Categories
мэдээ цаг-үе

П.Сэргэлэн: ОХУ-тай хамтарч мал эрүүлжүүлэх хөтөлбөрийг дөрвөн жилийн турш хэрэгжүүлнэ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнтэй ярилцлаа.


-Мичин жилийн өвөл хүндхэн болох нь гэж ярьж байсан. Өнөөдрийн байдлаар өвөлжилт ямархуу байна вэ?

-Арванхоёр болон нэгдүгээр сарын эхээр цаг агаарын байдал харьцангуй тогтуун, таатай байна. Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар цас их орж хүйтний эрч чангарсан. Ялангуяа хангайн болон хойд нутгаар цас их орсон. Үүнээс улбаалж 13 аймгийн 119 сумын өвөлжилтийн нөхцөл байдал хүндэвтэр байгаа. Хэрэв цаашид цас их орж шуурвал өвөлжилт хүндрэх төлөвтэй. Зүүн аймгуудын тухайд өнгөрсөн зун гантай байснаас болж мал сүрэг тарга тэвээрэг сайн аваагүй. Говийн бүс нутаг харьцангуй гайгүй байна. Манай яаман дээр өвөлжилтийн ажлыг зохион байгуулах штаб ажиллаж байгаа. Бүх аймаг, сумтайгаа холбогдож уялдаа холбоотой ажиллаж байна. Засгийн газрын зүгээс тогтоол, шийдвэр гарч өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа хангайн бүс нутагт 11 тэрбум төгрөгийн өвс тэжээл хүргэсэн. Бэлтгэл ажлын хувьд улс болон аймгийн хэмжээнд сайн байгаа. Сумдын түвшинд зарим нь өвсөө бэлдэж чадаагүй байна. Үүнийг яамны зүгээс шийдвэрлэж шаардлагатай өвс, тэжээлийг хүргүүлэх арга хэмжээ авлаа. Мөн сайдын зүгээс өвөлжилт хүндэрсэн нутгуудад тусламж үзүүлэх уриалга гаргасан. Энэ хүрээнд тусламжийн бараа, өвс тэжээл, элгэвч, нэмнээ зэргийг малчдад илгээх гэж байгаа. Энэ долоо хоногт тусламжийн цуваа эхнээсээ хөдөлнө.

-Өнөөдрийн байдлаар зудтай аймаг бий юү?

-Зуд гэхээс илүүтэй цас их орсон аймгууд бий. Цаашид цаг агаарын нөхцөл байдлаас ихээхэн зүйл хамаарна. Аль болох хүндрэл багатайгаар өвлийг өнөтэй даваад гаръя гэдэг үүднээс манай яам малчидтайгаа байнга холбоотой, хамтран ажиллаж байгаа.

-ХХААХҮЯ-наас мах, сүүний аян эхлүүлэх гэж байгаа гэсэн. Уг аяныхаа талаар танилцуулахгүй юу?

-Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөр батлагдсан. Энэ хүрээнд мах, сүүний аян явуулахаар төлөвлөсөн. Мөн удахгүй үйлдвэржилтийг дэмжих 21:100 хөтөлбөр батална. Мах, сүүний аян маань энэ 21:100 хөтөлбөртэй уялдаж явах юм. Өнөөдөр Монгол Улс сүүний нийт хэрэгцээнийхээ 60 хувийг гаднаас оруулж ирдэг. Дотоодынхоо хэрэгцээг хангах байтугай гадагшаа экспортлох хэмжээний сүүний нөөцтэй мал аж ахуйн орон мөртлөө импортоор орж ирсэн хуурай сүү хэрэглэж байна гэдэг харамсалтай. Тиймээс бид сүү боловсруулах үйлдвэр байгуулахад анхаарахаар болсон. “Mongolian dry milk” гэж дотоодын компани идэвхтэй ажиллаж байгааг Засгийн газар бодлогоор дэмжиж байна. Тус компани Японоос хуурай сүүний жижиг оврын үйлдвэр худалдан авч албан ёсоор үйл ажиллагаа явуулах гэж байгаа. Эхний ээлжинд сүүний гарц сайтай бүс нутагт үйлдвэр байгуулна. Нэлээн дорвитой ажилласны дүнд эхний үйлдвэрүүд ороод ирчихсэн. Энд хөдөө орон нутагт хуурай сүүний үйлдвэр байгуулах хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжид зориулсан сургалт зохион байгуулна. Японы талаас сургалт зохион байгуулах мэргэжилтэн ирнэ. Тэр хүн хуурай сүүний технологи, үйлдвэрлэлийн бүхий л стандартыг зааж өгөх юм. Мөн бид Монгол Улсын үйлдвэржилтийн төлөвлөгөө гаргаж байна. Газрын зургаа түшиглээд аль аймагт ямар үйлдвэр байгуулбал үр ашигтай байх вэ гэдгийг тооцоолж байна. Ингэж хаана, ямар үйлдвэр байгуулахыг бүсчлэн тодорхойлж өгөхгүй бол ашигтай гэсэн рүү хүн бүр зүтгээд бусдыгаа татаад унагаачихдаг. Тиймээс Монгол Улсын аж үйлдвэрийн зураглал гаргаж байна. Үүнд түшиглэн 21:100 хөтөлбөрийн төлөвлөгөөг гаргана.

-Хуурай сүүний үйлдвэр байгуулах сургалт хэзээ эхлэх вэ. Ямар хүмүүс хамрагдаж болох вэ?

-Үнээ нь сүүний гарц сайтай хангайн бүс нутгийн малчид, үйлдвэр эрхлэгчид хамрагдаж болно. Энд сургалтад сууж технологио мэдэж аваад нутагтаа очиж ажлын байр бий болгон дотоодын хуурай сүү үйлдвэрлэх хүсэлтэй хүн бүрт нээлттэй. Бид эхлээд юун түрүүнд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болчихвол цаашлаад экспортлох хэмжээнд ярьж болно.

-Хэрэв дотоодынхоо сүүний хэрэгцээг хангах хэмжээнд хүрч ажиллаж чадвал импортын сүүний нийлүүлэлтийг хязгаарлах уу?

-Бид Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн. Энэ хүрээнд хүлээсэн үүрэг бий учраас импортын сүүг хилээр нэвтрүүлэхгүй гэсэн хориг тавьж болохгүй. Нэгэнт тослог өндөртэй монгол малынхаа сүүг орчин үеийн технологиор боловсруулж чадвал тэртэй тэргүй импортын сүүний хэрэглээг багасгана.

-Хуурай сүүний үйлдвэрийг хэдэн аймагт байгуулах вэ. Эхний ээлжийн үйлдвэрүүд хэзээ ашиглалтад орох вэ?

-Эхний ээлжинд 60 үйлдвэр оруулж ирж байгаа. Яваандаа зах зээлийн судалгаа, тооцоо гарахаар цаашид хэрхэн нэмэгдүүлэх нь тодорхой болох юм. Говийн бүс нутагт л гэхэд ингэний сүүг хуурай болгож болно. Дөрөв, тавдугаар сараас эхний үйлдвэрүүд ашиглалтад орно гэсэн тооцоо бий.

-Гэхдээ монголчууд хуурай сүүг төдийлөн таашаадаггүй байж мэднэ. Шингэн сүү л голдуу худалдан авдаг биз дээ?

-Манай улсын сүүний үйлдвэрүүд Австрали зэрэг улсаас хуурай сүү импортлон оруулж ирдэг. 17 үйлдвэр хуурай сүү худалдан авч байгаа. Тэдний хэрэгцээг ядаж хангачихъя л даа. Мөн шингэн сүүг удаан хадгалж болдоггүй учраас хуурай сүү хэрэгтэй. Хуурай сүү болголоо гэхэд янз бүрийн химийн бодис ашиглахгүй. Өнөөдөр манай улсын сүүний хэрэгцээг хангаж байх ёстой сүү бэлчээртээ байдаг. Малчид үнээ, хонь, ямаагаа саахгүй байна. Одоо үйлдвэртэй болчихвол сүүгээ саагаад байх боломжтой.

-Махны чиглэлээр ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ. Махны экспортын талаар сүүлийн хэдэн жил ярьж байгаа ч гэлээ дорвитой хөдлөхгүй байх шиг байна?

-Одоогийн байдлаар 8000 тонн мах экспортод гаргачихаад байна. Намайг ажлаа хүлээж авах үед 3000 тонн мах экспортод гараад байсан. Орос, Хятад руу гарч байгаа. Яахав далайцтай, их хэмжээгээр экспортолж одоохондоо чадахгүй байна. Уг нь ажил хэргийн уулзалтын дүнд нэмж Хятадын хоёр ч боомтоор мах гаргахаар тохироод байсан боловч хойшилсон. Эргээд хамтын ажиллагааг сайжруулахын тулд уулзалтууд зохион байгуулж байна. Үр дүн нэлээн нааштай байгаа. ОХУ-ын тухайд мөн л нааштай хариу ирсэн. Оны өмнө тэндхийн мэргэжилтнүүд ирж манай улсын махны үйлдвэрүүдийг аттестатчилсан. Хариу нь энэ сард ирнэ. Үүний дагуу экспорт нэмэгдэх байх. Хамгийн гол нь бид ОХУ-тай монгол малыг эрүүлжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины шийдвэр гарч дөрвөн жилийн хугацаанд монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийг зохион байгуулна. Маш өндөр үр дүн хүлээж байгаа. ОХУ-ын мэргэжилтнүүд энэ сард ирж судалгаа хийнэ. Үүндээ тулгуурлан ямар үе шаттай, хэдий хэрийн санхүүжилттэй хөтөлбөр байх, ямар мэргэжилтэн шаардлагатай вэ гэхчилэн ажлын төлөвлөгөө гаргана. Бүх бодлогын асуудлуудаа тохирч ажлаа эхлүүлнэ. Бид махаа экспортод гаргахын тулд нэн тэргүүнд малаа эрүүлжүүлэх шаардлагатай. Ямар ч улс орон малын өвчин гарсан газраас мах авахыг хүсэхгүй. Яамны зүгээс Малын эрүүл мэндийн тухай хуулийг өргөн барьсан. Уг хууль батлагдвал бид улсын мал эмнэлэгтэй болно. Мал эмнэлгийг улс, аймаг, сумын хэмжээнд сэргээж аваад хуваарьт үйлчилгээг цаг тухайд нь хийх юм. Вакциныг технологийн горимын дагуу хийдэг, түүнд хяналт тавьдаг, хариуцлага тооцдог байхгүй бол малын өвчлөлийн асуудлыг тавиад туучихсан гэхэд болохоор болсон байна.

-ОХУ-ын мэргэжилтнүүд өөрсдөө манайд ирж мал эрүүлжүүлж эхэлбэл дараа нь экспортод гаргахад ч дөхөм болно биз дээ?

-Тэгэлгүй яахав. Бид ОХУ-тай дөрвөн асуудал ярьсан. Мал эрүүлжүүлэх үндэсний хөтөлбөртэй хамтарч ажиллах, махны экспорт, үрийн будааны нийлүүлэлт, хил орчмын худалдаа зохион байгуулах. Уг асуудлыг тус улсын Хөдөө аж ахуйн сайд хүлээж аваад хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Нэгэнт малаа эрүүлжүүлээд эхэлбэл цаашид малын үржилд анхаарна. Сүүлийн хэдэн жил бид үржлийн асуудлыг хойш тавьсан. Тиймээс яам бодлогын түвшинд анхаарч ажиллана. Түүнчлэн эрүүл малаа яаж баталгаажуулах вэ гэдэг асуудал бий. Манай улсын бүх мал өвчтэй биш шүү дээ. Ийм малаа яаж баталгаажуулах вэ гэдэг дээр анхаарал хандуулах ёстой.

-Намраас хойш малын өвчний талаар ярьж байгаа. Тэнд ч цэцэг өвчин гарлаа, энд ч шүлхийтэй байна гэх юм. Дарж чадахгүй байна уу?

-Ажлаа хүлээж авахад хамгийн эхэнд нүүр тулсан асуудал шүү дээ. Цэцэг, шүлхий, мялзан зэрэг өвчинг хяналтдаа авсан. Бүх төрлийн өвчний вакцин оруулж ирлээ. Хамгийн сүүлд цэцэг өвчний вакцин ОХУ-аас авсан. 5.5 тэрбум төгрөгөөр авах байсныг салбарын сайдтай нь ярилцаж байгаа, 1.5 тэрбум төгрөгөөр худалдаж авсан. Одоо энэ вакциныг цэцэг өвчин гарсан бүс нутагт хийж байгаа.

-Биокомбинатын асуудал юу болсон бэ. Унгараас хөрөнгө оруулалт орж ирэх гэж байгаа сураг дуулдаж байсан?

-Биокомбинатыг сэргээх тухай асуудал найман жил яригдсан. Би аравдугаар сарын сүүлээр Унгар улсад айлчлахдаа тэндхийн Хөдөө аж ахуйн болон Гадаад худалдааны сайдтай уулзаад ирсэн. Унгарын Засгийн газраас 25 сая ам.доллар нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр авахаар болсон. Энэ сарын сүүлээр юм уу ирэх сарын эхээр төслийн үйл ажиллагааг нээнэ. Биокомбинатын төсөл хэрэгжсэнээр барилга байгууламж, тоног төхөөрөмжийн шинэчлэл явагдаж бид өөрсдөө вакцин үйлдвэрлэж эхлэх юм.

-Манай улс нэг жилд гаднаас хэдий хэрийн өртөгтэй вакцин худалдаж авдаг юм бэ?

-Жилд 15-20 тэрбум төгрөгийн вакцин худалдан авч байгаа. Дотооддоо үйлдвэрлэж эхлэхээр дор хаяж тээвэр, гаалийн зардлыг хэмнэх боломжтой. Урьдчилсан тооцоогоор 3-4 дахин бага мөнгө вакцинд зарцуулах байх.

-Малчдын амьдрал амаргүй байгаа. Малчдыг мөнгөжүүлэхийн тулд яамны зүгээс ямар бодлого баримталж байна вэ?

-Мах, сүүний хөтөлбөр болоод мал эрүүлжүүлэх аян зэргийг малчдад зориулсан. Мал нь эрүүл болчихвол мах, сүүнээс гадна арьс, шир, ноос, ноолууран бүтээгдэхүүнээ борлуулахад хялбар болно. Орлоготой болгохын тулд түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сэргээх ёстой. Уламжлалт тогтолцоог эргэж сэргээснээр улсын төсөвт дор хаяж гурван их наяд төгрөг орж ирнэ. Түүхий эдээ бид өөрсдөө амжилттай бэлддэг болчихвол их чухал. Түүхий эд бэлтгэхдээ буруу технологи хэрэглэснээс болж 40 хувийг нь гологдол болгодог. Хагас дутуу боловсруулсныг хувь хүмүүс авч бага багаар хил гаргаж байгаа. Үүнд ямар ч нэгдсэн бодлого байхгүй. Үүний эсрэг арга хэмжээ авна. Түүхий эдээ бэлтгэхээс эхлээд хадгалалт, тээвэрлэлт, худалдаанд хүртэл өндөр стандарт тавьж ажиллана.

-Атрын гуравдугаар аян эхлүүлэхээр болсон гэсэн. Энэ хүрээнд ямар зорилго тавин ажиллаж байна вэ?

-Атрын гуравдугаар аянг үргэлжлүүлж сэргээе гэсэн зорилго тавьсан. Бид улаан буудайн дотоодын нийт хэрэгцээгээ хангаж чадаж байна. Үүнийг улам сайжруулах хэрэгтэй. Цаг агаарын нөхцөлд тохирсон үртэй болохыг зорьж байгаа. Тариаланчдаа техник технологи, тоног төхөөрөмж, үрийн будаагаар нь нэлээн сайн дэмжих бодлого баримталж байна. Ирэх жилүүдэд бид 600, 700, 800 мянган тонн улаан буудай хурааж авах боломжтой. Тариаланчдын зарим нь нэг га усалгаагүй талбайгаас 45 цн ургац хурааж авч байна. Энэ тоо бидэнд боломж бий гэдгийг харуулж байгаа юм. Улаан буудайгаар тогтохгүй хүнсний ногоогоор дотоодынхоо хэрэгцээг хангахаар зорьж байгаа. Монгол байцаа гэхэд арав, арваннэгдүгээр сард дуусчихдаг болохоор Хятадаас оруулж ирдэг. Тэгэхээр байцаагаа яаж удаан хадгалах арга технологийг нэвтрүүлье. Аж ахуйн нэгжүүд маань эхнээсээ ийм технологи оруулаад ирчихэж.

-Тариаланчид техник, тоног төхөөрөмж худалдан авахад хөнгөлөлт үзүүлээч гэдэг?

-Бодлогын хэд хэдэн арга хэмжээ авна. Гол нь тариаланчдад үнэхээр хэрэгтэй байдаг зөв тоног төхөөрөмж оруулж ирэх ёстой. Манайхан ОХУ, Беларусийн техник авах дуртай байдаг юм байна. Сүүлийн үеийн комбайнууд шатахуун бага зарцуулдаг, эдэлгээ удаантай болж байгаа. Беларусиас тоног төхөөрөмж худалдан авахаар гэрээ хэлэлцээр хийх гэж байна. Беларусийн Засгийн газраас бүх төрлийн тоног төхөөрөмжийг 20 жилийн хугацаатай нийлүүлье, хүүг нь өөрсдөө хариуцъя гэсэн санал тавьсан.

-Та түрүүн ОХУ-аас үрийн будаа худалдаж авах тал дээр хамтран ажиллана гэсэн. Тэндээс манайд агуулахдаа олон жил хадгалсан муу үр орж ирдэг гэх хэл ам гардаг биз дээ?

-Монголчууд үрээ зарахаас үрээгээ зар гэдэг. Сайн чанарын зөв үрээр тариалсан байхад ургац алдахгүй. Өнөөдөр манайд үрийн аж ахуй алга. Атрын гуравдугаар аяны хүрээнд үрийн аж ахуйтай болох төлөвлөгөө, зорилго бий. Энэ ажлыг ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамтай хамтарч хэрэгжүүлнэ.

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх тал дээр хэрхэн анхаарч байгаа вэ?

-Жижиг, дунд үйлдвэрт өнгөрсөн хэдэн жил 700 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Жижиг, дунд үйлдвэрлэл гэж байгаа болохоор том үйлдвэрлэлийн хэмжээнд ярихад хэцүү. Ноос, ноолуурын үйлдвэр, Дарханы арьс, шир, нэхийний хэдэн гайгүй ажиллаж байгаа үйлдвэр бий. Хүнсний үйлдвэрийн тухайд ажил нь маш сайн явж байгаа шүү дээ. Гол нь үйлдвэрлэгчдээ дэмжих хэрэгтэй. “Монголд үйлдвэрлэв” нэртэй жижиг, дунд үйлдвэрийн үзэсгэлэнг Улаанбаатар хотдоо хоёр ч газар тогтмол гаргахаар ярилцаж байна. Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг төрийн худалдан авалтаар дэмжинэ. Мөн хил орчмын худалдааг нэлээн дорвитой зохион байгуулна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *