МАН Бага хурлаа хийлээ. Тэд ерөнхийдөө нэг их дуулиан шуугиангүй намдуу зөөлөн хуралдана гэсэн чигийн дагуу явцгаасныг тэртэй тэргүй бүгд мэднэ. Намын дарга нь эдийн засаг өслөө, ядуурал буурлаа, улс орон цэцэглэн хөгжиж байна гэх лоозон болчихсон уран үгсээр илтгэлээ эхлүүлсэн. Цээжинд байдаг ганц шүлгээ хаа сайгүй дуржигнуулж явдаг нөхдүүд байдаг шиг С.Батболд дарга энэ илтгэлээ хэзээд, хэний ч өмнө уншдаг даа. Тэр тоолонд тоо баримтуудад нь онцын их өөрчлөлт орохгүйг нь яана. А, Б-гүй цээжилчихсэн болохоор арга ч үгүй байдаг биз.
Түүний уншсанаас үзвэл Монгол Улс хөгжлөөрөө аль хэдийнэ АНУ мэтийн өндөр хөгжилтэй орныг гүйцчихсэн тууж яваа. Социализмын үед л манай дарга нар ийм аргаар ажлаа явуулдаг байсан байх. Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагддагт хууртагдчихаад бүх зүйл болж байна, бүтэж байна гэсэн лоозон илтгэл урсгана. Зогсоо зайгүй тоть шиг давтах энэ үгэнд нь ард түмэн бат итгэдэг байсан тэр хуучин цаг хойно хоцорсон. Орчин үед ард түмэн бодит амьдралын үнэн, МАН-ын дарга С.Батболдын яриа хоёрыг ялгаж салгахтайгаа.
Эрхбиш намынх нь хурал юм байна, ирэх хавар яажшуухан сонгуульдах тухайгаа харин зураглаадахсан нь шинэ байлаа. Яана гэчихэв ээ, хуучин Ху нам модоо барьж сонгуульд орох юм гэнэ үү. Түүнийгээ хөгжлийн ч билүү, юуны ч билээ тодотгоод өгчихжээ. Зуданд хамаг малаа барчихаад харласан хотоо харж шилбүүрээс өөр тулах юмгүй зогсоо малчныг модоо барьсан гэж хэлдэггүй билүү. Насаараа мал дагаж, нүүрээ нүүрс шиг харлаж, ширлэтэл нь нар салхинд гандчихаад адаг сүүлд нь хоосон хотоо самардан бархирах малчныг монголчууд модоо барьсан гэлцдэг. Авгай, хүүхнүүд ам зөрөхдөө үгүйрч хоосорсон нэгийгээ модоо барьсан гуйлгачин ч гэж доромжлох нь бий. Модоо барих гэдэг үгийг монголчууд ийм л утга учрын үүднээс хэрэглэхийг цээрлэсээр ирснийг мэдэхээс биш хөгжлийн төлөө модоо барьдгийг дуулаагүй юм байна. Одоо л юм юм дуулах нь гэгчээр МАН-аас их юм сонсох нь ээ.
Үнэндээ Ардын намын залуучууд модоо барихын мууг мэддэггүй юм байна. Уг нь монголчууд ёр бэлгэдлийг эрхэмлэдэг ард түмэн. Гэвч ард түмэн юуг бэлгэдэж, юуг цээрлэдгийг мэддэггүй цоо шинэ үе Ху намд гарч ирсэн нь энэ. Монголоо мэдэхгүй юм байж юун улсаа хөгжүүлэх. Цаана чинь муугаар хэлбэл модоо барьсан айл өчнөөн байна. Та нарынхаар бол тэд элбэг дэлбэг, хангалуун сайхан амьдралын төлөө модоо барьчихаад суугаад байгаа хэрэг үү, үгүй юм. Хотоо харлуулчихаад төв газар бараадаж, хоосон хонож, хог түүж яваа хүмүүс. Модоо барих гэдэг бол ийм л муу ёрын үг. Гэтэл ард түмэнд таалагдах гоё үг олоод, оноод хэлчихсэн юм шиг хээвнэг хэлж зогсох шинэ үеийн олигархиуд Ардын намыг өнгөлж байна. Ёс, цээрээ мэддэг ахмадууд, ард түмэн та нарын муу ёр зөгнөсөн энэ үгийг сонсоод тэнгэр бурхандаа залбирч суугаа. Монголчууд үгэнд хүч байдгийг мэдэрч, түүний сайн, муу утга учрыг тунгаасаар ирсэн. Муу үг юу дагуулдгийг бүгд мэднэ. МАН-ынхны сонгууль бүрийн өмнө хэлдэг муу үгнүүд биеллээ яаж олдгийг ч харсаар ирлээ. Юу билээ гэж бодож байгаа бол 2008 оны сонгуулийн түүхийг сөхөөд нэг үзье. М.Энхболдын Засгийн газрыг унагааж, МАХН-ын даамлаар сууж Ерөнхий сайдын сэнтийд заларсан С.Баяр “Ямар ч үнээр хамаагүй бид сонгуульд ялна” хэмээн ярьж байлаа. Сонсоход аймаар байгаа биз. Сонгуульд ялахын тулд хүн алж, хүрээ талахаас ч сийхгүй гэдэг нь эндээс ойлгомжтой байсан юм. Нээрээ ч С.Баяр 2008 оны сонгуулийг ямар үнээр хийснийг бид харсан. Мартаагүй байгаа.
