих вий дээ” хэмээн эмээхээ больсон гэх гэсэн юм. Хэрэв тэгж эмээж ичдэг бол дээр нь бид бүх­нийг хүндэлдэг бол ингэж хэвлэл мэдээллийг хааж боож чадахгүй байх байсан. Бид юуных нь дөрөв дэх засаглал байхав дээ, зүгээр л засаглалын толгойд байгаа эрхмүү­­дийн магтан дуулагч  найрал дуучдын нэг болоод удлаа.  Үүний­хээ шанг ч амсаж байх шив.

Саяын шинэ жилийн үеэр
бол­сон тэр олон шилдэг шалгаруулах арга хэмжээнүүдийг
эргээд нэг саная даа хэдүүлээ.
Манай сэт­гүүлчдийн  энэ олон 
байгууллага  бусад байгууллагуудаас
юу гэж  дутах вэ гэсэн шиг олон олон удаа
Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, Ул­сын их хурлын дарга  зэрэг төрийн
өндөрлөгүүдийг
хэвлэл мэдээл­лийн шилдэг, тэргүүний,
ээлтэй гэх зэрэг цол гуншингаар шагнаж  хундага
тулгацгаав даа. Үүн дот­роос
парламентын сэтгүүлчид гэх
хэдэн нөхдүүд өөрсдөө
дур мэдэн  шинэ жил зохион байгуулж УИХ-ын
тамгын газрын дарга Ц.Ша­рав­доржийг хэвлэлд ээлтэй хүнээр шалгаруулаад бүхий
л мэдээллийн хэрэгслээр сурталчлаад бай­гаагүй
билүү. Дур мэдэн гэдэг нь
лав л ямар ч редакци, телевизийн зөвлөлөөс зөвшөөрөл авч шинэ жил хийж дээр нь хэвлэлд ээлтэй хүнээр тэрийг шалгаруулъя гэж хэлээгүй гэдгийг бид сайн мэдэж байна.
Тэгээд нөгөө хэвлэл мэ­дээлэлд ээлтэй Ц.Шаравдорж
маань дээрх дэгийг батлуулаад  бид бүхнийг мэдээлэлгүй болгож орхи­лоо шүү дээ. Ингэлээ гээд тэр ажлаа хийсэн
Ц.Шаравдоржид гом­дох уу. Их хурал талаасаа дээрх дэгийн заалт маш зөв  шүү
дээ.  Хэн нэгэн гишүүн телевизийн дуран хараад хяналтаа
алдаад элдэв дэмий юм орилоод байхгүй.
Элдэв нууц гадагш задрахгүй
гэх зэрэг. УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдоржид биш харин ийм долдой, дээр нь
ийм хулчгар хэвлэл мэдээлэлд л гомдохоос өөр
яах юм. Эрх баригчид мэдээллээ хааж байгаад эцсийн эцэст сэт­гүүлчид  бид л буруутай шүү дээ.

Categories
редакцийн-нийтлэл

Хөшөө босгох УРАЛДААН

ЗХУ-ын  “агуу удирдагч”  гэгдэж байсан сахал Сталины томоос том  хөшөөг 1990 онд  улсын төв номын сангийн өмнөөс зайлуулж  байсан­сан. Нэгэн цагт бурхан шиг тахиж явсан
тэр хүний хөшөөг буг мэт үзэж, хаях ч газар олдохгүй бол­сон.  Харин нэг сэргэлэн бизнесмэн  “Исмус” хэмээх шөнийн клубтээ аваачаад тавьчихсан
байж билээ.  Сталины хувь заяа тэгээд дууссан­гүй.
Нөгөө газраасаа нүүж одоо өөр хүний мэдэлд шилжсэн юм билээ. Үзмэр болоод үлдвэл
бас ч гэж аз таарч байгаа хэрэг. Үгүй бол хэнд ч хэрэггүй хог л болно. Түүнээс гадна
В.И.Ленин, Х.Чойбалсан­гийн хөшөө цагтаа цэцэг, сүү өр­гүүлж яваагүй юм шиг будаг
ца­цуулж, адлагдаж билээ. Тухайн цаг үедээ “хайрт багш” Ленин биеэ үнэлэгчдийн зогсдог
газрын  бэлгэ  тэмдэг болно гэж хэн мэдэх билээ. Цагийн шалгуурыг
дааж  чадахаар­гүй, хүн төрөлхтний, улс орны  бэлгэ тэмдэг, үе үеийн бахархал болж үлдэхгүй
ийм  хөшөөнүүдийг ямар хувь тавилан хүлээдгийг
дээрх жишээнүүд харуулж байна.  

Өнөөдөр
манайд тийм хувь тавилантай учрах магадлал бүхий  хөшөөнүүд өдрөөс өдөрт олон болж байна. Хэд алхаад
л хэдэн жил төр барьсан, нутгийн зон  олондоо
хүндлэгдэж явсан нэг нөхрийн хөшөө таарах аж. Гадны жуулчин ирээд асуухад гавьтай
тайлбар олдохгүй тийм л нэр нь үл мэдэгдэх, цаг хугацааны явцад балран алга болох
хүн хөшөөнүүд энэ янзаараа нэмэгдээд байвал амьд яваа хүнээсээ олон чулуун хүнээр
дүүрсэн улс орон болох нь.  Хэдэн жил өндөр
албан тушаалд сууж байгаад нас барсан нөхрийн хөшөөг босгоод байвал алхах гишгэх
газар ч багадахаар боллоо.  Энэ цаг үеийнхэн
арай гэж мэддэг,  хойч үеийнхэн хог дээр хаях
хө­шөөнд тийм их мөнгө гаргах ямар хэрэгтэй юм бэ.

