Categories
мэдээ улс-төр

Монгол Улс НҮБ-ын байгууллагыг даргалахаар сонгогдлоо

НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн даргын сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун чуулганы төлөөлөгчдийн олонхийн дэмжлэгээр Ассамблейн даргаар сонгогдлоо.

НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн анхдугаар чуулган өнөөдөр буюу зургадугаар сарын 23-ны өдөр Кени Улсын Найроби хотноо эхэлсэн юм. Ассамблейн чуулганд дэлхийн 170 гаруй орны төлөөлөгч оролцож байна.

НҮБ-ын бүтцийн томоохон байгууллагыг Монгол Улс анх удаа ийнхүү даргалахаар болж буй нь олон улсын тавцан, тэр дундаа НҮБ-д манай нэр хүнд, байр суурь өндөр байгааг илэрхийлж байна. Уг сонгуульд Монгол Улс нэр дэвшин өрсөлдөх, санал, дэмжлэг авах ажлыг Гадаад харилцааны яам болон түүний удирдлага, дипломат ажилтнууд өндөр төвшинд амжилттай зохион байгуулсанд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун талархаж байгаагаа уламжилсан байна.

Энэ дашрамд дурдахад, Монгол Улс НҮБ-ын хоёр том сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэж байгаа юм. Тодруулбал, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд 2015 онд, Аюулгүй байдлын зөвлөлд 2022 онд сонгогдохоор ажиллаж буй. НҮБ-ын гишүүн 193 оронтой бүгдтэй нь дипломат харилцаа тогтоох зорилго тавин ажиллаж байгаа нь тэдгээр орнуудын санал, дэмжлэгийг хүлээх, байр сууриа нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм байна.

Categories
мэдээ спорт

Ус суваг ашиглалтын товчооны баг хөлбөмбөгийн тэмцээнд аваргалав

Багахангай дүүргийн МоАХ-ны салбар зөвлөлөөс хөлбөмбөг сонирхогч иргэдийн дунд жил бүр нээлттэй тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн нээлттэй тэмцээн өнгөрсөн бямба гарагт тус дүүрэгт боллоо. 

Иргэдийн чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, МоАХ-ны үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулах зорилготой энэ нээлттэй тэмцээнд Багахангай дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, МоАХ, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн МоАХ-ны салбар зөвлөлөөс бүрдүүлсэн долоон баг оролцсон юм. 

Багууд хоёр хэсэгт хуваагдан тоглож, хагас шигшээд МоАХ, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Эрчим хүч, Ус суваг ашиглалтын товчооны баг шалгарав. Шигшээ тоглолт Ус суваг ашиглалтын товчоо, Эрчим хүчний багийн хооронд өрнөж, 2:0 оноогоор Ус суваг ашиглалтын товчооныхон хожсоноор үүрд хадгалах “Алтан дагина” цом, алтан медаль, 400 мянган төгрөгийн эзэн боллоо. Эрчим хүчний баг мөнгөн медаль, 300 мянган төгрөгөөр шагнуулсан юм. Харин МоАХ, Онцгой байдлын хэлтсийн баг хүрэл медалийн төлөө өрсөлдөж, 0:1 оноогоор Онцгой байдлын хэлтсийнхэн хожив. Онцгой байдлын хэлтсийн багийн н.Бат-Эрдэнэ тоглолтын явцад дөрвөн гоол уруулснаар шилдэг тоглогчоор тодорсон бол шилдэг хаалгачаар Ус суваг ашиглалтын багийн тамирчин Ш.Балдорж шалгарсан юм. 

Хөлбөмбөгийн нээлттэй тэмцээний талаар Багахангай дүүргийн МоАХ-ны салбар зөвлөлийн дарга П.Нүрзэд “Жил ирэх тусам хөлбөмбөгийн нээлттэй тэмцээнд оролцогч багийн тоо нэмэгдэж, тэр хэрээр тоглолтууд өрсөлдөөнтэй болж байна. Нээлттэй тэмцээн гэдэг утгаараа зөвхөн дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагаас бүрдүүлсэн багууд биш хотын төвийн дүүргүүдээс багууд ирж оролцлоо. Цаашид тэмцээний хүрээг улам тэлэх зорилготой болно. Энэ жилийн нээлттэй тэмцээнээ “Байгаль дэлхийгээ хайрлая” уриан дор Монгол Улсад ардчилсан хөдөлгөөн үүсч хөгжсөний 25 жилийн ойд зориулан зохион байгуулснаараа онцлог байлаа” хэмээн ярив.

