Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ мэдээлэл хийлээ

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өнөөдөр /2014.06.25/ Төрийн ордны “Г” танхимд мэдээлэл хийлээ.

Тэрээр мэдээллийн эхэнд өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдод  өргөн барьсан “Гэр бүлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар сэтгүүлчдэд танилцуулав.

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Гэр бүлийн тухай хууль бол 1999 оноос хойш өөрчлөлт хийгдээгүй эргэж харах ёстой хуулиудын нэг юм. Гэр бүлийн тухай хуулийг нийгмийн хөгжлийн зүй тогтол, хүний хөгжил, хүүхдийн эрх, хүний эрх, эрх чөлөөний талаарх олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн боловсрууллаа . Гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлага, гэр бүл салалт, өмч хөрөнгө хуваах асуудлаас эхлээд олон зүйлд  хууль эрх зүйн зохицуулалт хийснээс гадна хамтран амьдрагчийн хууль ёсны хариуцлагыг тусгасан гэв.

Мөн манай улсын эмэгтэйчүүд сүүлийн үед гадаад иргэдтэй гэр бүл болох явдал эрс нэмэгдэх хандлагатай болсон учир  хуулийн төсөлд энэ талаар оруулжээ. Гадаад хүнтэй гэрлэсэн иргэдийн салалт, өмч хөрөнгө хуваахтай холбоотой маргаан ихээхэн байдаг ч хуулиар зохицуулах эрх зүйн орчин бүрдээгүйн улмаас иргэд  хохирох явдал цөөнгүй байгаа талаар УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хэлсэн юм.

Дараа нь тэрээр “Нийгмийн даатгалын сан”-тай холбоотой худал ташаа мэдээлэл хэвлэлээр бичигдэж буйг онцлоод залруулга хийв.

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Нийгмийн даатгалын сан”-гаас  “Капитал” банкинд байршуулсан мөнгө тухайн  банкны нийт активийн 39 хувьтай тэнцэж байгаа гэсэн мэдээлэл худал ташаа болохыг албан ёсоор мэдэгдлээ.

Нийгмийн даатгалын сангаас “Капитал” банкинд байршуулсан мөнгөн хадгаламжийн хэмжээ нь тухайн банкны нийт активын 18,9 хувьтай тэнцэж байгаа гэв.

“Нийгмийн даатгалын сан”-гаас арилжааны долоон банкинд 420 тэр бум төгрөгийн мөнгөн хадгаламж байршуулсан бөгөөд тухайн банкны нийт активын 20 хувиас илүүгүй байх зарчмыг баримталж банкуудтай гэрээ байгуулсан байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

450 мянган мод, сөөг тарьжээ

 

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” болон хувийн хэвшил, аж ахйун нэгж байгууллагууд хамтран  энэ жил нийтдээ 700 мянган м.кв талбайн зүлэг, 90 мянган мод, 800 мянган сөөгөнд арчилгаа тордолгоо хийж байгаа аж.

Нийслэлийн гудамж, цэцэрлэгүүдэд 450 мянган ширхэг мод, сөөг тарьжээ. Зүлэг тарих ажил энэ сарын нэгний өдрөөс эхэлсэн ба ирэх долоодугаар сарын 5-ныг хүртэл үргэлжлэх аж. Зүлэг шинээр болон нөхөн тарих ажил 200 мянган м.кв талбайд хийгдэх юм байна.

Харин цэцэгжүүлэлт энэ сарын 5-аас эхэлж, 500 мянган ширхэг цэцгийг 30 мянган м.кв талбайд суулгахаас 70 хувийг нь тариад байна. Ногоон байгууламжийн хөрсийг ариутгах ажил 152 м.кв талбайд хийгджээ. Мөн ургамлын өвчин, хортонтой тэмцэх ажлын хүрээнд 88150 ширхэг   мод бут сөөгийг энэ сарын 25-наас ирэх сарын 10-ны хооронд ариутгах юм байна.