Ардчилсан намынхан ашигт малтмалын баялгаас ард түмэндээ эрдэнийн хувь олгож, нэг сая төгрөг өгнө гэхийг тухайн үедээ С.Баяр сүйд майд болон хүлээж авч байлаа. Тийм тэнэглэл гэж юу байхав, тэгж гарын салаагаар урсгах мөнгө манайд байхгүй, тэгж эдийн засгаа сүйтгэж болохгүй хэмээн АН-ыг газар доогуур ортол нь муулж, буруушааж байв. Тэгсэн өөрөө бараг сонгуулийн урьд өдөр “Манай нам ашигт малтмалын баялгаас ард түмэндээ эх орны хишиг олгож 1.5 сая төгрөгийг өнөө маргаашгүй бэлнээр өгнө” гэж авдаг байгаа. Бүр улайх ч үгүй хэлж билээ. Ингэж Ху нам ард түмэнд их мөнгө амлаж, дөрвөн жилийн хууралт нь үргэлжилсээр байна. Худлаа амласан Ху-гийнхан сонгуулиар луйвар яаж хийдгийг яруу тодоор харуулсан. Тэд үхсэн хүнийг амилуулчихдаг, нэг хүнийг хэд ч болгож “олшруулаад” санал өгүүлчих чадвартай гэдгээ дахин мэдрүүлсэн юм.
Харин сонгуулийн дараа луйвар хийсэндээ бантаж, баригдахаа болохоор барьц алдахдаа байраа шатааж, таван хүн буудаж аллаа. Хайран залуус, ард нь хичнээн ам бүл тэжээгчээ алдаж, амьдрал нь орвонгоороо эргэж, шар махтайгаа хатаа бол. Тэдний нулимсаар дэнчин тавиад зогсоогүй. 1000 гаруй иргэнийг хоморголон баривчилж, 800-гаад хүнийг шоронд хийсэн юм. Бууны суманд оногдож, зодуулж нүдүүлж шархны халуунд тарчилсан залуусыг тоолж баршгүй. Насаараа эдгэхгүй шарх олсон ийм залуус хэдэн арваараа байгаа. С.Баяр ийм их үнээр сонгуульд ялалт байгуулсан юм. Үнэхээр тэр хэлсэндээ хүрсэн. Ингэж ард түмний нулимс, цусаар тэр ялалтаа баталгаажуулж билээ. Энэ бүхний эцэст сая С.Баярын сонгуулийн өмнө хэлээд байсан үг цэвэр большевик үзэл санаа агуулсан байжээ гэдгийг ойлгосон. Үнэндээ большевикчүүд 70 сая хүний амиар тоглож байж өөрийнхөө дэглэмийг тогтоосон гэдэг юм. Гэвч цусаар гараа угааж, хүний амиар тахил өргөснөөр оршин тогтносон энэ дэглэм удалгүй нуран унасан. Үнэндээ ийм адгийн хог шаараас дэлхий өөрийгөө цэвэрлэж чаддаг гэдгээ харуулсан нь тэр.
Энэ эмгэнэлийг нуухын тулд С.Баяр Ардчилсан намд найр тавьж сонгуулийн луйвраас үүдэлтэй гэмт хэргээ хаацайлах арга хайв. Баялгаа тэнцүүхэн хувааж авах хуйвалдаан хийхээр хамтарсан Засгий газар байгуулж, нэг сумаар хоёр туулай буудсан эр. Даанч таван хүний амьтай зайлшгүй өөрөө холбогдоод байсан тул С.Батболд гэгч бизнесмэн нөхөрт албаа шилжүүлээд зугтаасан гэхэд болно.
Халааг нь авсан С.Батболд харин сая намын Бага хурал дээрээ “Сонгууль ямар ч хуулиар явагдсан бай манай нам ялна” гээд хэлчихлээ. Энэ бол аюултай үг. Сонгуулийн хууль яаж гарах нь Ардын намд хамаагүй юм байна. Сурсан ёсоороо луйвраа хийгээд, хуулиа зөрчөөд ялалт байгуулах нь. С.Баяр ямар их үнээр сонгуульд яллаа. Тэгвэл С.Батболд ирэх хавар яаж сүйдэлж, ямар үнээр сонгуульдахыг бодохоос ч аймаар санагдаж байна. Хөөрхий ард түмнийхээ амь, амьдралаар ингэж тоглож, бэмбэгэнүүлж байж эрх мэдэл, албан тушаалд хүрэхийн хэрэг юу байна.
Ардчилал хөгжиж, улс орон даяаршсан энэ шинэ эрин үед уг нь аливаа улс төрийн хүчин, хувь хүн сонгуульд заавал ялахын тулд биш үзээд алдъя л гэж ордог болсон. Харамсалтай нь хуучин Ху намынхан сонгуульд ямар ч үнээр хамаагүй, хуулиа зөрчөөд ялахын төлөө үхэн хатан тэмцдэг. Үнэндээ сонгуульд ялагдал хүлээвэл энэ намын хувьд үхэл болно гэсэн үг. Тэгэхээр аргагүй юм. Ардын намын гишүүд сонгуульд орж байгаа нь үхэх сэхэхээ үзэж байгаагаас ялгаагүй. Нэг нам гэлтгүй хоорондоо улайран өрсөлдөж, бүдрээд унавал татаад босгохын оронд дээгүүр нь гишгээд гарч мэдэхээр хүмүүс энэ намд байдаг юм. Ингээд бодохоор С.Баяр, С.Батболд нарын зөв. Юу ч болж байсан нүдээ аниад ялалтын төлөө зүтгэхээс биш яах билээ. 90 жил төр барьсан энэ дэглэмд олон олон Каддафи, Саддам Хусейн, Мубаракийг төрүүлсэн нь ойлгомжтой. Тэд сонгуульд ялагдвал эргэж сэхэхэд хэцүү, тэр чигтээ дуусна гэсэн үг. Үнэндээ энэ дарангуйлагчид цөмөөрөө төрөөс төрсөн тэрбумтан байсан юм. Хүн эрх мэдэлтэй болох тусмаа түүнийгээ хамгаалах гэж зүтгэдэг. Тэрбум тэрбумаар нь мөнгө “идэх” тусмаа суудлаасаа буухгүйг хичээнэ. Үүнийг нь эсэргүүцсэн ард түмнийг дарангуйллаар дарж авахыг бодно. Гэвч ард түмэн нэг босвол юу болдгийг ливичүүд, египетчүүд харууллаа. Ард түмнийг номхон тэмээ шиг ноолж, басамжлан доромжилж байсных нь хариуд дарангуйлагчдыг яаж цээрлүүлж, муу ч сайн ч толгойлогчоо гэж үзэхгүй харгис хандаж байгааг дэлхий нийтээрээ үзсэн. Үүний жишээ Монголд давтагдахгүй байхын аргагүй. Угаасаа дарангуйлагчид унахаараа нэг бол шорон эсвэл цаазын тавцанд очдогийг дэлхийн түүх сануулж байна.
Дашрамд хэлэхэд “Ху” намын хоёр лидер болох Н.Энхбаяр, Ц.Нямдорж нарын маргааныг дээрэмчдийн толгойлогчдын хагаралдаан гэж ойлгохоос биш шударга ёсны тэмцэл хэмээн андуурах хэрэггүй. Хуучин, шинэ “Ху” намд тэр хоёроос илүү том луйварчин өчнөөн бий. Тэд илчлэгдвэл хөөрхий Каддафи, С.Хусейн шиг өлгүүрийн шонд савчиж мэднэ. Тэгэхээр сонгуульд ялж, үүрд эрх мэдэлтэй явахын төлөө ямар ч хуулийг уландаа гишгэж зүтгэхээс өөр яах ч билээ. Гэвч “модоо” барьсан тэднийг ямар ч хууль зөрчөөд ялна гэвэл ард түмэн зөвшөөрөх үү. Үгүй л болов уу.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