Ах Ч.Гансүх
-МӨНГИЙГ НЬ ОЛЖ ӨГСӨН ХҮНД БАЯРЛАХЫН ОРОНД УУРЛАЖ ТАВЛАЖЭЭ-
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын
иргэн Ч.Гансүх хөдөө зам дээр хаягдсан 30 сая төгрөгийг олж эзэнд хүлээлгэн өгч
сайн үйл бүтээжээ. Түүний ах Ч.Батцэнгэлээс энэ талаар тодрууллаа.
-Дүү тань их мөнгө олоод эзэнд
нь өгсөн гэсэн. Юу болсон юм бэ?
-Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат Чулууны Нямаагийн төрсөн
ах Ч.Батцэнгэл гэж хүн байна, би. Би Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд оршин
суудаг. Манайх эхээс арван гурвуулаа. Нямаа бол манай хамгийн бага. Дүү маань
энэ оны наймдугаар сарын 4-нд буюу ням гаригт Улаан-Уул сум руу зургаа, долуулаа
бэр гуйхаар хадаг яндар болоод явсан юм. Тэгээд Өлийн даваа даваад явж байгаад
гурван замын бэлчрээс хар цүнхтэй юм олж л дээ. Эхлээд хар цүнх хараад юу юм бол
гэж бодоод өнгөрчихөөд, ер нь үзье гээд эргэж ирсэн байгаа юм. Яагаад хээр цүнх
орхисон байдаг билээ гээд очтол хар цүнхэн дотор ногоон саванд хийсэн лацтай
банкны мөнгө байсан гэсэн.
Сэжигтэй, ноцтой мөнгө шиг санагдахаар нь цагдаад аваачиж өгье гэж шийдээд лацыг нь хөдөлгөөгүй
аваад явж байтал мотоцикльтой хүн ирээд “Зам дээрээс хар цүнхтэй юм олов уу” гэж
асуусан байгаа юм. Тэгэхээр нь “Үгүй. Юу байсан юм” гэж асуутал нөгөө хүн “Хувцастай
цүнхээ хаячихаж” гэхээр нь сэжиг улам лавширсан
хэрэг. Тэгээд мэдэхгүй гэж хэлээд явуулчихаж. Тэр хүнээс салаад явж байгаад Улаан-Уул сумыг хариуцсан цагдаагийн
дарга, хошууч цолтой хүнтэй замдаа таарсан байгаа юм. Тэр цагдаа аймаг орох гээд
хоёр хүнтэй явж байсан гэсэн. Тэгээд тэдэнтэй уулзаад “Ийм мөнгө оллоо. Энэ хүн
цүнхтэй хувцсаа хаясан гээд байна. Энэ хүний мөнгө мөн үү” гэж асуусан юм билээ.
-Мөнгөө хаясан хүн хаана байсан
юм бол?
– Тэгээд цагдаад ууттай юмыг нь өгөөд
тоолтол 30 сая төгрөг байсан юм билээ. Ямар учиртай мөнгө юм гэтэл Төрийн банкны
мөнгө гэсэн. Мөнгө хаясан мотоцикльтой хүний эхнэр нь сумын Төрийн банкны захирал
юм байна л даа. Эхнэрийнхээ ажлын мөнгийг авч яваад хаясан хэрэг. Тэгээд цагдаагийн
дэргэд мөнгийг нь бүрэн эсэхийг шалгуулсан байгаа юм. Хээр уулзсан учраас тухайн
үед гарын үсэг энэ тэр зураагүй гэсэн. Цагдаа шагнал урамшууллаа тохирчих гэж хэлээд
явсан юм билээ. Мотоцикльтой хүн сумын төв дээр ирчихээд нэг хонь аваарай гэж хэлээд
салсан гэж дүү ярьж байсан. Тэгэхээр нь
“Хониор ч яахав дээ, Эргээд явах гэсээр байтал
хоёр гурав хоночихно” гээд буцахдаа уулзахаар тохирсон юм билээ. Буцахдаа нөгөө
эртэй уулзаад “Хонь аваад яах вэ. Аймаг орох 30 гаруй литр шатахуун хийгээд өгчих”
гэж хэлжээ. Хөдөө шатахуун ховор эд шүү дээ. Хонь 100 гаруй мянган төгрөгийн үнэтэй
байгаа бол 30 гаруй литр шатахуун 50 гаруй мянган төгрөг болно. Тэгсэн нөгөө эр
“Үгүй чадахгүй. Тэгж яривал чи хүний мөнгийг
олж авчихаад надад өгөхгүй цагдаад мэдэгдсэн. Яах гэж цагдаад мэдэгдсэн юм бэ”
гэж хэлсэн байгаа юм. Манай дүү ч гомдож, дургүй нь хүрсэн юм байгаа биз, аймаг
руу давхиад иржээ. Аймаг дээр ирээд Төрийн банк орж уулзаад “Танай банкны мөнгийг
би олж өглөө. Хууль журмаараа бол олсон мөнгөний арван хувийг нь шагнал болгож өгдөг
юм байна ш дээ” гэж хэлжээ. Тэгсэн чинь “Манай банк мэдэхгүй. Мөнгө хүлээж авсан
хүн нь шийднэ” гээд таг чиг болсон байна. Тэгээд би хотын Төрийн банкинд хэлбэл
яадаг юм бол, яагаад хүнд тус болж байхад уурлаж, загнаад хүүхдийн дургүйг хүргэдэг
байна гэж бодоод өнгөрсөн тав дахь өдөр Төрийн банкны аймаг хариуцсан хүнтэй нь
уулзлаа. Төрийн банкны Хөвсгөл аймгийг хариуцсан менежер байж байна. Намайг өргөдлөө
бичээд өг гэхээр нь бичээд өгчихлөө. Хариуг
нь өнөө маргаашгүй хэлээд шийдэж өгнө гэхээр нь сая очлоо. Гэтэл нөгөө менежер
миний бичиж өгсөн өргөдлийг өнөөдөр даргадаа өгсөн гэнэ. Асуудал шийдэгдтэл хэд
хонох байх гэж байна.
