Categories
мэдээ цаг-үе

Bank of China Монголд яаж ажиллахаа танилцуулав

Улаанбаатарын эдийн засагчдын клубийнхэн энэ сарын уулзалтандаа “Bank of China”-гийн төлөөлөгчийн газрын дарга Дай Син жунийг урьжээ. Клубийн гишүүд уламж­лал ёсоороо үдийн хоол зооглонгоо Хятадын эдийн засгийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв, Хятадын банк Монголд орж ирэх нь ямар ашигтай талаар санаа бодлоо хуваалцлаа. Уулзалтаас Дай Син жуний илтгэл анхаарал татаж байв. Хятадын том банк Монголд салбараа нээх мэдээлэл цацагдаад багагүй хугацаа өнгөрсөн ч  тус банкны зүгээс өчигдрийг хүртэл байр сууриа илэрхийлээгүй байсан юм.  Дэлхийн аварга банкуудын нэг салбараа нээх хүсэлтээ Монголбанкинд тавьчихаж. Гэхдээ эцсийн шийдвэр гараагүй байгаа аж. Төв банк хуулийнхаа дагуу хянаж, нягталсны дараа шийдээ гаргах бололтой.  

Дотоодын банкуудтай өрсөлдөхгүй 

Ноён Дай Син жуний яриа Bank of China Монголд сал­бараа нээвэл яаж ажил­лах вэ гэсэн сэдэв дор өрнө­сөн. Бизнесийн төс­лийн сан­хүүжилт, дэд бүтэц, барилга, уул уурхай, амьжиргаа дээш­лүүлэх гээд бүх л салбарт хамтран ажиллах боломжтой гэж тэрээр ярианыхаа эхэнд онцолж байлаа. Засгийн газрын томоохон төслүүдийг санхүүжүүлэхэд бэлэн гэнэ. Жижиг дунд бизнесийн сан­хүүжилт дээр туршлагатай ч энэ зах зээл дээр дотоодын арилжааны банкуудтай өрсөл­дөхгүй гэсэн бодлого барих аж. Хадгаламж  дээр ч дотоодын банкуудтай өрсөл­дөхгүй юм байна. Дай Син жунь “Монголын эдийн засаг бол их хэмжээний мөнгө оруулж үр ашиг хүртэхээр том зах зээл биш. Жижигхэн эдийн засагтай. 2012 онд анх удаа 10 тэрбум ам.доллар хүрсэн эдийн засаг. Гадны том банк орж ирээд ашигтай ажиллах зах зээл биш. Төгрөгийн ханш нь гэхэд богино хугацаанд их хэмжээгээр унасан, инфляци өсөлттэй гээд сөрөг үзүүлэлт ихтэй зах зээлд салбараа нээх эрсдэлтэй. Бидэнд ажиллах тодорхой хэмжээний орчин бий учраас ийм шийдвэр гарга­сан. Манай банкны хувьд дотоодын арилжааны банкуудтай өрсөлдөхгүй, харин ч хамтран ажиллана. Хөгжихөд нь тусална.  Засгийн га­зар, Төв банк хяналт та­вих бүрэн боломжтой. Хуу­лийн хүрээнд хяналтаа тавиад эрсдэлтэй гэж үзвэл зөвшөөрлийг хурааж авах эрх нь Засгийн газар, Төв банкинд бий. Банкны хувьд компаниудтай зээлийн ха­рил­цаа л тогтоодог. Зээл авсан компанийнхаа менеж­мэнт, удирдлагын асуудалд оролцохгүй. Барьцаа хөрөн­гө­ний хувьд тухайн улсын хуулиар зохицуулагддаг” гэж ярив