Өдөр
ирэх тусам хөшөө гэдэг утга алдагдаж эхэлж байна. Хэн мөнгөтэй нэг нь тухайн цаг
үеийн алдар хүндтэй хүмүүсийн хөшөөг босгодог болж. Үгүй бол аль нэг нутгийн зөвлөлийн
лоббигоор нутгийнхаа алдар нэртэй хүний хөшөөг босгочихож байгаа юм. Аль аймаг,
сум хамгийн олон хөшөөтэй болох вэ гэсэн уралдаан зарласан мэт.

Хүний
хөшөөнөөс гадна Монго­лын бүх суманд адууны хөшөө бий. Гайгүй сайн давхидаг, улс,  аймгийн наадамд хэд түрүүлсэн адуу бол­гон хөшөөтэй,
өөрийн гэсэн дуутай болжээ. Тэрний минь адуу, энэний минь хурдан азарга гээд л хөөрч
давхиад өнчин хүүхдэд атга чихэр сарвайдаггүй шинэ цагийн зарим хөрөнгөтнүүд адгуусандаа
баруун солгойгүй мөнгө цацаж байгаа юм.  Хүнээсээ
илүү адуундаа хайртай  байгаа нь энэ. Тиймээс
ч цементэн адууны тоо жил ирэх тусам нэмэг­дэж 
байна.

“Хөшөө
тийш очих ардын зам нь балрахгүй” тийм л хөшөөг дэл­хийн улс орнууд босгодог. Тоо
нь дэндүү цөөн.  Тэр улс орны бахар­хал имиж,
нэрийн хуудас, хүн төрөлхтний оюуны их гайхамшигт суутнуудынхаа хөшөөг сүндэр­лүүлж,
тийш очих ард түмнийх нь зам байтугай тийшээ тэмүүлэх хүн төрөлхтний зам балардаггүй.
Тийм хөшөөнд хэн нэгний ёсчилс­ноор биш хүмүүс өөрсдөө хүслээ­рээ цэцэг барин очиж
мэхийн ёсол­дог.

Хэн
нэгний хөшөө гэхээсээ илүү урлагийн гайхамшигт бүтээлүү­дээрээ дэлхийн улс орнууд
гай­хуулдаг.

Төр
нийгмийн  зүтгэлтнүүдээ  бүгдийг нь хөшөө болгон хувир­гавал юу болох вэ.
Үүнийг цэгцлэх цаг болжээ. Тэгэхгүй бол чулуун хүмүүс өдрөөс өдөрт нэмэгдэж байна.
Чулуу хэдий бат бөх ч гэлээ  хэрэггүй үедээ
хөл дор хэвтэж л байдаг эд. Өнөөдөр магтагдаж хөшөө болж байгаа ч маргааш луйварчин
байсан нь илэрвэл, алуурчин байсан нь мэдэгдвэл хөөрхий хөшөөг Сталин шиг хувь тавилан
угтана.

Цагийн
шалгуур даахгүй олон хөшөөнүүд  ур хийцийн
хувьд ч хоорондоо ялгагдах юмгүй. Дав­тагд­мал шинж нь их. Нэг бол зогсч, үгүй бол
сууж байгаа, нэг тийш гараа хандуулсан эсвэл гартаа ном барьсан хэдхэн янзын дүрс­лэл­тэй.
Ядаж урлагийн бүтээл талаас нь ч харахад таатай биш хүн хөшөөнүүдийн талаар ан­заарч
харах цаг болжээ.

Хөшөө
дурсгалын талаар ямар нэг хууль бий эсэхийг сонирхож үзлээ. Тусгай зориулалттай
газар нутгийн тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль зэрэгт ганц нэг заалт
байдаг бололтой юм.  

Чулуун хүнд цаг зав, мөнгө хөрөнгө зарахаасаа илүүтэй
амьд хүндээ анхаарал хандуулвал хэ­рэгтэйсэн. Ингэхэд талийгаач бо­лоод хөшөө болох
тухай хэн ч  мөрөөддөггүй шүү дээ.

Categories
редакцийн-нийтлэл

Манантай яваа нь Ардын намынхан, маниасаа гуйдаг нь Ху намынхан

-Н.ЭНХБАЯР : БИ ТОМООРОО БАЙГАА-

БУРИАД САМГАНЫ ГАРГАЛГАА

Хуучны  МАХН нэрээ сольж, хоёр салсны дараа Ардын намын гишүүн болох Нямтайширын Номтойбаяр хэмээх хөрөнгөлөг,  чинээлэг  залуу Ардын намдаа орохгүй гэж адарсан Ц.Шинэбаяр нөх­рийг ардын дайсан бол­гон  ярьж,  манай намынх биш гэж ирээд л баахан баалж. Намын даалгавар хойно Номтойбаяр ч Намтайбаяр болтлоо зүтгэсэн юм байгаа  биз. Угаас өөр намын хүн гэдгээ албан ёсоор зарласан Ц.Шинэбаярын тойрогт Н.Номтойбаярыг зүтгүүлж буй  нам нь бодлогоор дайс­ныг нь даруулахаар илгээсэн нь хэнд ч тодорхой хэрэг л дээ.

Төд удалгүй ардын дайс­наар цоллуулсан өнөө Ц.Шинэ­баяр нь нутагтаа дав­хиад очилгүй яав гэж.  Ардын намын Номтойбаярт хариу­гаа дөмөгхөн шиг  барихаа ч тэр мартсангүй. Ц.Шинэбаяр нь Ху нам гэдэг чинь  хуучны МАХН,  харин Ардын намын­хан бол баячуудын нам гээд Дорнодын их талаар нэг Ху намаа сурталчилж. Та нар МАН нэртэй баячуудын намд орж болохгүй. Хуучны юм Ху намаа түшээрэй л гэж гуйгаад явж.  Дорнодынхон Н.Номтой­баярт биш Ц.Шинэбаяр хэ­мээх хуучин хүүдээ илүү итгэж байгаа юм байх. 

Энэ үйл явдлын дараа Дорно­дын нэг сумын буриад  өвөг­цүүлийн дунд ийм яриа бол­жээ. “Бидний сонгуульд орол­цоод санал өгдөг нь аль нь болж таарч байнаа, ингэ­хэд. Байж байгаад л янз янзын “баяр”  нэртэй нөхдүүд ирээд хоёр янзын нам яриад толгой тархи эргүүлээд байх юм” гэцгээж. Гайхаж хоцор­сон хэдэн өвөгцүүлийн яриан дундуур нэг самган орж “Ма­нан дунд яваа нь МАН-ынх, маниусаа гуйгаад байгаа нь Ху нам нь байхгүй юу” гэж хэлж гэнэ. Өвөгцүүлийн ярианд хошуу нэмэрлэсэн самганаа зэмлэж өвгөн нь  “Битгий дэмийр, МАН нь яагаад манан дунд байдаг юм” гэхэд сүрхий сүүхэйтэй самган “Намын нэр солино энэ тэр гэж дэмийрэхэд нь намын их хуралдаа маниу­сын сонгоод явуулсан хэдэн хүүхэд яалаа. Нэр мэр со­лихгүй гээд жигтэйхэн толгой дохиод явчихаад хотод очоод  өдөр шөнөгүй архи дарс,  тархи толгой угаадаг үгэнд нь автаж манангаас гарч  чадах­гүй байсаар намын нэр со­лиу­лаад ирээ биз дээ. Дарга нарын тавьсан манан­гаас гарч чадаагүй хэдийг манан дунд яваа МАН гэж хэлж бай­на. Ард нь сугарч үлдээд маниусыгаа гуйгаад яваа хэдийгээ Ху-гийнх гээд бай­на”. Сэргэлэн самган ин­гэж өвөгцүүлийн толгойны эргээг өөрийнхөөрөө гаргаж өгчээ. Ер нь бол нутгаасаа гарахдаа намын нэр солиу­лах­­гүй гэж даалгавар авч хот руу их хуралдаа явсан  хэд нь хотод ирээд тархиа гашилтал эргүүлж бэлэг сэлт, ухуулга сурталчилгаа, айлган сүр­дүүлэлт, архи дарсны мананд ороод өөр нам байгуулал­цаад ирснийг нь хэлж л дээ. Аймгаас төлөөлөгчөөр сон­гог­доод явахдаа уг нь Бага хурлынхаа гишүүнд өөрс­дийн хүнийг сонгох гээд нэрээ хүртэл жагсаагаад бэлэн оч­сон байгаа юм. Ирээд манан­гаас гарч чадалгүй нэг л мэдэхэд өөр хүн сонгочихоод очсон байдаг. Ингээд л дээрх өвөгцүүлийнх шиг яриа хаа сайгүй болохгүй юу.

Н.ЭНХБАЯР МАХНДАА ҮЛДЭГСДЭЭ ГООЧЛОВ

Одоо тэр өвгөцүүлийн ярьсан шиг манан дунд яваа МАН-ыг Сү.Батболд авч яваа. Манантай яваа намын дарга маниусаа гуйдаг намынхнаа­саа бас эмээж байгаа нь то­дорхой. С.Баярыг сул гишүүн болоод амбиц нь хөдөлж буцаад хуучин албаа авах гэж анкетаа барьж гүйгээд М.Энх­болдод загнуулаад больсон гэх яриа намын их хурлын үеэр чих дэлсэж байв. Их хурал нь болсны дараа С.Баяр ямар ч байсан АНУ руугаа явчихсан.  Харин Н.Энх­баяр С.Баярыг Ерөн­хий­лөгчийн сонгуулийн үеэр өөрийнх нь эсрэг ажилласан гэх Н.Энхбаярыг хэдэн долоо хоногийн өмнө Сү.Батболд, У.Хүрэлсүх нарын хүмүүс хүлээн авч уулзжээ. Нөгөө­дүүл нь “Намынхаа эсрэг өөр юм битгий яриад байгаач. Та  сонголтоо хийх хэрэгтэй” гэхэд Н.Энхбаяр эхлээд их л янз муутай байснаа  сүүлдээ “Би МАН-ын Бага хурлын гишүүн ш дээ. Манай хэдэн нөхдүүд л ийм юм хийгээд яваад байх юм” гээд Ц.Шинэ­баяр, Удвал нарыгаа “хөөр­хөн” дөнгөөд авчээ. МАХН-д хамт зүтгэж байгаа хэдийгээ тэрээр цааш нь хэлэхдээ “Тиймэрхүү хэн ч биш гудам­жинд яваа хүмүүстэй юу гэж тэгж явах вэ. Би том алба хашиж байсан хүн. Одоо ч өөрийгөө томоороо байгаа гэж бодож байна” гээд намын бодлогын асуудалд оролцох хүсэлтэйгээ илэрхийлжээ.  Хариуд нь МАН-ын удирд­лагууд   “Тохиролцъё. Н.Бага­банди дарга шиг намынхаа асуудалд оролцоод явж бол­но” гэж найрсжээ. Гэвч түүний энэ хоёр нүүр гаргасан ойл­гомжгүй байдал одоо ч үргэл­жилсээр байна. Соё­лын сай­даас эхлээд УИХ-ын ги­шүүн, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гээд Монголын бүхий л том албан тушаалыг хашиж явсан тэ­рээр 1992-2009 онд тасралт­гүй өөрийнх нь хэлснээр “то­моо­роо” бай­сан. Өөрийнхөө хаанч­лалын хорь орчим жилд авлигын загалмайлсан эцэг, аалзны тор хэрж явсан гэгддэг атлаа юунд  ингэтлээ өөр хүн шиг одоогийн муу муухай бүхэн өөрт нь хамаа­ралгүй юм шиг ярьж явааг Н.Энхбаяр, бурхан хоёроос өөр хэн мэдэх билээ.  Ямар ч байсан ой ухаанаа гээсэн үү, хуучнаа мартаж шинэ хүн болох гэж жүжиг­лэнэ үү, өөрч­лөгдөх нь өөрч­лөгдсөн. 

Түүний МАН-ын удирд­лагуудтай уулзахдаа ярьсан хар амиа бодсон үгний үр дагаварт МАХН-даа үлдэнэ гэсэн Ю.Атар,  Н.Удвал  нарыг өнгөрсөн баасан гаригт ху­ралдсан нийслэлийн намын хорооны хурлаар намаас хөөсөн шийдвэр гаргажээ. 

   УИХ ДАХЬ МАХН ХОЁР ХӨЛТЭЙ БОЛЛОО

Ху нам УИХ-д ганц хөлтэй байсан бол хоёр хөлтэй болж магадгүй гэнэ. Учир нь Ардын намын нөхдөө зүхэж эхэлсэн дараагийн хүнээр УИХ-ын гишүүн Ц.Батбаяр гишүүн тодорч   байна.  МАХН нэрээ авч үлдэнэ гэж буй Ху-гийн­хан Дорнодын Ц.Шинэ­бая­рын  нөгөө хөл болж гарч ирэх нь. Энэ янзаараа үржиж  нэ­мэгдээд байвал УИХ-д Ху-гийн  бүлэг гээч бий болох нь гэж ажиглагчид яриад эхэл­жээ. Тэгээд мананд төөрсөн МАН, маниасаа гуйдаг МАХН-ынхан гэдэг хоёр бүлэг УИХ-д гарч ирвэл Н.Энхбаяр ха­рин хаана нь бууж ирэх бол.

За тэгээд  мананд төөрдөг нь ч байна уу, маниасаа гуйдаг нь ч байна уу үзэл бодлоороо чөлөөтэй нэгдэх нь ардчиллын зарчим, Үнд­сэн хуулийн заалтад байдаг хөдөлшгүй
нотолгоо.  МАХН-даа үлдэнэ үү, МАН-даа нэг­дэнэ үү долдугаар сарын нэгэнд үзэл бодлоо илэр­хийлсэн хүмүүсийг
хөөж тууж буудсан шигээ үзэл бодлоор нь ялгаварлаж болохгүй л дээ.  Үзэл
бодлоороо хэн нь ч нэгдсэн  хүний эрх. Гэвч  хүний
эрхийн байгууллага үзэл бодлоосоо
хөдөө хотгүй ал­бан шахалтаар МАН-д элсэ­хийг шахаж шаардаж,
дарам­талж байгааг хараад дуугүй
суугаад байж болохгүй биз
ээ. Дал гарсан буриад өвөө на­мынхаа хуучин, ши­нийн уч­рыг
олохгүй будилж явсан  ч МАХН-ын гишүүний
улаан батлахтайгаа хадан гэрт ха­рихыг хүсч
байгаа гэдгээ харин нуухгүй
байсан шүү. Өвгөний хүсэл
Дорно­дын талд төдийгүй Монголын тал нутагт үйлчлэх хүчинтэй хэ­вээрээ юм билээ.

Categories
редакцийн-нийтлэл

Архинаас нь салгахыг Архичин Монголын Ард түмэн хүсч байна

Энд нэг хэлэх үнэн байна. Архи нь байсан цагт монгол хүн уухгүй байна гэж хэзээд ч бай­даггүй  юм. Тэд биеэ даагаад дуртай юмнаа­саа татгалзаж, дээр нь сонголт хийж сураагүй. Хэдийгээр архи уух нь эрүүл мэндэд муу гэж мэддэг боловч “За энэ хогоор яах вэ” гээд той­роод явж байсан түүх үгүй. Бас дахиад нэг үнэнийг хэлэхэд архи нэг л амссан бол монгол хүнд тааруулж ууна гэсэн ойл­голт гэж хэзээд ч төрж байгаагүй юм. “Үхсэн, түрүүний жоохон юм одоо бараг гарчихлаа ш дээ. Хурдан дараа­гийнх нь архийг олъё. Сэтгээч ээ. Түргэлээч ээ”  гээд л гүйгээд байдаг. Монгол­чуу­дын тухай ганц үнэ­нийг эцэст нь дуулгахад согтуу монгол эр тавьтар­тай байсан түүх бараг байдаггүй билээ. Бид сог­тохлоо­роо энэ бүрзгэр­хэн бас эмзэгхэн  амьдра­лаа бүрмөсөн хөмөрч ор­хидог. Эрүүл болсон хой­ноо толгойгоо шаан тү­мэнтэй харам­савч бүх юм өнгөрсөн байдаг.

Бид ийм л ард түмэн. Одоо бидний  хоёр хүний нэг нь  архичин хэмээх алдар гуншинтай. Өглөө босоод хийдэг үндсэн ажил нь архи олж уух.

“Сайн уу? сайн, юу байна? юмгүй,
юу хийж байна? юу хийхэв, архиа уугаад л явж байна”. “Та­ван зуун цаас өгчих, ганц юмны гуя болгох гэсэн
юм” …Ихэнх  харцуу­лын ярь­даг яриа ийм л
хэмжээнд эргэлддэг. Тэд бас “Ганц кг гурилын мөнгө олд­доггүй байж ганц шил архины мөнгө хаанаас ч олддог” гэж ярих дуртай. Өнөөдөр
тэр ууж байна. Надаас ганц юмны тал гуйлаа. Байвал өгчихье, яагаад гэвэл маргааш намайг ууж байхад хэн
нэг нь мөн ингэж бодоод тал
шил юмны мөнгө өгнө
гэсэн  фило­софи энд үйл­чилдэг.

