Categories
редакцийн-нийтлэл

Хонхэрээдийн Б.Энхбат: Би Н.Энхбаярын бээлий байсан

1980 оны сүүлээр яруу найрагч Б.Лхагва­сүрэн “Чин сэтгэлийн захи­дал” хэмээх шүлгийн оршилд “Алтан нар цац­рагаа наранд ч,  нарсанд ч алаггүйгээр ээдэг юм. Энэхүү шүлгээ би байнга захидлаар харьцдаг Банз­рагчийн Энхбат, ба­га­даа нэг ангид байсан ч олон жил шоронд суусан,  одоо барилгачин болсон Цэвээний  Лхамсүрэн  бо­лон бусад хоригдол за­лууст зориулав” хэмээн бичиж байв. “Соц” нийг­мийн үед Б.Энхбат хята­дуу­дыг бүлэглэн дээ­рэмд­сэн хэргийн толгой­логч хэмээн ял эдэлж бай­сан гэдэг. Энэ үеэс эхлэн Б.Энхбат гэдэг залуугийн ном зохиол, нийтлэлүүд  зохиолч Л.Түдэв гуайн өмнөтгөлтэй хэвлэлд гарч байсныг санаж байна.

Тэрээр шоронд ч, ний­гэмд ч үргэлж шуу­гиан тарьдаг нэгэн бай­сан. 1990 онд “Ургийн бичгээ сэргээх” санаа­чилга гаргаж байв. 2000 оны дундуур үндсэрхэг үзэлтэй залуусын бүлгэм байгуулж хятад ханз бүхий хаягуудыг буулгаж байлаа. Түүнийг “Даяар монгол”, “Хөх Монгол” бүлгэмүүдийн үзэл санааны эцэг гэх хүмүүс ч байсан юм. Б.Энхбатын  “Захиалгат аллага” хэмээх зургаан дэвтэр роман нь нэгэн үе хам­гийн их уншигчтай ном байж байсан.  Улс төрийн чиг баримжааны хувьд МАХН-ыг дэмжигч байсан бөгөөд жанжин Д.Сүх­баатарын удмын хүн гэгд­дэг.

Ингээд түүнтэй чанга дэглэмтэй Мааньтын хо­рих ангид хийсэн ярилц­лагын үргэлжлэлийг хүргэж байна.      

Ингэхэд гянданд ган­­­цаараа тусдаа өрөөнд байдаг гэсэн мөртлөө бусад  хоригд­лууд­тайгаа яаж ярьдаг байсан юм бэ?

-Бохирын цооногийн хоолойгоор л  хоорондоо ярина шүү дээ. Хэнтэй ч ярихгүй ганцаараа бай­на гэдэг чинь айм­шигтай шийтгэл. Ер нь ганцаар­чилсан өрөөнд олон жил суу­сан хүмүүс солиор­чихдог юм билээ. За­рим­даа  өөрөө өөртэй­гөө хэрэлдээд, хааяа нэг дуу чимээ, хөгжим сон­сохоороо хөг­жим­тэй­гөө хэрэлддэг хүмүүс болчихдог. 

Ерөнхийлөгч асан Н.Энх­баярын тухай та юу гэж боддог вэХарьцангуй ойр байсан хүний хувьд асууж байна л даа

-Энэ цаг үед Монголын улс төрд төрсөн агуу хүмүүсийн нэг. Мон­голын агуу хүмүүсийн ихэнх нь бурхны оронд очсон. Амьд байгаа  цөөхөн мундаг хүний нэг нь Н.Энх­баяр. Би тэгж л ойлгодог. Миний нэг ярих дуртай үг байдаг юм. Уул том байх тусмаа сүүдэр нь том байдаг гэж. Агуу хүмүүсийн алдаа ч тэрийгээ дагаад том байдаг байх. Магадгүй Н.Энхбаяр гуай том хүн учраас олон том алдаа гаргасан байх гэж боддог. Гэхдээ өнөөдөр Н.Энхбаярт оноогоод байгаа ял бол инээдтэй л санагддаг. Бусад хүмүүсийн идсэний хажууд юу юм. Яагаад тэр хүнд том лиценз бай­даг­гүй юм. Яагаад том компанийн хувьцаа эзэмшдэггүй юм. Ийм хүнийг идсэн уусан гэх үү.  Н.Энхбаяр дөрөв, таван жилийн ял авлаа л гэж байна. Гэхдээ Н.Энхбаяр шоронд ял авлаа гэхэд хэзээ ч өлсөхгүй, цан­гах­гүй, ядрахгүй. Монголын шорон­гийн систем бол Оросынхтой адилхан  системээр явдаг.  Оросод тухайл­бал дархлагдсан хулгайч гэж байдаг бол тэрэн шиг л…

Та Н.Энхбаяртай анх яаж холбогдсон юм бэ?

-1996 онд би “Үнэн” сонинд сурвалжлагчаар ажиллаж байхдаа дампуурч байсан МАХН-ын ерөн­хий нарийн бичгийн даргын ажлыг дөнгөж аваад байхад нь Н.Энх­баяр­тай анхны ярилцлагыг хийж байлаа. Тэгж л албан ёсоор бид хоёр зам нийлсэн гэх үү дээ. Түүнээс өмнө бол таньдаг байсан л даа. Бид хоёрын холбоо бол хориод жилийн асуудал л даа. Би  Л.Түдэв багшийнхаа шавь учраас багшийгаа дагаад л “Үнэн” сонинд  ажиллаж байсан хэрэг. Ер нь би Б.Лхагвасүрэн, Л.Түдэв багш хоёроор номоо уншуулж өмнөт­гөлийг нь бичүүлж байлаа шүү дээ. Тэднийг багшаа гэж хүндэлж явдаг шавь нь.

МИНИЙЧОНЫН ХҮҮНОМЫН САНААГЧОНОН СҮЛД“-ИЙН ЗОХИОГЧ ХУЛГАЙЛСАН БАЙНА ЛЭЭ

Та чинь Л.Түдэв гуайн шавь хэрэг үү. Мэдээгүй юм байна

-Түдэв гуайн гарын шавь байл­гүй яахав. Миний “Чонын хүү” номыг редакторлосон шүү дээ. Одоо Хятадын зохиолч “Чонон сүлд” гээд ном гаргаад дуулиан тариад байгаа шүү дээ.  Тэр но­монд миний номын санааг  хул­гайл­сан байна лээ.

Харин Бавуугийн Лхагва­сүрэн гуайтай захидлаар харил­цаж, тэрээр танд шүлэг зориулж бичиж байсныг мэдэх юм байна

-Тийм тийм. Миний номыг ч дэмжиж хэвлүүлж өгч байсан,  хүндэлж явдаг хүн маань. Надад зориулсан шүлгэнд нь ийм мөрүүд байдаг. Заримыг нь мартсан байж магадгүй.

Өөрөөсөө болж алдсан эрх чөлөөгөө

Өршөөл уучлалаар буцааж авахдаа

Уйлсан чдуулсан ч зоргоороо

Уулын салхи шиг дураараа

Бүдэрсэн гэж шоовдорлолгүй

Бүлээн хормойгоо дэвсэж

Эх орон чинь угтана 

Цэцгээ дэвсэж, агаараа чамд цутгах

Цэнхэр эх орны чинь хайрын хариу нь болог гэх мэтээр бичиж байсан.

Сонин түүх байна. Өмнөх яриа руугаа эргээд оръё. Н.Энх­баяр гуай таныг ийм байдалд орсноос чинь хойш дэмжиж тусалсан уу?

-Тусалсаан, тусалсан. Бас ма­най нутгийн Ч.Улаан сайд, Сү.Бат­болд, Сүхбаатар аймгийн Засаг дарга байсан Эрдэнэцогт,  Монгол шуудангийн Чинзориг, эмч Бундан­гийн Болдсайхан, Бат-Энх, Иргэ­ний нисэхийн Т.Батжаргал, бур­ханч лам Г.Пүрэвбат, мисс Ган­тогоо, тэдний ээж нь гээд олон хүн тусалж дэмжиж байлаа. Даяар Монгол, Хөх Монгол бүлгэмийн залуус маань ирнэ. Намайг шорон оронд орлоо гээд нөхөрлөлөө хэвээр нь хадгалж үлдсэн хүмүүс бий бий. Би тэрэнд их баярлаж явдаг шүү.  Ийм үед хүний мөс чанар их танигдаж, шигшигдэнэ шүү дээ. Гэхдээ би ганцаарчилсан өрөөнд хүн амьтан­тай уулзах боломжгүй байсан шүү дээ. Одоо л ганц нэг хүн эргэж ирэх боломжтой болсон болохоос. Тэр байтугай миний хавтаст хэрэгт ч төрийн том алба хашиж байсан хүмүүс мэдүүлэг өгсөн байдаг юм ш дээ. 

Та таван жил гянданд суу­гаад гараад ирлээ. Таныг давж гарч ирж чадах болов уу гэж бодох хүмүүс байсан л байх.   Гэтэл одоо манай энэ ял сонссон хурандаа нар, таны агуу гээд байгаа Н.Энхбаяр гуай нар ялан­гуяа өндөр албан тушаал хашиж явсан хүмүүс шоронгийн сургаар л бие нь муудаад байх юм. Уг нь гяндангийн дэргэд жирийн дэг­лэмтэй хорих бол анхан шат л гэсэн үг биз дээ. Та үүнийг юу гэж боддог вэ?

-Итгэл үнэмшил, үзэл бодол нь төлөвшсөн хүн л ямар ч юманд тэсч гардаг юм байна гэж бодсон. Би санаатай хүний амь бүрэлгээгүй хэрнээ үүний учир нь олдоогүй байхад үхчихэж бас болохгүй шүү дээ. Үнэн мөн нь олдтол амьд байх ёстой.  Н.Энхбаярын тухай та хоёр надаас асууж байна. Н.Энхбаярын хувьд хуурай өлсгөлөн зарлаад арав гаруй хононо гэдэг бол  аа яа яа хэцүү шүү дээ. За даа тэслээ тэслээ гэхэд долоо л хонож чадна. Би өөрөө өлсгөлөн зарлаж явсан хүн, мэднэ л дээ. Тэгэхэд хуурай өлсгөлөнг арав гаруй хоног тэсч гарна гэдэг бол аймаар. Чухам хуурай өлсгөлөн зарлахдаа  ямар орчинд яаж байсныг нь мэдэхгүй юм. Мань мэт ийм нөхцөлд өлсгө­лөн зарлах нэг өөр, төрийн том хүн зарлах нэг өөр байх. Гэхдээ л хэцүү. Ер нь би Н.Энхбаярыг  бол үзэл бодлын хувьд хүндэлдэг. Алдаагүй хүн байхгүй ээ. Хүний алдааг бас уучилж чаддаг байх хэрэгтэй юм шиг билээ. 

Саркози Каддафийг алуул­сан гэж ярьдаг шиг арай таныг Н.Энх­баяр нь ингээд түлхчихсэн юм биш байгаа гэж ярих хүмүүс бий л дээ. Яагаад гэвэл та Н.Энх­баярын сайн сайхныг мэдэхээс гадна муу муухай хийсэн зүйлийг ч гадарлана шүү дээ?

-Би ганцхан юм хэлье. Та нар анзаарсан уу, үгүй юу. Би бол олон сайхан шавьтай. Тэдний нэг Даяар Монгол хөдөлгөөнийг удирдаж байсан залуу дээд хэмжээ авсан.  Тэр чинь гурвуулаа хийсэн хэрэг шүү дээ. Ганцаараа хэрэг үүрсэн. Бид нар чинь бол өөрсдийнхөө дагаж байсан хүнийг хутга шааж байсан ч эсрэг хөдлөхгүй. Тэр бол эр хүний чанар. Тэр хүн нь түлхлээ ч үнэнч хэвээрээ л байдаг. Би тийм л хүмүүсийн  нэг. Эзэндээ үнэнч гэдэг шиг. Энхбаяр надад  “Би улс төрийн том алба хашиж байна. Би чамайг цэвэрлэнэ, чи надад хэрэг­гүй болсон” гэвэл би зөвшөөрнө. Тэртэй тэргүй улс төрчид юунаас болж үхдэг вэ гэвэл хэт их юм мэдсэнээсээ болж л үхдэг.  Н.Энх­баяр бол Монголын улс төрд дахин ирж тоглоно шүү. Наана нь элгээрээ яваад өгчихгүй л бол.

Улс төрдөө эргэн орж, дахин том албан тушаал хашна гэж үү?

-Напелеон Бонапарт Элба арал дээр цөлөгдөж байгаад эргэж ирэхдээ хоёр дахиа хаан болдог  шиг. Н.Энхбаяр бол өрөөндөө амиа хорлоод үхчих хүн бол биш шүү. Ялангуяа шоронд орж байгаа хүн амиа хорлох нь бараг үгүй шүү дээ.

Та Н.Энхбаярт үг дамжуулах бол юу гэж хэлэх вэ?

-Тэсээд гараарай, дахиад улс төрд босч ирээрэй л гэж хэлнэ.   Өөрөөр хэлбэл, алдсан алдаагаа ухаантай хүн давтдаггүй юм. Алдаагаа давтахгүй хүн л эр хүн шүү дээ. Нэг алдаагаа дахин,  дахин давтаад байвал тэр хүн болохгүй. Түүнээс биш Н.Энхбаяр бол маш их алдаа гаргасан хүн шүү дээ. Олон сайхан дотны хүмүү­сээ өөрөөсөө холдуулж байсан. Олон хэрэггүй хүнд бас итгэж байсан. Харин ажаад байхад нэг алдаагаа давтаад байдаггүй хүн шиг санагддаг. Ю.Цэдэнбал гуайг  олон жил төр барьсан л гэдэг. Н.Энхбаярыг бас тэгж хэлээд байгаа. Олон жил төр барьсан хүн Монголд төр бий шүү дээ. Пунсал­маагийн Очирбат аль 1972 онд монгол төрийн сайд хийж байсан хүн ш дээ. Өнөөдөр хамгийн том ажил хашиж л байна. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн гэдэг чинь  Монголд бол хамгийн том албан тушаалын нэг  гэж боддог шүү дээ.  Ер нь улс төр гэдэг өөрөө бохир тоглоом. Улстөрчид бээлийгүй бол улс төрөө хийж чаддаггүй.

Тэр нь юу гэсэн үг вэ?

-Бээлий болдог хүмүүс нь мань мэт шиг хүмүүс байдаг байхгүй юу. Гэхдээ би бол Н.Энхбаярын  бүл­гийн л бээлий байсан байхгүй юу. Тухайлбал Н.Энхбаяртай хамтарч ажилладаг хүмүүстэй би дамжуулж ажилладаг ч байсан байж болно гэсэн үг.

МОНГОЛЫН ТӨЛӨӨ САЙН ЗҮЙЛ ХИЙВЭЛ ЭРЛИЙЗ, ХУРЛИЙЗ НЬ ХАМААГҮЙ ЭЭ

Одоо асуултаа арай өөр  тийш нь хандуулъя. Та  бол номоо бичээд л сууж байдаг их сайн хүмүүжигч байсан гэж сонс­сон?

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, арми хоёр бол улс­төрж­дөггүй байгууллага гэж би боддог. Тиймээс хуулийн дагуу, ном журмаар нь л байхыг хичээж ирлээ. Одоо юу хийхэв. Номоо бичээд л сууж байна.  

Өмнө нь бичиж байсан ном­нууд чинь худалдаанд хараг­дахаа больсон байна лээ?

-Яахав, тэр үеийн номуудаа харахаар одоо үнэхээр голдог. Тэр бол зах зээлийн, борлуулалтын л номууд байж.

Ер нь анзаараад байхад ял эдэлж байгаа хүмүүсМиний хэрэг  буруу шийдэгдлээийм, тийм байна. Гэтэл  ингэчихлээгэх юм. Та  өөрийнхөө хэргийн талаар юу гэж боддог вэ?

-Би бол буруутай. Буруугүй гэж хэлэхгүй ээ. Хийсэн хэрэгт нь таарсан ял өгөөсэй л гэж боддог хүн. Ер нь Монголын шоронд бай­гаа олон залуучууд тэгж боддог юм билээ. Би ганцхан юм анзаард­аг. Яалт ч байхгүй хуулиар чанга ял авах түвшинд хүрсэн хүмүүс бий. Тийм хүмүүс бол цөөхөн ш дээ. Та хоёр  бол тийм хүмүүстэй уулзаж байгаагүй байх. Би амьд­ралдаа хятадын эрлийз хүнтэй гар барьж байгаагүй. Би гянданд байхдаа нэг тийм хүнтэй гар барьж байсан. Тэр залуу социализмын үеэс хойш долоон удаа шоронд орсон байгаа юм.  Сая орохдоо хүн хутгалж орсон. Би тэрнээс чи хэдэн жилийн ял авна гэж бодож байсан гэж асуухад “Хорин жилийн ял авна байх гэж бодсон. Илүү авчихлаа” гэсэн. Би тэрэнд  “За одоо чи бид хоёр гянданд таарлаа. Би хятадын эрлийз хүмүүст дургүй. Ийм газар таарчихаад бие биенээ үзэн ядаад яахав” гэж хэлээд гар барьж байсан.

