Г.Мөнхбаяр нарын нэр бүхий хүмүүсийг шалгаж эхэлснээс хойш
компаниуд газар авсныхаа төлбөрийг хийж эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд
Нийслэлийн өмчийн харилцааны газар, хуучнаар Газрын албаны дансанд 1.5 тэрбум
төгрөг төвлөрчээ. Засаг дарга Г.Мөнхбаярын үед нийт 280 тэрбум төгрөгийн үнэлгээ
бүхий газрыг 250 орчим аж ахуйн нэгж ямар ч мөнгө төлөлгүйгээр авсны дэргэд
1.5 тэрбум төгрөг өчүүхэн мэт боловч сүүлийн арав орчим жилд Газрын албаны дансанд
богино хугацаанд орж ирсэн хамгийн их мөнгө болж тодотгогдоод байгаа бололтой. Гэхдээ
энэ мөнгийг 10-20 тэрбум төгрөг төлөх ёстой “Торгон хэлхээ”, “Би Энд Си Эйч Өү”
гэх мэт томоохон байгууллагууд өгөөгүй гэдгийг эх сурвалж хэлж байна. Харин газрын
төлбөрт 10-20, 100-150 сая төгрөг төлөх ёстой жижиг гэх тодотголтой байгууллагууд
төлбөрөө хийжээ. Ийнхүү Нийслэлийн өмчийн харилцааны газарт, газар авсныхаа
төлбөрийг байгууллагууд төлж эхэлсэн нь Засаг дарга асан Г.Мөнхбаяр, НИТХ дарга
асан Т.Билэгт, Газрын албаны дарга асан Ц.Сандуй, дэд дарга асан Э.Ариунгэрэл,
Орлого, бүрдүүлэлтийн хэлтсийн дарга асан Д.Дашцэцэг нарын хооронд хэрүүлийн
алим болоод байгаа гэнэ.
Учир нь дээрх нэр бүхий хүмүүс хуулийн
байгууллагынхныг өнгөрсөн жилүүдэд аргалж байсан шигээ энэ хэргийг хамтдаа ажрахгүй
давна гэж тооцоолж байж. Гэтэл хууль бусаар газар авсан компаниудын удирдлагууд
авлига өгсөн ялд унахаасаа эмээж хэргийг нь илчилж, газрынхаа төлбөрийг хийгээд
эхэлжээ. Үүний сацуу тухайн үед нийслэлийн удирдлагуудын халаасанд хийж байсан
мөнгөө нэхэх, “наад хэргээ өөрсдөө аргалаарай” гэх мэт дарамтыг компаниудын зүгээс
илгээх болж. Энэ бүхнээс үүдэн өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд хамтдаа байж
хэдэн зуун тэрбум, их наядаар тоологдох үнэлгээтэй газрыг хууль бусаар олгож үүнтэй
тэнцэх хөрөнгийг хувьдаа завшсан гэгдэж буй хотын Газрын албаныхан хөлөө жийлцэж
байгаа сурагтай. Өнгөрсөн жилүүдэд авсан авлигынхаа мөнгийг компаниудад буцааж
олгох болбол хэнийхээ халааснаас гаргах вэ гэдэг хамгийн том асуудал нь болж байгаа
юм байна. Зөвхөн энэ л асуудлаас болж олон жил дарга цэрэг, найз нөхдийн холбоотой
явсан дээрх нэр бүхий хүмүүс “би, чи”-дээ тулж “чи төл, би чадахгүй” гэж нэгнээ
далдуур муулан явааг эх сурвалж өгүүлж байна. Бас хэвлэл мэдээллээр гарч байгаа
мэдээллийг зогсоох кампанит ажлыг Д.Дашцэцэг, Э.Ариунгэрэл нар удирдан эхлүүлсэн
ч энэ нь амжилт муутай болж, зөвхөн өөр, өөрийнхөө нэрийг гаргуулахгүйн төлөө хэн,
хэн нь ажилласан нь эцэстээ өширхөл болж сүүлийн хэдэн өдөр хоорондоо уулзахаа
ч байсан гэдгийг ойр тойрных нь хүмүүс хэллээ.
Тэрчлэн Г.Мөнхбаяр, Т.Билэгт, Ц.Сандуй
нар АН-ынханд халаагаа өгөхдөө “өмнөх хэргээ аргалж, энэ хэдэн жилийг өнгөрүүл”
гэж Д.Дашцэцэг, Э.Ариунгэрэл нарт үүрэгдэн Өмчийн харилцааны газарт даргын албан
тушаалд үлдээсэн нь тус болоогүйд тэд бухимдацгааж
эхэлсэн байна. Уг нь Д.Дашцэцэг, Э.Ариунгэрэл хоёр энэ үүргээ эхний нэг жил овоо
сайн биелүүлж Э.Бат-Үүл даргын хураах захирамж гаргасан компанийн газрыг шүүх дээр
эсрэг дүгнэлт гаргуулан А үнэлгээ авахуйц ажиллаж байж. Үүнээс өмнө мандсан бас
нэг асуудлыг хав дарж найр наадам хийх дээрээ тулж байсан тухай мэдээлэл ч байна.
Шууд хэлбэл одоо мандаад байгаа 280 тэрбум
төгрөгийн цаана үүнээс их хөрөнгө мөнгөний асуудал байгаа гэсэн үг.
Гэтэл яалт ч үгүй хэргийг нь Эрүүгийн
цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж эхлэхэд Э.Ариунгэрэл,
Д.Дашцэцэг нарын хүчин мөхөсджээ. Уг нь Э.Ариунгэрэл нь хойно сургууль төгсч
хуулийн мэргэжил эзэмсэн нэгэн бөгөөд Монголын цагдаа, шүүх, прокурор, ШШГЕГ-т
хүртэл гар хөлтэй, нөлөөлж чадна гэдгээрээ данайж ямар ч асуудлыг аргална гэдэг
байсан нь хуулийн байгууллагын шинэчлэл яригдсан өнөө үед амжихгүйд хүрсэн бололтой.
Ийнхүү аль, аль талдаа уруудан доройтсон нийслэлийн хуучин удирдлагууд болон хуучнаар
Газрын албаныхан өнөөдөр нийтээрээ бултах биш зөвхөн дан ганц хар толгойгоо хэргээс
мултлахын тулд ажиллаж эхэлсэн байна. Энэ хүмүүстэй хамт хуучнаар Газрын албаны
Ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга М.Дунгармаа, Газар өмчлөлийн асуудал хариуцсан
ахлах мэргэжилтэн Ё.Энхээ, хуульч Цолмон нарыг байцааж байгаа гэсэн.
Тэдний өдүүлсэн хэргийг дахин сануулахад
хууль бусаар нийслэлийн гурван дүүргийн 240 хэсэгт 24 сая метр квадрат газрыг
250 аж ахуйн нэгжид ямар ч үнэлгээ төлбөр авалгүйгээр, сонгон шалгаруулалт, тендер
зарлалгүйгээр өгсөн байгаа юм. Ингэхдээ хуулийн цоорхойг ашиглан “төр, хувийн
хэвшил хоршин ажиллана” гэсэн захирамжийг гаргадаг байсан байгаа. Үнэн хэрэгтээ
олгосон газарт нь бага боловч төрийн оролцоо байдаггүй байсан нь одоо илэрсэн.
Түүнчлэн Г.Мөнхбаярыг нийслэлийн Засаг
даргаар ажилласан дөрвөн жилд Т.Билэгт, Ц.Сандуй, Э.Ариунгэрэл, Д.Дашцэцэг нар
хотын А зэрэглэлийн бүсэд байх хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн газрыг
хувийн компаниудад өмчлүүлж, байшин, барилга бариулсан хэргүүд нь ч илрээд байгаа гэнэ. Одоогоор хүүхдийн тоглоомын хэдэн
талбайг хувьд шилжүүлж барилга бариулсан нь тодорхойгүй байгаа ч иргэдийн гомдол
санал дээр тулгуурлан үзэхэд өндөр тоо гарах магадлалтай байгаа аж. Баянгол дүүргийн
III, IV хороолол, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатар
дүүргийн XI хороололд нийтийн эзэзмшлийн талбайд барилга барих зөвшөөрөл олгосон
гэх мэдээллүүдийг иргэд ирүүлж байгаа. Ийн хүүхдийн тоглоомын талбай, олон нийтийн
эзэмшлийн газрыг хувьд шилжүүлснийхээ дараа тэд өөрсдийн хөрөнгөөр өндөр, өндөр
барилгууд бариулж өөр хүний нэрээр эзэмшлийн гэрчилгээ авдаг байсан гэх мэдээлэл
ч байгаа юм. Тэр ч бүү хэл Засаг дарга асан
Г.Мөнхбаяр Хөдөө аж ахуйн яамны өөдөөс харсан 44 дүгээр байрыг ашиглалтын шаардлага
хангахгүй гэдэг үндэслэл гаргуулан дүн өвлийн хүйтэнд оршин суугчдыг нь хөөж туун,
тог цахилгааныг нь таслан байж шинээр барилгын ажил эхлүүлэх шийдвэрийг гаргаж
байсан нь ч хуудуутай, хууль бус байсныг эх сурвалж өгүүлж байна. Ер нь нийслэл,
дүүргийн үе үеийн Засаг дарга нар нийслэлийн газрыг зарж хөлждөг нь нууц биш байсан.
Үүндээ бага, дунд албан тушаалтнуудыг татан оролцуулж, хувийн компаниудын талд
асуудлыг шийдвэрлэдэг байсан энэ хэрэг ихээхэн өргөн хүрээг хамарч байгаа. Бизнесменүүд
болон нийслэлийн нэр бүхий удирдлагууд, дүүргийн газрын алба, Засаг дарга нар гээд
ойролцоогоор 300 гаруй хүнээс мэдүүлэг авах нь тодорхой болсон байна. Мөн 1990 оноос
хойших нийслэлийн үе үеийн удирдлагуудыг газрын асуудалд холбоотойгоор шалгах
тухай мэдээлэл ч өчигдрөөс хойш тархлаа. Ямар сайндаа л МАН-ын залуус “М.Энхболдыг
энэ хэрэгт холбогдуулан шалгана гэдэг нь үнэн үү. Хэрвээ шалгавал цаад хүн чинь
давж гарч чадах уу. Үүнийг эртхэн мэдэж намынхаа Их хурал дээр дэмжих эсэхээ шийдэх
гэсэн юм” хэмээн Эрүүгийн цагдаагийн газраар орж, гарч байхав.
ГАЗРЫН ТӨЛБӨРТ ТЭРБУМААС ДЭЭШ
ТӨГРӨГ ТӨЛӨХ ЁСТОЙ КОМПАНИУД
Тэрбумаас дээш төгрөгийн үнэлгээтэй
газрыг үнэгүй авсан хорь орчим компани, хувь хүн байна. Жагсаалтын эхэнд Монголын
морин спорт, уяачдын холбоо байх юм. Тэднийх Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд
10.3 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 18 га газрыг хэдэн жилийн өмнө авсан ч өнөөдрийг
хүртэл төлбөрийг нь төлсөн баримт алга. Бас “Грийт ЭдэнВайс” гэх компани Баянзүрх
дүүргийн 20 дугаар хороонд 84 га газар авч төлбөр болох 9.2 тэрбум төгрөгийг төлөлгүй
өдийг хүрчээ. “Импайрланд” компани ч мөн л Г.Мөнхбаяр Засаг даргын захирамжаар Хан-Уул
дүүргийн 10 дугаар хороонд 20 га газар гаргуулан авч 2.2 тэрбум төгрөгийн төлбөрийг
төлөөгүй нь хуулийнханд ороогдох шалтаг болж байна. Иргэн А.Янжинлхам, Ж.Тэмүүжин,
нар мөн л Хан-Уул дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт тус бүр 10 га газар
авч нийт 2.7 тэрбум төгрөгийг хэнд, хаана, хэзээ тушаасан нь тодорхойгүй байгаа
бол А.Буяндэлгэр гэгч нэгэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд 16 га газрын
1.7 тэрбум төгрөг төлөх ёстой аж. Энэ мэтчилэнгээр “Органик” компани Хан-Уул дүүргийн
10 дугаар хороонд 17.6 га газрын 2.3 тэрбум төгрөг, “Алтан ар тэвш” компани Хан-Уул
дүүргийн 14 хороонд 150 га газрын 9.9 тэрбум төгрөг, “Дасон” компани Хан-Уул дүүргийн
14 хороонд 150 га газрын 9.9 тэрбум төгрөг, “Техник кастле” компани Хан-Уул дүүргийн
16 дугаар хороонд 10 га газрын 1.3 тэрбум төгрөг, “Субутын гэгээ” компани Хан-Уул
дүүргийн 10 дугаар хороонд 100 га газар авсны 6.6 тэрбум төгрөг, “Сэлэнгэ ургац”
компани Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд 20 га газрын 1.7 тэрбум төгрөг, “АЧинскай”
компани Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд 84 га газрын 1.1 тэрбум төгрөгийг тус
тус төлөх ёстой байна.
Ийн14 аж ахуйн нэгж дээр асуудлыг
шүүхэд нийслэлийн хэмжээнд 80 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна. Эрүүгийн
цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс яагаад энэ мөнгө орох
ёстой дансандаа ороогүйг шалгаж, хэн нь төрийн өмчийг завших сэдлийг гаргасныг
эхний ээлжинд тогтоохоор шалгаж байгаа юм.
Л.МӨНХТӨР
Үргэлжлэл бий