Нэгэнт уухаа больдоггүй, уух­лаа­раа тасартал уудаг, уусан хойноо тавьтаргүй монголчуудын амьдрал тамд байгаа мэт харгис байх нь зүйн хэрэг биз дээ. Дэлхийн хамгийн халуун цэг Ирак, Афганис­танд нэг шөнийн дотор нэг гэрийн найман хүнийг гэртэй нь цуг уст­гачих­жээ гэж дуулддаг уу? Тэгвэл Монголд энэ бол ердөө цочирдох мэдээ биш болсон. Хөгшин залуу хүүхэд үүхэдгүй цугларч архидаж байгаад нэг шоронгийн шаар тас­ра­хаараа цөмийг нь алаад гэрийг нь галдаад өөрөө бас угаартаж унаад цуг шатчихсан. Үүний төлөө хэн ч хариуцлага хүлээхгүй. Хэрэв хариуцлага яривал гэртээ архидаж байгаад бие биенийгээ алаад шатчихсан хулгайч нарыг би яах болж байна гэж хороон дарга, хэсгийн төлөөлөгч нар нь барьж иднэ биз. Үнэндээ ч бараг тийм. Манай дарга нар ийм мэдээг ямар ч цочирдолгүй хүлээж аваад сур­чихчээ.

Монголын нийгэм архичдын нийгэм болоод удлаа. Ийм нийгэмд юу ч хийгээд нэмэргүй. Ямар ч шударга ёс ардчилал эрх чөлөө гэж яриад ямар хэрэг байна вэ?  Ийм нийгэмд ардчилал тэгш эрх, шударга ёс энэ тэрийг яриад хэрэг­жүүлэх гэж оролдвол   харин ч  гай болдог. Дээрх эрхэм зүйлс хүний нийгэмд байдаг болохоос архич­дын нийгэмд харш зүйл юм. Албан ёсны судалгаагааар манай хүн амын 51.2 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэдэг зуршилтай нэг хүнд жилд 33 литр архи  ноогдож байгаа ажээ. Дээр хэлсэн хоёр хүний нэг нь архаг архичин гэдгийн учир энэ юм. Олон улсын хэмжээнд нэг хүнд ноогдох архи жилд найман литрээс хэ­тэрсэн тохиолдолд аюулын ха­ран­га дэлддэг жишигтэй юм байна. Байдал ийм болсныг Монгол Ул­сын Ерөнхийлөгчийн газраас анхаарч үндэсний аюулгүй байд­лын зөвлөлөөр ойрын хугацаанд  Монгол дахь архидалтын байдлыг хэлэлцэх гэж байгаа нь цагаа олсон хэрэг боллоо. Энэ тухай зүгээр хэлэлцээд орхих биш, энэ хүнд байдлаас гарах гарцаа олцгооё хэмээн үзэж байгаа биз ээ. 

Монголд архидалт ингэтэл хавт­гайрч байгаа энэ байдал нь олон жил үргэлжилж байгаа, архи­дал­таас үүдсэн гэмт хэрэг үүнээс нь үүдсэн хүн амины хэрэг хэрээс хэтэрч байгаа энэ цаг үед тэгээд дээрээс нь хорлож байгаа юм шиг хоёрын хооронд хорь гучин мянган төгрөг зүгээр байхад нь архины чинь мөнгөнд нэмэр гэж төрөөс өгөөд байх болж  байгаа энэ цаг үед төр архин дээр хатуу бодлого гаргах цаг болсон.  Үүний тулд яах ёстой вэ. Монгол Улсад архи сог­тууруулах ундаа үйлдвэрлэх, ху­далдаалж борлуулах, ууж хэрэг­лэхийг хуулиар хориглох хэрэгтэй байна.  Ердөө л ийм хууль хэрэгтэй.  Үүнийг зөрчигсдөд эрүүгийн хатуу хариуцлага тооцдог болох хэрэгтэй байна. Энэ хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг төр олон нийтийн олон байгууллагуудыг байгуулж төрөөс санхүүжүүлэх хэрэгтэй. Энэ бүхний үр дүнд яах вэ? Эхлээд архигүй болно. Архи нь байхгүй байхад архичин байна гэж байх уу?

Дуугаар эхэлж уйлаанаар төгс­дөг архидалт байхгүй болно. Хун­дага тулгалтаар эхэлж нударга зөрүүлэлтээр төгсдөг архидалт зогсоно. Гоёлын даашинзтай бүс­гүй осгож үхэхээ болино. Архи хорихоор далд наймаа шаг хөгж­дөг гэсэн яриа байдаг. Хөгжөөд хөгжөөд ил зарснаас мянга дахин багасах нь дамжиггүй бус уу.  Элдэв үнэртэн ууж үхдэг юм гэсэн тэнэг яриа байдаг. Тэгнэ  л биз дээ. Тийм болтлоо архинд орчихсон юм ер нь хэзээ хэнд хэрэгтэй юм бэ. Архи байхгүй болохоор эхэндээ жаахан уйтгартай байж магадгүй, гэвч жаа­хан удаж байгаад хүмүүс ажил хийгээд эхэлнэ. Ядахдаа хашаа хороогоо хадаж гэр орноо янзлаад эхэлнэ. Олон, олон жил дайн ту­лаанд яваад эзгүй байсан эрчүүд эргээд ирж байгаа мэт. Ядуурал, ажилгүйдэл, гэмт хэрэг, янхандалт бөөдөлт бүгд байхгүй болно. Ядуу учраас архи ууж байна гээд байдаг юм. Үгүй  шүү, архичин учраас ядуу байгаа юм. Архигүй нийгэмд ард­чилал эрх чөлөө энэ тэрээ ярьж болно доо. Ажилгүй учраас архи ууж байна гэсэн яриа байдаг юм. Үгүй дээ, архи уугаад байгаа учраас л өөр ажил хийхгүй  байгаа юм шүү дээ. Архидалт гэдэг асар том хор­лонт ажил. Архигүй болохоор хүн архидахаас өөр ажлыг хийгээд эхэлдэг юм. Яагаад гэвэл хүн ерөө­сөө зүгээр суудаггүй онцлогтойгоор бүтээгдсэн байгалийн аугаа их бүтээл билээ.

