Олон жил яригдсан газрын наймаа, үүнийг
тойрсон авлига, хээл хахуулийн асуудлыг Эрүүгийн цагдаагийн Эдийн засгийн гэмт
хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж эхэлжээ. Энэ хэргийг санамсаргүй шалгаж эхлээгүй бөгөөд
холбогдох хүмүүсийг байцаагаад зургаа хонож байгаа сурагтай. Хууль бусаар олгогдсон
газрын асуудлыг цэгцлэхээр жилийн өмнөөс холбогдох байгууллагууд ажиллаж шат дараатай
арга хэмжээнүүдийг авч эхлэхэд нэлээд бэрхшээл тулгарч эхэлсэн байна. Эхлээд өнгөрсөн
гуравдугаар сард нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл захирамж гарган хууль бусаар олгогдсон
газруудыг хурааж авахаар болж ажлыг гүйцэтгэхэд “АН-ынхан ард түмнийхээ өмчийг
булааж эхэллээ” гэсэн яриа гарч байсан. Энэхүү яриаг хууль бусаар газар авсан болоод
өгсөн хүмүүс гаргаж ийм байдлаар иргэдэд ойлгуулсан гэдгийг учир мэдэх хүмүүс тайлбарлаж
байна. Ингэж хууль бусаар олгосон газрыг цэгцлэх ажил нэг хэсэг гацсан ч нийслэлийн
Өмчийн харилцааны газар буюу хуучин Газрын албаны санхүү, тайлан тооцоо, баримт
сэлтийг нягталж үзэхэд хотын экс удирдлагууд газрын наймааг нэг бус удаа хийж төрд
ихээхэн хэмжээний хохирол учруулсан нь тогтоогджээ. Ийн Эрүүгийн цагдаагийн Эдийн
засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хэргийг шалгаж эхэлсэн нь энэ гэнэ.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА АСАН Г.МӨНХБАЯР
НАРТ 240 УДААГИЙН ҮЙЛДЭЛТЭЙ ХАВТАСТ ХЭРЭГ ҮҮСГЭЖЭЭ
Хотын мэр асан Г.Мөнхбаяр, НИТХ-ын
дарга Т.Билэгт зэрэг долоо, найман хүнийг холбогдуулан шалгаж эхэлсэн бөгөөд нийт
240 удаагийн үйлдэлтэй гэсэн тодотголтой хавтаст хэрэг үүсгэсэн сураг байна. Үүн
дээр нийслэлийн Засаг дарга, УИХ-ын гишүүн асан Ц.Батбаярын нэр ч нэмэгдэж байгаа
бололтой. Мөн нийслэлийн Газрын албаны дарга асан Ц.Сундуй, Газрын албаны дэд
дарга асан одоогийн Өмчийн харилцааны газрын Хуулийн хэлтсийн дарга Э.Ариунгэрэл,
Үнэлгээ, төлбөрийн хэлтсийн дарга Д.Дашцэцэг гээд хэрэгт шууд холбогдох хүмүүсийн
нэрс эхнээсээ гарчээ.
Хэрэгт холбоотой хүмүүсийн нэр үүгээр
тогтохгүй бөгөөд газар авсан компаниудын удирдлагуудыг ч албан тушаалтанд авлига
өгч төрд их хэмжээний хохирол учруулсан хэрэгт сэжиглэн шалгаж эхлэх бололтой. Одоогийн
байдлаар газрын төлбөр хэлбэрээр төрд орох байсан 280 орчим тэрбум төгрөг хувь хүмүүсийн
халаас руу орсон гэж үзэж байгаа аж. Ийн Газрын албанд мөнгө орсон нэг ч баримт
үлдээгүйгээс гадна Хотын мэр асан Г.Мөнхбаярын гарын үсэгтэй газар олгох захирамж
л архивт хадгалаастай байгаа юм байна. Тэрчлэн Барилга, хот байгуулалтын сайдын
тогтоосон газрын үнийг үндэслэн дуудлага худалдаа, тендер, сонгон шалгаруулалт
явуулсан нэг ч баримт байдаггүй аж. Уг нь газрыг олон нийтэд нээлттэй хэлбэрээр
тендер зарлан олгох хуультай байдаг ч Г.Мөнхбаяр мэрийн үед энэ хууль нэг ч удаа
хэрэгжиж байгаагүйг эх сурвалж өгүүллээ. Төрд төлбөр төлөлгүйгээр газрыг аж ахуйн
нэгж, иргэд үйлчилгээний зориулалтаар өмчлөн авах эрхгүй бөгөөд тэд ажлаа гүйцэлдүүлэхийн
тулд арга сэдсэн байдгийг хэлэх хүмүүс байгаа юм. Тэдний сэдсэн арга нь төр, аж
ахуйн нэгжүүд хоршиж газар эзэмших тухай
тогтоол гэж байгаа. Нэг үгээр хэлбэл нийслэлийн Засаг даргын Тамгын газар, газрыг
хувь хүмүүстэй хамтран эзэмшигч болно гэсэн үг аж. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд газрын
төлбөр төлөх шаардлагагүй болох юм байна. Гэхдээ энэ зарчмаар өгсөн газрыг нь судалж
бичиг баримт барин, нэр зааж хөөцөлдөхөд нийслэлийн мэдэл огт байдаггүй бөгөөд
бүх газар 100 хувь аж ахуйн нэгжид шилжсэн
байдаг бололтой. Бидэнд ирсэн мэдээллээр Хан-Уул дүүрэгт 160 хэсэгт ийм байдлаар
газар олгосныг тогтоогоод байгаа гэнэ. Ихэнхийг нь Нисэх, Яармагийн зам дагуу олгосон
бөгөөд томоохон компаниуд энэ хэсгийн газрыг Засаг дарга асан Г.Мөнхбаяраар захирамж
гаргуулан авчээ. Сонгинохайрхан дүүргийн 22-ын товчоо, Баянзүрх дүүргийн Баянзүрхийн
товчооны зам дагуу ч газар олгох захирамж гаргаж аж ахуйн нэгжүүдэд өгсөн нь тогтоогдсон
байна. Мөн Богд уулын дархан цаазат бүсэд газар эзэмших эрх олгож, захирамж гаргасан
байж магадгүйг эх сурвалж өгүүлж байгаа юм. Тэд нэг удаагийн захирамжаар доод тал
нь 10 га газар олгодог байж. Гэхдээ төрд нэг ч төгрөг оруулдаггүй байсан бөгөөд
төлбөрийг өөрсдөө авсан нь бараг тогтоогдоод байгаа гэнэ.
Өөрөөр хэлбэл нийслэлийн Засаг дарга
асан Г.Мөнхбаяр, НИТХ-ын дарга Т.Билэгт нар аж ахуйн нэгжид газар олгох захирамж
гаргаж Ц.Сундуй, Э.Ариунгэрэл, Д.Дашцэцэг гурав хэргийг гүйцэлдүүлж 240 удаагийн
захирамжаар 240 хэсэгт 2400 орчим га газар олгожээ. Ийн төлбөр болох 280 тэрбум
төгрөг нь Газрын албаны дансанд ороогүй бөгөөд хувьдаа завшсан гэж ярих хүмүүс байгаа.
Газрыг худалдаалахад тогтоосон хамгийн доод үнийг жишиг болгон тооцоход ийн
280 тэрбум болж байгаа гэсэн.
Энэ хэргийг дөрвөн жилийн хугацаанд
гүйцэлдүүлсэн бөгөөд хамгийн анх 2008 онд төр, аж ахуйн нэгж хамтран газар эзэмших
захирамж гарч байжээ. Ийнхүү 200 орчим аж ахуйн нэгж 280 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх
газрыг ямар ч төлбөр төлсөн баримтгүйгээр авчээ. Үүн дотор 100 сая, тэрбум төгрөгийн
төлбөр төлөх ёстой байгууллага ч байгаа юм байна.
Л.МӨНХТӨР