Та маш олон хүнийг Хятадын эрлийз гэж зарласан шүү дээ.

-Би Монгол Улс тусгаар тогт­нолоо алдчихгүй байгаасай л гэж боддогийм. Монголын төлөө, Мон­голын ард түмний төлөө сайн юм хийж байвал эрлийз байна уу, хурлийз байна уу падгүй ээ. Төрийн том албан тушаалыг өөрийн хувийн, бүр цаашлаад өөр улсын сонирхлын төлөө хийгээд байвал би эсэргүүцэж тэмцэнэ.

Та хас тэмдэг анх зүүгээд л явдаг байсан. Одоо ч энд зүүгээд байгаа юм байна?

-Ер нь ийм л дээ. Би энийгээ дээдийн өрөөнд зүүж байлаа. Гянданд зүүж байлаа. Одоо ч зүүгээд явж байна. Уг нь  дээдийн өрөө, гяндан хоёрт  хүзүүндээ ийм юм зүүхийг хориглодог л доо. Хас тэмдэг гэдэг бол хүн төрөлхтний танин мэдэх гэж гээд байгаа тэр сансрын хар нүх энэ тэрийг чинь бэлгэддэг асар нарийн гүн ухаантай. Маш олон зуун жилийн түүхтэй эд. Гурван цэнхэрийн агуйд байдаг шүү дээ. Багшаас шавьд, амнаас ам дамжин нууц нь өвлөгдөж явдаг. Би энэ хасыг  үр хүүхдэдээ үлдээнэ гэж боддог юм. Яагаад гэвэл юманд энерги шингэх гэж ярьдаг ш дээ. Тэр утгаараа. Хасын нарийн утга ухааныг тайлбарлана гэвэл бүхэл бүтэн хэдэн боть ном болно.

Үргэлжлэл бий
Д.МӨНГӨНДАЛАЙ
Т.ЦОГТЭРДЭНЭ

Categories
редакцийн-нийтлэл

Манхэтэн дүүргийн нэгдүгээр өргөн чөлөөнд …

НҮБ-ын
төв байр Нью-Йорк хотын Манхэтэн
дүүргийн нэгдүгээр өргөн
чөлөөний 44-46 дугаар гудамжинд байрладаг.
Яг ард талаар нь үзэсгэлэнт
Зүүн гол урсдаг энэхүү Яст мэлхийн булан нэр­тэй газарт
НҮБ-ын төв байрыг барих ажиллагаа 1949 онд
эхэлсэн гэдэг юм билээ. Нийт 69 мянган га газрыг нь тухайн үед 8.5 сая ам.доллараар авч байсан
гэдэг. Тэр үед газар хямд
байсан, одоо Манхэтэнд ч газрын үнэ
тэнгэрт хад­сан гэлцэнэ. Газар юу байхав. Сөөм
ч сул газар байхгүй юм чинь.
Монгол Улс НҮБ-д 1961 онд
эл­сээд 1964 онд одоогийн Суурин төлөө­лөг­­чийн газ­рынхаа бай­рыг авсан ажээ. Зургаан дав­хар
өн­дөр хуучны энэ ба­рилга одоо бас
л “ха­данд гар­сан” үнэтэй
бол­сон гэсэн. Суурин төлөө­лөгчийн газрын зөвлөх Э.Ганболд ах бидэнд тө­лөө­лөгчийн
газрынхаа талаар дэлгэрэнгүй
мэ­дээ­лэл өгсөн билээ.

Ер нь манайхан эртнээс дип­ломат албандаа алсын хараатай байж ирсэн нь олон зүйлээс анзаа­раг­даад байдаг. Түрээсэлж байс­наас худалдаад авах нь зөв гэдгийг дандаа мэддэг байсан бололтой. Парисын Булоньд байгаа ЭСЯ-ны байраа бас л олон жилийн өмнө нэг эмчээс худалдан авсан байдаг нь одоо бас л их үнэд хүрсэн дуулддаг.

Байрны хувьд нэг иймэрхүү. Харин НҮБ-ын суурин төлөө­лөг­чийн газар маань цомхон. Экс Ерөнхий сайдын зөвлөхөөр ажил­лаж байсан О.Оч сайдаар томилог­дож очоод удаагүй аж. Энд сайдаа­саа гадна дөрвөн дипломат, нэг нарийн бичгийн даргатай. Ерөн­хийдөө хүн хүч цөөнтэй. НҮБ намартаа хуралд­даг мэт боловч НҮБ-ын шугамаар хийгдэх ажлууд чөлөө завгүй. Манай УИХ шиг НҮБ-ын зургаан байнгын хорооны ажил байнга явагдана. Гадны улсууд нэг байн­гын хороон дээрээ гурваас тав түү­нээс олон хүнтэй байдаг бол ма­найх хоёр байнгын хороог нэг хүн хариуцаж байх жишээтэй аж. Ерөнхийдөө НҮБ-ын суурин тө­лөө­лөг­чийн газрын хүн хүчийг бод­ло­гоор нэмэгдүүлэхээр болсон шиг.

Суурин төлөөлөгчийн газраас гадна НҮБ-д ажиллаж байгаа мон­голчууд нэмэгдсээр байгаа юм билээ. Хэлтэй устай, чадалтай чадварлаг монголчууд НҮБ-ын төв оффист нь ажиллах болоод бас уджээ. Тэнд хорь орчим монгол­чууд хариуцдаг салбар, бүс нутаг нь өөр, өөр ч НҮБ дэх монгол­чуу­дын гэсэн баг хэдийнэ үүсгэж амж­жээ. Хамгийн удсан нь НҮБ-д хориод жил ажиллаж байгаа С.Эр­дэнэ­билэг. Тэрбээр монгол хүний хувьд НҮБ-д хамгийн өндөр карьерыг хийчихээд байгаа билээ. С.Эрдэнэбилэг гуай НҮБ-ын Да­лайд гарцгүй, буурай хөгжилтэй орнуудын бодлого хөгжүүлэх, зо­хи­цуулалтын газрын даргаар ажил­ладаг. Ерөнхийдөө үүнээс цааш дэвшинэ гэвэл НҮБ-ын ерөн­хий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга гээд улс төрийн албан тушаалууд байдаг учраас үнэндээ улс нь, тив нь дэмжиж байж тэр албануудад зүтгүүлэхээс ар­гагүй. Тэгэхээр одоогийн байдлаар монгол хүний НҮБ-д хашсан хам­гийн өндөр албан тушаал энэ бо­лоод байна. Ийм хүмүүсээ эх нутаг­таа авчирч, хүч чадал, туршлагыг нь хуваалцаж ашигламаар санаг­даж байсан шүү.

НҮБ-ын хуралд оролцохоор ирсэн дэлхийн төр засгийн удир­дагч нараас хамгийн сонирхол татам хүмүүсээс дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн агент­ла­гууд ярилцлага авдаг. Ма­най хэвлэлийнхэн ч гэсэн хамгийн анхаарал татаж байгаа, бас олны сонирхож буй хүмүүсийг эрж хайж, сонгож авдаг шиг. Түүнээс бус тэдний эфирийн цаг хязгаартай, НҮБ-ын хуралд ирсэн 200 орчим орны дарга даамал бүгд л яриа өгөхийг хүснэ шүү дээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Нью-Йоркт очих үеэрээ СNN-ийн  сэтгүүлч Кристина Аманпаурын ярилцлагад уригдсан. Иран гарал­тай тэр эмэгтэй дэлхийн хэмжээний бодлого тодорхойлогчдыг ярилц­лагадаа урьдаг онцлогтой. Өөрөө ч асуулт нь цэгцтэй, цөөн хэдэн минутад ярилцагчаа нээж гаргахын тулд бүгдийг хийдэг юм билээ. Тэр сэтгүүлч эмэгтэйн ард гэхэд бүхэл бүтэн баг ажиллаж байдаг боло­хоор арга ч үгүй юм гэмээр. Аман­паур эхлээд Катарын Ерөнхий сайдтай ярилцлага хийсэн бөгөөд үүнийхээ дараа “Жижигхэн орон ч гэсэн дэлхийд амжилтаараа үлгэр­лэж буй Катарын тухай та бүхэн мэднэ. Харин одоо Катараас илүү анхаарал татаж байгаа нэгэн орны тухай танилцуулах гэж байна. Та бүхэн дэлхийн хамгийн хурдацтай эдийн засгийн хөгжилтэй орны тухай мэдэх үү. Хэрэв та Хятад гэж хэлэх гэж байгаа бол алдаж байна. Энэ бол Монгол. Хятад, Орос хоёр гүрний дунд орших Мон­гол Улс эдийн засгийн хөгжлөөрөө Хятадаас хоёр дахин хурдан хөг­жиж байна. Энэ улсын Ерөн­хий­лөг­ч­ийг нэвтрүүлэгтээ урьж байна” гээд ярилцлагаа эхэлж байна лээ. Ерөн­хийдөө энэ удаагийн АНУ-д хийсэн айлчлалаар Ерөнхийлөгч “Тime” сэтгүүлийн томоохон тоймч нартай уулзаж, “Wall street journal”-д ярилц­ла­га өгсөн гээд манай сал­барынхантай ихэд “түншилсэн” шүү. “Time” сэтгүүл гэхэд 2012 оны онцлох гурван хүний нэгээр Ерөн­хийлөгч Ц.Элбэгдоржийг нэрлээд байгаа юм гэсэн.

Ерөнхийдөө Ерөнхийлөгчөөс яриа, ярилцлага аваад байгаа
мэт боловч том утгаараа Монголын сурталчилгаа болж байгаа хэрэг. Бас Монголыг сурталчлах
чиг­лэ­лээр Вашингтон хотноо ажлууд өрнөсний нэг нь “National
Geographic”-т зочилсон явдал. Улс орнуудын хувьд улс төр, биз­несийн ямар нэгэн ашиг сэжмээр бус харин
“National Geographic” шиг хүмүүсийн сэтгэлд нь, тархинд нь хүрдэг арга замаар улс орноо сурталчлах
нь чухал билээ. “National Geographic”-ийн хувьд монголчуудтай эртний танил. Энэ
сэтгүүлийн хуудаснаа анх нь
хэвлэгдэж байжээ. Мөн энэ
сэтгүүлийн архивт
1920-1930-аад оны үеийн монгол­чуудын
амьдралыг харуулсан зураг цөөнгүй хадгалагдан үлдсэ­нийг Ерөнхийлөгчид сонирхуулж байлаа. Бас Вашингтон хотноо “Smithsonian
Institution” байгуул­лага дээр зочилсон. Өв
залгам­жилсан баян англи эрдэмтэн Жэймс Смитсон насан эцэс­лэ­хээ­сээ гурван жилийн
өмнө тун сонин гэрээслэл бичсэн байдаг
бөгөөд 1835 оноос хойш төрөх ач хүүдээ
хөрөнгөө өгнө, үүнээс өмнө өөрөө
нас барвал бүх өмч нь АНУ-д очно хэмээсэн байдаг.
Ингээд хэзээ ч очиж үзэж байгаагүй АНУ-д энэ хүн  бүх
хөрөнгөө үлдээсэн
нь тус улсын Сенатынхны шийдэх нэгэн том ажил болжээ. Түүний нас барснаас зургаан жилийн дараа АНУ-ын тал
түүний их өвийг сайн санааны төлөө зарцуулахаа мэдэгдсэн бөгөөд
энэ институтыг байгуулсан юм билээ. Уг байгууллагын өмнөх
том талбайд улс орон бүр өөрс­дий­гөө сурталчилдаг үйл ажиллагааг уламжлал болгон хийдэг
болсон бөгөөд ирэх хавар манайхан энэ боломжийг
ашиглах ажээ. Олон төрлийн
музей, галерей, олон сая үзмэртэй
энэ  байгууллага өв болгож үлдээсэн
тэр эрхмийнхээ нэрээр нэршжээ. Хэн нэгэн хүн
баян байж болох ч алсдаа үлдэх,
нэрээ үлдээх зүйлст зориулах ухаан гаргана гэдэг
мундаг ажээ. Алсын Америкт төрийн
тэргүүний хийсэн айлчлалыг
товчлон дур­да­хад ийм байна.

Categories
редакцийн-нийтлэл

Хонхэрээдийн Энхбат: Монгол төр буудаж тогтоол гүйцэтгэдэг байсан үеийн хамгийн сүүлийн амьд гарсан хүн нь би

Даяар монгол“, “Хөх монголбүлгэмүүдийг үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан зохиолч Б.Энхбат чанга дэглэмтэй 415 дугаар хорих ангид хүн амины хэргээр ял эдэлж байна. Тэрээр биднийг уулзахаар очиход хөх өнгийн бэлтгэлийн хувцастайхүзүүндээ хас тэмдэг бүхий зүүлт, гартаа спорт загварын бугуйн цаг зүүсэн харагдавШоронгийн хатуу ширүүн нөхцөлд хөл нь муудаж, бам чийгт шүд нь унасан байлаа. Гяндангаас бууж ирээд бага зэрэг махалсан бололтой. Ингээд түүнтэй уулзсанаа уншигчдадаа хүргэе.

Таны бие гайгүй юу. Дэглэм буураад энд иржээ дээ. Гянданд хэдэн жил хоригдов оо?

-Шүүхийн
шийдвэр гүйцэтгэл чинь таван
үе шаттай. Таван үеийн хамгийн хатуу чанга нь гяндан.

Олон жил шоронгоор явсан хоригд­лууд бол гяндан явахын оронд замдаа боогоод үхчихье л гэдэг юм. Хэр баргийн аавын хүү даваад гардаг юм биш ээ. Эрүүл мэндийн хувьд гайгүй ээ. Харин шүд байхгүй дээ. Талх идэж байхад шүд талхтай хамт л хоолой руу ороод явчихна шүү дээ. Ер нь гяндан хэцүү. Гянданд суугаад гарч ирээд жил хэртэй мөлхөнө шүү. Жингийн алдагдалд ороод бие нь тааруу­хан гарч ирдэг. Би гянданд таван жил болоод дэглэм буурч энд ирсэн.

Энд хоол унд ямар байх юм?

-Гяндангаас доош дэглэмтэй шоронгууд бол яг эрх чөлөөтэй хүмүүсийн хэрэглэдэг калоритой хоол идэж байгаа шүү дээ. Гянданд бол үүнээс бага 2400 калоритой л хоол иддэг. Ер нь 1924 оны МАХН-ын  гуравдугаар бүгд хурлын мате­риалыг үзэх юм бол Монголын шоронг хагас өлсгөлөн байлгах тухай ярьсан байдаг. Тэр хурал дээр  хоригдлуудыг хагас өлсгөлөн байдалтай байлгаж байна гэж хүмүүс хэлжээ. Гэтэл  Насанбат гэж хүн “Зүгээр, зүгээр,  хагас өлсгөлөн байна гэдэг бол шийтгэлийн нэг хэлбэр” гэж хэлсэн байдаг юм. Одоо бол хоол ундны асуудал байхгүй л дээ.

ХЭЗЭЭ АВЧ ГАРАХ БОЛ ГЭЖ ХӨЛИЙН ЧИМЭЭ ЧАГНААД

Гянданг давж гарна гэдэг сэтгэл санааны хатуужил шаард­лагатай байдаг болов уу?

-Сэтгэлийн
хат их шаардана. Гяндангийн дээд шат нь дээдийн  өрөө гэж бий. Ялын дээд хэмжээ авсан хүн орно. Надтай цуг дээд хэмжээ авсан нэг хүн бас очсон. Тэр хүн буудуулсан. Дээдийн өрөөнд  “Намайг хэзээ авч гарах бол” гэж бодон хөлийн чимээ чагнаж хэвтэж байгаад гарснаас хойш ахиж нэг ч хүн буудуулаагүй. Надаас хойш дээд хэмжээ авсан хүмүүс бүгд амьд гарсан. Би нэг юманд баярладаг юм. Монгол төр буудаж тогтоол гүйцэтгэж байсан үеийн хамгийн сүүлийн амьд гарсан хүн нь би. Манай улс чинь жилд 20-30 хүн  цаазаар авдаг. Одоо бол байчих­сан шүү дээ. Хэзээ авч гарч буудах бол гэж чимээ чагнаж хүлээх, гучин жилийн ялтай ч тэртэй тэргүй  амьд гарна гэж бодох хоёрт их ялгаа бий. Энэ бол их сонин мэдрэмж байдаг юм билээ. Хүний амьдрал гэдэг сонин. Намайг дээдийн өрөөнд ороход нэг залуу хэлж байсан.  “Энхбат ахаа олимп үзээд л буудуулах  юмсан” гэж хэлсэн. Би тэр үед “Буудуулахын хооронд олимп үзсэн ч яалаа, байсан ч яалаа” гэж бодож байлаа. Гэтэл бид бүгд олимп үзсэн. Бид хэд чинь Түвшинбаяр алт авахад бүгд уйлц­гаасан. Тэгэхэд нөгөө залуу “За за, одоо буудуулахад харамсах юм алгаа” гэсэн юм. Хөөрхий бурхан болчихсон л доо.

Цаазын ял авчихаад  дээдийн өрөөнд байхад юу бодогдох юм?

 -Аймшигтай. Би бас нэг сонин юм хэлье л дээ. Хэдийгээр  уулзалт байхгүй ч гэсэн долоо хоног бүр илгээмж оруулдаг байсан л даа.  Аав нь зураач, ээж нь төрийн гавьяа шагналтай хүний хүү надтай байлаа. Нэрийг нь хэлээд яахав. Тэр хүний эхнэр хүүхэд, ээж нь  эргэж ирээд илгээмж өгөхөөр уурла­даг. “Яах гэж надад илгээмж явуулаад, эргэж ирээд байгаа юм” гэж. Би нэг удаа асуулаа. “Яагаад чи ингэж уурлаад байдаг юм” гэхэд тэр “Би  нэг өдөр буудуулна. Нөгөө хэд маань илгээмж оруулах гээд ирдэг. Нэг л өдөр “байхгүй ээ” гээд илгээмжийг нь буцаавал ээж ухаан алдаад унана, эхнэр орилж уйлаад сүйд болно. Одооноос хөндий­рүүлж байсан нь дээр” гэж хэлсэн. Хүн гэдэг чинь ийм л байдаг юм байна. Би бас нэг сонин юм анзаар­сан. Хамгийн сүүлийн шат буюу Ерөнхийлөгчид хандаад дуусчихсан байсан хүнд  ээжийнх нь зурвасыг оруулж ирсэн. “Ээж нь Алтан овоо руу явж хүүгээ гуйх гэж байна. Эхнэр нь Хөвсгөл рүү явж бөөд очиж амь гуйх гэж байна” гэж бичсэн байсан.

Амь хэлтрэхэд юу бодогдож байв?

-Намайг
амь хэлтэрч хорин тавин жилийн ял авчихаад байхад эмэгтэйчүүдийн өрөөнөөс “жиргээ” орж ирсэн. Жиргээ гэдэг чинь захиа шүү дээ. Тэр захианд “Энхбат ахаа өрөөсөн оймсоо ч болох нь ээ өгөөч” гэсэн байлаа. Дээдийн өрөөнд бүх сайн муу энерги   цуглардаг. Айдас, түгшүүр, сэтгэл шулуудал дээд цэгтээ хүрнэ гэсэн үг. Ялын дээд хэмжээ авчихаад амьд өршөөгдөнө гэдэг эхээс дахин төрж байгаатай адил. Тийм учраас дээд хэмжээ авсан хэрэгтний хувцас хунараас авах дуртай хүмүүс байдаг юм.

Итгэл найдвар хамгийн сүүлд үхдэг гэдэг

-Тиймээ,
сүүлчийн найдвар нь газар шороо, бөө хоёр байж дээ. Ахыг нь дээдийн өрөөнөөс шөнө авч гарсан. Углааш хальтираад газар дээр хөл хүрэхэд хоёр нүднээс нулимс аяндаа асгардаг юм билээ.

Гяндангаас бууж ирсэн хэрэгтэн тордлого авах гэж уддаг юм биш үү?

-Шүүхийн
шийдвэр гүйцэтгэх газрын зүгээс намайг гяндангаас буулгах гэж прокурор, шүүхэд хүртэл хандсан. Уг нь бол би арьс яс болчихсон, хөлөөрөө ороод хөндлөн гарч ирэх ёстой байсан байх.

Таныг магадланд оруулах­гүй байх сонирхол хэнд бай­сан юм бэ?

-Би
маш олон хүнийг хятад цустай гэж зарладаг байсан. Намайг энд байх зуур хятад цустай олон хүн албан тушаалд хүрлээ шүү дээ. Тэр хүмүүсийн нөлөө орсон гэж боддог. Монгол цусгүй ч ард түмний төлөө ажилладаг хүмүүс рүү дайрч байгаагүй. Харин харь гүрний бодлогыг дэмждэг албан тушаалтантай үргэлж тулж байсан. Хятад цустай хүмүүсийн бүлэглэл бүх шатанд бий. Бие биенээ ил далд дэмжихдээ гаргуун.

Шоронд ял эдэлж байгаа ялтнууд буруугаа бусдаас нэхдэг. Хэн нэгний өмнөөс ял авчихсан юм шиг ярьцгаадаг?

-Би
буруутай. Миний ажиглаж байгаагаар олон залуус тохирсон ял авч чадаагүй байдаг. Тийм учраас гомдолтой байдаг болов уу. Өөрийнхөө хийсэн хэрэгт тохир­сон ял авдаг цөөхөн ялтан байдаг. Тэднийг шүүх цагдаа, ялтнууд ч хүлээн зөвшөөрдөг. Би сая гянданд нэг залуутай таарсан. “Соц” нийг­мийн үеэс долоон удаа хутганы хэргээр шоронд орсон байдаг. Сая л гэхэд хүн амины хэргээр хорин жилийн ял аваад орж ирсэн. Тэр залуу “Би хорин жилийн хорих ял авна” гэж мэдэж байсан юм билээ.

Шоронд хүлээн зөвшөөрөгд­сөн ялтан гэж байх уу?

-Жолооч
хүн ямар үед тайван явдаг вэ гэвэл дүрмээ ягштал баримталсан үед алдаа гарга­даггүй. Түүнтэй адилхан шоронд ч өөрийн дүрэм, дэг жаяг үйлчилдэг. Тэр дүрмээр явахгүй бол нөгөө ертөнц ойрхон байдаг юм. Шорон бол шорон шүү дээ.   

АМЬД ЯВАХ ЯАХ ВЭ, АМЬДРАХ САЙХАН ШҮҮ

Амьд байх сайхан юм даа гэж бодогдов уу

-Амьд
байхаас илүү амьдрах сайхан юм даа. Амьд байх ч яахав. Хаана ч амьд явж болно. Амьдрах нь сайхан юм даа.

Ном зохиол их бичиж байна уу?

-“Хүн
гүрнээс өмнөх үеийн мон­голчуудын түүх” гэсэн ном бичиж байна. Уран бүтээл их хийж байгаа. Хүн гүрний өмнөх үеийн түүх их бага судлагдсан юм билээ.

Та цаазаар авах ялыг байх­гүй болгосныг юу гэж боддог вэ?

-Үндсэн
хууль, Эрүүгийн хуульд цаазаар авах ял байгаа шүү дээ. Ерөнхийлөгч ганцхан тохиолдолд  цаазаар авах ялаас өршөөдөг. Тэр нь Ерөнхийлөгчид хандаж өргөдөл бичсэн тохиолдолд хянаж үзээд цаазын ялаас өршөөх шийдвэр гаргадаг. Түүнээс биш нэгэнт цаазын ял хуульд байгаа цагт шүүхийн шийдвэрээр цаазын ял сонсч л байгаа шүү дээ.

Намайг төрийн тэргүүн байх хугацаанд цаазын ял гүйцэт­гэгдэхгүйгэж Ерөнхийлөгч хэлсэн шүү дээ

-Нэг
сонин юм хэлэхэд дээд хэмжээ авсан хүмүүсийн зарим нь өршөөл гуйдаггүй. Зарим нь хийсэн хэрэгтээ зохих ялаа аваад хүлээн зөвшөөрнө гэдэг шиг амь гуйдаг­гүй. Зарим нь амь гуйдаг. Би өөрөө тусгай байранд байсан болохоор  олон хүнийг мэднэ  л дээ.

Ингэхэд та өршөөл гуйсан уу?

-Амь
гуйгаагүй. Би өнөөдрийг хүртэл  есөн удаа дэглэм бууруулах гэж прокурорт бичиг явуулсан. Тэгэхэд надад ийм хариу өгч бай­гаа юм. “Таны дэглэм бууруулах асуудлыг хуульд нийцэж байгаа эсэхийг холбогдох байгууллагаас асууя” гэсэн хариу ирсэн. Монгол Улсын прокурорын газар хуульд нийцэж байгаа эсэхийг өөр ямар газраас асуудаг байнаа гэж бодсон.  

Тэгээд намайг таван жил гян­данд хоригдож ял эдлээд таван сар тав хоног дутуу байхад проку­ророос надад “Дахин нэг жилээр ял эдлэх хугацааг чинь хойш­лууллаа” гэсэн бичиг ирсэн. Давж заалдъя гэхээр  болохгүй гэсэн. Учир нь  өмгөөлөгчгүй учраас давж заалдах боломжгүй гэдэг.

Та яагаад өмгөөлөгч авдаг­гүй юм?

-Өмгөөлөгчтэй байсан. Өм­гөөлөгч маань талийгаач болчих­сон л доо.

Өөр өмгөөлөгч авч болдоггүй хэрэг үү?

-Би
гянданд байхдаа хорь гаруй удаа өмгөөлөгч авах гэж хүсэлт гаргалаа. Гэтэл өнөөдрийг хүртэл өмгөөлөгчгүй л явна. Миний хэргийг мөрдөн шалгаж байсан мөрдөн байцаагчид эрүүгийн хэрэг үүсгээд хэрэгсэхгүй болгосон гэсэн. Надад бол танилцуулаагүй. Яахаараа миний хэрэг дээр байсан мөрдөн байцаагчийг хууль зөрчсөнийг надад хэлдэггүй юм гэж хүртэл асууж байсан.

 Үргэлжлэл бий

Д.МӨНГӨНДАЛАЙ,
Т.ЦОГТ-ЭРДЭНЭ

Categories
редакцийн-нийтлэл

Манхэтэн дүүргийн нэгдүгээр өргөн чөлөөнд…

Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж НҮБ-ын чуулга уул­залтад орол­цо­хынхоо
өмнөхөн Бостонд очиж, магистр хийж хоёр жил суралцсан Харварддаа
лекц уншсан талаар өм­нөх тэмдэглэлдээ өгүүл­сэн би­лээ. Ангийнх нь хүүхдүүд Ерөн­хийлөгч ангийн анддаа хүндэтгэл үзүүлэн тал талаас Хар­вард сургуульдаа цуглан ирж, нэ­гэн
оройг хамтдаа өнгө­рүү­лэхээр шийдсэн нь сайхан санагдаж байс­­­ныг хэлэх
хэрэгтэй байх. Суралцаж төгссөн сур­гууль­даа очиж, түүнд өг­сөн
тэтгэлэг ер нь мон­гол­чуудад тэтгэлэг өгвөл хоо­сонгүй гэдгийг нэг тал­даа ба­талж өгчихөөд Ерөн­­­хий­лөгч НҮБ-ын хуралд үг
хэлэхээр Нью-Йор­кийг зорьсон билээ. НҮБ-ын
Ерөн­хий ассамб­лей жил бүрийн есдү­гээр сараас арванхоёрдугаар сар
хүр­тэл хуралддаг бө­гөөд бусад үед
нь зарлан ху­ралддаг онцлог­той ажээ. Есдүгээр
сард бо­лох нээл­тийн үеэр
нь ги­шүүн 193 орны төр зас­гийн тэргүүнүүд ирж оролц­­­дог уламжлалтай.

Өнөө жилийнх нь нээлт есдүгээр сарын 18-нд эхэлжээ. Харин манай Ерөнхий­лөгч 25-нд НҮБ-ын индрээс үгээ хэлсэн. НҮБ-ын танхимд суух дарааллыг улс орнууд жил бүр сугалаа татан тохирдог бөгөөд энэ жил Mьянмар улс нэг гэсэн оноол­тыг авсан учир суудлын дарааллыг эхлүүлж, манайх эхний эгнээний зүүн талаад суудал таарсан аж. Бас Ерөнхийлөгч үг хэлэх 26 дахь төрийн тэргүүн болжээ. Нью-Йор­кийн Манхэтэн дүүргийн нэгдүгээр өргөн чөлөөнд байрлах НҮБ-ын төв байр орчим жилийн энэ л улиралд онцгой харуул хамгаа­лалттай болж, хотынхоо бүх цаг­дааг энэ ажилд дайчилдаг гэдэг. Зарим гудамжийг нь хааж, автоза­мын ганц хоёр урсгалыг хорьж, энд тэндгүй америк биерхүү цагдаа нар зогссон харагдана. НҮБ-ын чуулганд оролцохоор очсон, сур­валжлахаар ирсэн бүхий л хүмүүс нарийн чанд шалгуурыг давах ёстой болно. Хэрэв цүнхэндээ уух усаа аваад орж байгаа бол заавал өөрөө ууж шалгуулж байх жишээ­тэй. Гэхдээ арга ч үгүй юм даа. Дэлхийн хамгийн лут хам­гаа­лалт­тай хүмүүс болох төрийн тэр­гүү­нүүд бүгд нэг дор тэнд цугларсан байна шүү дээ. НҮБ-ын байр руу орж байгаа бол ямар ч мундаг даргын хамгаалагч нь байсан буу зэвсэггүй ордог. Угаасаа тэнд зэвсэггүй бүс, нөгөө талаас НҮБ-ын хамгаалалтад орчихож байгаа гэж үздэг юм уу даа.

Энэ жилийн НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган “Хямралыг даван туулах, зохицуулах нь” сэд­вийн хүрээнд болж өнгөрсөн бө­гөөд ардчилсан засаглалыг унага­даг, хямралынх нь гол урхагт сур­валж болсон “Хуулийн засаглал” сэдвийн дор төр засгийн тэргүү­нүүд үгээ хэлсэн билээ. Ерөн­хий­лөгч хорин жилийн өмнө салаа замын уулзвар дээр зогсч байсан Монгол Улс өнөөдөр Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг удирдаж байгаад бахархаж буйгаа хэлж, эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэн нь нийт ард түмэндээ хүрч мэдрэгдэх ёстойг, дэд бүтэцдээ анхаарах хэрэгтэй, төрийн нэрийн өмнөөс ялын дээд хэмжээ өгдөг тэр жишгийг халах гэж оролдож байгаа  тухай, боловсрол бол эрх чөлөөт ардчилсан орны хамгийн эхний хэмжүүр гэж боддог тухайгаа дэлгэ­рэнгүй ярьсан. Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс дэлхий нийтэд хандаж залуу охид, хөвгүүд сурах мөрөөд­лөө биелүүлэх ёстойг, энэ нь хүний эрхийн эхний хэмжээс болж бай­даг. Боловсролтой улс орны иргэд хариуцлагатай, хүний эрхийг дээ­дэлж чаддаг талаар мэдэгдсэн юм. Есдүгээр сарын эхээр манай Ерөн­хийлөгчийн Иранд очсон явдал нь дэлхийн цөөнгүй орны удир­дагч­дад, олон улсын ажиглагч нарт эргэлзээ төрүүлсэн байж болох юм. Дэлхий нийтэд хаалттай байдаг Натанз хотхон дахь цөмийн байгуу­ламждаа Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­дор­жийг оруулж сонирхуулсан нь багагүй гайхшралыг дагуулсан байх. Гадны төр засгийн тэргүү­нүүдээс анх удаа хөл тавьсан хүн нь Монгол төрийн тэргүүн. Тэгэхээр ямар ч учраас Ц.Элбэгдорж Иранд очив, яагаад түүнийг оруулав гээд асуултууд дагасан байж болох юм. Олон улсын нөхцөл байдлыг ихээ­хэн сонирхдог бололтой нэгэн эр биднийг Монголын сэтгүүлчид гэж мэдмэгцээ ихэд шохоорхон олон зүйлийг асуусан бөгөөд үнэн­дээ өөрөө ч Монголын нөхцөл байд­лыг хөдөө амьдарч байгаа манай малчнаас дээр мэддэг юм билээ. Тэрбээр “Танай Ерөнхий­лөгч яа­гаад Иранд айлчлав” гээд байн байн асуугаад байсан юм. Түүн шиг асуулттай хүмүүс олон байсан байх. Зарим нь Монголыг төдийлөн сайн мэдэхгүйдээ Азид цөмийн зэвсгээр хөөцөлддөг нэг улс гарч ирэх нь гэж хардана бодож байсныг ч үгүйсгэмгүй. НҮБ-ын танхимд ч Монголын Ерөнхийлөг­чийг Ираны цөмийн байгууламжид орж чадсан гадаадын анхны тө­рийн тэргүүн болж чадсанд нь гайхаж, асуулттай ирсэн хүмүүс ч олон байсан биз. Харин тэр олон хүмүүст Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэг мөр хариу өгч санааг нь амраасан. Монгол Улс хорь гаруй жилийн өмнө цөмийн зэвсэггүй бүс нутаг гэдгээ зарласныг Ерөнхий­лөгчийг үг хэлэхээс хэдхэн өдрийн өмнө НҮБ-ын Байнгын зөвлөлийн таван орон албан ёсоор баталсан билээ. АНУ, Англи тэгээд цөмийн хэрэглээний тал дээр байр суурь нь тодорхой Хятад, Орос, Франц гээд бодохоор. Ямартай ч өнгөрсөн жилийн НҮБ-ын индэр дээрээс Монголын хөр­сөн дээр цөмийн хог хаягдал булах тухай асуудал байх­гүй гэж харин энэ удаад монгол­чуу­дын хорь гаруй жилийн өмнө харж чадсан өнцгийг батал­гаа­жуулс­ныг зарласнаараа онцлог болов.

Манай Ерөнхийлөгчийн “Авлига бол харанхуйд өсөн үржих халдварт өвчний нян мэт олон нийтийн итгэлийг үгүй хийж, хө­рөнгө оруулагчдыг үргээн айлгаж, иргэдийн боломж бололцоог дээ­рэмдэн тонож, улс үндэстний маань амин чухал дархлаанд халдаж байна. Бид харанхуйг гэрэлтүүлж, энэ өвчний эсрэг эрчимтэй дов­толж, таслан зогсоох ёстой” гэснийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ардчилсан орнуу­дын хамтын нийгэмлэгийн хурлыг даргалах үедээ ишлээд байснаас харахад ихээхэн сэтгэгдэл төрүүл­сэн бололтой.

 АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама улс орондоо ирсэн төрийн тэр­гүү­нүүдийг урьж хүлээн авалт хийж, бас НҮБ-ын Ерөнхий нарийн бич­гийн даргын хувьд Бан Ги Мун бас нэгэнтээ зоог барьдаг юм билээ.

Өнөө жилийн хувьд Ерөнхий­лөгч Барак Обамгийн үг дэлхий нийтэд хандахаасаа илүүтэй до­тоодын иргэд сонгогчдодоо ханд­сан байлаа хэмээн олон улсын ажиглагчид дүгнэсэн нь үнэний ортой. Бараг ярианых нь 30 орчим хувь нь олон улс руу чиглэж, үлдсэн 70 орчим хувь нь өөрийн­хөө сон­гогчдод хандсан. Тэрбээр биднийг очих үед өрсөлдөгч Митт Ром­ни­гоосоо хувиар өндөр гарчихаад байсан үе нь билээ. Митт Ром­ни­гийн хувьд ард иргэдийн 47 хувьд засгаас тэжээлгэж, гар хардаг хүмүүс бай­гаа гэж ярьсан бичлэгийг нь ил болгосноор нэр хүнд нь жаахан уначихаад байсан. Харин эхний мэтгэлцээнээр хоёр хувиар эрхэм Ерөнхийлөгчөөсөө давж байх шиг байна. Гэхдээ л мэт­гэл­цээн дахиад хоёр ч байгаа шүү дээ. Ерөнхийдөө АНУ-д Ерөнхийлөгч дахин сонгог­дох магадлал юу юу­наас илүү. Ихэнх Ерөнхийлөгч найман жилээ гүйцээсэн байдаг нь дахин сон­гуульд өрсөлдөх шаард­лагагүй Ерөнхийлөгчөөс хамгийн шал­гар­сан шийдлүүд гардаг гэж үздэгтэй холбоотой билээ. Хэн нэгэн хүнд таалагдах гэж хичээ­гээгүй шийд­вэрүүд нь ард олондоо хамгийн хэрэгтэй байдаг гэж тайл­бар­ла­маар ч юм уу. Мэдээж, дэл­хийн хэмжээний том уулзалтууд төр засгийн тэргүүнүүд нэг нэгэн­тэйгээ уулзах том боломж байдаг. Гэхдээ тэр бүрт нь сэтгүүлчид очиж сур­валжлаад байх боломж тун муу юм. Зай талбай, хамгаалалт энэ тэрээс эхлээд асуудал их бий. Гэхдээ НҮБ-ын байранд нөгөө дэлхийн томчууд чинь бараг хам­гаалалт ч байхгүй алхаж байна шүү дээ. АНУ-ын экс Ерөнхийлөгч Билл Клинтон гэхэд л энгийнээр хүмүүстэй ярилцаж, хүссэнтэй нь зургаа авахуулаад явж байна лээ. Ер нь ийм төрлийн хурал цуглаан маш том дипломат арга хэмжээ болдог. Манай Ерөн­хий­лөгчийн хувьд ч уулзалтууд нэлээд байсан. Чехийн Ерөн­хий­лөгч Вацлав Клаус, Швейцарийн  Ерөнхийлөгч хатагтай Эвелин Видмер, Шлумпф, Мьянмарын Ерөн­хийлөгч Тейн Сейн, Японы Ерөнхий сайд Нода гээд.

Японы Ерөнхий сайд манай Ерөнхийлөгчид бараалхах хүсэлт тавьж уулзсан нь Японы тал анх удаа Монголын талд хүсэлтээ тавьж уулзсан тохиолдол болж байгаа юм билээ. Хоёр талууд уулзах өрөөнд эхлээд манай Ерөнхийлөгч орж ирсэн. Тэгэхээр нь сэтгүүлч бидний нөхөд “Хоёр талаас орж ирээд уулздаггүй юм байх даа. Манайх түрүүлж ороод ирэх чинь, эсвэл манай тал хү­сэлтээ тавьсан болохоор хүлээгээд сууж байдаг юм байна л даа” гээд баахан таавар дэвшүүлээд байсан нь эсрэгээрээ байж. Харин манай тал хүлээж авч байгаа болохоороо нэг утгаараа гэртээ хүлээгээд сууж байгаа нь тэр аж. Энэ жижиг жишээ мэт боловч Монголын тал уулзах хүсэлт тавиад гүйгээд бай­даг цаг ард хоцорч л гэж хэлэх гээд байгаа юм.

НҮБ-ын чуулганы нээлтийн үеэр нэг хүн жигтэйхэн “од” болсон нь Мьянмарын Аун Сан Су Чи байлаа. Нобе­лийн Энх тайвны шагналт, ард­чилал хүний эрхийн тэмцэгч, Мьян­марын Үндэсний ардчилсан ли­гийн тэргүүн Аун Сан Су Чиг АНУ-д ирмэгц нь Сенат дээд шагналаа өгөөд, НҮБ-ын чуулганы хамгийн чухал хүн тэр болсон. Нийтдээ 15 жилийн турш гэрийн хорионд байсан тэрбээр нэг талаас бүр юу ч хийгээгүй мэт. Гэхдээ амьдралаа­раа, хань ижлээсээ хол төрсөн нутагтаа хоригдож ирсэн түүний гунигт амьдрал нөгөө тал­даа бирм­чүүдэд эрх чөлөө, хүний эрхийн үнэ цэнийг мэдрүүлж, дэл­хий дахинд ч үүнийг баталж чад­са­наар өнөөдөр дэлхий нийтийн талархлыг хүлээж байгаа мэт. Түүнийг гэрийн хорионд нь байхад сул­луулах талаар Мон­голын Ерөн­хийлөгчийн санаачил­гаар дэлхийн 60 гаруй орны төрийн тэргүүнүүд гарын үсэг зурж ил­гээсэн талаар хэвлэлээр бичигдэж байсан бөгөөд Аун Сан Су Чи ч суллагдангуутаа хамгийн түрүүнд Ерөнхийлөгч Ц.Эл­­бэгдорж руу утасдан та­ларх­лаа илэрхийлж байсан юм билээ. Тэд НҮБ-ын 67 дахь ассамблейн үеэр нүүр тулж уулзсан. Хатагтай Аун Сан Су Чи “Таны НҮБ-ын индрээс дөнгөж саяхан хэлсэн үгийг миний бие сэтгэл догдлон хүлээн авлаа.  Монгол Улс Ард­чиллын салбарт амжилт олж туул­сан туршлагаа бусадтай ху­ваал­цаж байгаад бид баяртай байна. Мөн Монгол Улс АОХН-ийг дар­галж олон сайн санаачилга гарган хүн төрөлхтний өөдрөг ирээдүйд хувь нэмрээ оруулж байгаад баяр­тай байна” гэсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Харвардад лекц унш­чихаад НҮБ-д ирсэн бол ха­тагтай Аун Сан Сун Чи НҮБ-ын хурлаасаа Харвард руу илтгэл тави­хаар явах гэж байсан билээ. Ард­чилсан орнуудын хамтын ний­гэм­лэгийг даргалж буй орны хувьд хурлыг манай Гадаад хэргийн сайд Л.Болд даргалж явуулсан бөгөөд дарга орны Төрийн тэргүүний хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг ху­ралдаан дээр орж ирж үг хэлсэн. Манай улс тус нийгэмлэгийн дар­гын хувьд Мьянмарын ардчилсан өөрчлөлтөд дэм болгох зорилгоор Ардчилсан орнуудын хамтын ний­гэмлэгийн Ажлын түр хэсэг бай­гуулах санаачилгыг өнгөрсөн дол­ду­гаар сард гаргасан ажээ. Харин энэ удаагийн хурлаар уг санаачилгыг дэмжиж, ажлын хэс­гийн анхны хуралдааныг хийсэн. Ингэхдээ даргаар нь Монголын талыг сонгосон билээ. Ер нь манай улсыг даргалж байх хуга­цаандаа маш идэвхтэй, өндөр үүрэг оролцоотой оролцсон гэж үнэлж байгаа гэсэн. Манай зүгээс ч энэ нийгэмлэгийг олон улсын байгууллага болгох са­наачилга гаргах гэж байгаа аж. Ирэх хавар дараагийн улсад хүлээлгэж өгөхдөө бас хийсэн юмтай байж чадвал монголчуудын нэр хүндэд хэрэгтэй юм даа.

НҮБ-ын хаш ногоон индэр бүхий том танхимд үйл явдал өрнөж байхад гадаа гудамд ч амьдрал буцалж байлаа. Ардчилал, эрх чөлөөний өлгий гэгддэг АНУ-д төр засгийн тэргүүнүүд ирсэн дээр гэсэн шиг үгээ ч үзэл бодлоо ч илэрхийлэх шиг болдог юм билээ. НҮБ-ын байнгын төлөө­лөгчийн газрын цэргийн зөвлөх С.Амарсайхан ах хурлын үеэр хүмүүс жагс­даг газар хэмээн урт гэгчийн гудамжийг зааж  байсан билээ. Үнэхээр ч эзгүй тэр гудамж хурлын үеэр жинхэнэ амь орох шиг болсон шүү. Энд тэндгүй уриа лоозон барьсан ул­сууд. Эхний өдөр “Free Tibet” гэсэн уриа лоозон барьсан хүмүүс “Ич ич, Хятад улс, Сэр сэр НҮБ” гээд л үг толгой холбож ирээд цуглаан хийж байх нь жигтэйхэн содон харагдсан билээ. Дэргэд нь бас хэдэн өндөр хар нөхөд зогсоод дэмжиж байх нь содон байв. Гэтэл тэд Түвдийн асуудал биш өөрс­дийнхөө зовлонг ярьж байгаа кон­гочууд байсан аж. Түвдүүд эрх чөлөөт Түвдийн төлөө амьдаараа зулын гол болж байгаа залуус, лам нарын зургийг нэр устай нь хэвлээд зогсжээ. Зари­мынх нь зураг ч олддоггүй бо­лолтой. Тэр хүмүү­сийн насыг нь харахад 17-18 тэгээд 19 настай нь гэх жишээтэй. Залуу нас л хүнийг юунаас ч айдаггүй, юуг ч бодуул­даггүй гэнэн тэнэг, эрмэг зоримог байлгадаг даа гэж бод­моор. Харин конгочууд одоогийн Ерөнхийлөгч Жозеф Кабилаг олон зуун хүний аминд хүрч байна гэж буруутгаж цугларчээ. Дараагийн өдөр нь бүр олон хүн цугларсан харагдана лээ. Тэнд Хятадын удир­дагчдыг буруут­гадаг Фалунго хө­дөлгөөнийхөн, Сирийн удир­дагч­дыг буруутгаж буй хүмүүс, Ираны Ахмадинежадын багийг бүр хэд хэдэн төрлийн дүр царайтай хий­гээд хип хоп аяанд бүжиглэгсэд гээд. Нэг хятад залуу “Шанхай хотын захиргаа манай газрыг булааж авах гээд ээжийг маань үхэлд хүргэсэн” гэсэн бичиг бүхий пайз барьчихаад ганцаараа зогсч байх жишээтэй. Тэд олон газрын өөр өөрийн асуудалтай боловч урт нарийн гудмаасаа гарна гэж байх­гүй, тэндээ л өөрс­дийн­хөөрөө дуу хоолойгоор өргөж байгаа харагд­сан. Тэд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж байна, бас гудмаар явах хүмүүсийн замд саад болохгүй хашиж тавьсан хашаандаа л орилж байна. Аме­рикт ингэж жагс­даг ажээ. Манхэтэн дүүргийн нэгдү­гээр өргөн чөлөөнд…

Categories
редакцийн-нийтлэл

Сонголтынхоо үр дүнг үзье гэвэл АН-ыг хөлтэй болгоё

Амьдрал гэдэг сонголт дээр л тогтдог гэж мэргэд сургадаг. Энэ нь ч үнэн биз ээ. Та юу сонгосноос таны цаашдын амьдрал шалт­гаал­даг. Сайныг сонговол сайн, мууг сонговол муу л амьдардаг. Хүн бүр сайхан амьдрахын тулд сайныг  сонголоо, сонголтоо зөв хийлээ  гэж боддог. Хэн  муухай амьдарна гэж мууг сонгох билээ дээ. Энэ бүхэн санаснаар болж, бүгд сайн байх нь ховор. Гэхдээ тэр ховор сайныг нь сонговол  аз жаргал аяндаа ирнэ.

Улс төрийн сонголт ч тэр ялгаа­гүй. Зөв сонголт хийсэн бол зөв үр дүн л гарна. Бурхан багшийн сур­гаалд үйлийн үрийн тухай сурга­даг нь сайн үйлийн үр сайн, муу үйлийн үр муу л байна. Ямар үр тарина. Ашиг шим нь тийм  байна.   Өнгөр­сөн УИХ-ын сонгуулиар ард түмэн АН-ыг сонгожээ. Олон жил өөрч­лөлтийг хүсээд нэмэр болоо­гүй учраас АН-ынхныг сонгочихвол сайн сайхан болно гэж олонхи нь итгэснийх. Энэ нь ч алдаа болоо­гүйг өнгөрсөн зургадугаар сараас хойшхи үйл явдлууд нэгэнт харуулж эхэллээ. МАН төсвийн мөнгөө сонгуульд ялахын тулд аль эрт  хамаагүй тараагаад дуусгачихсан байсан шүү дээ. Сангийн яам нь хоосон авдартайгаа үлдсэн тийм улсыг АН-ынхан хүлээж авсан.  Гэлээ гээд   ард түмний сонголтоор сонгогдсон болохоор  хариуцлагаа хүлээх л болно.

Хамгийн их үгүйлэгдэж байсан сахилга дэг журам аяндаа голди­рол­доо орж байх шиг. Хэн мөнгө­тэй нь юу дуртайгаа хийж байдгийг болиулж эхлэв. Байдаг юм байдаг ормондоо, хууль журмын дагуу явах ёстойг мэдрүүлж эхэллээ. Бүтэн хорин жил орон нутагт МАН ялсан ч юу ч хийж байсангүй. Мөнхөд ялж ирсний хар гай нь орон нутгийн амьдрал хүндрээд хүмүүс бүгдээрээ нийслэл барааддаг бол­чихсон. Монгол шиг улсад биз­несийг зөвхөн хотод төдийгүй хөдөөд ч цэцэглүүлж  болно.  Хөдөө­гийн иргэд тариа  ногоогоо тариад, малаа хариулаад явах юм бол АНУ-ын ямар ч дундаж иргэ­нээс дутуугүй амьдарч болохоор байгаа юм. Гэтэл МАН орон нутагт энэ боломжийг нь олгохгүй  залаастай бурхан шиг суучихаад  хөдөлж өгөхгүй байлаа.  Тиймээс орон нутагт  зах зээлийн сэтгэлгээ огт байхгүй явж ирсэн. Дээр нь орон нутгийн төсөв, тэр дундаа дүүргүү­дийн төсөв нээлттэй бус, хэн хэрхэн зарцуулж байгаа нь тодорхойгүй  дур зоргоороо хороо дүүргийн засаг дарга нар нь захиран зар­цуулж ирсэн. Үүнийг АН нээлттэй болгоё, орон нутгийн асуудалд иргэдийн оролцоог нэмэгдүүлж,  тэдэнтэй зөвшилцөж шийдвэр гаргадаг болохыг уриалж байгаа юм. 

Ард түмэн  нэгэнт  дээд шатан­даа АН-ыг сонгосон болохоор дөрвөн жилийн хугацаанд  нэг мөр эцсийг үзэх нь зөв юм. Ингэхийн тулд хөдөө орон нутагт, дүүргүүдэд  нэр дэвшигчдийг нь дэмжиж хөлтэй болгож өгөх хэрэгтэй. Хэрэв өнгөр­сөн зургадугаар сараас хойш  анхан шатны нэгжүүдэд АН-ын хүмүүс  сонгогдоод хөлтэй болчих­сон бол айлын цонх хаагаад тул­гаад барьчихдаг байшин, ямар ч хөдөлмөр хамгааллын горимгүй уул уурхай, барилгын ажлууд, зөвшөөрөлгүй газар олголт  нэг тийш болох зэргээр  олон хүнд суртлуудыг арилгачих байлаа. 

Хаанаасаа хаалгач нь гэж үг бий. Хаан хүлээж авахад бэлэн  байтал хаалгач нь оруулахгүй бол яаж болохов. Дээрээ суудлаа олоод дороо гүйдлээ олохгүй бол ажил яаж явах вэ. Дээд шатандаа АН-ынхан урагшлах гээд зүтгээд байдаг доод шатанд нь МАН-ынх гээд нэг нөхөр ажил уяж, чөдөр тушаа болоод  байвал яахав. Тиймээс л аль ч шатандаа АН-ынхыг сонгоод үзвэл яасан юм гэж хэлээд байгаа юм. Итгэл хүлээл­гэвэл нэгмөсөн итгэж үзье л дээ. 

Шинэчлэлийн гэж нэрлээд бай­гаа Н.Алтанхуягийн Засгийн газар 45 хоногийнхоо ажлыг тайлагна­хад л  хүсвэл хийж болдог гэдэг нь харагдаж байна шүү дээ. Салбар салбарт шинэчлэл, өөрчлөлтийг хийж болохоор байна. Ядаж л бид түгжрэлээс гарахын тулд Э.Бат-Үүлийн санаачлагаар дугаараар нь ялгаж өөр, өөр гаригт авто­машиныг замын хөдөлгөөнд орол­цуулдаг боллоо. Сэтгэл байвал хэн ч хийж болох л  байж.  Нийслэлийн удирдлагын ажлаа аваад эхлүүл­сэн ажил эхнээсээ үр дүнгээ өгч хүмүүст итгэл найдвар бий болжээ. Гэтэл анхан дунд шатандаа хөлгүй учраас л энэ бүхнийг нэгмөсөн хийчихэж бас болохгүй байна. Одоо Орон нутгийн сонгуулиар нэгмөсөн хөлтэй болгож байж ажил урагшилна. Өндөр хөгжилтэй орнуудад ихэнх тохиолдолд дээд түвшиндээ ялсан бол анхан дунд  шатандаа саналаа өгдөг.  Нэг үгээр хэлбэл нэгэнт дээд түвшиндээ бодлого боловсруулах боломжийг нь өгч байгаа юм чинь дунд, доод шатандаа ажил явуулах болом­жийг нь бүрдүүлж санал өгдөг байх нь. 

УИХ-ын сонгуульд АН ялсан юм чинь одоо орон нутагт нь МАН-ыг
ялуулъя гээд саналаа өгчихье
гэдэг үлгэрт итгэхээ больё.
Энэ бол буруу сонголт хийлгүүлэх
гэсэн санаархал. УИХ-д АН яллаа ч орон нутагт МАН гараад ирвэл ямар ч ажил явахгүй. Ардчилсан сонголтын үр дүн гарахгүй.
Одоо бол бүх хүнд сурталтнууд анхан, дунд шатандаа
байна. Нэг юм хийе гээд үүрэг
даалгавар өгдөг. Өнөөдүүл нь хөдөлдөггүй. Хожим нь тэгээд үүнээс
болж сайн үр дүн гарахгүй бол хариуцлага тооцох эзэнгүй болдог.  Тиймээс эднийг нэгмөсөн
солих хэрэгтэй. Ингэс­нээр хот, хөдөөд хийгдээд эхэлсэн сайн сайхан
зүйл, дорвитой ажлууд аяндаа
шат шатандаа хэрэгжээд эхэлнэ. Шинэчлэлийн засгийн газ­рын үр шимийг нэгмөсөн хүртье
гэвэл, хожмоо нь хариуцлага тоо­цох эзэнтэй байлгая гэвэл Орон нутгийн сонгуулиар
зөв сонголт хийцгээе. Өч төчнөөн
ажлууд эхнээ­­­сээ хэрэгжиж эхэлсэн.  Дахин
хэлэхэд зөв сонголт л цаашдын
хувь тавиланг шийднэ шүү дээ.

Categories
редакцийн-нийтлэл

Жигмэддоржийн Сарантуяа: Намайг чинь “Ноёны бөхийн охин” гээд явуулдаггүй байж билээ

Ж.Жигмэддорж начин гэргий охины хамт

Монголын үндэсний олон ний­тийн телевизийнСоёлЭр­дэ­нэнэгдлийн редактор, МЗЭийн шагналт зохиолч, сэт­гүүлч Жигмэддоржийн Сарантуяатай ярилцлаа.

Аав таньНоёны бөххэ­мээн алдаршсан улсын цол­той хүн байсныг олонтаа сонсч бай­лаа. Аль нутгийн хүн байсан бэ?

-Завхан
аймгийн Алдархаан сумын хүн юм.  Бүхий л насаараа тээврийн тэрэгний жолоо мушгисан онц тээвэрчин байлаа. Намайг дөрөв, таван настай байхад шиг санагдана. Тавиад оны дундуур юм даа. Аав кинонд тоглоно гээд үсээ хусуулчихсан гэртээ ирлээ. Би айхдаа орон доогуур нуугдаж билээ. “Миний охин ааваасаа битгий ай.  Удахгүй аав нь зурагтаар гарна” гэж чихрээр хуурч байж намайг орон доороос гаргаж авч билээ. Аавыг кинонд тоглосны дараа хүүхдүүд намайг “Ноёны бөхийн охин”  гээд явуул­даггүй байсан. Тэгэхээр нь миний хор шар хөдлөөд “Би тэр ноёны бөхийн охин чинь мэдэв үү, Жиг­мэд­доржийн охин” гээд гэртээ уйлж ирдэг байсан сан.

-“Ардын элчкинон дээр ноёны бөх болж тоглодог бил үү?

-Тийм
ээ, Дэжидийн Жигжид гуайн найруулсан “Ардын элч” кино. Манай аав чинь өндөөр мантгар цагаан хүн байсан. Тухайн үедээ сайхан залуучуудын нэг л явж дээ. Жигжид гуай, ноёны бөх ийм л мантгар цагаан хүн байх ёстой гэж бодсон уу, яасан бүү мэд. Ямар ч байсан аавыг кинондоо тоглуулсан түүхтэй. Аав дахиж дэлгэцэнд дүр бүтээгээгүй. Хүмүүс янз бүрийн дүрд тоглуулахаар тухайн үед санал болгодог байсан гэдэг. Аав болохоор “Ах нь одоо болно доо. Дахиж кинонд тоглоод яахав. Тээвэр­тээ явж байвал л барав” гээд огтхон ч халгаадаггүй байж.

Тавиад оны дундуур байна уу даа, улсын цолонд хүрсэн байдаг. Чухам ямар бөхчүүдийг давж цолонд хүрснийг нь мэдэх үү?

-Тавин
найман онд улсын цо­лонд хүрсэн байдаг. Хэн гэдэг алдартнуудыг давж начин болс­ныг нь мэдэхгүй юм. Бага байсан болохоор санадаггүй. Аав нас нэлээд явчихсан хойноо барилд­сан. Тээврийн тэрэгнийхээ хийтэй дугуйг машиныхаа тэвшин дээ­гүү­рээ хэд хэдэн удаа давуулаад шидэхийг нь нүдээр үзсэн авто баазын дарга нь анх аавыг бөхөд уруу татсан байдаг шүү. Түүнээс идэр залуу үедээ барилдсан бол начин цолоор тогтохооргүй бөх байсан гэж олон хүнээс сонсч байлаа. Аав ч өөрөө хэлдэг байсан. Биднийг багад манайхаар бөхчүүд их ирнэ ээ. “Хулгар” Дамдиндорж гэж өмсдөг дархан мэхээрээ зартай бөх аавтай тун дотно байсан.  Д.Цэрэнтогтох аварга бөхийн ер­төн­цөд анх л тодорч байхдаа аавыг барааддаг,  манайхаар ирж ээжийн гарын хоолыг иддэг байсныг санаж байна. Мөн Б.Батхуяг гэж начин байсан даа. Бүтэн өнчин, асрам­жийн газрын хүүхэд байсныг бөх сонирхогчид мэдэх байх. Тэр бөх аав ээж хоёрын хүүхэд нь юм шиг л байдаг байсан. Их иднэ, цадна гэдгийг мэдэхгүй. Их иддэг хүнд аав дуртай гэж жигтэйхэн. “Энэ Бат­хуягийг өргөөд авчихдаг юм шүү” гэж ээжид хэлдэг байж билээ. Бид чинь эхээс зургуулаа. Бүгд охид. Эрэгтэй хүүхэдгүй болохоор ижий аав хоёр минь тэгж боддог байсан байх. Гэхдээ Батхуяг начин манай хүүхэд болоогүй л дээ.

Жигмэддорж гуайн хувьд ийм байж. Одоо яриагаа өөр лүү тань хан­дуулъя. Та хэдэн нас­тай­гаасаа шүлэг бичиж эхэлсэн бэ?

-Их
л багаасаа шүлэг зохиол сонирхдог байж дээ. Долдугаар ангийн сурагч байхдаа сургуу­лийн­хаа ханын сонинд хоёр шүлгээ анх гаргаж билээ. Харин түүний дараа­хан Соёлын гавьяат зүтгэлтэн, танай сонины сэтгүүлч  Галсангийн Жамьян гуай миний хоёр шүлгийг тухайн үеийн “Улаанбаатарын мэдээ” сонинд гаргасан юм. Дол­дугаар ангийн хүүхэд төвийн то­моо­хон хэвлэлд шүлгээ нийтлүүлнэ гэдэг хэр баргийн хүнд олдохгүй хувь заяа биз дээ. Баярлаж байгаа гэж жигтэйхэн. Гарч гүймээр ч юм шиг, хэн нэгэнд хэлмээр ч юм шиг санаг­даад л. Сэтгэл тогтохгүй л байсан хэрэг. Тэгээд хоёр наймын хувин бариад зуслангийн худаг руу очиж билээ. Баахан хүмүүсийн ард зогсож байхдаа “Намайг  сонинд гарсныг энэ хүмүүс мэдэж байгаа болов уу” гэж бодоод, хэрэндээ л онгирч байж дээ.

Утга зохиолын томчуудад тоогдож эхэлсэн үе гэвэл хэ­дий­нээс билээ?

-Арван
жилийн сургуулиа дүүр­гэсний дараахан Зохиолчдын хо­роог сурсаар очлоо. Яруу найргийн эрхлэгч нь Б.Явуухулан гуай бай­сан үе. Зохиолчдын хороог ёстой нөгөө лаврин шиг тансаг юм бай­даг байх гэж бодтол өрөө бүрээс тамхины утаа суунагласан газар байж билээ. Явуугийн өрөөний үүдэнд очоод “орох уу” гэтэл чимээ­гүй байгаад байх юм. Арай дүлий хүн биш байгаа даа гэж бодлоо. Дахиад орох уу гэтэл сая нэг юм “Ор оо…” гэж хөндийдүүхэн дуугарч байна. Яваад орлоо. Ус нутаг, ижий аавын тухай асууж байна. “Хэд­дүгээр ангиасаа бичиж эхэлсэн бэ” гээд хэдэн шүлгийг минь уншиж үзсэнээ бас ч хоосонгүй юм аа гэв. Тэгээд “Цог сэтгүүлийн “Оч” булан гэж байдгийг мэдэх үү гэлээ. Би ч шуудхан толгой дохилоо. “Нацаг­дорж гэж сахалтай цагаан залуу бий. Түүнд зураг, шүлгээ өг” гэсэн юм. Ингээд л Зохиолчдын хороог зорьж очингуут Явуу гуай хүлээж аваад “Оч” буланд өмнөтгөл бичин хэдэн халтар шүлгийг минь гар­гасан түүхтэй. Харин анхны номыг минь Сономын Удвал гуай эх барьж авсан юм.

Өө тийм үү?

-“Учраагүй
яваа ханьдаа” нэр­тэй анхны шүлгийн ном маань шүү дээ. Төлөвлөгөөнд номоо өгчи­хөөд бөөн баяр явж байтал нэг өдөр миний ном батлагдсан гэх сураг дуулдав. Тэр үед гар утас гэж байсан биш. Автобус унаа дамжин Зохиолчдын хороо руу чавхдаж очлоо. С.Удвал дарга “Би энэ хүүхдийн номыг эх барьж авна шүү” гэж өөрөө хэлсэн гэдэг. Ту­хайн үед С.Удвал гуай эмэг­тэй­чүү­дийн зөв­лө­лийн дарга байлаа. Намайг өрөөн­дөө дууджээ. Баахан айж сүрдэх нь мэдээж. Ямар сайн­даа л эгчийнхээ тэрлэгийг гуйж өмсөн, үсээ бур­жийл­гасан байс­наа шу­луун болгож хоёр салаа самнаж бай­хав дээ.  Удвал даргын өрөө том гэ­дэг хэлэх юм биш.  Алхаад л бай­хад газар хорж өгдөг­гүй. Тэгтэл “Чи наашаа хүрээд ир л дээ. Би чамайг бариад идчихгүй” гэж байна. Тэгээд хоёул нэг, хоёр үг солиход хөшсөн бие минь тавираад ээжтэйгээ, эсвэл эгчтэйгээ сууж байгаа мэт болов. Тэгтэл нарийн бичиг нь Оюун дарга ирлээ гэж байна. Удвал гуай оруул  гэлээ. Орос цэргийн дарга шиг дэп дап хийсэн хүн орж ирээд нэг их том дипломат цүнх ширээн дээр нь шидчихлээ. Миний айсан гэж жиг­тэйхэн. Эхний айд­саа­саа гарч ядаж байтал дахиад л нэг айдастай тулгарч билээ. Тэгж л Монголын аварга хоёр зохиолч эмэгтэйг нэг дор анх харж байв. Сүүлд нь би Удвал гуайн “Сэт­гэ­лийн өргөл” яруу найргийн номыг нь редакторлож байсан юм. Тэр сайхан хүнтэй холбогдсон хувь заяандаа сүсэглэж явдаг даа.          

Та чинь Горькийн сургууль төгссөн цөөн хүүхнүүдийн нэг дээ?

-Би
чинь тэрхүү дэлхийд алдар­тай сургуульд хожуу явсан хүн юм. 1980-1986 онд суралцаж төгссөн.  Сэлэнгийн Цэндийн Нямаа, Дам­бын Төрбат бид гурав шалгалт өгч байлаа. Тэгтэл Төрөө маань унаж, Нямаа бид хоёр тэнцсэн. Бага сага орос хэлний мэдлэгтэй байсан минь нөлөөлсөн байх. Би чинь Горькийн сургуулийн үндсэн ан­гийг төгссөн шүү дээ. Намайг сурч байх үед Горькийн сургуулийн дэргэдэх дээд курст  Жагдалын Лхагва, Дөнгөтийн Цоодол, Пүрэв­жавын Пүрэвсүрэн, Санжжавын Оюун гээд аваргууд  сурч байлаа.  Надаас хойш яруу найраг, үргэл­жил­сэн үгийн зохиолын чиглэлээр Горькийн сургуулийг дүүргэсэн эмэгтэй зохиолч Монголоос алга. Миний бие Горький төгсч ирээд “Хүний хүн” гэж богино өгүүллийн түүвэр, зураач Байдытай хамтарч “Хошин хөрөг” нэртэй элэглэлийн ном гаргасан. Одоо бол хэд хэдэн ном байж л байна.  

Телевизийн буянаар Мон­голын үе үеийн бүхий л алдарт­нуудтай уулзаж, яриа хөөрөө авч явсан. Тэр бүгдийг дурсана гэвэл  барагдахгүй байх?

-Өө
хэлэх юм биш. Монголын урлаг, соёл, утга зохиол, кино жүжгийн нэрт мастеруудтай өөрийн тань хэлснээр теле­ви­зийнхээ буянаар ойр явж иржээ.

Явуу, Дашдооров, Мөрдорж  гээд бүгдийнх нь тухай хөрөг нэвт­рүүлэг хийж амьд дуу хоолойг нь алтан фондод үлдээсэн байна. Ёстой халууныг халуун, хүйтнийг хүйтэн гэлтгүй зүтгэж явжээ. Нэг удаа шинэ жилийн нэвтрүүлгийн зураг авч яваад оргилуун дарсаа буудуулах гэтэл хөлдчихсөн байж билээ. Гачууртын наад талын аманд зураг авч байсан юм даг. Зу­раг­лаачийнхаа чихийг, тех­ник­чийн­хээ хацрыг хайруулчихаад л ирж байсан удаатай. “Манайхан” гэж нэвтрүүлэг хийсэн юм.  Ардын жүжигчин А.Очирбат, Ц.Гантөмөр, Ж.Лхамхүү, гавьяат жүжигчин З.Жа­ран­тав, Б.Магсаржав, Ч.Алтан-Өлзий, Л.Чаминчулуун гээд тайз дэлгэцийн одод оролцож байлаа.  Тэд чинь хүйтэн гэхгүй. Энэ олон жил нэвтрүүлэгт явахад “Одоо больё, буцъя Сараа минь” гэж нэг ч уран бүтээлч хэрүүл зарга хийж байсангүй. Үнэхээр халуун сэтгэл­тэй сайхан хүмүүс шүү. Тэдний энергиэр л тэтгэгдэж өдий хүрч явна. Ардын жүжигчин Б.Зангад гуай, ардын уран зохиолч Б.Лхаг­ва­сүрэн, “Хаврын шөнийн бодол”-ын Тунгалаг гавьяат, Зууны манлай дуурийн дуучин  Х.Уртнасан, урла­гийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Баттөмөр нарыг аваад сумдаар явж л байлаа.  “Урлагийн бригад ба хаврын дуун” нэвтрүүлэг бэлдээд. Орой нь өнөө хэд чинь сумын төвийн улаан буланд ард иргэдтэй бүжиглээд, зураг хөргөө даруулаад бут авна. Биднийг хаа явсан газар хүмүүс дагадаг сан. Тэр бүхнээс Монголын ард түмэн утга зохиол, урлаг соёлынхондоо ямар их хайртай юм бэ гэдгийг мэдэрдэг дээ.

Энэ аваргуудыг чинь нэг дор дэлгэцэнд мөнхөлж дээ гэж бахархах сэтгэгдэл төрнө биз?

-Төрөлгүй
яахав. Баярын цэн­гүү­нүүд байна. Урлаг соёлын авар­гууд  бүгд л оролцоно. Ёолктойгоо, Гүрээтэйгээ  хөтлөн явуулж байсан нэвтрүүлэг алийг тэр гэх вэ. Ма­найх­ны хэлдгээр урлагийн бур­ха­дыг чинь бичиг цаас энээ тэрээ харахгүй, цол гуншинг нь цээ­жээ­рээ л тууж орхино шүү дээ. Би зарлана, би зарлана гээд Ёолк, Гүрээ бид гурав булаацалдахыг нь яана. Нэвтрүүлэг эхлэхэд бие хаа аяндаа цэгцрээд, үг яриа задгай, маш оновчтой, ончтой, энгийн сайхан болоод эхэлдэг сэн. Харин өнөөгийн  залуучуудаа хараад харамсах юм. Тухайн хүний албан тушаал, алдар цолыг буруу зөрүү хэлэх юу ч биш болж. Нэрийг нь буруу хэлээд байгаа юм чинь. Годгоносон, нэг их ганган охид хүүхнүүд л байна. Гэвч ерөнхий мэдлэг, уншсан барьсан, их утга зохиол, өв соёл, урлаг гоо зүйн боловсрол тун чиг дулимаг юм аа. Хамт­лаг дуучид юм уу, сүүлийн үеийн зохиолын дуучдыг л эргэл­дүү­лээд байх юм. Тэдэнд ярих юм юу байхав дээ. Хатуухан хэлэхэд, хүнд хэрэгтэй нэг үг ч хэлэхгүй ш дээ.

Ёолктойгоо, Гүрээтэйгээ гэс­нээс партнерууд чинь бүгд гавьяат болчихлоо. Өөрөө ер нь юу бодож байна аа. Хүмүүс таныг гавьяат гэж андуурах нь бий?

-Би
ер нь гавьяат хэмээх өндөр цолыг хүртэх ямар гавьяа бай­гуулсан хүн юм гэж хааяа боддог ш дээ. “Хүсэлтийн хариу” нэвтрүүл­гийг Монгол телевизээр явуулах болсноор хүмүүсээс дугтуйтай захиа авах болсон. Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөтлөгч Сарантуяа танд гээд хаяглачихсан, манайхан гавьяат аа гэж шоолоод л. Зарим нь бүр гавьяат жүжигчин, сэтгүүлч Сараа эгчдээ гээд биччих­сэн байдаг. Би бол болоогүй дээ л гэж боддог. Гэхдээ амны бэлгээр гэж сайхан үг бий.

Уран бүтээлийн тайлангаа хэдхэн хоногийн өмнө олны хүртээл болголоо. Тоглолтын тухай мэдээлэл манай сонинд өмнө нь гарсан л даа. Гэхдээ л асуулгүй өнгөрч болох­гүй нь ээ?

-Монголын
үндэсний олон ний­тийн телевизийн 45 жилийн ойд зориулаад уран бүтээлийн тайлан­гаа олны хүртээл болголоо. Ард түмэн минь бүр нэг чин  сэтгэлээсээ хүлээж авлаа. Үүнд Сараа эгч нь их баяртай байна аа.  Хөгжмийн зохиолч Ц.Дашзэвэг ая данг нь тааруулсан “Эрийн тэнгэр”, мөн ерээд оны сүүлээр гарс ан “Би эмээ болохгүй” киноны дуу хийгээд бүтээлүүд маань дуулагдлаа. Г.Рав­дан, Л.Чаминчулуун нар бо­гино өгүүллэгүүдээс дээжлэн унш­лаа. Сайхан болсоон.

Мэдээж элэглэлүүдээсээ түүвэрлэж олонд хүргэсэн. “Бо­лор цомдээр элэглэлээ уншиж төрийн тэргүүнээсээ аваад бүг­дийг ньхийжөгдөг дөө?

-Үгүй
ээ яахав, элэглэл маань хүмүүст хүрээд байдаг шүү. Н.Бага­банди гуайг  Ерөнхийлөгч байх үеийн наадам санагдана. “Ерөн­хийлөгч минь сахлаа түр зээл­дэхгүй юү” гэсэн элэглэл унштал хүмүүс нирхийтэл инээлдээд, Ба­гаа Ерөнхийлөгч сахлаа имэрч буй агшинг манай телевизийнхэн “Бо­лор цом”-ын бичлэгтээ оруул­чих­сан байж билээ.

ЯРИЛЦСАН Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Ард түмэн “заводын дарга” шиг нөхдөөр удирдуулахдаа дуртай байх уу?

Шинэчлэлийн Засгийн га­зар байгуулагдаад шил ши­лээ дарсан ажлууд төлөвлөөд сүрхий л байх шиг. Эхнээсээ авч байгаа арга хэмжээнүүд нь ч ард түмэнд таалагдаж, сэтгэлд нь хүрч байгааг хэлэх хэрэгтэй. Гэхдээ бас юм бай­на аа байна. Тэр дундаас жижиг ч гэмээр нэг зүйлийг зориуд хэлмээр байгаа юм. Хэдийгээр том ажлын дэргэд энэ шүүмжлэл яамай байна аа гэж хэлж болох ч аливаа юм жижигддэггүй билээ. Тэр тусмаа том ажил хийх гэж яваа бол жижиг асуудал гэж байх ёсгүй.

Шинэчлэлийн Засгийн газ­рын гишүүд гэж нэг л цамц­ныхаа захыг гозойлгосон нөхөд байх юм. Тэр хүмүүст зангиа зүүхгүй, энгийн хув­цас­лаж байвал ажил хийдэг хүн шиг харагдаж, ард түмэнд таалагдана гэж хэн нэгэн нь хэлчихсэн болтой юм. Гэтэл яг үнэндээ дээхнэ үеийн сүүн заводын дарга нар шиг л харагдаад байна. Соц цагийн сүүн заводын дарга нар гэж заваандуу сорочкин цамцаа сүү цөцгийн тосонд халтартсан өмдөөрөө даруу­лаад өмсчихсөн нөхөд явж байдаг сан. Сахал үсэндээ баригдчихсан, бас тэрүү­хэн­дээ хөөрхөн гүзээтэй. Хөдөө нутагт байгаа нэгждээ хам­гийн ойр төр засгийн төлөө­лөл ч гэмээр. Гэвч багахан сэтэртээ таарамгүй энгийн тэднийг хэн ч дарга даамал гэж хардаггүй байв. Тэдний өмссөн зүүсэн нь, өрвийсөн үс нь, нэрмэл эргүүлж, илүү дутууг гоочилж яваа нь тийм итгэл үнэмшил төрүүлж чад­даггүй байв даа.

Шинэчлэлийн Засгийн газ­рын гишүүд ч хуралдаа зангиагүй, иргэдтэй уулзаж явахдаа ч зангиагүй, бүр спорт хувцастай, телевизийн ярилцлагад орохдоо ч там­хины утаа сааралтуулж үнс­ний саваар чамирхаж байна. Шинэ залуу дэд сайд нар нь ч ингэдэг юм байна гээд бод­чихсон футболктой ажил яриад явж байна. Намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ гэсэн шиг хувцаслах юм. Уучлаа­рай, та бүхэн ерөөсөө төрийн сайд шиг харагдахгүй байна. Харин сүүн заводын дарга нартай адил байна.

Цайвар цамц, ба­раан хослол өмсөөд цэмцгэр гэгч нь зангиа зүүсэн дүр төрх бол дэлхийн стандарт ажил хэрэгч хүний дүр төрх. Үүнийг цагаан захтан, хоосон хээн­цэрлэл гэж буруутгах хэрэггүй. Ямар ч орны төрийн ёслолын албанд ийм жишгийг л барь­даг. АНУ-ын хар арьст Ерөн­хийлөгч Б.Обама ч зангиа зүүж, Солонгос, Хятадын өтөл хашир улстөрч нар ч энэ жишгийг дагадаг. Төрдөө хүн­дэтгэлтэй хандаж байгаа­гийн, түмэн олноо хүндэлж байгаагийн илрэл болгож энэ жишгийг барьж, төрийн буу­рал тэргүүнүүд үсээ ч товло­сон хугацаанд будуулдаг гэж байгаа. Хойд Солонгосын парламентын дарга, түшээд ч гэсэн өөрсдийн үйлдвэрийн хийц муутайхан гонжоомоо ч хилийн чинадад жимбийл­гээд өмсөөд явж байдаг. Энэ бол тогтсон жишиг. Гэтэл манай ардчиллынхан дадаж сурснаараа явах гээд байх шиг байна. Одоо та нар хуу­чин шигээ гудамжинд лааз өшиглөж яваа биш, парла­ментад олонхи суудлыг нь авч Засгийн газраа байгуул­чи­хаад байгаа шүү дээ. Ард түмэн сүүн тасгийн дарга нар шиг хүмүүст биш харин өөрс­дөд нь хүндэтгэлтэй хандаж буйгаа гадаад байдлаараа эхний шатанд илэрхийл­чих­сэн үсээ самнаад, гэдсээ тат­чихсан хүмүүст илүү итгэнэ л дээ. Ер нь өөрийгөө аятайхан аваад явчихгүй байгаа хүнийг өөрсдийг нь аваад явна гэдэгт хэн итгэх юм бэ. Одоогоос хэдэн жилийн өмнө Ядам­дорж гэдэг хурандаа Замын цагдаагийн газрын дарга болонгуутаа “Гүзээтэй замын цагдаа гэж юу байдаг юм. Ийм хүнийг ажлаа хийхгүй бай­гаад тооцно” гэж бүгдийг нь эрээн мод бариулаад гаргаж байсан гэдэг. Ажлаа хэрхэн хийж буй нь байгаа байдлаас нь харагддаг ажил мэргэжил гэж бас байх юм. Түүн шиг шинэчлэлийн Засгийн газар гээд хүний сэдэхгүйг сэдээд, хийж бүтээгээд мундаг байж болно л доо. Гэхдээ жаахан юм шиг боловч үүн дээрээ анхаарчихмаар байна.

Шинэчлэлийн Засгийн газ­рын сайд нарт зааж зөв­лө­дөг имиж мэйкер энэ тэр байдаг л байлгүй. Үүнийг хэлж туслаач ээ. Ажил мундаг хий­дэг хүний дүр бүтээж байгаа нь энэ гээд зангиагаа тайлж хаяад чөлөөтэй хувцаслаад яваад байгаа нь тийм ч зөв шийдвэр бишийг. Амралтын өдрөөр Засгийн газар хурал­даж байгаа нь энэ гээд арван жилийн хүүхдүүд шиг цугларч ирмээргүй байна. Нэгэнт л төр засгийн ажлыг ярьж бай­гаа бол тэгж итгэл төрүү­лэхээр харагдах ёстой. Тэгэх­гүй бол нэг л алхаг залхуу, замбараагүй харагдаж бай­на. Тийм хүнийг элэг барьдаг л байхгүй юу. Нүдээрээ олзлогдоод л эхэлнэ.

Муу хэлүүлсээр
ирсэн МАН-ынхан гэхэд ядаж үүний­гээ
мэддэг болчихсон байсан шүү
дээ. Одоо АН-ынхан гудамжинд байсан имижээ гээж, төр авч яваа хүмүүсийнхээ төрхөнд ор­моор байна. Ядаж л нүдээрээ хараад эрх баригч гэдэгт тань итгэмээр байна
ш дээ. Ард түмэн “сүүн заводын дарга” шиг нөхдөөр удирдуулахдаа дуртай байдаггүй юм.

Categories
редакцийн-нийтлэл

Харвардын хаялга

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулга уулзалтын нээлтийн ажиллагаанд оролцохоор өнгөрсөн сарын 19-ний өдөр АНУ-ыг зорьсон билээ. НҮБ-ын хуралд оролцохынхоо өмнө Харвардын их сургуульд лекц уншихаар Бостон хотод хүрэлцэн ирсэн юм. Массачусэттс мужийн Кэмбриж болон Бостонд байр­ладаг Харвардын их сургуулийн нэрийг өнөө цагт дуулаагүй хүн үгүй гэхэд болно.

Харвардын их сургууль нь АНУ-ын  хамгийн эртний сургууль гэдгээ­рээ бас хамгийн нэр хүндтэй төг­сөгч­дийг дэлхийн хэмжээнд бэлт­гэдгээрээ орон зайгаа тодор­хойлчихсон газар. Харвард төгссөн хүмүүсийн ажиллах өндөр албан тушаал, компаниудын жагсаалт тодорхой байдаг гэлцдэг. Ерөөсөө энгийн компаниудад эндхийн төг­сөгч анкетаа өгдөггүй, өгсөн байлаа гэхэд нөгөө тал нь “Уучлаарай тан шиг ийм нэр хүндтэй сургууль төгс­сөн хүнд таарах ажлын байр бидэнд байхгүй” гэсэн хариулт сонсдог гэсэн яриа байдаг билээ. Авахгүй гээд буцаадаг нь юу л бол. Гэхдээ л Харвард гэдэг нэр нь тэр чигээрээ мэдлэг чадвар, итгэл үнэмшлийн тод нэрийн хуудас болдог нь үнэн. Харвардын эртний улаан тоосгон байшингуудтай модот гудмаар нь ороод ирэхэд тэс өөр сэтгэгдэл төрнө. Ерөөсөө тэнд сурах ёстой гэсэн бодол л төрдөг байх гэмээр. Харвардад АНУ-ын найман Ерөнхийлөгч, Нобелийн 75 шагналтан суралцаж төгссөн, бас одоо амьдарч буй 62 тэрбумтан эдний бүтээгдэхүүн. За тэгээд АНУ-аас гадна хэчнээн улсын Ерөн­хийлөгч ч байдаг юм, нэмэгдэж таарна. Ямартай ч Харвардаас бас нэг Ерөнхийлөгч төрсөн нь манай улсын Ерөнхийлөгч. Харвардын их сургууль нь дотроо 12 сургуультай бөгөөд 21 мянган оюутны 14500 орчим нь магистр түүнээс дээш зэрэг горилон суралцдаг гэж бай­гаа. Дээрх 12 сургууль дотроо хамгийн нэр хүндтэй нь Жон Кен­недийн нэрэмжит сургууль гэгддэг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2001 онд тус сургуулийн оюутан болж ирж байсан бол дахин ирэхдээ сургуулийнхаа оюутнуудад лекц тавихаар очсон нь энэ. Мэргэжлийн онцлогоосоо шалтгаалж сургууль сургуулийн оюутнууд янз бүрийн эрдэмтэн мэргэд, нээлтийн эзэдтэй уулздаг бол хууль, улс төрийн сургуулийг багтаасан Жон Кенне­дийн сургуульд дэлхийн томоохон удирдагч, улстөрчдийг урих нь элбэг. Есдүгээр сард хамгийн их лекцтэй байдаг гэх бөгөөд манай Ерөнхийлөгчийн лекцийн дараа Мьянмарын ардчиллын тэмцэгч  Аун Сун Су Чи, Аргентиний Ерөн­хийлөгч Кристина Фернандес нар есдүгээр сарын 27-ны өдөр 17.30 ба 20 цагаас дараалаад форумд оролцохоор зар гарсан нь хараг­дана. Ер нь Харвардын оюутнууд нэг талдаа туйлын их зантай. Хэр баргийн хүний лекцийг тоож ирдэг­гүй гэгддэг. Үнэхээр сонирхсон хүнийхээ лекцэнд сандалгүй ч гэсэн зогсч байгаад л суудаг бол зарим дээр нь гол гороймоор ирдэггүй гэж байгаа. Ямартай Монгол Улсын Ерөнхийлөгчийн уулзалт их зантай Харвардын оюутнуудын анхаарлыг татжээ. Энэ нь Монгол гэдэг улс сонин байгаа­гийнх биз нөгөө талаас өөрсөдтэй нь адилхан Харвард гэсэн бичигтэй цамц өмсөөд явж байсан нөхөр нэг улсын Ерөнхийлөгч хэмээн уриг­даад лекц уншиж буй нь сонирхлыг өдөөсөн байх. Ямартай ч Жон Кеннедийн сургуулийн лекц болох танхим хөл тавих зайгүй болжээ. Сүүлд тэндхийн оюутнуудаас сон­со­ход энэ удаад лекцийн тасалбар урьд өмнөхтэйгээ харьцуулахад туйлын эрэлттэй байсан аж. Тасал­бар авах эрхийн төлөө хоорондоо сугалаа татсан гэнэ. Манай Ерөн­хийлөгчөөс Ираны цөмийн зэвс­гийн талаар тун нухацтай асуугаад байсан оюутан залуу “Танай орныг үнэхээр сонирхож байгаа. Монгол дэлхийд анхаарал татаж байгаа орон. Тэр утгаараа бас ардчиллын удирдагч Ерөнхийлөгчийн яриаг сонсохыг үнэхээр хүслээ. Аз боло­ход тасалбар нь олдсон шүү. Ма­най найзууд бүгдээрээ сугалаа­гаар тасалбар авч, энэ лекцэнд сууж чадсандаа сэтгэл хангалуун байна” гэж байсан билээ. Бас тэнд суралцдаг монгол оюутнууд ч баяр хөөртэйгөөр цугларчээ.

Уг уулзалт форумыг Кеннедийн сургуулийн декан Дэвид Эллвуд нээхдээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдор­жийг оюутнуудад дэлгэрэнгүй танил­­цуулсан юм. Чингэхдээ сур­гуулийнхаа шилдэг төгсөгч гэдгээр нь бахархаж буйгаа үгийнхээ эхэнд дурдаад “Тэр энэ сургуулиас олж авсан мэдлэг, ур чадвараа бодит амьдрал дээр үйл хэрэг болгож, улс орноо амжилттай удирдаж хүний эрх, эрх чөлөө шударга ёсны төлөө тууштай тэмцэж яваа” хэмээн тодот­госон юм.

Ерөнхийлөгч Харвардын оюут­нуудад хандан “Миний гартаа зүүсэн Харвардын төгсөгчийн бөгж бол надад хамгийн үнэ цэнэтэй эд. Гэрлэлтийн баталгаа болсон бөг­жөө эхнэрийнхээ зөвшөөрөлтэй тайлж Харвардын бөгжөө салгал­гүй зүүж ирлээ” гэхэд танхим дүү­рэн хөгжилдөн инээж, жигтэйхэн өөриймсүү болох нь ажиглагдсан. Тэрбээр сургууль төгсөөд юу хийх вэ гэж бодсон талаараа, энд сур­сан номоо зах зухаас нь хүмүүст хүргэхийн тулд “Нүүх үү, үлдэх үү” лекц уншсан талаараа, авлига гэдэг ардчилсан төрийн асуудал болох тухай, ажил аваад авлигын эсрэг тэмцэж ирснээ, хоёр удаа Ерөнхий сайдаар ажиллахдаа авлигын эсрэг эхлүүлсэн ажил нь түүнийг хоёр ч удаа хугацаанаас нь өмнө унагасан талаар, парла­мент дэмжихгүй ч ард түмэн дэм­жиж байсан талаар ярьсан. Мөн байгаль орчны салбарт хийж ирсэн ажлуудаасаа сонирхуулсан. Тэр­бээр Монголын газар нутгийн 46 хувь буюу Альяска мужийн газар нутагтай дүйхээр газар нутаг нь уул уурхайн лицензүүдэд хэрэгдсэн байсан нь одоо 15 хувь болтлоо багассан гэж харьцуулан ярих нь сонсч буй оюутнуудад ойр бууж байгаа бололтой. Хэдийгээр Ерөн­хийлөгч манайхны хувьд мэддэг зүйлсийг яриад байгаа мэт ч нөгөө талд ардчиллыг тайван замаар хийж одоо хөрсөндөө бат бэх суулгах гэж байгаа Монгол Улс, байгалийн асар их нөөцтэй Монгол Улс, хөдөө малчин айлын найм дахь хүүхэд коммунист ЗХУ-д сургууль төгсчихөөд нутагтаа ирж ардчилсан хувьсгал эхлүүлсэн нь, Харвардад төгсөөд нутагтаа очоод дахин Ерөнхий сайд дараа нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажил­лаж байгаа тэр түүх нь тэдэнд бүхэлдээ сонин байгаа нь харагдаж байсан юм. Тэр сонин нөхрийн лекцийг сонсохоор азын сугалаа­гаар орж ирсэн нөхөд ч хоосонгүй гэдэг нь асуултуудаар нь харагдав. Манай Ерөнхийлөгчийн өнгөрсөн наймдугаар сард Иранд хийсэн айлчлал нь барууныхны анхаар­лыг ихэд татсан гэдэг нь Харвар­дын оюутны асуултаас мэдрэгдэж байлаа. Гэхдээ Монгол Улс бүр хорь гаруй жилийн цөмийн зэвсэг­гүй бүс нутаг болохоо зарлаж, түүнийг нь хэдхэн хоногийн өмнө НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн орнууд бүгдээрээ баталсан тэр баримт нь тэдний эргэлзээнд нэг талаасаа хариулт өгч байгаа юм. Ерөнхийдөө Монгол Улс дэлхийн том орнууд ч харилцах гээд бардаг­гүй Иран, Хойд Солонгостой эрт­ний найрсаг харилцаатай улс тэг­сэн атлаа барууны улс орнуудтай ч ойлгомжтой ойрхон харилцаатай онцлог гүрэн гэдгийг ирээдүйн дэлхийн томчууд болох харвард­чууд ойлгосон байх аа. Бас Өмнөд Суданаас ирсэн гэх нэгэн оюутан Ерөнхийлөгчийн тодотгосон авлигын тухай сэдвийг хөндөж асуулт тавьж байгаа нь содон байв. Харин дараахан нь өөр асуултын хариуг өгөхдөө Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж “Манай улс энхийг сахиулах үйлсэд гар бие оролцож байгаа. Түрүүнд өмнөд Суданы оюутан асуулт тавьж байсан. Өмнөд Суданд гэхэд манай найман зуу гаруй энхийг сахиулагч алба хааж байгаа” гээд яриан дунд хавчуулаад авсан нь тэдэнд бага­гүй сэтгэгдэл төрүүлсэн байх. Ерөн­хийдөө Монголын Ерөн­хий­лөгчөөс Монголын асуудлыг бус дэлхийн хэмжээний, бүс нутгийн асуудлуудыг сонирхож байсныг онцлох хэрэгтэй болов уу.

Ерөнхийлөгчид асуулт тави­хаар дугаарласан оюутнуудын цөөнх нь л асуултаа тавьж амжсан. Учир нь тэд асуулт тавихаар жаг­саад зогсчихдог юм байна лээ. Декан нь асуулт тавих оюутнуудын дугаарыг таслахад үлдсэн хэд нь урамгүйхэн сууж харагдсан. Ийм төрлийн форум дээр зөвхөн оюут­нууд бус эрдэмтэн багш нар нь олноороо суудаг юм билээ. Хар­вардын их сургуулийн маршал гэж хуучны ланжгар албыг Жеки О Нил хэмээх хатагтай хашдаг аж. Ерөн­хийлөгч Клинтоны арын албанд ажиллаж байсан гэх мундаг эмэгтэй Ерөнхийлөгчтэй уулзах үедээ тэтгэлгээ зөв хүндээ өгч гэж юуны өмнө онцолсон билээ. Тэдний хувьд итгэж тэтгэлэг өгсөн оюутан нь амжилтад хүрээд, улс орныхоо тэргүүн болоод явж байна гэдэг хамгийн том бахархал хүндэтгэл нь байж таарна. Кеннедийн сургуу­лийн сургалтын албаны захирал эмэгтэй гэхэд л “Танай Ерөнхий­лөгчийг сурч байхад би энд байлаа” гээд байн байн бахархан яриад байсан билээ.

Маршал Жеки О\’Нил “Монгол Улс бол ардчиллын үлгэр дуурайл болсон, өөр нийгмээс шилжих шилжилтийн хугацаандаа хүний эрх, эрх чөлөөг дээдлэх тал дээр хамгийн өндөр амжилтад хүрсэн орны нэг. Харвардын судлаач оюутнуудыг Монголд ажиллуулан, харилцан оюутан солилцож турш­лага судлах чиглэлд хамтран ажиллах сонирхол байна. Бас монголчуудын арвин их түүхийг судлан, монгол судлалыг хөгжүү­лэх сонирхолтой байна” гэж байлаа. Харвард газар газрынхаа судлалыг зарим их сургуулиудад алдчихаад байгаа болохоор сүүлийн үед тухайлсан орон суд­лал дээрээ анхаарч ажиллах нь гэж дуулдсан нь үнэн бололтой. Харвар­дын хувьд монголчуудад илүү нээлттэй байх бодлого барим­талж ажиллах нь тэдний ярианаас мэдрэгдэж байлаа. Тэнд суралцдаг монгол оюутнууд хэлэхдээ “Бид бүгдээрээ тэтгэлгээр суралцдаг. Жилийн орлого нь жаран мянган ам.доллараас бага улс орнуудын оюутны хувьд тэтгэлгээр суралц­даг. Тэгэхээр өөрийгөө сурч чадна гэдгээ харуулж чадсан хэнд ч энэ сургууль нээлттэй. Харвард гэхээр манайхан халгаад байдаг. Хэн юу хийж чадахаа харуулбал хэцүү биш ээ, энэ сургууль” гэж байсан билээ. Ерөнхийлөгчид ч тус сургуулийн удирдлагууд тан шиг ийм төгсөгчид ирэх юм бол Харвард илүү нээлттэй байх болно гэсэн хандлагыг илэр­хийлж байсан билээ. Харвардын хувьд жилийн төлбөр нь өндөр гэдэг ч сурч чадах, эрмэлзэл нь их. Төгсөөд юу хийж чадахаа харуулах бол харин ч тэтгэлэг гэдгийг өгөөд байдаг газар шиг билээ. Энэ сур­гуу­лийн хувьд сайн төгсөгчдөөрөө бий болгосон нэр хүндээр их мөнгө төлж Харвардын оюутан болох хүсэлтэй баячуудын хүүхдүүдийг татаж байдаг юм шиг санагдсан. Саяхан л гэхэд хар арьст загвар өмсөгч Тайра Бэнк­сийг хэдэн долоо хоногийн бизнесийн сур­галтад сууж, диплом хүртсэн гээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр жигтэйхэн шүүмжилж байсан билээ. Нээрээ ч супер загвар өмсөг­чийн хэдэн долоо хоногийн хуга­цаанд сурч гийгүүл­сэн нь юу л бол. Гэхдээ түүний өгсөн 100 мянган ам.доллар нь өөр нэг ирээдүйн лидерийн сур­галт байрны тэтгэлэг болж очино гэхээр бас буруутгаад ч байх зүйлгүй мэт. Алдар нь дөрвөн зууны турш энэ сургуулийн, энд­хийн төгсөгчдийн нэрийн хуудас болж яваа Жон Харвард тус сургуулийн энгийн нэгэн төгсөгч байсан. Гэхдээ тэр гэрээслэлдээ өөрийнхөө хөрөнгийн тэн хагас болох 780 фунт стерлинг, 320 боть номыг өгөх болсноор энэ сургуу­лийн хамгийн том хандивлагч болсон байдаг. Ийм сэтгэлийг шингээж чадсанаараа ч Харвар­дын номын сан АНУ-ын хамгийн том бас дэлхийд томд тооцогдох номын сан болж чадсан биз ээ. Тэгэхээр их ирээдүйг ямар нэгэн байдлаар өглөг хаялга дагалдаж явдаг л хойно арга ч үгүй юм уу. Харвардын хаялга бидэнд ардчил­сан Ерөнхийлөгчтэй болох боломж бас олон арван ирээдүйн залуу чадвартнуудыг өгч байгаа. Тэр хаялгыг хүртэхийн тулд залуучууд маань том зорилго, том мөрөө­дөлтэй баймаар юм байна. Энэ мэт бодлууд Харвардын эрхэмсгээр  дүнсийх улаан тоосгон байшингууд дунд алхаж байхад төрж байсан билээ.

Үргэлжлэл бий.
Э.ЭНЭРЭЛ

 

 

Categories
редакцийн-нийтлэл

Эргээд ирээч гэж эх орон чинь дуудаж байна

Бид цөөхүүлээ гэдэг ч олуулаа. Энэ дэлхийгээр нэг монголчууд байна. Өнгөрсөн хавар Ерөнхий­лөгч дэлхийн монголчуудыг Монгол нутагтаа ирцгээ. Монголчуудаа олуулаа болцгооё” гэж уриалсан.  Ерөнхийлөгчийн санаачилга цагаа олсон, зөв зүйтэй  зүйл  байв.  Ингэж  Монгол үндэстнээ  нэг дээвэр дор цуглахыг уриалсныг дэмжихээс  гадна Монголоосоо явсан монгол­чуу­даа эргэж ирэхийг уриалмаар байна. Дэлхийн монголчууд Ерөн­хий­лөгчийн уриалгыг талархан хүлээж авсан. Тэд Монголоосоо   явсан монголчуудаасаа илүүтэй Монгол гал голомт минь гэсэн итгэлээр наашаа гэсэн сэтгэлээр ханддаг. Харин бидэнд нэг том бэрхшээл байдаг нь үндэс угсаа нэгтэй монголчуудаа гадныхан, харийнхан, эрлийз, хурлийзаар нь дууддаг. Энэ нь их үндэстний дэргэдэх жижиг үндэстний жалгын мухрын хүнээс гардаг өөдгүй зан л даа.

Зах зээлийн эхэн үеийн ороо бусгаа цагт  монголчууд гадагшаа олноороо гарсан. Гадаад ертөнц бидэнд тэр үед хол санагддаг байлаа. Ардчиллын буянаар хам­гийн анх хүн бүр гадаадад хөл тавих боломж нээгдэж, гадаад паспорттой болсон.  Зарим хэсэг нь Монголдоо картын барааны хүнд­хэн үеийг давсан ч хөл дээрээ босох гэж ганзагын наймаа, ТҮЦ-ээс бизнесээ эхэлж байлаа. Нэг хэсэг нь сайхан амьдралыг эрэн бэдэрч гадаадад хар ажил хийхээр явцгаалаа. Ерөнхийдөө цэвэрлэг­чийн ажил хийх гээд явцгаасан шүү дээ. Гадагш урсах хүн урсгал одоо ч тасрахгүй л байна. Ингэж явах  шалтгаан нь асар их баялагтай хэрнээ бизнес эрхлэх эрх нь, боломж нь байхгүй байсантай холбоотой. Манайх шиг ийм баялаг­тай улсад дотоодынх нь битгий хэл гадаадынх нь гуйгаад ирдэг байхгүй юу. Монгол Улс нэг хүнд ноогдох баялгаараа дэлхийд эхний байранд бичигдэхээр болж   байгаа. Цаашид ч бүр сайжирна гэж итгэж байна. Орхиод явсан үеийнхээс чинь ондоо болсон, эх орон чинь. Энэ чинь Монгол руу бөөн бөөнөөрөө шавах нөхцөл бүрдчихлээ гэсэн үг. Нэгэнт нөхцөл  нь бүрдчихээд байхад харьд очиж, хүний боол хийх хэрэг байна уу. Эх орон, ээж, аав, элгэн садан чинь эндээ  байж байна. Эх орон чинь та нарыг дуудаж байна, монгол­чууд аа. 

Хоёрхон жилийн өмнөс Монгол Улс гадаадад боловсрол эзэмш­сэн  сэхээтнүүдээ авчрах гэж “Зөгийн үүр” төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Нэг ёсондоо баланд дурладаг зөгий шиг монгол залуус минь эх орондоо (үүрэндээ) ирж цуглаач  гэж сэдсэн санаа. Хэдэн зуун сая төгрөг гарга­сан боловч хэн ирсэн нь тодор­хойгүй. Хүмүүс зөвхөн боловс­ролоор амьдардаггүй. Боловс­ролоо мөнгө болгох орчинд  амь­дар­даг. Төр тэдэнд цалин амлаад хуурсан хэрэг л болно. Түүний оронд компани байгуулах баялгийг ашиглах, экспорт, импорт хийх, ажиллагааг гар харсан хэдэн түш­мэдээс холдуулчихвал маргааш нь  гадаадад буй монголчууд аяндаа л нааш зүглэх болов уу. Ингэж л горьдож байна. Түүнээс биш эх орноо орхиод ээж, ааваа  ор тас мартана гэж үгүй баймаар.

Монголдоо сайхан амьдарч болно. Хүний газар аз жаргалыг хайж явсныг нь буруутгахгүй ч эх орноо сайн сайхан байлгах гэж зүтгэхгүй,  зөвхөн өөрийнхөө төлөө яваад өгч байгааг нь бодохоор  хэтэрхий аминчхан сэтгэлтэй ч юм шиг. Монгол Улс улам цэцэглэн хөгжинө гэдэг итгэл  найдвар маань хэзээ ч алга болоогүй. АНУ-ын нэгэн түүхчийн судалснаар их гүрэн байсан улс заавал сэхдэг гэсэн. Өөрөөр хэлбэл түүхийн хүрдний эргэлтэнд хүчирхэг байсан улс үндэстэн дахин байрандаа очдог байх нь. Ингэж мандан бадрахын эхлэл нь олуулаа болох. 

Монголчууд тэртээ он жилүү­дийнх шиг гадаадаас ирсэн бохь, лаазтай ундаа хараад гайхахаа больчихсон. Дэлхийд ямар шинэ технологи гарч байна маргааш нь л Монголд нэвтэрдэг болсон.  Хол­ли­вудын оддын хүүхдийнхээ сур­галтын төлбөрт зарцуулдаг хэм­жээ­ний мөнгийг төлөөд эх орондоо хувийн сургуулиудад монгол хүмүүс хүүхдээ сургаж байна.  

Одоо гадаадынх гээд гайхаад байх зүйл монголчуудад байхгүй. Тэнд юугаараа илүү юм. Манай­хаас илүү нь  дулаахан л байх. Эрс тэс уур амьсгалтай гээд эх орноо­соо хол байна гэвэл инээдэмтэй л хэрэг биз дээ. Дэлхийгээр нэг эзэнгүй, засаг захиргаагүй монгол хэлээр ярьсан хүмүүс байдаг болчих­лоо. Гадаадад амьдарч байгаа хүмүүсийн тоо зуун хорь гаруй мянгад хүрдэг гэсэн. Үүнээс ч олон байгаа байх. Албан ёсны бүртгэлтэй нь энэ болохоос.  Эргээд очих эх оронтойгоо тэр олон монгол­чууд ухамсарлах хэрэгтэй. Ингэж “Монгол” гэдэг нэр зүүчихээд эх орноо ээж, ааваа орхиод олон жил явсан, тодорхой хугацааны дараа эх орондоо ирэхгүй байгаа хүмүүст  хариуцлага тооцдог бол­моор байна.  Тухайлбал Монголоо­соо гараад арваас дээш жил эх орондоо огт ирээгүй бол  Монголын харьяаллаас хасах арга хэмжээ авмаар байгаа юм. Хаслаа гэдгээ албан ёсоор зарлах хэрэгтэй. Гэхдээ үүнийг туйлшруулан ойлгож болохгүй. Сургуульд сурч байгаа, алба амины ажлаар ирж очиж байгаа хүмүүсийг бүгдийг нь хэлээд байгаа юм биш. Улс нь иргэнээ захирч чадахгүй бол улс гэж бай­гаад яах юм. Ямар ч эрх чөлөө явж, явж нэг хязгаарт хүрээд тулдаг. Гадагшаа явсан ч гэсэн эх орноо мартаж болохгүй. Эргэж ирнэ гэдэг таны үүрэг. Гадаадад байгаа монгол­чууд Монголын төрийн удирдлагуудыг очихоор асуудаг нэг зүйл нь давхар иргэншил. Гадаадад амьдардаг, бүр гадны иргэншилтэй болсон хэрнээ хааяа Монголдоо ирж, очиж байх гэж л үүнийг хүсдэг. Гэтэл угтаа Монгол Улсын эрх ашиг гэж бий.

Дэлхийгээр нэг тарсан 
монгол­чуудаа, эх нутагтаа цуглаж, эх орондоо эзэн сууя. Өтөл хөгшин
болсон хойноо “эх орон минь” гээд  ясаа тавих
гэж ирэх хэрэггүй. Идэр насаа
хүний нутагт өнгөрөөчихөөд Монголын төлөө хийсэн гавьяагүй
хэрнээ өгөршсөн ясаа эх орондоо тушаах нь шударга хэрэг үү. Тиймээс л эх орон чинь та нарыг
эсэн мэнд эрүүл саруул дээрээ
эргээд ирээч гэж дуудаж байгаа юм, монголчуудаа.  Тэгээд бид олуулаа болно.

Categories
редакцийн-нийтлэл

Ерөнхий сайд зүгээ буруу гаргачихав уу даа

Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар АН-ын дарга Н.Алтанхуяг томилогдлоо. Засгийн газрын тэр­гүү­нүүд ажлаа авсныхаа  дараа хөдөө орон нутаг руу томилолтоор явдаг уламжлал манайд бий. Н.Ал­тан­хуяг сайд ч тэр жишгээс хазай­сангүй. Ер нь ч бүх үеийн Ерөнхий сайд намар томилогддог. Тэгээд тариалангийн бүс нутгаар явж, “Эрдэнэт” үйлдвэрээр дайраад  гардаг нь заншил болчихжээ. Ерөн­хий сайд хэн ч болсон үүнийг л хамгийн түрүүнд хийдэг. Энэ бол сүүлийн 20 жил жишиг болон тогтчихоод байна. 

Одоогоор Монголд үйлдвэрлэл өрнөж байгаа ганц газар нь үнэн­дээ энэ “Эрдэнэт” үйлдвэр, Сэлэнгэ аймаг хоёр юм. “Эрдэнэт” үйлдвэр гэхэд Монгол Улсын төсвийн 30, 40 хувийг дангаараа бүрдүүлдэг ганц саалийн үнээ. Харин Сэлэнгэ аймаг бол Монгол Улсын газар тариалангийн гол бүс нутаг. Дотоо­дын үр тарианы нөөцийн нэлээд хувийг ганцаараа хангаж байгаа аймаг юм. Ерээд оноос хоёр мянга найм, есөн он хүртэл ихэнх нутгаар ган гачигтай байлаа. Үүнээс болоод Төв аймаг зэрэг газар тариалангийн нутгуудад тариа­лалт муу. Зөвхөн Сэлэнгэд тариа ургац арвинтай байлаа. Сэлэнгийн тариа монголчуудыг хоолгүй хонуулж, гал алдуулсангүй өл залгуулж байна. Гаднаас гурил царай алдуулж, турж үхүүлсэнгүй  тус нэмэр болдог байлаа. Ийм учраас “Эрдэнэт” үйлдвэр, Сэлэн­гийн тариа хоёрын үр шимийг үгүйсгэх аргагүй нь үнэн.  Тиймээс л шинэ Ерөнхий сайдууд өвлийг өнтэй давж, хэдэн халтар хүүхдээ хоолтой онд оруулахаар сэтгэл зовниж яваа гэрийн эзний дүр эсгэн тариан түрүү имэрч, алсыг харан камерын өмнө зогсч харагддаг билээ. Энэ нь одоо ард түмэнд гайхагдам ажил биш болоод удаж байна. 

Гэхдээ нэг инээдэмтэй юм энд бий. Сэлэнгэ аймгийг зорьсон Ерөнхий сайд бүхэн нэг л газар очдог. Монгол Улсын гүйцэтгэх засаглалыг тэргүүлэх үүрэг хүлээ­сэн эрхмүүд Сэлэнгэ аймгийн нэг суманд нэг эзний, нэг компанийн, нэг агрономичийн нэг тариалан­гийн талбайд ёс юм шиг зочилдог. Тэд сүүлийн 20 жил яг энэ марш­рутаар явж байна. Арай л бүтэн 20 жил нэг тариан толгой имэрч зогсоо­гүй байгаа даа. Жил бүр уулздаг нэг гавьяаттайг ч хэлэх үү.Тэгээд нөгөө гавьяат тариаланч ч шинэ Ерөнхий сайдыг хүлээж аваад сурчихсныг яана. Солиг­доод ирсэн Ерөнхий сайдад ажлаа сурамгай танилцуулж, ярьдгаа ярьж угтана.  Тэгээд  “Газар тариа­ланг төрөөс дэмжих хэрэгтэй” гэдэг үгээ хэлнэ. Энэ үгийг тэрээр лав сүүлийн 20 жил ярьж зогссон. Өөр юу ч ярих юм билээ, жил болгон эргээд байгаа дарга нарт.

“Эрдэнэт”
бол яахав. Монгол­доо байгаа ганц хүнд үйлдвэр. Сэлэнгэ орчихоод буцахдаа дайраад гаралгүй яав гэж. Гэхдээ ямар ёс  биш. Өчнөөн жил дампуу­ралгүй, үр ашгаа өгөөд ажиллаад ирсэн газарт Ерөнхий сайд очсон ч яалаа байсан ч яалаа. Н.Алтан­хуяг Ерөнхий сайд очлоо гээд зэсийн нөөц  нэмэгдэх юм биш. Ажлаа алдсан хүн байгаа биш  заавал тэнд очоод байх шаард­ла­гагүй. Тэгээд ч оросууд хамтардаг юм хойно биднээр юу хийхээ заалгав гэж, бараг  илүүц ажил болдог  шахуу даа.

Даанч  Ерөнхий сайд Н.Алтан­хуяг ингэж бодсонгүй. Үе, үеийн Ерөнхий сайдуудаас дутаад байх юу байхав. Уламжлалыг нь эвдсэн­гүй, ёсыг гажсангүй  маршрутыг нь дагалаа.  Засгийн газрын тэргүүний албаа авмагц Сэлэнгэ нутгийг зорилоо. Гэвч газар тариалангийн бүс нутгаа эргэж байгаа нэрээр тариан захад нэг  “хальт” хараг­даад баруун аймаг руу  нутгаадаа давхив.

Ямар ч байсан Увс, Ховд, Баян-Өлгий аймагт ажиллалаа. Тэнд очоод олон ажлын санаа олж, нэлээд асуудал шийдсэн бололтой мэдээлэл түгж байна. Жишээ нь Ховдын захаар оржээ. Худалдаа­чидтай уулзаж зовлон жаргалыг нь нухацтай сонсоод худалдааны төвийнх нь дээврийг битүүлж өгөх юм ярьж.  Оюутнуудтай нь уулзаад  Засгийн газар бямба гаригт ажил­ладаг болсон тухай сонин сонсго­жээ. Харин төрсөн нутаг Увсдаа очоод “Цэцэрлэг хэрэгтэй юу, цэн­гэл­дэх хэрэгтэй юу” хэмээн загнаж. Бас “25 тэрбум төгрөг байна. “Хар­хираа” амралтын газар руу зам тавиулах уу эсвэл тохилог дулаан, битүү дээвэртэй зах бариулах уу өөрсдөө мэд” хэмээн нутгийн ард­даа “хөнгөхөн” онгироод авчээ. Аргагүй л нутгийн хүү Ерөнхий сайд болсныг нүнжгийг харуулаад ирсэн бололтой. Ний нуугүй хэлэ­хэд Увс, Ховдын худалдааны зах битүү дээвэртэй байх уу задгай дээвэртэй байхуу гэдэг нь  Мон­голын тулгамдсан асуудал мөн үү гэсэн асуулт эндээс урган гарч байна. Хаа байсан Увсад байгаа амралтын газар замтай байна уу, үгүй юу гэдэг нь нийт монголчуудын хувьд тулгамдсан асуудал биш шүү дээ. “Хархираа” амралтын эзэн замаа бариад үйлчлүүлэгчдээ татна уу, шороогоо манаргаж амрагчдаа үргээнэ үү түүний дур. 

Нэг аймгийн аж ахуйн ажил хөөцөлдөөд яваа Н.Алтанхуяг сайд Монголын Улсын Ерөнхий сайд уу, Увс, Ховдын Ерөнхий сайд уу.  Уг нь ард түмэн Н.Алтанхуягийг  Мон­гол Улсын  Ерөнхий сайд гэж үзээд сонгосон. Монгол Улсад тулгараад байгаа түм буман асуудлыг ший­дэж, улсаа улс шиг болгохоор тавигдсан дарга хэмээн харж бай­гаа. Тиймээс Ерөнхий сайд Н.Ал­тан­хуягийг Монгол Улсын Ерөнхий сайд шиг ажлаа эхлэхийг  хүсч байна. Тэгвэл Монгол Улсын Ерөн­хий сайд юу хийх ёстой юм бэ. Улсдаа тулгамдсан асуудлыг олж, гарцыг нь хайх ёстой.  Тэгж байж Ерөнхий сайдынхаа үүргийг жин­хэнэ ёсоор биелүүлнэ гэсэн үг.  Монгол Улсад тулгамдсан  асуудал юу вэ.  Оюу толгой, Таван толгой тэргүүтэй уул уурхайн салбар байна. Энэ салбар одоо тэргүүлэх салбар болоод улс орны хувь заяанд нөлөөлөх хэмжээнд хүрсэн. Ерөнхий сайд ашигт малтмалын салбарт юу нь болоод, юу нь боло­хоо байчихсныг очиж тогтоох хэрэгтэй. Монгол Улс үүцээ зад­лаад үсрэнгүй хөгжинө гээд байсан.  Үр ашиг нь юу болж байгаа юм.  Таван толгойн хувьцаа ард түмний гар дээр хэзээ ирэх вэ,  Оюу толгой, Таван толгойд суурилсан боловс­руулах үйлдвэрүүд хэдийд ажил­лаж эхлэх үү гэдгийг тодорхой болгох үүрэг Ерөнхий сайдад ногдож байгаа. Энэ мэтчилэн хоолойгоор татсан их ажлын гар­цыг нь олбол Н.Алтанхуягийн Мон­гол Улсын Ерөнхий сайд болсны хэрэг бүтэх биш үү. 

Зүй нь Ерөнхий сайд Н.Алтан­хуяг Сэлэнгэ аймагт очиж,  тариан түрүү имэрч зогсох биш, мөн нутагтаа очиж Норовын хүү сайн яваагаа гайхуулах биш говь руу явах ёстой байлаа. Говьд бүтээн байгуулалтын ажил яаж өрнөж байгаатай танилцаж, ард түмэнд ойлгомжгүй бүхнийг тайлж өгөх хэрэгтэй байв. Тарьсан тариагаа хааш нь яаж борлуулах вэ гэж толгойгоо гашилгахаас илүү ухсан нүүрсээ яаж худалдах вэ гэдэгт сэтгэлээ чилээх байсан юм биш үү. Тариагаа худалдаалах нь тариач­ны хэрэг, нүүрсээ борлуулах нь Монголын асуудал болчихоод байгааг ойлгохгүй байна гэж үү. Ийм л учраас Ерөнхий сайд Н.Алтанхуяг анхны томилолтоо буруу эхэлж зүгээ зөрүү гарга­чихлаа гэж хэлээд байгаа хэрэг. Оюу толгой, Таван толгойтой зэрэгцээд дэлхий нийтэд нүүрлээд эхэлсэн эдийн засгийн хямралыг анхааралдаа авах байлаа. Эндээс Монголоо хохирол багатай хам­гаалж үлдэх арга замуудыг Н.Алтан­хуяг Ерөнхий сайд эрэл­хийлж, ажлаа эхлэх байсан юм. Увсынх биш Монголын Ерөнхий сайд учраас ингэх ёстой байсан гэж улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Гэвч тэгсэнгүй, баруун аймгуудад очиж аж ахуйн “баг идээтэй” зууралдав. Тэр бодлого гаргаж болж байгаа үйл явдлыг газар дээр нь очиж үзэх үүрэгтэй байв гэж тэд үзээд байна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