Categories
мэдээ нийгэм

Багахангай дүүргийн МоАХ-ны салбар зөвлөл байртай боллоо

Монголын Ардчилсан Холбооны нийслэл дэх салбар зөвлөлүүдээс Багахангай дүүргийн салбар зөвлөл анхдагч болон үйл ажиллагаагаа явуулах өөрийн гэсэн байртай боллоо. Өнгөрсөн бямба гарагт болсон шинэ байрны нээлтийн ёслолд МоАХ-ны Хэрэг эрхлэх газрын дарга С.Эрдэнэцогт, Удирдах зөвлөлийн гишүүд, Багахангай дүүргийн МоАХ-ны салбар зөвлөлийн дарга П.Нүрзэд, дэд дарга Ч.Бумаа нар оролцсон юм. Мөн МоАХ-ны тус дүүрэг дэх гишүүд дэмжигчид ч ирсэн байв.   

Байрны нээлтийн ёслолын үеэр тус дүүргийн МоАХ-ны салбар зөвлөлийн дарга П.Нүрзэд “Манай улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудын “эцэг” болсон МоАХ-ны 25 жилийн ой энэ онд тохиож байгаа. Энэ ойн босгон дээр салбар зөвлөл маань үйл ажиллагаагаа тогтмол явуулах байртай болж байна. Ахмад партизанууддаа, тэр дундаа салбар зөвлөлийг байртай болгосон ахмад партизан Ч.Бумаадаа гишүүд дэмжигчдийнхээ өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье” гэлээ. МоАХ-ны Хэрэг эрхлэх газрын дарга С.Эрдэнэцогт салбар зөвлөлүүдээс анхдагч болж өөрийн гэсэн байртай болсонд баяр хүргээд бусад дүүргийн салбар зөвлөлүүд ч үйл ажиллагаагаа тогтмол явуулах байртай болно гэдэгт итгэлтэй байна хэмээв.

Ч.Бумаа: 25 жилийн дараа мөрөөдлөө биелүүллээ

Багахангай дүүргийн МоАХ-ны салбар зөвлөлийн дэд дарга Ч.Бумаагаас цөөн зүйлийг тодрууллаа. 

-Та МоАХ-ны үйл хэрэгт хэзээнээс оролцож эхлэв?

-1989 оноос оролцож эхэлсэн. Одоо ахмад партизануудын нэг болчихоод л явж байна. 

-Дүүргийнхээ МоАХ-ны салбар зөвлөлийг өөрийн хөрөнгөөр байртай болгосон гэв үү?

-Тэглээ. Дүүргийнхээ МоАХ-ны салбар зөвлөлийг үйл ажиллагаагаа явуулдаг байртай болгох юмсан гэж 25 жилийн өмнө мөрөөддөг байлаа. Энэ мөрөөдлөө өнөөдөр биелүүлж байна. Би тийм ч халуун амьдралтай хүн биш. Гэлээ ч ардчилалын төлөө үнэн сэтгэлээсээ зүтгэж явдаг, ардчилалд элэгтэй хүний хувьд салбар зөвлөлөө байртай болгож, өмчлөлд нь шилжүүлж өгч байгаа юм. 

Энэ байр маань цаашид гишүүд дэмжигчид, ард иргэдэд нээлттэй байж, тэдний эрх ашгийн төлөө үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллана. 

Categories
мэдээ нийгэм

Модны шавьж устгах ухаалаг бүслүүр хийжээ

Өмнөговь аймгийн ойн санд хоёр төрлийн хортон шавь байдгийг аймгийн Ойн албаныхан тогтоосон байна. Эдгээр шавьжнууд нь олон жил болсон мод, ургамлыг өвчлүүлдэг аж. Өвчилсөн модны шавьж устгах ухаалаг бүслүүрийг тус аймаг нэвтрүүлж эхэлжээ. 