-Танай дүү
юу хийдэг вэ?
-Манай ах дүү нар бүгд хөдөө мал дээр байдаг. Би
л хотод амьдарч байгаа юм. Дүү маань машин тэрэг засдаг. Шагнал мөнгө авах нь чухал
биш ч бас хүний мөс чанар гэж муухай болжээ. Цаашдаа дахиад ийм юм гарахгүй байгаасай
гэж бодоод танай сонинд хандаж байгаа юм.
-Эхнэртэй нь уулзсан уу. Баярлалаа
ч гэж хэлээгүй хэрэг үү?
-Сэтгэлээрээ мөнгийг нь олоод өгч
байхад баярлалаа гэж хэлэх нь байтугай юм болсон гэсэн. Хэрвээ мөнгөө хаяад олоогүй
бол алдсан хүн арван тамтай, олсон хүн ганц тамтай гэдэг шиг тэр нөхөр өөрөө л өрөнд
орно шүү дээ. Суман дээр иртэл нөгөө мотоцикльтой залуу эхнэртэйгээ зогсож байсан
гэсэн. Манай хэд дотроо их л юм бодож, за одоо сүйд болоод гэртээ оруулаад хүлээж
авах байх гэж бодсон гэсэн. Гэтэл нөгөө эр чинь авгайдаа “Эд нар чинь нөгөө мөнгө
олж өгсөн хүмүүс ш дээ” гэж хэлчихээд тоохгүй байсан юм билээ. Тэгэхээр нь “Сумын
төвөөс шатахуун олдохгүй байна, шатахуун л хийгээд өгчих өөр хүсээд байх юм алга
даа” гэж хэлтэл бүр юу ч сонсоогүй хүн шиг царайлсан гэж байгаа. Тэгэхээр нь манай хэд өөрсдөө шатахуун олж хийгээд
Өлийн даваан дээр явж байтал нөгөө мотоцикльтой эр араас нь ирж харагдаж л дээ.
“За одоо л ирж байна. Зогсоод юм ярих гэж байгаа юм болов уу” гэж бодоод овоон дээр
зогсоод хүлээтэл хажуугаар нь нэг сигналдчихаад
давхиад өнгөрсөн гэсэн. Тэгэхээр нь манай дүү “30 сая төгрөг бага мөнгө биш шүү дээ. Энэ их
мөнгийг олж өгч, сайн санаж байхад өстэй юм шиг хандаад байх юм” гэж гайхаад явсан
байгаа юм. Миний бодлоор тэр нөхөр цагдаад хэлсэнд уурлаад байгаа юм уу даа. Ер
нь тэр их мөнгийг олчихоод асуусан хүнд нь шууд май гээд өгч болохгүй шүү дээ. Одоо
хүний чанар муудсан цаг. Ямар нэг гэмт хэрэг, хулгай дээрмийн юм байхыг үгүйсгэхгүй.
Цагдаад хэлэхгүй бол болохгүй. Тэр байтугай 30 мянган төгрөг олсон байсан ч май
гээд өгөх хүн ховор болсон цаг. Хотын хүмүүс үнэтэй гар утсаа хаяад л байдаг. Олоод
авсан нь ховор байдаг ш дээ.
-Бараг хоёр сарын өмнө болсон
явдал байна. Тухайн үедээ хөөцөлдөж амжаагүй юу?
-Тэр үед манай дүүгийн эхнэрийнх
нь аав бурхан болоод ажил явдал гарсан болохоор хэл яриа үүсгээд яахав гэж бодсон
юм байна лээ. Угаасаа шагнал өгөхгүй хэрүүл хийхээр хүмүүс байсан учраас тэгсхийгээд
орхисон гэсэн.
-Мөнгөө хаясан айлын хүмүүсийг
огт таньдаггүй байсан уу?
-Танихгүй. Ямар ч байсан тэр эхнэр, нөхөр хоёр
хоёулаа мянгат малчны хүүхдүүд юм гэсэн. Тэр мөнгийг хаясан байсан ч олоод төлчих
дайны баян айлын хүүхдүүд юм гэнэ лээ. Манай дүүг “Чи явдаг хэлдэг газраар нь яваад
юм олж авна гэвэл яваад үз” гэж даналзсан байгаа юм. Ингэж хэлсэн үгэнд нь манай
дүүгийн дургүй нь хүрсэн юм билээ. “Хувь
олж авах нь яамай. Нэрээ сэргээж авмаар байна” гэж байна лээ. Мөнгө олсон хэрэг манай Хөвсгөл аймагт анх гарч байгаа биш
л дээ. Өмнө нь бас банкны мөнгө алга болж
байсан гэсэн. Төрийн банкны сумын зузаатгалын мөнгийг нэг нөхөр авч яваад дөрөв
хоног алга болсон гэсэн. 40 сая төгрөг байсан юм байх. Мөнгө авч явсан нөгөө хүн
нь банкны мөнгийг айлд орхичихоод ангийнхантайгаа
нийлээд Эрдэнэт рүү яваад өгсөн байсан. Энэ хэргийн дараахан манай дүү банкны 30 сая төгрөгийг олж өгч байгаа нь энэ юм.
Х.ЦЭНД-АЮУШ