Categories
гадаад мэдээ

Украины армийн нисдэг тэргийг бууджээ

Украины Ерөнхийлөгч болон Оросын талыг баримтлагчид түр гал зогсоох гэрээ байгуулсан ч  өчигдөр Славянск хотын ойролцоо армийн “Ми-8” нисдэг тэргийг Оросын талыг баримтлагчид буудаж унагаасан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Онгоц осолдох үед зорчиж явсан Украины армийн есөн цэрэг амиа алдсан аж. Украины Ерөнхийлөгч Петр Порошенко армийн нисдэг тэргийг буудаж унагаан, цэргүүдийн амийг хөнөөсний хариуд ямар хариу арга хэмжээ авахаа мэдэгдээгүй билээ. Үүний зэрэгцээ Европын холбооноос Украины хямралыг цэгцлэхэд ОХУ-ыг хамтран ажиллахгүй бол эдийн засгийн хориг арга хэмжээ авна хэмээн сүрдүүлсэн байна. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украины сөргөлдөгч талуудыг бие даасан яриа, хэлэлцээр хийхийг зөвлөж, амиа алдсан армийн цэргүүдийн гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Валютын ханшийн мэдээ


Монгол банкны 06 сарын 24-ны өдрийн хаалтын ханш

Доллар            1825.13        

Юань                292.96

Вон                1.79

Евро                2483.27

Фунт                3107.56

Рубль                53.68

Иень                17.90

Гонконг доллар        235.44

Австрали доллар        1715.71

Сингапур доллар        1461.16    

Алт /унцаар/            2,403,057.41

Мөнгө /унцаар/        38,172.59

06 сарын 25-ны “Найман шарга” захын валютын ханшийн мэдээ

 Доллар                  1,826        1,829            

Евро                        2,485        2,495

Фунт                        3,110        3,130

Юань                       294.00         294.80

Вон                          1.81             1.82

Рубль                       54               54.50

Иень                        17.95          18.05

Гонконг доллар        235            239

Австрали доллар   1,720           1,740

Сингапур доллар   1,420             1,465

Швейцарь франк    2,000             2,030

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгчид оюутан-цэргүүд талархлын захидал илгээв

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржид “Оюутан-цэрэг” хөтөлбөрийн анхдагчдаас талархлын захидал илгээсэн байна.

Төв аймгийн Алтанбулаг суман дахь Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид алба хааж буй Ш.Түвшинбаяр, Б.Есүхэй нарын зэрэг “Оюутан-цэрэг” хөтөлбөрийн анхны оюутан-байлдагчдаас ирүүлсэн захидалд “Бид бол азтай оюутан. Ингэж өөрсдийгөө тодотгосон нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 92 дугаар зарлиг, Засгийн газрын 40 тоот тогтоол, Батлан хамгаалахын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд нарын хамтарсан тушаалын дагуу “Оюутан-цэрэг” хөтөлбөрийн анхны оюутан, цэрэг болсон явдал юм.

Оюутнууд биднийг суралцахын зэрэгцээ цэргийн жинхэнэ алба хаах боломж олгосон явдалд бид чин сэтгэлээсээ талархаж байна. Учир нь эх орноо батлан хамгаалах эрхэм үүргийг минь эдлүүлэхэд дорвитой дэмжлэг үзүүлж буй явдал юм. Ингэснээр маш их цаг хугацаа хэмнэж, асар их мэдээллийг залуус бидэнд олгосоор байна.

Цэрэг эрс бид оюутан байх хугацаандаа цэргийн жинхэнэ албаа нэр төртэй хааж, улмаар их, дээд сургуулиа амжилттай суралцан төгсөж, эх орныхоо өмнө хариуцлага хүлээсэн төрийн жинхэнэ албан хаагч болж чадахаа эх орон, багш, сурган хүмүүжүүлэгчид, аав ээж, найз нөхдийнхөө өмнө андгайлан тангараглая” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн талаар харилцан санал солилцов

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаа Төрийн байгуулалтын байнгын хорооны урилгаар манай улсад ажиллаж байгаа Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн албаны Ардчилсан засаглал, жендэрийн нэгжийн дарга, доктор Марчин Валецкиг өнөөдөр / 2014.06.25 / хүлээн авч уулзав.

Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа уулзалтын эхэнд Төрийн байгуулалтын байнгын хорооны урилгаар манай улсад ажиллаж байгаад талархал илэрхийлээд УИХ Улс төрийн намуудын санхүүжилт болон Сонгуулийн тухай хуулийн төслүүд дээр хоёр томоохон ажлын хэсэг байгуулан ажиллаж байгааг танилцуулав. Мөн тэрээр одоо Сонгуулийн тухай дөрвөн тусдаа хууль үйлчилж байгааг дурдаад эдгээр тусдаа хуулиудыг нэгдсэн нэг хуулийн төсөл болгохоор ажлын хэсэг ажиллаж байгааг дуулгалаа. Түүнчлэн Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн гол өөрчлөлт нь сонгуулийн нэрсийн жагсаалт, сонгуулийн санхүүжилт болон сонгуулийн маргааныг шийдвэрлэх гэдгийг хэлээд уг хуульд орж байгаа өөрчлөлтүүдийн талаар танилцуулсан юм. Тэд уулзалтын төгсгөлд харилцан санал солилцлоо.