 БОНХЯ-наас ойн хортон шавьж устгах үйл ажиллагаанд химийн арга хэрэглэхээс татгалзаж биологийн арга хэрэглэхийг уриалсан учраас тус аймгийн Ойн албанаас энэхүү ухаалаг бүслүүрийг аймгийн төвийн төв саадны өвчилсөн хайлаасны мод, Номгон сумын Баянгол, Гуагийн тоорой мод эмчлэхэд хэрэглэж эхэлсэн гэнэ. Энэ бүслүүр нь 25 см өргөнтэй, гурван сар эмийн чанараа алддаггүй эмчилдэг, эрүүл мэндэд хоргүй, ус бороонд тэсвэртэй, эмийн ханд агуулсан биологийн бүтээгдэхүүн аж.

Categories
мэдээ нийгэм

Мөрдөн байцаагчид хүн худалдаалах гэмт хэргийн сургалтанд хамрагдав

Цагдаагийн ерөнхий газрын Сургалт дадлагын төв, Хүний аюулгүй байдлын судалгааны төв ТББ-тай хамтран “Хүн худалдаалах гэмт хэрэг ба хөдөлмөрийн мөлжлөг” сэдэвт вакумжуулсан сургалтыг төв, орон нутгийн мөрдөн байцаагч нарын дунд  зохион явууллаа. Сургалтад өөр улс гүрэнтэй хил залгаа орон нутаг, тухайлбал Дорнод, Хөвсгөл, Замын-Үүд,  Өмнөговь аймгийн ахлах мөрдөн байцаагчид, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар, Нийслэлийн цагдаагийн газар, дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн энэ чиглэлээр дагнан ажилладаг мөрдөн байцаагчид, энэ төрлийн гэмт хэрэг гарах эрсдэлтэй аймгийн нийт 40 орчим алба хаагч оролцсон юм. Тэд “Хүн худалдаалах гэмт хэргийн тухай болон мөрдөн шалгах явц”, “Хүн худалдаалах нь үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэг болох нь”, “Хүн худалдаалах гэмт хэргийн үйл явц”, “Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль”, “Хохирогчийг таних, илрүүлэх болон хамгаалах”, “Гэрч, хохирогчтой ярилцлага хийх нь” сэдвүүдийн хүрээнд ИБУИНВУ-аас  ирсэн сургагч багш нараас номын дуу сонсов. 

Categories
мэдээ нийгэм

Хүй долоон худгийн замын ажлын талыг нь нугалжээ

Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан энэ сарын 10-наас Монгол наадам цогцолбороос Хүй долоон худагт автозамын ажил эхлүүлээд байгаа билээ. “Тотал Инж” ХХК 36 хүний бүрэлдэхүүнтэйгээр Хүй долоон худагт байрлан ажиллаж байна. 2.7 км автозамын ажил хийж гүйцэтгэж байгаа юм. Газар шорооны ажил одоогоор 55 хувьтай явагдаж байгаа гэнэ. Замын ажил ирэх  сарын 5-нд дуусах аж

Categories
мэдээ нийгэм

Монгол улс “Даян дэлхийн ногоон өсөлтийн байгууллага”-д элслээ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайд Б.Ганболд “Даян дэлхийн ногоон өсөлтийн байгууллага”-д (GGGI) Монгол Улс гишүүнээр элссэн хэлэлцээрийг баталсан тухай ноотыг тус байгууллагын Ерөнхий захирал Yvo De Boer-д энэ сарын 20-ны өдөр гардуулав.  

Ерөнхий захирал ноотыг хүлээж аваад Монгол Улс 2011 оноос хойш тус байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж ирснийг тэмдэглэж цаашид тус байгууллагын үүрэг зорилтыг хэрэгжүүлэх, дэлхий дахины өмнө тулгарч байгаа уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны асуудлыг шийдвэрлэх үйлсэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж  хамтран ажиллахыг хүслээ.