“Bank of China”-гийн салбарт 40 гаруй хүн ажиллана гэв

Хятадын банк орж ирснээр үндэсний аюулгүй байдалд эрсдэлтэй гэсэн байр суурь­тай хүн цөөнгүй бий. Тэрээр энэ болгоомжлолд “Гадаадын банк орж ирээд үндэсний аюулгүй байдалд нь нөлөөлсөн жишээ аль ч улсад байдаггүй. Харин ч гадаадын банк орж ирээд олон улсын санхүүгийн төв болсон жишээ Хонконг, Сингапураас эхлээд бай­на. Иргэдийнх нь амьдралд сайнаар нөлөөлдөг. Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэх сайн тал бас бий. Том банк салбараа нээ­вэл гадаадын хөрөнгө оруулагчдад эерэг дохио болно. Гадаад валютын нөөц ихсэхэд ч нөлөөлнө. Дахиад хэлэхэд манай банк дотоодын арилжааны банкуудтай өрсөл­дөхгүй. Өрсөлдөх боломж нь ч хязгаарлагдмал байна.  Дотоодод арав гаруй банк 1500 салбар, арав гаруй мянган ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Манай банкны хувьд Улаанбаатарт нэг салбар ажиллуулна. 40 гаруй хүн л ажиллана. 56 сая ам.долларын капитал бүртгүүлэхээр Монгол банкинд саналаа өгсөн. 460 сая ам.долларын зээл олгох боломжтой. Гэтэл дотоодын арилжааны банкууд 2013 оны байдлаар гэхэд зургаан тэрбум ам.доллар зээлсэн гэх статистик гарсан байна лээ. Тэгэхээр Bank of China-гийн салбар жижиг, дунд хэмжээний банктай л ойролцоо хэмжээний үйлчилгээ үзүүлнэ гээд ойлгочихож болно” гэсэн тайлбар өглөө. 

Хятадын бэлэн мөнгөний үйлчилгээний төв нээж магадгүй нь

Bank of China Монголд салбараа нээхийн өөр нэг давуу талыг ноён Дай Син жунь  “Юаньтай холбоотой гүйлгээн дээр эрсдэл буурч, зардал багасна. Хятадын хувьд Монголын хамгийн том бизнесийн түнш. Тэр утгаа­­раа ач холбогдол нь өндөр” хэмээн онцлов. Bank of China Хятадын бэлэн мөн­гөний үйлчилгээний төвийг Монголд нээх зорилготой байгаа аж. Шилжүүлгийн зардал нь багасвал дотоодын банкуудад ч эерэг нөлөөтэй гэнэ. Дай Син жунь  яриагаа “Туушин” компани Монголоос анх удаа манай банктай гэрээ байгуулсан. Үр дүн нь ирэх саруудад тодорхой харагдана. Олон банк энэ хамтын ажил­ла­гаанд оролцох байх. Бид өөрсдийгөө Монголын нэг хэсэг гэж харж байна. Монголын эдийн засгийн хөгж­лийн ирээдүйн талаар өөдрөг төсөөлөлтэй байгаа. Улс орны эдийн засагт хувь нэмрээ оруулах зорилгоор хамтран ажиллана гэсэн хүсэл бидэнд бий” гэсэн үгээр өндөрлөлөө. 

