Categories
мэдээ нийгэм

Химийн хорт болон аюултай хог хаягдлын тооллого явуулна

Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Үндэсний хөтөлбөрийн
төслийн хэлэлцүүлэг  өчигдөр “Blue sky” цамхагийн Кристалл танхимд
боллоо.

БОНХЯ, Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал
эрхэлсэн үндэсний зөвлөлөөс  зохион байгуулсан энэ уулзалтадяамдын болон
нийслэл,орон нутгийн холбогдох мэргэжилтнүүд, ШУА-ийн эрдэмтэн
судлаачид оролцов. Хэлэлцүүлгийг БОНХ-ийн дэд сайд Б.Тулга нээж үг
хэлэв.Тэрбээр Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай асуудал
дэлхий нийтийн өмнө хурцаар тавигдаж байгааг тэмдэглээд , энэ чиглэлээр
салбарын яамнаас хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар танилцуулж,
удахгүй химийн хорт болон аюултай хог хаягдлын тоо хэмжээг гаргах
тооллого явуулах болсныг дуулгасан юм. Анхан шатны тооллогыг 2004-2005
онд явуулж байсан бөгөөд өдөр ирэх тусам нэр төрөл, тоо хэмжээ, хэрэглээ
нь өсөн нэмэгдэж буй химийн бодисын менежментийг зохистой явуулах,
химийн хорт бодисоос хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, мөн
түүнчлэн төрөөс байгаль орчны талаар баримтлах бодлого, хандлага
өөрчлөгдсөнтэй холбоотойгоор  тооллогыг дахин хийх, Үндэсний хөтөлбөрөө
шинэчлэх үүднээс энэ хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.Хэлэлцүүлэгт
оролцогчид удаан задардаг органик бохирдуулагчийн өнөөгийн байдал, хууль
эрх зүйн орчин, үйл ажиллагааны тухай ярилцаж, харилцан санал солилцов.

Мөн тооллогыг хэрхэн үр дүнтэй хийх, цаашид аюултай хог хаягдал устгах
байгууламж бий болгох талаар онцлон ярилцав. Удаан задардаг органик
бохирдуулагчид пестицид, үйлдвэрийн химийн бодис, зарим бүтээгдэхүүний
үйлдвэрлэлийн явцад болон шатаалтын процессоос зориудын бусаар үүсдэг
бодисууд ордог бөгөөд ихэвчлэн хлор, бром, фтор агуулсан байдаг. Эдгээр
бодис нь маш тогтвортой /амархан задардаггүй/, онцгой хортой, хол зайд
зөөвөрлөгдөж шилжих чадвартай, шилжиж зөөвөрлөгдөх явцдаа хоруу чанар нь
алдагддаггүй. Түүнчлэн хүний биед орж биохуримтлал, биосоронзлол үүсгэх
ба дотоод шүүрэл, дархлаа, дээд мэдрэл, үржлийн системд нөлөөлөн, хорт
хавдар, чихрийн шижин, үргүйдэл, дотоод шүүрлийн системийн хямрал,
арьсны өвчлөл,мэдрэлийн согог зэрэг өвчнүүдийг үүсгэдэг.  Энэхүү
бохирдуулагчийн хор аюулыг дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрч,2001 оны 5
дугаар сард удаан задардаг органик бодисын хор нөлөөллөөс хүний эрүүл
мэнд,байгаль орчныг хамгаалах зорилго бүхий Стокгольмын конвенцийг
баталжээ. Уг конвенцид Монгол Улс 2003 онд нэгдэн орж, Засгийн газрын
2006 оны 99 дүгээр тогтоолоор Удаан задардаг органик бохирдуулагчийн
тухай Үндэсний хөтөлбөрийг баталсан юм гэж Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас мэдээллээ.  

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт 26 хэм дулаан

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн ихэнхнутаг, төвийн нутгийн зарим газар говийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун болон зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 градус, говийн бүс нутаг болон Их нууруудын хотгор, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 26-31 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 25-27 градус дулаан байна. 

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13 градус дулаан, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 871  гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Categories
нэг-өгүүлбэрээр

Аргентины довтлогч Агуэро хөлийн булчингийн гэмтлээс шалтгаалан цаашид тоглохгүй байж магадгүй байна

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Суаресын шийтгэлийг зарлалаа

ОУХХ албан ёсны хуудсандаа Уругвайн шигшээ багийн довтлогч “хаздаг” Суаресыг хэрхэн шийтгэж буйгаа зарлажээ. Суарес өнөөдрөөс эхлэн албан ёсны есөн тоглолтыг өнжих, дөрвөн сарын хугацаанд хөлбөмбөгтэй холбоотой ямар ч арга хэмжээнд оролцохгүй байх, энэ хугацаанд цэнгэлдэх хүрээлэнд орж хөлбөмбөг үзэж ч болохгүй хэмээн шийтгүүлж байна. Түүнчлэн 100 мянган швейцар франкын төлбөрийг төлөхөөр болжээ.

Б.Хулан

Categories
нэг-өгүүлбэрээр

Ганын шигшээгийн Баотинг, Мунтари нар бэлтгэлийнхээ үеэр муудалцаж хоорондоо зодордсон тул өнөөдрийн тоглолтод оролцуулахгүй гэж багийн ахлах дасгалжуулагч Аппиа мэдэгдэв.

Categories
мэдээ нийгэм

Газар өмчлүүлэх 20 байршил батлагдлаа

Нийслэлийн  иргэдийн төлөөлөгчдийн өнөөдрийн хуралдаанаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд газар өмчлүүлэх 20 байршлыг баталлаа.

Энэ нь иргэдийн дунд хүлээлт үүсгээд байссан билээ. Эхний ээлжинд хотын захын дүүргүүд болох Багануур, Багахангай, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд газрын хаягжилтыг тогтоосон байна. Иргэдийн өргөдлийг цахимаар хүлээн авахад бэлэн болсон ч наадмын дараа буюу ирэх наймдугаар сараас газар өмчлүүлэх ажлыг эхлүүлэхээр боллоо.

Иргэдэд газар өмчлүүлэх 20 байршлын мэдээллийг хүргэж байна.

Categories
гадаад мэдээ

Опиум нийлүүлэлт эрс нэмэгджээ

Өнөөдөр мансууруулах бодис болон мансууруулах бодис хууль бус наймаатай  тэмцэх олон улсын өдөр билээ.  Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Мансууруулах бодис болон гэмт хэргийн асуудал хариуцсан газраас нэгэн мэдэгдэлд гаргасан байна. Тус байгууллагаас жил бүр гаргадаг тайланд дэлхийд опиум үйлдвэрлэл болон нийлүүлэлт эрс нэмэгдсэн болохыг онцлон дурдсан юм. 2009 оноос хойш опиум үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдсэн байна. Үүний сацуу кокаин нийлүүлэлт багассан гэдгийг ч дурджээ.  

Ю.Дэлгэр

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулах нэмэгдүүлэх хөтөлбөртэй танилцав

Улаанбаатар хот орчимд хүнсний бүтээгдэхүүний төрөлжсөн зоорь, агуулах, худалдааны төв шинээр байгуулахаар 2013 оноос “Хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулах нэмэгдүүлэх” хөтөлбөрийг Засгийн газар Монгол банктай хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрт 116 аж ахуйн нэгж төслийн санал ирүүлснээс шаардлага хангасан 33 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулжээ. 23 аж ахуйн нэгжид харилцагч банкуудаар дамжуулан 74,9 тэрбум төгрөгийн зээл олгож, зоорийн багтаамжийг 40 мянган тн-оор нэмэгдүүлж, 35 орчим мянган тн-ын механикжсан зоорь ашиглалтад оруулжээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг 9 тэрбум төгрөгийн зээл авч, үйл ажиллагаагаа өргөжүүлсэн “Тэнгэр” худалдааны төвтэй танилцлаа.    

Тус төв энэ хөтөлбөрт хамрагдсанаар өдөрт 20-30 тн мах бэлтгэн ангилж савлах хүчин чадалтай махны цех, 10 тн хүнсний ногоо, жимс жимсгэнийг хүлээн авч угааж цэвэрлэн савлах хүнсний ногооны цех, хагас боловсруулсан бүтээгдэхүүн болон нарийн боовны үйлдвэрийн цехтэй болжээ. Мах, махан бүтээгдэхүүн, гурил гурилан бүтээгдэхүүнийг ченжүүдийн дамжлагагүйгээр хэрэглэгчдэд шууд хүргэх боломжтой болсон гэж тус төвийнхөн танилцуулж байлаа.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Улаанбаатар орчимд ганц “Хүчит шонхор” биш дүүрэг бүрт, ялангуяа захын дүүргүүдэд ийм төв байгуулахаар Засгийн газар дэмжин ажиллаж байна. Эрүүл ахуйн шаардлага хангасан, хямд үнэ бүхий бүтээгдэхүүнийг иргэддээ хүргэх нь чухал юм. Энэ хөтөлбөрийн үр дүнд намар хурааж авсан төмс, хүнсний ногооныхоо 80 хувийг зооринд хадгалдаг болохоор зорьж байна” гэж хэллээ.

“Тэнгэр” худалдааны төв шиг зоорь бүхий худалдааны төв ойрын хугацаанд Улаанбаатар орчимд 4-5 байгуулагдана гэж Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан хэлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Иргэд тайван цуглаан хийнэ гэв

“Газар шороогоо хайрлах иргэдийн индэр” холбооноос Газрын тухай хуулийг бүх ард түмнээрээ хэлэлцэхийг хүсч хэвлэлийн хурал хийв. Тэд “Ард түмний өмч болох газар нутаг, байгалийн баялгийг цөөн тооны хүмүүс компаниудад хууль бусаар эзэмшүүлж байгаагаа халхлах зорилгоор Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулга гарсан нь илт байна. Сүүлийн үед яригдаж байгаа нарийн цагирагтай төмөр зам, уул уурхай, цацраг идэвхит бодис зэрэг чухал асуудлыг Газрын тухай хууль цэгцлэх зориулалттай. Мөн Монгол Улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, ард түмний эрх ашгийг хамгаалах ёстой” хэмээж байв. Ингээд Баянгол дүүргийн 6-р хорооны иргэн Л.Баярсайхан  болон “Газрын хуулийг дэмжихгүй”  иргэдийн хөдөлгөөнийхөн  маргааш 17.00-19.00 цагийн хооронд Чингисийн талбайд тайван цуглаан зохион байгуулах мэдэгдлээ Нийслэлийн засаг даргад өгөв. 

М.Ундрал

Categories
мэдээ улс-төр

Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжсэнгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2014.06.26/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр танилцуулав.

Монгол Улсад бэлэн бус төлбөр тооцоог хөгжүүлэх, одоогийн дэд бүтцийг өргөтгөн бодит цагийн горимд мөнгөн урсгалыг хянах замаар мөнгөний бодлогын хэрэгжилт, хяналтыг сайжруулах зорилго бүхий “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн зээлийн хэлэлцээрийн төслийг 2013 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдаан, 7 дугаар сарын 3-ны өдрийн УИХ-ын холбогдох Байнгын хороодоор хэлэлцэн дэмжээд Монгол Улсын Ерөнхий сайдын 113 дугаар захирамжаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг олгосон аж.

Үүний дагуу Эдийн засгийн хөгжлийн сайдын 2013 оны 54 дүгээр тушаалаар Азийн хөгжлийн банктай зээлийн хэлэлцээ хийх ажлын хэсгийг байгуулж, 2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр зээлийн хэлэлцээг хийжээ.

Хэлэлцээний дүнд Азийн хөгжлийн банкаас хийгдэх санхүүжилт болох 20 сая ам.долларын хөрөнгийг Азийн хөгжлийн банкны энгийн эх үүсвэрийн сангаас санхүүжүүлэх ба Лондонгийн банк хоорондын захын зээлжих хүүд суурилсан хувьсах хүүтэй, нийт 20 жилийн хугацаанд буцаан төлөх, үүнээс эхний 5 жилд үндсэн өрийн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэйгөөр, төслийг 2014 оны 6 дугаар сараас 2017 оны 6 дугаар сар хүртэл нийт 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр Азийн хөгжлийн банктай тохирсон байна.

“Төлбөрийн системийн шинэчлэл” төслийг хэрэгжүүлснээр соронзон тууз, IC чип, зайнаас уншигдах RF технологийг 1 картанд нэгтгэсэн хосолмол картыг нэвтрүүлэх юм байна. Хосолмол картыг нийтийн тээврийн системд хэрэглэснээр зорчигч нь бэлэн мөнгөтэй харьцах шаардлагагүй болж, автобус, такси бүрт байрлуулсан хосолмол картыг хүлээн авах хэрэгсэл нь үйлчилгээний хураамжийг хэрэглэгчийн данснаас шууд суутгах зарчмаар нэгдсэн системд холбогдож тооцоог хийх аж.

Түүнчлэн банкуудын мобайл банкны үйлчилгээ рүү хандах нэгдсэн цонхтой болгож, тэдгээрийн хооронд гүйлгээ хийх боломжоор хангах юм байна. Мобайл банкны хэрэглэгч нь дансны дугаар болон утасны дугаар үл ялгаварлан өөрийн гүйлгээ хийх бөгөөд бусад бэлэн бус төлбөрийн хэрэгслийн үйлчилгээг өөрийн гар утас ашиглан авах боломжтой болох ажээ.

Тус төсөл хэрэгжсэнээр бэлэн мөнгөний хэрэглээ багасч, бэлэн бус төлбөрийн шинэ хэрэгслүүдийг хөгжүүлж, одоогийн ашиглаж буй төлбөрийн систем улам боловсронгуй, найдвартай болж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн түвшинд хүрэх боломж бүрдэнэ хэмээн танилцуулгад дурджээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дээрх төслийг батлах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Харин чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжсэнгүй хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.