Хуурай хууль АНУ-д туршсан, асар их хор нөлөөтэй гэж яригсад бий. Энэн шиг худлаа юм байхгүй. Ийм яриаг архи уудаггүйчүүд гол­дуу гаргадаг. Монголд архи уудаг­гүй цөөхөн
хүн бий. Та нар ажиг­лаарай.
Тэр хэд бүгд Монголын бүх өөдтэй өнгөтэйг нь өөрийн болгоод авчихсан байдаг юм
ш тээ. Тэд архи уудаггүй учраас
л баян бас эрүүл байгаа юм.
Харин ард түмэн архи­чин байх
нь тэдэнд амар байдаг. Архи нь асуудалгүй
олдож л байвал тэдэнд өөр
юу хэрэгтэй гэж. Архины хуурай хуулийг архи­чингууд яасан их дэмжих бол. “Биднийг
энэ хар хорноос салгаад өгөөч ээ. Төр засаг гэж юм байна уу?” гэж тэд
орилол­дож байдаг юм. Жирийн олон ардчиллын сайхныг мэдрэхээсээ илүү ташуурын амтыг мэдэрэхийг хүсч байдгийг угсаа муутай манай
ноёд яаж ч мэдэх билээ дээ. Энэ социализмын ха­раал архин далай­гаас гарч чадвал
монголчууд би­дэнд хөгжил
гэдэг чинь юухан байх вэ дээ.

Categories
редакцийн-нийтлэл

Дэм болохгүй Засгийн газар дээс бариад ирлээ

Улс төрийн амлалт ихээхэн хүчтэй байдаг ажээ. Сонгууль дөхөөд ирсэн үед арьсаа хам­гаалж үлдэхийн тулд болж байгаа­гаа нураах, цаашид элдэв эрсдэлт асуудал үүсэх нь хэнд ч падлийгүй байх юм. Саяхан баталсан шинэ оны төсвөөр 805 тэрбумыг ичсэн нүүрээ хийх газар болгон тараах болсон билээ. Энэ мөнгөөр “2000 хүүхдийн суудалтай 80 дунд сур­гууль, аймаг бүрт олон улсын стандарт хангасан орчин үеийн эмнэлэг барьж, 20 мянган өрхийг орон сууцаар хангаж, “Говь” комби­нат шиг 40 үйлдвэр барьж, эсвэл Улаанбаатарын замыг бүхэлд нь шинэчлэн тавьж чадах байсан” хэмээн хэвлэлүүд эмгэнэн бичиж байна. Уг мөнгөний 700 гаруй тэрбум төгрөг нь бэлнээр тарааг­даж үлдэх 80 гаруй тэрбум төгрөг нь Хүний хөгжил сангаар дамжиж бүхий л их дээд сургуулиудад сургалтын төлбөр болж очно гэж байгаа. Өнгөрсөн намар их дээд сургуулиудыг оюут­нуудаас авах 500 мянган төгрөгөө авсанд тооцож хасаад үлдэх мөнгийг нь ав гэж дээд газраас нь үүрэгдсэн билээ. Энэ мигуйд даал­гавар нь боловс­ролын салбарын­ханд тун хатуу дөнгө болсон юм. Тэр үед төсөвт уг мөнгийг суулгаа ч уу, үгүй ч үү мэдэгдэхгүй байсан болохоор байдал бүр ч хэцүү байв. Одоо уг хөрөнгө төсөвт хүчээр хийгдсэн ч үүнийг дагаад боловсро­лын сал­бар нурахад улам ойртов. Их дээд сургуулиудад хүүхэд нь суралцаж байгаа малчинд тэнгэ­рээс хагас сая төгрөг унаж ирээд, төлбөрийг нь төлж амьдралыг нь дэмнэсэн мэт байгаа ч эргээд хамгийн аюултай галаар монгол­чууд бид тоглож байна. Улс оронд хамгийн чухал амин сүнс нь байх ёстой боловс­ро­лын салбар амлал­тын энэ шуурганд өртлөө.

Хүний хөгжил сангаас сурч боловсроход нь дэм болгож хагас саяыг өгнө гэсэн шийдвэр гарснаас хойш их дээд сургуулиудын хэвийн байдалд чичиргээ гарч эхэлсэн билээ. Төрийн албан хаагчид цалин­гаа 30 хувь нэмээд байдаг, харин энэ дайрлагад дайруулсан сургуулиуд цалин нэмэх тухай бодох ч хэрэггүй болсон. Дээрээс нь өрсөлдөөнөөр чанартай сур­галт, чадварлаг боловсон хүчин бэлтгэх бодлого уг 500 мянгын дайрлагаар бүрмөсөн булшлагд­сан гэж болно. Одоо материаллаг баазаа нэмэгдүүлж, чанартай сургалтыг олгоно гэж дүвчигнэх ч хэрэггүй болж байна. Хагас жи­лийн хугацаанд багш нарынхаа цалинг арай хийн тавьж дэнжигнэж ирсэн сургуулиуд үлдэх хугацаандаа мөнгөө яаж ийгээд олоод авбал чанартай мэргэжилтэн бэлтгэнэ энэ тэр гэж сүржигнэх ч шаард­лагагүй. Зүгээр хүүхэд бүрээс ирэх 500 мянган төгрөгийн татаасыг нь аваад сууж байхад л болж байгаа юм. Бас тэр мөнгөө зовлон багатай олоод авбал шүү. Тэрхүү мөнгөө авах гэж төрийн түшмэлийн царайг харж багагүй зовно. Хэрэв хэн нэгэн албан тушаалтны ая эвийг олоогүй бол сургуулийн дансанд мөнгө орж иртлээ удна даа. Аягүй бол хэдэн цаас хариу атгуулах ч хэрэг гарч магадгүй. Уг нь хуучин хэдэн хүүхдээсээ төлбөрөө аваад явдаг байсан бол одоо төрийн гар энэ салбар руу орсноор асуудлыг бас л хүндрүүлчихэж байгаа юм.

Улс төрийн энэ шийдвэр шинэ Монголын боловсон хүчин бэлтгэх зорилготой сургуулиуддаа халтай, харин хүний бөглөөсөөр улсаас татаас аваад суух сонирхолтой диплом тараадаг жижиг сургуулиу­дад нэг талаас таатай боломж олгож байгаа юм. Одоо хэн ч өрсөл­дөөнөөр боловсролыг олгох гэж мэрийх хэрэггүй боллоо. Ийм гачлант үе Ерөнхий сайд болсон анхны уулзалтаа боловсролын салбараас эхэлж байсан С.Бат­бол­дын үед тохиодог байна шүү.  Уг нь түүнийг боловсролын салба­рынхантай анхны уулзалтаа хий­хэд нь Монголын боловсролыг шинэ шатанд гаргах боломж ирлээ гэж ирээд л өвгөн эрдэмтэд хөөрч байсан гэдэг. Гэвч сонгуулийн амлалтыг биелүүлэх болчимгүй энэ шийдвэр нь боловсролын салба­рыг моринд нь мордуулчихлаа. Энд тэндгүй “Ардын нам мандту­гай” гэж туг дэрвүүлэн давхицгаа­саар байгаад энэ Засгийн газар юу ч хийсэнгүй. Хамгийн их дэмжих ёстой боловсролын салбараа боомилоод хаячихлаа. Уг нь Төр засаг нь дэм болохгүй бол гай болохгүй байх алтан дүрмийг барьж явсан улс орон хөгжөөд байх шиг байдаг юм. Харин Монголд дэм болохгүй мөртлөө дээс бариад боомилох Засаг байх юм даа.

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Монголд ядуу хоосон амьдрах нь ичгүүртэй хэрэг

“Амьдрал
гэдэг энэ бурхны найран дээр турж үхэх ухаангүй­чүүд дэндүү хайран” гэж эртний нэгэн яруу найрагч хэлсэн байдаг. Үнэхээр амьдрал бол зүгээр л хүмүүн төрөлхтөнд зориулж бурх­наас дэглэж байгаа найр шиг санаг­дах удаа олон бий. Тэгвэл  найран дээр зочноор ирчихээд турж үхэх нь бас ч гэж дэндүү харамсмаар хэрэг буюу.

Амьдрал ядуу байна гэж  бид сүүлийн хорин жил ярилаа. Ингэж харам­сан ярихаар баян болдог­сон  бол өдийд монголчууд дэлхий даахгүй баячууд болохсон.  Даанч эвэр хошуулан ядуу хоосноо гайхах тусам бурхны дэглэсэн найран дээр турж үхэх гэгч нь тулаад байна. Өвөг дээдсээс үеийн үед хадгалан харамлаж бидэнд үлдээ­сэн энэ сайхан оронд  ядуу зүдүү­гээ гайхахаа одоо болимоор юм.

Арчаагүй ядуу зүдүү байгаагаа хөөрөлхөхөөсөө өмнө ямар оронд амьдарч байгаагаа эргээд нэг санах хэрэгтэй байна. За яахав цаг агаар хүйтэн л юм биз. Ганц улавч ганц агтавчтай амьдраад байж болох­гүй хэцүү байна гэж гомдоллож болох л юм. Гэвч дулаан байсан ч, хүйтэн байсан ч өөрөө хоол олж идэхгүй бол адилхан л турж үхэх биз ээ. Тэгэхээр хүйтэн гэдэг бол заавал ядуу байх  хүчин зүйл биш юм. Улаанбаатарын хонхорт утаа­тай нь үнэн. Гэхдээ хотоос гадагш ганц км явахад л тал нутгийн цэнгэг  агаар сэнгэнэж агь гангийн анхи­лам үнэр таныг угтах болно. Энэ хязгаар хярхаггүй цэнхэр талд тавиад сая мал бэлчээрлэж байна.  Тэгвэл бид дөнгөж гурван сая хүн амь хүрэхтэй үгүйтэй билээ. Ийм байж ядуу хоосноо гайхах хэрэг байна уу.  Гэхдээ би энд заавал мал маллаж амьдар гэх гээгүй байна.

Хүн бүр мал маллаж амьдардаг байсан бол одоо хүн бүр уурхай­чин болж амьдрах бүрэн боломж  байгаа.  Манай орон шиг ийм ашигт малтмалаар баялаг орон ер нь  энэ дэлхийд өөр байна уу. Монгол орны газар нутгийн гучаад хувийг судалсан, далаад хувийг судалж амжаагүй байна. Тэгвэл тэр суд­лагд­сан гучаад хувь нь манай орныг  дэлхийн ашигт малтмалаар баялаг орнуудын эхний 15-д оруулж байна. Тэгэхээр үлдсэн далан хувиас юу гарах вэ. Юу ч үгүй хоосон байхгүй нь л мэдээж. Юм бүхэн байна гэсэн үг. Ийм оронд амьдарч байж ядуу хоосноо гайхац­гаавал ёстой заяа нь гомдох байлгүй. Ямар ч байсан ойрын тавиад жил бид газар шороогоороо амьдрах ирээдүй байна.

Тэгэхээр бид уул уурхай гэдэг юмыг мэддэг болох хэрэгтэй. Мөн түүгээр амьдарч, дээр нь хөдөл­мөрлөж  сурах ёстой. Хүрз бариад амьдарч болж байна. Энэ нь уур­хайчин болох гэсэн санаа л даа. Хөдөө сумуудаар дүүрэн нинжа язганаж байгаа нь үүний л нэг хэлбэр юм шүү дээ. Гэхдээ уурхайд ажиллана гэдэг нь юу гэж түүнтэй адил байх вэ. Нийгмийн даатгал төлж, цалин нь өндөр байх биз.

Мөн уурхай эзэмшиж  болно. Энэ нь уурхайн эзэн байж босс болж амьдрах хэрэгтэй гэсэн үг юм. Яагаад хаа дуртай газартаа хүрзээр гишгэхэд чулуун нүүрс гарч байдаг орны иргэд уурхайн эзэн болж болохгүй гэж. Бараг худалч хүнд сохор таамгаар хөр­сийг нь хуулахад л дээд зэргийн илчлэгтэй нүүрс сул хэвтэж байгаа юм биш үү. Тэгвэл хэдүүлээ ний­лээд нэг нь ахлаад л ухаж эхлээч дээ. Уурхай хийх нь бараг төмс тари­хаас хялбар болчихсон гэдэг яриа үнэний ортой. Эзэн байх хүсэл зоригийг нь бид өөрсдөө дэмжиж сурах ёстой.

Уул уурхайгаар амьдрах хам­гийн түгээмэл арга зам нь хувьцаа эзэмшиж, түүгээр арилжаа хийж амьдарч сурах хэрэгтэй болжээ. Үүнийг мал малладаг шигээ, хөг­шин морины наймаа хийдэг шигээ сурч дадах хэрэгтэй байна.   Бидний ярианы сэдэв уул уурхайн хувьцаа болж  айлд ороод гарахдаа  “Таван толгойн хувьцаа өсөх шинжтэй байна. Панз Лувсан ойрдоо энэ хувьцааг хамаад байдаг боллоо. Тэр мэдэж байгаа” хэмээн ярьц­гаадаг болбол бид жинхэнэ ёсоор нь сурч зах зээлд орж байгаа нь тэр юм. 

Мөн уурхай дагасан дагалдах ажил хийж барахааргүй их юм. Адаглаад л ажилчдын бээлий оёод зараад байхад л болоод явчих биш үү. Хоол хош унаа тээвэр, үйл­чилгээ цэвэрлэгээ гэх зэрэг ажил мундахгүй их гарна. Үгүй ядахдаа л уул уурхайн чиглэ­лийн хэвлэл мэдээлэл  хэд хэд байх шаардлага  бий боллоо. Хийх гэвэл бараг­дахгүй их ажил биднийг хү­лээж байна. Хуучин бол мал мал­лах, тариа тарих, төсвийн ажил хийхээс өөр юм олдохгүй байсан. Тэгвэл газрын диваажин болсон манай орны үүц задарч  хаашаа л харна ажил хөдөлмөр биднийг хүлээж байна. Ийм их баялаг ийм их боломжтой оронд амьдарч байж ядуу хоосон, гутрал гунигийн та­лаар ярих нь өөрсдийгөө ичгүүрэй байдалд оруулж байна.

Одоо зүгээр хэн хаана ямар ажил хийж болохоор байна түүн рүү дайрцгаая. Өөрөө өөрсдөдөө боломж гаргаж өгцгөөе. Бид өөрс­дийнхөө төлөө санаа тавихгүй бол өөр хэн бидний төлөө санаа тави­на гэж.

Таван толгойн тийшээ нүүцгээе.  Оюу толгойд бууж хашаа хатгая. Ухаа худагт дөхөж очъё. Олон овоотод нутаглая. Тавих гэж байгаа төмөр зам, тавьж байгаа засмал замыг нь бараадъя. Одоохондоо хүрз бариад зүтгэе ээ, хүмүүс ээ. Удаж төдөлгүй л техник бариад хөдөлмөрлөх болно.

Уул уурхайн гадна дотны эздэд захих ганц л юм энд бий. Монгол­чууд бид эх орондоо байгаа эрх чөлөөтэй хөдөлмөрчин ард түмэн шүү гэдгийг л хатуу санаж байх ёстой. Хаана дуртай газраа ажилд орох эрхтэй, эрхээ хамгаалуулах төртэй  ийм л ард түмэн бид. Түү­нээс энд тэндээс цагаачилж, оргож босож  ирсэн, иргэний эрхгүй,  идэх хоолоор ажилладаг хүмүүс бид биш билээ. Ийм ялгаа заагийг харж мэдэрч сурах нь хаа хаанаа хэ­рэгтэй. Бид ямар гадаадад хөлсөөр ажил хийж байгаа биш. Эхлээд монголчууд, дараа нь гадаадын хөлсний ажилчид.

За тэгээд “нөхдөө” бурхны дэглэн тавьж байгаа найр
ямар байна. Танд зөвхөн гараа хөдөл­гөөд
л найрын тавагнаас идээ авч идэх л дутуу байгаа бус уу.