Bank of China юанийг дэлхийн хэмжээнд чөлөөтэй хөрвөдөг валют болгоно 

Улаанбаатарын эдийн засагчдын клубийн ээлжит уулзалтын гол зочин нь доктор Жон Гун. Бээжингийн Бизнес, эдийн засгийн их сургуулийн Эдийн засгийн тэнхимийн профессор, Америкт доктор хамгаалсан энэ эрхэм Хятадын эдийн засгийн өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар олон жил судалсан гэнэ. “Глобал таймс”, “Чайна дейли” зэрэг мэргэжлийн хэвлэлүүдэд энэ чиглэлээр нийтлэл бичдэг аж. Тэрээр “Богино хугацаанд эрчтэй цойлж  чадсан Хятадын эдийн засгийн хөгжлийн жорыг та бүхэнтэй хуваалцъя” гэсэн үгээр яриагаа эхэлсэн юм. Түүнийхээр Хятад хурдтай хөгжиж чадсан нь чөлөөт худалдаа, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг тууштай дэмжсэнтэй хол­боо­той гэнэ. Ноён Жон Гун “Америк, Европын холбоо­ноос Хятадад зах зээлийн эдийн засагтай гэсэн статус өгөөгүй нь улстөрийн шалтгаантай. Түүнээс биш Хятад улс жинхэнэ чөлөөт зах зээлийн зарчмаар явж байгаа. Америкт чөлөөт зах зээлийн зургаан шалгуур гэж байдаг. Хятадын зах зээл тэр бүх шалгуурыг хангасан. Жишээ нь Хятадын валют чөлөөтэй хөрвөдөг болсон. Австрали, Шинэ Зеланд зэрэг хэд хэдэн улстай юаниар наймаа хийдэг. Bank of China-гийн хувьд юанийг дэлхийн хэмжээнд чөлөөтэй хөрвөдөг валют болгох зорилго тавьсан. Чөлөөт зах зээлийн дараагийн нэг  гол шалгуур нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах чадвар. Гадаадын том хөрөнгө оруулалтууд сүүлийн 20 жилд Хятадын зах зээлд тогтвортой орж ирж байна” хэмээн ярилаа. 

Хятадын зах зээлд төрийн өмчийн компаниуд олноороо үйл ажиллагаа явуулдгийг зарим эдийн засагч шүүмжил­дэг. Энэ талаар доктор Жон Гун “Дэлхий дээр түгээмэл биш практик л даа. Гэхдээ Европ, Америкт ийм компаниуд үйл ажиллагаа явуулдаг. Хятадын эдийн засаг Зөвлөлтийн үеийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг биш. Жинхэнэ чөлөөт зах зээлийн зарчмаараа явж байгаа. Миний амьдрах дуртай Шанхай, Бээжин гэхэд л олон улсын зах зээлийн төв болж байна. Худалдаа бол Хятадын хөгжлийн мотор. ДНБ-ий 30 хувийг экспорт эзэлдэг статистик бий. Экспорт давамгайлсан эдийн засаг сайн, муу хоёр талтай. Гэхдээ маргах аргагүй хүчтэй нөлөөлөл. Самсунг, LG, Хонда, Тоёота Хятадад салбартай. Тэнд Iphone-ийн үйлдвэрлэл явагдаж байна. Үндэстэн дамнасан компаниуд их байна гэдэг Хятадын зах зээл дээр үнэ цэнэ бий болсон гэсэн үг. Дэлхийн үйлдвэрлэлийн төв Хятадад төвлөрч байна. Iphone-оос гэхэд Америк руу 300 ам.доллар гарч, Хятадад 10 ам.доллар л үлддэг. Тэглээ гээд Хятадын Засгийн газар Apple-ийг хөөж гаргахгүй. Үлдэж байгаа мөнгө нь бага ч туршлага нь үлдэнэ гэдэг том өгөөж. Өнөөдөр хятадууд өөрсдөө ухаалаг утас үйлд­вэрлэж байгаа. Дэлхийн хэм­жээнд өрсөлдөхгүй ч Apple-ийг оруулж ирээгүй бол ийм үр дүнд хүрэхгүй байсан. Дэлхийн машин үйлдвэрлэгч бүх том үйлдвэр Хятадад салбартай. Үүнийг дагаад тэнд машин үйлдвэрлэл хөгжсөн. Хятадад үйлдвэрлэсэн машиныг дэлхийн улс орнууд хэрэглэж эхэлж байна. Хятадын экспортын 60 хувийг үндэстэн дамнасан компаниудын бүтээгдэхүүн эзэлдэг.  Хамгийн их хөрөнгө оруулалт татаж, хамгийн их худалдаа хийсэн нь л Хятадын хөгжлийн үндэс. Үндсийг нь хайвал ердөө л гадаадын шууд хөрөнгө оруулалт” гэсэн тайлбар хийлээ. 