Доктор Марчин Валецки нь дэлхийн 35 гаруй улсад ардчилсан засаглалын дэмжлэг, туслалцаа үзүүлэх чиглэлээр 18 жил ажиллаж байгаа дадлага туршлагатай юм байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн мэргэжилтнүүд Вена хотод суралцана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Австри улсын Вена хотын Засаг дарга ноён Др. Хойплын урилгаар тус хотод албан ёсны айлчлал хийж байна. Вена хотын Засаг дарга ноён Др. Хойпл  манай төлөөлөгчдийг хүлээн авч, түүний урилгыг найрсгаар хүлээн авч өөрийн баг төлөөлөгчидтэйгөө хүрэлцэн ирсэнд нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд талархаж байгаагаа илэрхийллээ.

Хотуудын дарга нар нийслэл хотуудын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Нийтийн тээврийн шинэчлэл, боломжит өртөг бүхий орон сууц барих, орон сууцны сан бүрдүүлэх, барилгын шинэ техник технологийг нэвтрүүлэх зэрэг олон асуудлаар санал солилцсон бөгөөд  Улаанбаатар хотын мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг Вена хотод зохион байгуулах талаар харилцан тохиролцоонд хүрлээ. Нийслэлийн Засаг даргын айлчлалын бүрэлдэхүүнд манай улсын бизнесийн төлөөлөл багтсан бөгөөд тус улсын Худалдаа Эдийн Засгийн танхимын Барилгын холбооны төлөөлөлтэй уулзаж, барилгын шинэ техник технологи нэвтрүүлэх, богино хугацаанд барилга барих талаар хамтран ажиллах талаар санал солилцсон байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн Вена хотод хийж буй албан ёсны  айлчлал амжилттай үргэлжилж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Монгол бүсгүй ОУ-ын загварын тэмцээнд өрсөлдөж байна

Загвар зохион бүтээгч Б.Баасандэлгэр Италийн “Vogue” сэтгүүл Muuse.com сайтууд хамтран зохион байгуулдаг “MUUSExVOGUE Talents young Vision Awards 2014 International” тэмцээнд амжилттай оролцож байна. Тэмцээнд дэлхийн 44 орны 400 гаруй загвар зохион бүтээгч оролцож байгаа бөгөөд тэмцээний хоёрдугаар шатанд 150 хүн үлдсэний дотор Б.Баасандэлгэр багтжээ. Тэрээр энэхүү тэмцээнд “Deelte” хэмээх коллекцоороо оролцож байгаа юм.

Тэмцээний ялагч Muuse брэндийн загвар зохион бүтээгч болохоос гадна muuse.com сайтаар бүтээгдэхүүнээ худалдан борлуулах эрхтэй болох аж. Түүнчлэн алдарт “Vogue” сэтгүүлд нийтлэл бичүүлэх эрхтэй болох гэнэ.

Тэмцээний дараагийн шатанд үлдэх 50 загвар зохион бүтээгчийн шалгаруулахдаа vogue.muuse.com хуудсаар авсан саналыг голлох үзүүлэлтээ болгох юм. Тиймээс нутаг нэгтнээ дэмжин санал өгөхийг хүсвэл та бүхэн дараах линкийг ашиглаарай.

http://vogue.muuse.com/#!vote/1190-baasandelger-batbekh

Б.Баасандэлгэр үүний өмнө мөн л ОУ-ын загварын тэмцээнд оролцон эх орныхоо нэрийг гаргаж байсан бөгөөд 600 орчим хүнээс шилдэг 26-д багтан Миланы загварын шоунд бүтээлүүдээ танилцуулж байсан юм.

Ингээд түүний “Deelte” коллекцыг танилцуулъя.

Categories
мэдээ нийгэм

Хөрөнгийн биржийн даргаар Д.Ангарыг томилов

 “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл Д.Болормааг үүрэгт  ажлаас чөлөөлж,  Д.Ангарыг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.

Даваасүрэнгийн Ангар нь 1978 онд төрж, 1995 онд Нийслэлийн Физик математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр дунд сургуулийг төгссөн. АНУ-ын Төв Арканзасын их сургуулийг санхүүч мэргэжлээр бакалавр, Ливерпүүлийн Их сургуулийг Олон улсын санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр ШУ-ны магистрын зэрэгтэйгээр төгсчээ.

2002 онд Сангийн Яаманд мэргэжилтнээр ажилд орсноор ажлын гараагаа эхэлсэн байна. 2008 онд тус яамны Өрийн удирдлагын хэлтсийн даргаар томилогдон ажиллаж Засгийн газрын үнэт цаасны арилжаа, өрийн удирдлага, үйлчилгээ, эрсдэл зардлын шинжилгээ, Засгийн газрын дамжуулан зээл, төсвийн зээл, мөнгөн хөрөнгийн удирдлага, хугацаа хэтэрсэн өрийн хэлэлцээ зэрэг асуудлуудыг хариуцан ажиллаж байсан. 2011-2014 онуудад Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайдын яаманд худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөхийн албан тушаалыг хашиж байсан аж.

Categories
мэдээ улс-төр

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Монгол Улсад айлчилж байна

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар 2014 оны 6 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайдын энэ оны 1 дүгээр сард хийсэн айлчлалын хариу айлчлал бөгөөд 2014 онд Монгол, Хятадын харилцааны чухал үйл явдлуудын нэг болж байна.

Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Шадар сайд Д.Тэрбишдагва нарт тус тус бараалхаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Гадаад хэргийн сайд нарын албан ёсны хэлэлцээ амжилттай болж, хоёр талын улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбар, Гадаад харилцааны яам хоорондын хамтын ажиллагаа, олон улс, бүс нутгийн хүрээн дэх харилцан сонирхсон асуудлаар мэдээлэл, санал солилцлоо. Мөн энэ онд хоёр талын хооронд хэрэгжүүлэх харилцан айлчлал, арга хэмжээнүүдийн талаар ярилцаж тохиролцов.

Сайд Л.Болд хэлэлцээний үеэр хоёр тал 2014 онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг хамтран тэмдэглэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон төслүүдийн явцыг эрчимжүүлэх, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбарын харилцааг идэвхжүүлэх зэрэг асуудлаар санал солилцож,  хоёр талын хамтын ажиллагааны олон асуудлаар санал нэгдсэнд баяртай байгаагаа илэрхийлснээс гадна 2014 оныг хоёр тал “Монгол, Хятадын Найрсаг солилцооны жил” болгон зарлаж өргөн хүрээний олон арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж байна. Эдгээр ажлын үр дүнд хоёр ард түмний найрамдалт харилцаа, харилцан ойлголцол улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.  1949 онд Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 65 жил өнгөрч байна. Энэ хугацаанд Монгол, Хятадын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээнд заасны дагуу бие биеийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн эрхт байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, энх тайвнаар зэрэгцэн орших зарчмын үндсэн дээр хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байна.

Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирлээ. Өндөр, дээд түвшний харилцан айлчлал тогтмолжиж, худалдаа, эдийн засгийн бодит хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байна. Хоёр тал олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны механизмуудын хүрээнд амжилттай хамтран ажиллаж байна. Энэ бүхний үндсэн дээр Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа улам гүнзгийрч, ард иргэд, хүүхэд залуучуудын харилцан солилцоо улам идэвхтэй хөгжих сайхан төлөв бүрэлдээд байна. Түүнчлэн сайд Л.Болд Монгол, Хятадын харилцаа түүхэндээ хамгийн таатай үедээ хөгжиж байгааг тэмдэглээд хоёр улсын хооронд маргаантай асуудал байхгүй, дэлхий дахин, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлын төлөө цаашид улам идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааны гол тулгуур нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа гэж талууд үздэг. Хоёр талын аж ахуйн нэгжүүд уул уурхай, барилга, зам, тээвэр, хөдөө аж ахуй, банк, санхүүгийн салбарт эрчимтэй хамтран ажиллаж байна.  БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван и-гийн энэ удаагийн айлчлал нь хоёр талын харилцан итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэх, хамтын ажиллагааны тодорхой асуудлуудыг урагшлуулах, ГХЯ-д хоорондын болон олон улс, бүс нутгийн хүрээн дэх цаашдын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо гэж хоёр тал үзэж байна.