Categories
гадаад мэдээ

Хятадын тэрбумтан Америкийн ядуучуудыг хооллох гэнэ

Маргааш Нью-Йорк хотноо ер бусын буяны арга хэмжээ болох гэнэ.  Хятадын тэрбумтан Чэн Гуанбяо тус хотын төв цэцэрлэгт хүрээлэнд 1000 орон гэргүй хүмүүсийг цуглуулж хооллох юм байна.  Уг буяны ажиллагааны талаар тодорхой мэдээлэл алга. Ямар ч байсан Хятадын Ардын чөлөөлөх армийн дүрэмт хувцас өмссөн 100 үйлчлэгч хүмүүст үйлчлэх бөгөөд энэ нь Хятадын залуучуудад үлгэр жишээ болох ёстой гэнэ.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

Автобусны хуучин зогсоолыг такси зогсоол болгоно

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор Энхтайваны өргөн чөлөөний дөрвөн буудлыг шилжүүлсэн.  Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөөний баруунаас зүүн чиглэлд Улаанбаатар их дэлгүүрийн  болон Хүнсний 20 дугаар дэлгүүрийн буудлуудыг нэгтгэж, Улсын их дэлгүүрийн  баруун урд талд, “Хүч” бөөний төвийн урд талын зогсоолыг шилжүүлэн хуучнаар ХААЯ-ны урд шинэ зогсоол гаргасан юм. Мөн баруун дөрвөн замын зогсоолын ачааллыг бууруулах үүднээс зүүнээс баруун тууш үйлчилдэг чиглэлүүдийг шинэчлэн Баруун дөрвөн замаар III, IV хороолол руу Амарсанаагийн гудамжаар эргэдэг  “Армада” зочид буудлын баруун талд шинээр автобусны зогсоол хийж  ашиглалтад оруулаад байна.  Үүнтэй холбогдуулан Улаанбаатар Их дэлгүүр, Хүнсний 20, Хүч бөөний төв зэрэг автобусны хуучин зогсоолыг такси зогсоол хэлбэрээр ашиглахаар Нийслэлийн тээврийн газраас шийдвэрлэсэн байна. Дээрх зогсоолуудад такси зогсон иргэдэд үйлчилж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Мод, модон материалын төрөлжсөн захуудад хяналт шалгалт хийжээ

Нийслэл хотод мод, модон материалын төрөлжсөн “Мөстийн гол трейд” ХХК-ийн “Хангай” зах, “Цайз” зах, “Улаанбаатар төмөр зам”-ын “Гурвалжин-44” зах, “Хялганат” зах, “Сонсголон” зах, “Гялгар” зах, “Цолмонбадрах” зах, “Доной” зах , “Тэнгэр” гэсэн есөн  зах үйл ажиллагаа явуулдаг. Энэ захуудтай Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар, Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар  “Экологийн хариуцлагын гэрээ”-г жил бүр байгуулж, хагас бүтэн жилээр дүгнэдэг.

Энэ гэрээний дагуу мод, модон материалын захуудад экологийн хариуцлагын гэрээний биелэлтийн хэрэгжилтэд  хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар “Гурвалжин-44”, “Сонсголон”, “Цайз”, “Гялгар”, “Хялганат” “Тэнгэр” гэсэн зургаан зах “Экологийн хариуцлагын гэрээ”-ний шалгуур үзүүлэлтүүдийг хангалттай биелүүлсэн хэмээн дүгнэгдэж, гэрээ сунгахаар болж харин “Экологийн хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтийг хангаагүй “Цолмонбадрах”, “Доной”, “Хангай” захууд хангаагүй учраас уг зөрчлийг арилгах хүртэл экологийн хариуцлагын гэрээг түр түдгэлзүүллээ гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Энхтайвны гүүрнээс 120 мянгат орох замыг хаана

Нийслэлийн авто замын газраас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд буюу 120 мянгатын автобусны буудал дээр гүүрэн гарц барьж буй. Эл ажлын хүрээнд зургадугаар сарын 26-ны 00.00-06.00 цаг, 27-ны 00.00-06.00 цаг хүртэл хоёр шөнийн турш Энхтайваны гүүрээс урагш замын хөдөлгөөнийг түр хаахаар болжээ. Зам хааснаар гүүрэн гарцын дам нуруун дээр лист төмөр байрлуулж, гагнуурын ажил хийнэ гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Элэг, бөөр угаах арга

Элэг угаах хамгийн энгийн арга


Эрүүл хүмүүс жилд нэг удаа, харин эмгэгтэй бол жилд хоёр удаа элгээ цэвэрлэнэ.
Эхний өдөр: Элэг цэвэрлэх бэлтгэл: Өглөө нь клизм тавиад өдөржин зөвхөн
шинэ алимаар хооллоно.
Хоёр дахь өдөр: Өглөө клизм тавина. 19 цаг хүртэл шинэ алимны шүүснээс
өөр хоол хүнс хэрэглэхгүй. 19 цагт орондоо орж хэвтээд баруун хажуу талдаа
халуун жин /грелка/ тавина /19 цаг-элэгний биологийн цаг/. Тэгээд 15 минут
тутам лимоны шүүс /3 хоолны халбага/ мөн оливкийн тос /3 хоолны халбага/ ууна.
Тос ба лимоны шүүсийг хооронд нь холихгүй ээлжилнэ. 12-14 цагийн дараа /5
цагийн дараа ч байж магадгүй/ холестерины агууламж өндөртэй, хөхөлбөр хар
өнгөтэй “хор” бие махбодиос зайлах болно. Дараа нь 1.5 л усаар ходоодоо угаана.

Бөөр угаах арга
Намар тарвас боловсрох үед энэ эмчилгээг хийх нь хамгийн зохимжтой. Долоо
хоногийн турш хар талх ба тарвасаар хооллоно. Ингээд нэг өдрийн дараа бөөр
идэвхитэй ажилладаг шөнийн 2-3 цагийн хооронд халуун устай онгоцонд сууна. Усыг
хөргөхгүй байлгах арга хэмжээ аваад энэхүү ердийн биш нөхцөлд тарвасаа амтархан
зооглосоор байна. Зүрх судасны өвчин, даралт багатай зэрэг ямар нэгэн эмгэгтэй
бол халуун ваннд суухаасаа өмнө заавал эмчээс зөвлөгөө авах шаардлагатай. Энэ
үед бөөрний тэвш өргөсдөг тул чулуу шээсний сүвээр дамжин гадагшлах боломжтой
байдаг. Хэрэв өвдвөл нэг хоёр таблеток но-шпа ууна. Бөөрний чулуу хэмжээ, бүтэц
зэргээс хамааран ийм аргаар тэр бүр гарахгүй байж болно. Бөөрний чулуугүй хүн ч
бөөрөө угааж байх нь зүйтэй. Бөөр нь организмыг цэвэрлэх, хортой илүүдлийг
ялгаж гадагшлуулах үүрэгтэй тул түүнийг эрүүл байлгах нь гоо үзэсгэлэнгээ
хадгалах, өвчин эмгэггүй байж урт наслахад гол үүрэг гүйцэтгэдэг эрхтэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Хорооны Засаг дарга нарын дунд орон сууцны төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх уралдаан зарлана

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Уралдааны болзол батлах тухай” асуудлыг хэлэлцлээ.

 Нийслэлийн удирдлагууд Иргэн-Хороо-Дүүрэг-Нийслэл гэсэн шатлалтайгаар ажиллах зарчмыг баримталж байгаа. Тиймээс төрийн үйлчилгээний анхан шатны байгууллага болох хорооны үйлчилгээ иргэдэд хүртээмжтэй хүрч, хамтын ажиллагааг сайжруулахад энэ уралдаан чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун онцоллоо.

Уралдаанд нийслэлийн 152 хороо оролцох бөгөөд хорооны Эрүүл аюулгүй байдлын индексийг сайжруулах, Амьдрах орчны зураглалыг баяжуулах, Орон нутгийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажилд иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах,  уг саналд өрх бүрийг хамруулсан эсэх, Хорооны хэмжээнд олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааг зохион байгуулсан байдал зэргийг харгалзан үзнэ. Мөн тухайн Хорооны Засаг даргын дүүргээс хороонд шилжүүлсэн төрийн үйлчилгээний нэр төрөл, хамрагдсан иргэний тоо, хүн ам, өрхийн мэдээллийн санг бүрэн бүрдүүлсэн ажлыг уралдаанд дүгнэнэ.

Нийслэлээс Бичил бизнесийг дэмжих зээлийн хөтөлбөрийг энэ жилээс хэрэгжүүлж эхэлсэн. Иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор өөрсдийнх нь оролцоотойгоор олгох энэ хөтөлбөрт хорооны иргэдийг хэрхэн хамруулсан нь тус хорооны Засаг даргын ажил дүгнэх нэг үзүүлэлт болно.

Уралдааныг 2 үе шаттай зохион байгуулах бөгөөд хоёрдугаар шатанд  40 хорооны Засаг даргыг шалгаруулж, хорооны үйл ажиллагаатай танилцах юм. Онооны дарааллаар жагсааж шилдэг 20 хороог шалгаруулна. Шалгарсан 20 хорооны Засаг даргад 60 хүртэл м2 орон сууц худалдан авахад зориулж төлбөрийн 20 хувийн хөнгөлөлт үзүүлэх эрх олгохоор төлөвлөсөн байна.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд “Орон сууцны төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх эрх нь бодитой урамшуулал болж чадна. Харин зөвхөн хорооны Засаг даргыг дэмжих бус төрийн албан хаагчдыг дэмжихэд анхаарах хэрэгтэй” гэсэн саналыг гаргасан юм. Үүний дагуу нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдыг дэмжих зорилтот хөтөлбөр, уралдааны удирдамж гаргахаар боллоо. Харин хорооны Засаг дарга нарын дунд зохион байгуулах уралдааны болзлыг дэмжиж, нийслэлийн Засаг даргын захирамж гаргахаар шийдвэрлэлээ. Уралдаан 6 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд болно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Атар талх үнээ нэмжээ

 “Атар өргөө” ХХК зарим бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх болсон талаараа мэдэгдэл гаргажээ.  Гурил болон бусад туслах материалын үнэ өссөн тул ийн бараа бүтээгдэхүүнийхээ үнэд өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал атар талх, зүссэн атар талх, алтан түрүү зэрэг талхны үнийг нэмж 1000 төгрөг болгосон байна. Харин Өргөө талх 800 төгрөг болжээ.  

Э.Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

МУБИС сургалтын төлбөр сая 400 мянга болжээ

Сая 240 мянган төгрөг байсан МУБИС-ийн сургалтын төлбөр ирэх намраас сая 426 мянган төгрөг болж 15 хувиар нэмэгдсэн байна. Саяхан тус сургуулийн Удирдах зөвлөл хуралдаж төлбөрөө ийн тогтоожээ. Их сургуулиуд сургалтын төлбөрөө инфляцтай уялдуулан нэмдэг ч ашигтай ажиллах хэмжээнд тогтоож чаддаггүй аж. Учир нь сургалтын төлбөрийн 70 орчим хувийг багш, ажилчдын цалинд зарцуулаад таардаг байна. Ирэх хичээлийн жилд төлбөрийг 15-20 хувь нэмснээр ашигтай ажиллана гэж үзэж байгаа аж. 

Э.Эрдэнэ

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга З.Энхболд, ҮИХ-ын дарга Ж.Чичек нар мэдээлэл хийлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Ж.Чичек нар айлчлалын үеэр яригдсан асуудлаар хоёр орны сэтгүүлчдэд өнөөдөр / 2014.06.24 / мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Улсын Их Хурлын дарга Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Ж.Чичекийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал амжилттай болж байгааг тэмдэглээд энэхүү айлчлал нь хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд болж байгааг онцоллоо. 

Тэрээр албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурал хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар, түүний дотор парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцлсон талаар дуулгаад хоёр улс өнө эртний түүхийн хэлхээ холбоотой, ижил төстэй хэл соёл, өв уламжлалтай улсууд гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн Түргийн Билгэ хаан, Күльтэгин, Мэргэн Тоньюкук зэрэг хаад, ноёдын хөшөө дурсгал манай улсын нутагт хадгалагдан үлдсэн тухай дурдлаа.

Монгол Улсын “Гадаад бодлогын үзэл баримтлал”-д Турк Улстай “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ хэмээн тусгагдсаны дагуу хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд энэхүү айлчлал чухал ач холбогдолтой хэмээн УИХ-ын дарга З.Энхболд тэмдэглэв. Мөн тэрээр Турк Улсын Үндэсний Их Хурлын даргын айлчлалын гол зорилго нь хоёр орны уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, өндөр дээд түвшинд хийх харилцан айлчлал, яриа хэлэлцээний залгамж чанар, давтамжийг хадгалах, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж үр ашгийг дээшлүүлэхэд оршиж байгааг илэрхийлээд албан ёсны хэлэлцээний үеэр бид хоёр талын харилцааг цаашид өргөтгөн хөгжүүлэх, манай талаас Туркийн хөрөнгө оруулалтыг орон сууц, дэд бүтэц, эрчим хүч, аялал жуулчлал зэрэг салбарт түлхүү оруулах сонирхолтой байна гэлээ.

Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Ж.Чичек энэхүү айлчлал нь хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн босгон дээр тохиож байгаа нь онцгой байр суурийг эзэлж байна гээд Турк болон Монголчууд түүхэн харилцаатай бөгөөд дэлхий дээрх олон жил оршин тогтнож байгаа цөөхөн үндэстнүүдийн нэг гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн тэрээр Турк, Монгол Улсын хооронд ямар нэгэн улс төрийн зөрчил байхгүйг онцлоод энэ нь цаашид хоёр улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа бүх талаар өргөжин хөгжих явдал юм гэдгийг тэмдэглэв. Түүнчлэн Бүгд Найрамдах Турк Улс өөрсдийн олж авсан арвин их туршлагаасаа ах дүүгийн найрамдалт харилцаатай Монгол Улсад хуваалцахад бэлэн байдгийг дурдаад боловсрол, гэр хорооллын дахин төлөвлөлт, бүтээн байгуулалт гэх мэт олон салбарт хамтран ажиллах боломж байгааг дуулгалаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх Олимпийн өдөр

Гэрэл зургийг
Ц.МЯГМАРСҮРЭН