Элчин сайд Б.Ганболд үргэлжлүүлэн Ерөнхий захиралтай  тусгайлан уулзаж Монгол Улсын УИХ-аас “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр”-ийг баталсан тухай мэдээлж, цаашид тус байгууллагатай байгальд ээлтэй тээвэр, эрчим хүч, барилгын салбарт хамтарсан судалгаа хийх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар үргэжлүүлэн хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатарын засаг дарга осолдсон иргэдийнхээ асуудлаар нийслэлд иржээ

Өнгөрсөн бямба гаригийн өглөөний 07.40 цагийн үед Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Баяндавааны адаг замд Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явсан хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний “Дайчин сүх” ХХК-ний Hyundai Bus маркийн 0522 СҮА дугаарын автобус замын хажуу руу онхолдсон ослын  улмаас 6 хүн нас барж 44 хүн гэмтсэн хэрэг гарсан.  Ослын шалтгааныг тогтоох, осолдсон хүмүүсийн нөхөн олговрыг хэрхэх зэрэг олон асуудлыг шийдэх үүрэгтэй ажлын хэсэг ажлаа эхэлжээ. Ажлын хэсгийг Зам тээврийн дэд сайд ахалж байна. Хэргийг шалгах явц, осолдсон иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарал хандуулан ажиллахаар Сүхбаатар аймгийн Засаг дарга, ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр Улаанбаатарт онгоцоор иржээ. 

Categories
мэдээ улс-төр

Бие даагчид Ашигт малтмалын хуулийн өөрчлөлтийг эсэргүүцлээ

УИХ дахь бие даагчдын бүлэг өнөөдөр мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Х.Болорчулуун нар томилолттой учраас  Ц.Даваасүрэн гишүүн төлөөлж мэдээлэл хийсэн юм. Бие даагчид  Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг дэмжиж байгаа гэнэ. 54 байгууллагаас 900 гаруй зөвшөөрөл олгож байгааг цөөлж нь байгаа нь сайн хэрэг  хэмээн тэд үзжээ. Харин   Төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй байгаа аж. Учир нь дуудлага худалдааг зохион байгуулахаас нэг сарын өмнө олон нийтэд мэдээлдэг байсныг 14 хоног болгон багасгасан нь хэсэг бүлэг хүмүүст зориулсан заалт хэмээн хардаж байгаагаа дуулгав.  30 хоногийн өмнө мэдээлвэл иргэд тухайн обьектийн талаар бүрэн судлах боломжтой, харин 14 хоногийн хугацаанд ямар ч мэдээлэл олж авч амжихгүй гэж  Ц.Даваасүрэн гишүүн онцлов. Бие даагч гишүүдийн зүгээс Газрын тосны талаар хуулийн төслийг эсэргүүцэж байгаа аж. Газрын тосны тухай хуулийн төсөлд Стратегийн орд газар байх ёстой гэнэ. Үйл ажиллагаа эрхлэх лицензээр дамжуулан өмчилнө гэсэн заалт оруулж байгаа нь зарим орд газруудыг гадаадын өмчлөлд шилжих үндэс болно гэж үзэж байгаа аж. Бие даагчдын бүлэг Газрын тосны болон Ашигт малтмалын тухай хуулийн төслийг баталвал Ерөнхийлөгчийг хориг тавихыг шаардах гэнэ. Хэрэв Ерөнхийлөгч хориг тавихгүй бол Үндсэн хуулийн цэцэд хандах юм байна. 

Categories
гадаад мэдээ

Ж.Керри Египтэд айлчилж байна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри шинээр сонгогдсон Египетийн Ерөнхийлөгч Афдель Фаттах аль Сиситэй хэлэлцээ хийхээр  Каирт хотноо хүрэлцэн очжээ. Тэрээр юуны түрүүн хүний эрхийн асуудлыг хөндөх юм байна. Учир Египетийн эрх баригчид саяхан “Лалын ах дүүс” бүлгийн 183 гишүүнд цаазаар авах ял оноосон билээ. Түүнээс гадна Иракийн байдал тогтворгүй байгаагаас  дэлхийн зах зээлд нийлүүлж буй газрын тос тасарсан асуудлыг ч хэлэлцэхээр төлөвлөжээ.