Тэрээр ярианыхаа төгс­гөлд “Эдийн засгийн өсөлт улстөрчдийн бодол саналаар шийдэгддэг асуудал биш. Хувийн хэвшлийн эрх ашигт нийцсэн бодлого барих учир­тай. Хөрөнгө оруулагчдад тогтвортой  эрх зүйн орчноос гадна мөнгө нь аюулгүй байх орчин чухал. Татварын таатай орчин чухал. Энэ талуудыг анхаарчихвал Монголын эдийн засагт тасралтгүй өсөх боломж бүрэн бий. Жишээ нь Монголд Орос, Хятад гэдэг хоёр том хөрш байна. Казахстан Монгол шиг далайд гарцгүй. Гэхдээ Орос Хятадын алинтай нь ч эдийн засгийн харилцаагаа эрчимжүүлэхийг хичээж байгаа. Дэлхийг эзэл­сэн эцэг өвгийн түүх шигээ Монголд үйлдвэрлэсэн бараа дэлхийд гарах цаг ойрхон гэдэгт итгэж байна. Хятад Монголын харилцаа улам хөгжинө гэж найдаж байна” хэмээн онцолсон юм. 

Илтгэлүүдийн дараа уул­залтад оролцсон эдийн засагчид доктор Жон Гунаас сонирхсон асуултдаа хариу авцгаалаа. “Нүүрс цаашдаа хэр үнэтэй эд байх вэ” гэсэн асуултад Жон Гун “Өмнөх шигээ эрс өсөхгүй ч одоо байгаа нэг тонн нь 600 юань гэсэн үнэлгээ хэсэгтээ үргэлжлэх байх. Тэгэхээр бодит байдалд тохирсон шийдэл олох хэрэгтэй” гэж хариулна лээ. Хятадын эдийн засаг арван хувийн өсөлттэйгөөр удаан явахгүй, ирэх жилүүдэд 7, 8 хувь дээр тогтворжино, алсдаа хөгжингүй орнууд шиг гурав, дөрвөн хувь руу орох гэнэ. Жон Гуны хариултаас “Хэсэг хугацааны дараа Хятадын зах зээл дээр зэсийн эрэлт хэрэгцээ багасна” гэсэн үг содон сонсогдсон. Урд хөрш цэвэр эрчим хүчний бодлого бариад эхэлчихсэн  учраас  нүүрсний зах зээл ирэх арваад жилд л идэвхтэй байх бололтой.  

“Ирэх 20-50 жилд Хятадын зах зээлд тулгарах сорилт бэрхшээл гэвэл юуг онцлох вэ” гэсэн асуултад “Аж үйлдвэрийн салбарт нь төрийн зохицуулалт их байна. Өрсөлдөөнтэй болгох нь зөв. Өрсөлдөөн нэмэгдэж байж л эдийн засаг өрсөлдөх чадвартай болно. Гэхдээ яваандаа эдийн засаг нь илүү өрсөлдөөнтэй, нээлттэй болох байх. Энэ тал дээр Австралийн жишгийг дагавал зүгээр” гэж хариуллаа. 

Ц.БААСАНСҮРЭН 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НҮБ-ын байгаль орчны Ассамблейн анхны чуулган өндөрлөлөө

НҮБ-ын Байгаль орчныг хамгаалах хөтөлбөр буюу   UNEP (United Nation Environment Programm) нь Кенийн нийслэл Найроби хотод төвтэй. UNEP-ийн хамгийн гол зорилго нь байгаль орчныг хамгаалж, сэргээх үйл ажиллагаа явуулдаг. Харин UNEP-ийн удирдлага нь UNEA буюу НҮБ-ын Байгаль орчны Ассамблей юм. Тус ассамблейн анхны ерөнхийлөгчөөр Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун сонгогдсон тухай бид мэдээлж байсан билээ. НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн анхны чуулган Кенийн нийслэл Найроби хотноо дөрвөн хоног хуралдаж уржигдар өндөрлөсөн юм. Өнгөрсөн мягмар гаригт эхэлсэн чуулганыг нээж С.Оюун үг хэлжээ. Энэ чуулганд Бүгд найрамдах Кени улсын Ерөнхийлөгч У.Кенятта, Монакогийн хунтайж Альберт II, НҮБ-ын БОХ-ийн  гүйцэтгэх захирал Аким Штайнер, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дарга Ж.Аш, НҮБ-ын Найроби дэх төвийн ерөнхий захирал Сал-Уөк Зевде, дэлхийн улс орнуудын төр засгийн тэргүүнүүд, ТББ  гээд нэлээд өндөр хэмжээний төлөөлөгчид оролцсон байна. Энэ нь НҮБ-ын Байгаль орчны ассамблей дэлхийд чухал үүрэгтэй  гэдгийн нэгэн илэрхийлэл юм.

Тус олон улсын байгуул­лагын Байгаль орчныг хамгаалах хөтөлбөр (UNEP)  1972 онд анх байгуулсан бөгөөд нэлээд өргөн хүрээг хамарсан төслүүдийг хэрэгжүүлсээр ирсэн.Өнгөрсөн оны гуравдугаар сард Ерөнхий Ассамблейн чуулган дээр дэргэдээ Байгаль орчны ассамблейг (UNEA)  байгуулах шийдвэр гаргасан. Энэ нь НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр буюу UNEP-ийг удирдах байгууллага  бөгөөд бодлогыг тодорхойлоод зогсохгүй стратегийн гол шийдвэрүүдийг гаргах үүрэгтэй. Зүйрлэж хэлбэл байгаль орчныг хамгаалах асуудлыг хариуцсан дэлхийн яам гэсэн үг юм. Тус ассамблей үйл ажиллагааг нь зохицуулдаг төвтэй. Тус төв нь 10 гишүүнтэй бөгөөд Найроби хотноо хоёр жилд нэг удаа хуралдаж чухал асуудлуудыг хэлэлцэх гэнэ. Өөрөөр хэлбэл манай Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун мөн дээр дурдсан тэргүүлэгч 10 гишүүдийг ч даргалах юм. НҮБ-ын Байгаль орчны Ассамблей шаардлагатай гэж үзвэл Ерөнхий ассамблейд тогтоолын төслийг шууд оруулан хэлэлцүүлэх эрхтэй.

Найроби хотноо болсон НҮБ-ын Байгаль орчны Ассамблей нь өнөө үед дэлхий нийтийн анхаарлыг татсан асуудалд олон нийтийн анхаарлыг дахин хандууллаа. Анхныхаа чуулганаар тогтвортой хөгжлийг хангах зорилго сэдвээр хийсэн юм. Хамгийн гол нь байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааг шинжлэх ухаан, улс төртэй уялдуулж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-аас гадна сонирхогчдыг татан оролцуулах явдал юм. 

Ийнхүү тус Ассамблей өдгөө бөгөөд ирээдүйд байгаль дэлхий, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдэхэд монгол хүн чухал үүрэг гүйцэтгэх юм.

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

“Бразил-2014” тэнхлэгээ давлаа

 “H” хэсэгт тоглосон хоёр тоглолтоор өчигдөр хэсгийн тоглолтууд дуусч хасагдах шатны 16 баг тодорлоо. Маргааш буюу ням гаригт Бразил-Чили гэсэн хослолоор хасагдах шатны эхний тоглолт эхэлнэ. Энэ шатнаас эхлэн алдах эрх үгүй болох бөгөөд багууд халз тоглож ялагчаа тодруулан цаашлах шатанд дэвшин тоглох юм. Хэрвээ хоёр баг үндсэн цагт тэнцвэл нэмэлт цаг сунгаж, нэмэлт цагт ялагчаа эс тодруулсан цагт торгуулийн цохилтоор асуудлаа шийддэг цаг ирлээ. Өөрөө хэлбэл, ДАШТ-ий “хамгийн амттай” үе ирж байна.

Categories
гадаад мэдээ

Нисдэг унадаг дугуй 2017 онд худалдаанд гарна

 “Оддын дайн” кинон дээр гардаг шиг нисдэг унадаг дугуйг бүтээхээр ажиллаж эхэлжээ. Sky Tran гэдэг нэртэй энэхүү бүтээл нь туршилтын шатандаа байгаа байгаа бөгөөд 70 км цагийн хурдтай байх гэнэ. Мөн гурван метр өндөрт нисдэг байхаар төлөвлөж байгаа гэх. Одоогоор 26 сек нисч чадаж байгаа юм байна.

Categories
мэдээ улс-төр

Чуулган маргааш завсарлаж Н.Батбаяр сайд аврагдах уу

Өнгөрсөн баасан гаригт бараг бүх байнгын хорооны хурал зэрэг шахуу зарлагдаж хуралдав. Нэг байнгын хороонд арав хүрэхгүй гишүүн сууж олон хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахаар тогтсон. Харин өнөөдөр гурван байнгын хороо хуралдах бөгөөд залгаад УИХ-ын чуулган ч орж магадгүй байгаа.

УИХ-ын хаврын чуулганыг маргааш завсарлуулах тов гарсан учраас ийн шахуу ажиллаж, хууль “бөөндөж” байгаа гэнэ. Гэнэт чуулганыг завсарлуулах болсон нь Н.Батбаяр сайдыг ирэх намар хүртэл авч үлдэхээр шийдсэн эрх баригчдын бодлого гэх нь байна. Эх сурвалжийн өгүүлж буйгаар эрх баригчид Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног хөтөлбөрийн хэрэгжилт дуусч, үр дүнг нь хэлэлцсэнээр Н.Батбаяр сайдыг хэрхэхээ шийднэ гэж үзэж байгаа юм байна. Шууд хэлбэл ирэх намрын чуулган болтол эдийн засаг доривтой дээшлэхгүй бол Н.Батбаяр сайдыг явуулах Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг АН-ынхан хөндөх юм байна.   

Categories
мэдээ соёл-урлаг

Вашингтон ДС орчмын монголчуудын наадам 12-нд болох гэнэ

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой,

Тусгаар Тогтнолын 103 жилийн ой,

Ардын Хувьсгалын 93 жилийн ой,

Их Баяр Наадын Мэнд Хүргэе!

Вашингтон ДС орчмын Монголчуудын Наадам 

7 сарын 12-ны Бямба гаригийн 10:00-16:00 цагт болно.

(Хөл бөмбөгийн дэлхийн аврагын тоглолт 16 цагаас байгаа)

Наадмын талбайн хаяг: Occoquan Regional Park: 9751 Ox Rd, Lorton, VA 22079

Наадмын хөтөлбөрт:

– Урлагийн тоглолт

– Хүчит бөхийн барилдаан (Улсын начин, Aймгийн заан, Арлингтоны арслан, заанууд зодоглоно)

Хүүхдийн хөтөлбөрт:

-Хүүхдийн барилдаан

-Хүүхдийн уралдаан

гэх мэт олон ажиллагаа болно.

– Наадмын талбай дээр наадамчдаас 5$-ийн тасалбар авна.

Та бүхэн баяр наадамдаа тавтай морилж тухтай наадаарай гэжээ.

Вашингтон ДС Орчмын Монголчуудын Холбоо

202-557-1989 , 703-395-0001, 202-834-6630,

Categories
гадаад мэдээ

Попын хаан таалал болсноос хойш таван жил өнгөрчээ

 “Hollywood’s Walk of Fame” буюу Холливудын алдартнуудын гудамжин дахь Жексоны одон дээр шүтэн бишрэгчид нь өнгөрсөн лхагва гарагт цугласан байна. Энэ бол Жексон нас барснаас хойш яг таван жил өнгөсөн өдөр юм.

Тэд попын хаан гэгддэг супер одод зориулан цэцэг өргөж, лаа асаан, үг хэлжээ.

“Жексон өчигдөр нас барсан юм шиг л санагдаж байна. Энэ хүний үйлсийг хүмүүс дурсан санаж, хамтдаа дурсгалыг нь хүндэтгэж байгаа нь үнэхээр сайн хэрэг”  гэж 28 настай шүтэн бишрэгч нь хэлсэн юм.

Жексон нойрсуулах эмийг тун хэтрүүлэн хэрэглэсний улмаас 2009 оны зургадугаар сарын 25-нд Лос-Анжелес хот дахь гэртээ амьсгал хураасан билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цагдаа салаавч гаргаж хүн зоджээ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нидерландын баг хожлоо

2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд Нидерландын шигшээ баг шалгарав. Нидерланд шөвгийн наймын шатанд Мексикийн шигшээ багтай тоглож, 2:1-ийн харьцаатай хожсон юм. Тоглолтын 48 дахь минутад Мескикийн шигшээ багийн довтлогч Жиовани дос Сантос бөмбөг оруулсан нь энэ тэмцээний анхны гоол байсан. 

Харин тоглолтын 88 дахь минутад Уэсли Снэйдер гоол оруулан тооны харьцааг 1:1 болгон тэнцүүллээ. Улмаар 90+4 дэх минутад Мексикийн шигшээ багийн хамгаалагч Рафаель Маркесийн гаргасан алдаагаар Нидерландын шигшээ багийн довтлогч Клаас Ян Хунтелаар амжилттай цохиж, тоглолтын тооны харьцааг 2:1 болгосноор энэ удаагийн тоглолт шийдвэрлэгдсэн. 

Categories
арын-нүүр булангууд мэдээ

PR

Бяцхан охин Кейтигийн аав “Гүүгл” компанид ажилладаг. Кейти тус компанийн захиргаанд хандаж, “Аав минь долоо хоногийн ганцхан бямба гаригт амардаг болохоор та бүхнийг түүнд энэ лхагва гаригт нэг өдрийн чөлөө өгнө үү гэж хүсч байна” гээд “Жич, Аавын минь төрсөн өдөр лхагва гаригт тохионо. Жич, зун болж байна шүү дээ” гэж захидал бичжээ. Охинд “Гүүгл” компани хариу захидал илгээхдээ “Ухаарал хайрласан захидал илгээсэнд тань баярлалаа. Танай аав “Гүүгл” болон дэлхийн сая, сая хүнд олон сайхан, бахдалтай зүйлс зохиох гэж маш шаргуу ажилладаг юм. Түүний төрсөн өдөр тохиож байгаатай холбогдуулахын сацуу зун цагт амрахын ач тусыг ч ойлгож байгаа тул аавд нь долдугаар сарын эхний долоо хоног бүтэн амрах зөвшөөрөл олгож байна. Сайхан баярлаарай” гэжээ. Охины өнгийн харандаагаар бичсэн захидал, “Гүүгл” компанийн лого бүхий албархаг хариу нь цахим ертөнцөд шуугиан тарьж байна. Нэг хэсэг нь охины ухаалаг, хөөрхөнийг гайхна. Нөгөө хэсэг нь “Гүүгл” компанийн удирдлагуудыг ажилтнуудтайгаа уялдаатай ажилладаг гэж сайшааж байна. Охины хүслийг биелүүлснээ олон нийтэд дэлгэснээрээ “Гүүгл”-ийн удирдлагууд компанийнхаа сурталчилгааг хийчихлээ. Бас ажилтнууддаа амрах цаг бага олгодог сөрөг талаа олон нийтэд эвтэйхнээр ойлгуулчихаж байна. Олон улсад үүнийг PR-ийн нэг арга гэдэг. Харин манайхан PR-ийг нэгийгээ газар доогуур ортол муулах, сөрөг сурталчилгаа хийх гэж ойлгодог талтай. 

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР