Categories
мэдээ цаг-үе

П.Оюунчимэг: Хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчиж, хүчирхийлсэн гэдгийг хэний ч нүднээс нууж чадахгүй баримт нь өсвөр насны хүүхдийн жирэмслэлт

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, хууль зүйн ухааны доктор П.Оюунчимэгтэй ярилцлаа.


-Та энэ оныхоо ажилд ямар дүн тавьж байна вэ. Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдал өмнөхөөс дордсон уу, ахиц дэвшил гарав уу?

-Хүний эрхийн асуудлыг авлигын индекстэй адил дугаарлаад, байр эзлүүлэх боломжгүй. Яагаад гэхээр улс орон болгон өөрийн онцлог, ёс заншил, хууль дүрэмтэй. Хүний эрхийн зөрчил ч улс болгонд өөр. Дэлхийн хаана ч хүн болгон заяамал, жам ёсны эрхээ эдэлж, нийгмийн харилцаанд тэгш эрхтэйгээр оролцох алтан дүрэм үйлчилдэг.

Хүнээ мартчихсан төр улсад хүний эрхийн асуудал яригддаггүй. Төртэй холбоотой бүх л асуудалд хүний эрхийн асуудал зайлшгүй яригддаг. Хүний эрхийг хууль дүрмээрээ хэр зэрэг баталгаажуулсан бэ, энэ нь амьдралд яаж хэрэгжиж, нийцэж байгаа вэ гэсэн гол шалгуур нь хууль тогтоомж, түүний хэрэгжилт.

Манай улс хууль дүрэмгүй, хүнээ мартчихсан юм биш. Нийгэмд үйлчлэх ёстой бүх л дүрэм журам хууль тогтоомжийг хийж явсан байдаг. Гэхдээ 1992 оны Үндсэн хуульд өмнөхөөс ялгаатай нь хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой бүлгийг тусгайлан оруулснаараа онцлог. Энэ утгаараа манай Үндсэн хуулийг ардчилсан, иргэндээ үйлчилсэн гэж судлаачид үздэг юм билээ. Яагаад хүний эрхийн асуудал Үндсэн хуульд орж байна вэ? Монголчуудын эрх заавал Үндсэн хуулиар баталгаажих ёстой юу гэдэг асуулт гарч ирнэ. Гол зохицуулалт нь иргэний жам ёсны, хууль ёсны эрхүүдийг төр зөрчихөөс л хамгаалж байгаа юм. Хүний эрхийг хамгийн том зөрчигч нь төр байдаг.

Хүний эрхийг зөрчсөн хууль гаргаж болохгүй нь. Төр гурван үүрэгтэй. Нэдүгээрт төр иргэнийхээ эрхийг хүндэтгэх ёстой, хоёрдугаарт, иргэнийхээ зөрчигдсөн эрхийг хамгаалах ёстой, гуравдугаарт, нь төр иргэнийхээ эрхийг хангах ёстой. Энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүний эрхийн асуудал яригддаг.

Бид 1992 онд баталгаажуулж тунхагласан Үндсэн хуульд заасан хүний эрхийг хамгаалах байгууллага, энэ эрхийн төлөө ажилладаг хүмүүс байх ёстой гэж үндсэндээ 2000 онд Хүний эрхийн үндэсний комиссын хуулийг баталсан шүү дээ.

1961 онд НҮБ-ын гишүүн болсоноос хойш Монголын төр олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тусгайлан үүрэг хүлээх болсон. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээг шударгаар сахин биелүүлэх үүрэгтэй. Гэтэл олон улсын гэрээний тухай хуульд Монгол Улсын хуультай харшилсан олон улсын гэрээг соёрхон батлахгүй гэсэн тусгай зохицуулалттай. Хүний эрхийн чиглэлээр нэгдэн орсон 50 гаруй гэрээ конвенцийг Монгол Улс үндэсний хууль тогтоомждоо харшлаагүй гэж үзсэн учраас заримд нь тайлбар хийхгүйгээр, заримд нь тайлбар хийн нэгдэн орж, өнөөдөр Монгол Улсын нутагт дэвсгэрт хоёр хууль үйлчилж байгаа. Нэг нь олон улсын гэрээнүүд, нөгөөдөх нь дотоодын хууль тогтоомжууд.

Энэ бүх хуулийн зохицуулалт иргэнд тэгш үйлчлэх ёстой гэдэг алтан зарчим л хүний эрхийн гол суурь болдог.

-Хүнээ мартсан нийгэмд хүний эрхийн тухай яригддаггүй гэж та хэллээ. Хүний эрх зөрчигдсөн талаар их ярьж байгаа нь муу биш байх нь ээ?

-Иргэд эрхийнхээ төлөө тэмцэж байна. Энэ бол нэг давуу чанар. Эрхийн төлөө тэмцэнэ гэдэг энэ нийгэмд би тодорхой үүрэг, хариуцлагатайгаар оролцдог гэдгээ мэдээд байгаа хэрэг.

Өнөөдөр бид яагаад хүүхдийн эрхийн тухай яриад байгаа юм бэ.

Хүүхдийн эрх зөрчигдсөн асуудлыг өнөөдөр бий болсон мэтээр шуугиж байна шүү дээ. Хүүхэд насыг дамжаагүй хүн гэж үгүй. Гэтэл өнөөдөр гарч байгаа хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчил өмнө нь байсан уу гэвэл байсан. Манайхан дуугүй явж явж байгаад, нэг том хэрэг гарангуут өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэдэг шиг л баахан шуугиад өнгөрдөг. Үүнийг таслан зогсоохын төлөө хийж байгаа тэмцлийн үр дүн өнөөдөр ямар байна гэдгийг бид гол нь яриад байгаа юм.

Яагаад үүнийг хэлээд байна гэхээр Монгол Улсын ХЭҮК-ын тухай хуульд зааснаар жил болгоны эхний улиралд багтаан УИХ-д илтгэл өргөн барьдаг. Энэ илтгэл Хүний эрхийн үндэсний комиссын тайлан биш. Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин сууж байгаа бүх хүний Үндсэн хууль болон бусад олон улсын гэрээнд заагдсан, баталгаажуулж тунхагласан эрхийн асуудлууд Монголын нийгэмд яаж хэрэгжиж, хэрхэн зөрчигдөж байна гэдгийг дүгнэсэн тайлан, хүний эрхийн зөрчлийн томоохон асуудлуудыг судалгаатайгаар гаргаж тавьдаг илтгэл юм. Хэрэв энэ илтгэлд төрийн байгууллага, УИХ, Засгийн газар нь ач холбогдол өгч, жил бүрийн илтгэлүүдийг нэг бүрчлэн асуудал болгон дээр хэлэлцэж, таслан зогсоох арга хэмжээг хариуцсан байгууллагууд хийж, үр дүнд хүрсэн бол би өнөөдөр хүний эрхийн зөрчил буурсан тухай ярьж болно.

Мэдээж дэвшилттэй юм бий. Байнга яригдаж, үр дүнд хүрсэн өчнөөн асуудал байна. Хамгийн гол нь бид нэг улсад нэг юмны төлөө ажиллаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Би яам тамгын газруудыг бүх ажлаа хаяад ганцхан хүний эрхийн төлөө тэмц гэж хэлж чадахгүй. Гэхдээ үйл ажиллагаа нь хүний эрхэд суурилсан хандлагатай байх учиртай. Хүнээ бодсон байх ёстой. 192 орон оролцсон НҮБ-ын чуулган дээр Монгол Улсын Засгийн газрын илтгэлийг хэлэлцээд гаргасан зөвлөмжүүд бий. Дэлхийн улс орнууд танай улс үүнийгээ сайжруул энэ чинь болохгүй байна гээд өгсөн зөвлөмжүүд нь хэдхэн зүйл байдаг. Нэгдүгээрт нь, хууль эрхзүйн орчноо сайжруул гэдэг.

Хоёрдугаарт нь, бодитой үр дүнтэй үйл ажиллагаа явуул гэдэг. Гуравдугаарт нь, үүнийгээ төрийн байгууллагуудын хэвшмэл үйл ажиллагаа болго гэсэн ийм л гол зөвлөмжүүдийг өгдөг. Зөвлөмжийн агуулга нь ийм байдаг.

Олон улсын гэрээгээр хүлээсэн заалтуудыг шийдвэр гаргаж байгаа түвшин болон хууль хяналтын байгууллагынхан маань хэрэглэж мэдэхгүй байна. Та нар олон улсын гэрээнд нэгдэж орсон бол үүнийгээ практикт хэрэглэ гэж бид үндсэндээ 16 жил ярьж байна. Ялангуяа олон улсын гэрээний зүйл заалтыг хүний эрх ашгийг хангах, хамгаалах үүднээс хэрэглэхгүй байна. Ерөөсөө л дотоодын хууль тогтоомжоор хязгаарлагдсан мэдлэгтэй хүмүүс байна. НҮБ-ын байгууллагаас гаргаж байгаа зөвлөмж нь олон улсын гэрээг хууль шүүхийн байгууллагадаа хэрэглэх практик тогтоо гэсэн шаардлага тавьдаг. Үүнийг 2008 онд шиг санаад байна Улсын Дээд шүүхийн нийт шүүгч нартай тусгайлсан уулзалт хийж, олон улсын нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актуудыг хууль шүүхийн байгууллагад хэрэглэх тухай тогтоол гаргуулж байсан юм. Үүнийг бүх шатны шүүгч нар, хууль хяналтынхан хэрэглэх ёстой.

Алхам алхмаар дэвшил гарч байна. Олон улсын гэрээг хэрэглэхгүй байна гэдэг манайх шиг эрх зүйн тогтолцоо нь олон улсын гэрээ дотоодын хууль тогтоомж нь параллель явдаг улсын хувьд зөвхөн нэг талыг шүтсэн хэрэглээ болоод байгаа юм. Дотоодын хууль тогтоомжоор зохицуулагдаагүй дэлхий нийтийн хэмжээнд дагаж мөрдөж байгаа олон улсын гэрээнүүдэд тухайн асуудлыг арай өргөн цар хүрээтэй зохицуулсан байдаг. Хүний эрхийн асуудал үүн дээр ажиглагдаж байдаг.

-Нийгмийг цочроосон гэр бүлийн хүчирхийллийн ноцтой хэргүүд гарах боллоо. Гэр бүлийн хүчирхийлэл үүсэх үндсэн шалтгаан юу байна вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэл хоёр талтай. Нэг нь дээд зэргийн хүчирхийлэгч нар байдаг. Хоёрдугаарт, тухайн нөхцөл байдлын улмаас хүчирхийлэл үйлдчихсэн хүмүүс бий. Хүчирхийлэл хүний зан үйлтэй холбоотой. Зан үйл бүрэлдэн тогтоход суурь хүмүүжил нөлөөлнө. Нөгөө талаар нийгмийн харилцаа хүмүүсийн амьдралд маш их нөлөөлж байна. Нийгмийн харилцааны үндэс гэр бүл. Гэр бүл хэр зэрэг тогтвортой байна. Гэр бүлийн харилцааны үнэт зүйл юу болчихоод байна вэ. Гуравдугаарт, нийгмийн нөхцөл байдал хүмүүсийн амьдралд яаж нөлөөлж байна гэдэг асуудал суурь нь юм билээ. Жишээлбэл, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа гэр бүлийн жишээг авч үзье. Манайд ирдэг гомдлууд дээр би яриад байна. Эхнэр нь амаржлаа. Хүүхдээ асрах шаардлагатай. Нөхөр нь хувийн бизнес эрхэлж зээл авлаа, зээлээ төлж чадахгүй дампуурлаа. Тэр гэр бүл яаж амьдрах вэ. Зээл, хүүний дарамтанд орно. Мөнгө төгрөгний маргаан үүснэ. Нөхөр нь гэр бүлээ тэжээх гэж бүх л аргаа хэрэглэнэ. Тэгж яваад хэрэгтэн болчихдог. Түүнээсээ болоод уурлана хэрэлдэнэ зодолдоно. Даамжирсаар байгаад гэр бүл сална. Гол асуудал нь хүүхэд өнчирдөг. Долоон нас хүрээгүй хүүхдийг ээжид нь өгөөд, долоон нас хүрэхээр нь эцэг эхийнхээ хэн дээр нь очих вэ гэдэг асуудал яригдана. Хүүхэд хүчирхийлэлд байна уу, эрүүл бус орчинд байна уу гэдэг асуудал сөхөгддөг. Өргөдөл гомдол, шалгалт судалгааны явцад харахад бага насны хүүхдийг хүчирхийлж байгаа тохиолдлын ихэнх хувь нь төрөл төрөгсөд, ах дүү садан, хойд болон төрсөн эцгийн зүгээс үйлдэгдэж байна. Энэ бол ялзрал.

Эмэгтэйчүүдийн хувьд хүчирхийллийг таслан зогсоох эцсийн арга нь хэн нэгнийхээ амийг авч байж төгсч байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн хориход ял эдэлж байгаа эмэгтэйчүүдийн өөрсдийнх нь ярьж байгаагаар “Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох миний эцсийн арга энэ байсан” гэж ярьдаг. Амьдрал юу болоод байгааг нэг удаа ч болов газар дээр нь очиж харах хэрэгтэй. Бид дандаа ядарсан хүмүүстэй ажилладаг. Тэр айлуудаар ордог. Бүгдтэй нь зууралдаж явдаг хүний хувьд би хэлж байгаа юм.

Хичнээн олон мянгаараа Улаанбаатарт шилжиж ирээд ямар нөхцөлд энэ хүмүүс амьдарч байна. Хүүхдүүдийн сурч боловсрох эрх, ээж аавын үүрэг хариуцлага, эрүүл, аюулгүй хүчирхийлэлгүй орчин нөхцөл хаана байна?

-Та олон жил хүний эрхийг хамгаалах гэж явж байна. Цөхрөх үе байдаг уу?

-Нэг жишээ хэлье. Саяхан Дархан-Уул аймагт гэр оронгүй хүүхэдтэй эмэгтэй таван жил хоригдох ял авлаа. Шүүх таван жил хорьсугай гээд шийдвэрээ уншчихсан. Хүүхэд хэний асрамжинд байх, яах ёстойг уг нь шийдэх ёстой шүү дээ. Гэтэл тэрийг шийдээгүй. Дараа нь энэ хүн нэг настай хүүхэдтэй юм байна гэдэг асуудал яригдахад хүүхдийн асрамжийн асуудлыг шүүх шийдэж байна л даа. Гэхдээ энэ пүрэв гаригт болсон асуудал. Хонгор сумын хамтарсан багт хүүхдийн асуудлыг шийд гээд захирамжиндаа заасан. Шүүх хурлын дараа хүүхдийг нь авах хүн байхгүй. Цагдан хорих байранд эмчийн өрөөнд хүүхэдтэй нь хамт хонуулж байгаа юм. Шүүх прокурор, хүүхэд хамгааллын байгууллагынхантай би ярьсан л даа. “Та нар хэрэг шалгах явцдаа энэ нялх хүүхэдтэй эмэгтэй тэдэн жилийн ял авна гээд хэргийг нь хянаж, мэдэж байсан. Хүүхдийн асуудал яах вэ гэж урьдчилж хардаггүй юм уу” гэж асуусан. Харамсалтай нь тэрийг хэн ч мэдэхийг хүсээгүй. Гэр бүл хүүхэд залуучуудын газрын даргатай ярьж, хүүхдийг яаралтай хамгаалалтад авахуулах жишээтэй. Миний асуудал биш манайд хамаагүй гэдэг хандлагыг болих хэрэгтэй.

Хүний эрхэд суурилсан хандлага бүх шатанд байж хүний эрхийг хамгаалдаг болохоос биш миний, чиний ажил гэж хуваарилах юм бол хүний эрх хаа нэг газар заавал зөрчигддөг. Өнөөдөр ээжтэйгээ хамт ял эдэлж байгаа хүүхдүүд байна.

Монгол Улс таслан шийтгэх тогтоол гараагүй хүүхдийг эхтэй нь хамт байлгана гээд ял эдлүүлж байгаа нь үнэн. Зохицуулалтаараа ой хүртэл нь ээжтэй нь хамт байлгана гэдэг. Зарим тохиолдолд ял хойшлуулдаг. Бид яахав гуч байсан гурав болсон, гурав байсан нэг болчихлоо гэж яриад байгаа юм. Тоондоо биш. Эцэг эхийн үүрэг ч гэж байна. Хүүхдийн эдлэх ёстой эрх бий.

-Сүүлийн үед Г.Номуундарь охины хэрэг явдлаас улбаалаад манай дунд сургуулиудад хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт байна. Хар тамхины хэрэглээ байна гэсэн ойлголт нийгэмд төрж байна?

-Мэдээж хүүхдийн эрхтэй холбоотой асуудал яригдаж байгаа учраас гэр бүлийнхэнтэй нь холбогдсон. Уулзах хүсэлт тавьсан. “Уулзах зав байхгүй байна, дараа нь холбогдъё” гэсэн хариу өгсөн. Хэргийг цагдаа шалгаж байгаа учраас энэ хэргийн талаар тодорхой мэдэхгүй. Хар тамхитай холбоотой асуудлын хувьд хүний наймаа, хар тамхи хоёр хамт явдаг. Нэг нь бүхэл бүтэн хүнийг зарчихаж байна. Нөгөөдөх нь тусгайлсан химийн аргаар боловсруулсан буюу эсвэл байгаль дээр байгаа бүтээгдэхүүнийг техникийн хүчин чадлаар боловсруулж, хүний сэтгэцэд нөлөөлж, мансууруулж, нийгмээс тусгаарлаж байгаа үйл ажиллагаа. Үр дүн нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Яагаад дэлхий нийтээр анхаарал татаад байна гэхээр хамгийн их ашиг олдог хар бизнес. Хүний наймаа, хар тамхи, эмийн хууль бус худалдаа үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн төрлүүд. Монгол Улс Олон улсын гэрээ конвенцид нэгдэж орсон. Хүлээсэн үүрэг байгаа учраас тэмцэх ажил зэрэгцэж явах ёстой. Гэтэл 15 жилийн өмнө хүний наймаа, хар тамхи ярихад хэн ч ойлгодоггүй байсан шүү дээ. Хохирогч боллоо, хэрэглээд байна, хүн зараад байна гээд байхад энэ асуудалд хожуу анхаарч байна.

2002 онд Хүний эрх хөгжил төв гэж төрийн бус байгууллагатай Хүн худалдаалах гэмт хэргийн талаар судалгаа хийж байхад манай хуулийнхан мэддэггүй байсан. Хүн дэлгүүрт ороод талх авахад мөнгөө төлж авдаг биз дээ гэсэн прокурортой таарч байлаа. Гэтэл өнөөдөр арав гаруй жилийн хугацаанд хэчнээн эмэгтэй зарагдаж байна, хичнээн гэр бүл хохирч байна.

Мөнгөгүй хүн хар тамхи хэрэглэдэггүй. Дэлхий нийтийн жишиг ийм. Мөнгөтэй хүмүүсийн хэрэглээ хар тамхи. Жишээлбэл 80 мянган төгрөгнөөс доош орлоготой, нэн ядуугийн ангилалд багтсан хүн хар тамхи хэрэглэхгүй. Гэтэл хүний наймаа нь амьдралын бололцоогүй, ядуу, гэр бүлээ тэжээх шаардлагад үндэслээд залилан мэхлэх ажиллагаанд хууртагдаж явдаг бүсгүйчүүд холбогддог. Хар тамхины хэрэглээ ямар шатанд байна гэхээр бүх байгууллагын судалгаа зөрж байгаа. Тэр байтугай насанд хүрээгүй хүүхэд хохирогчоор тогтоогдсон гэмт хэргийн тоо хүртэл зөрдөг. Улсын хэмжээнд хуулийн байгууллагууд нь өөр өөр статистик гаргадаг. Судалгаа тодорхой байж бодлого тодорхойлогддог шүү дээ. Судалгаа тодорхой байж шаардлага үүсдэг. Энэ судалгаа шаардлага бодлогын хүрээнд хууль батлагдаж гарах учиртай. Ямар ч судалгаагүй, мэдээлэлгүй хууль тогтоомжууд хуурай болдог.

-Сүүлийн үед өсвөр насны охидын жирэмслэлт, төрөлт нэмэгдэж байна. Яагаад энэ тохиолдол нэмэгдээд байна вэ?

-Учир нь ойлгомжтой. Хүүхдийг хүчирхийлж байна шүү дээ. Түүнээс биш 18 насанд хүрээгүй бүх хүнийг хүүхэд гэж хэлнэ гээд 1989 оны Хүүхдийн эрхийн конвенцид байгаа. Энэ наснаас доош хүүхдүүд өөрөө шийдвэр гаргаад гэр бүл зохиох эрхгүй. Хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчиж, хүчирхийлсэн гэдгийг хэний ч нүднээс нууж чадахгүй баримт нь өсвөр насны хүүхдийн жирэмслэлт. Мянган хүүхэд төрлөө гэхэд цаана нь мянган хүчирхийлэгч байгаа. Энэ мянган хүчирхийлэгч бүгд Эрүүгийн хуульд заасны дагуу шалгагдаад ял шийтгэл авах ёстой биз дээ. Энэ хүмүүс ял завшиж байгаа.

-Насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орвол ял шийтгэл хүлээх заалт байдаг билүү?

-Байгаа. Тэгээд энэ мянган хүн хаана яваад байна. Энэ л сонин байна.

-Зарим судалгаанаас харахад өсвөр насны хүүхдүүдийн бэлгийн харьцаанд орж байгаа нас залуужсан байна. Хүүхэд хүүхэдтэйгээ бэлгийн харьцаанд орсон бол яах вэ?

-Тэр бол Монголд шууд хориотой. Аль нь ч байсан гэмт хэрэг. Хүүхэд хүүхэдтэйгээ бэлгийн харилцаанд орвол ял шийтгэлээс чөлөөлөгдөнө гэсэн юм байхгүй. Хөдөө явж байхад 16 настай охин зургаан сартай жирэмсэн юм байна. Аймаг орон нутагт үр хөндүүлэх гэсэн зөвшөөрөөгүй байна. Ээж нь хот руу авч явсан. Хотод ч зөвшөөрөхгүй. Цагдаагийн байгууллага мэдээлэл аваад шалгасан чинь ээжийнх нь төрсөн дүү хүчирхийлэгч байж таарсан. Дүүгээ хэрэгт оруулахгүйн тулд охиноо золиосолж байна шүү дээ. Ийм гашуун юм гарч байна. Гэртээ төрж байгаа, эмнэлгийн тусламж авч чадахгүй нас барж байгаа тохиолдлууд бий. Өсвөр насныхны дундах бэлгийн замын халдварт өвчин үнэхээр анхаарал татах сэдэв мөн. Социализмын үед багш нар энэ асуудалд маш хатуу хяналт тавьдаг байсан. Охидын үзлэг гэж сургуулиудад тусгайлсан эмч нарын баг ирж үздэг байлаа.

Бид УИХ-д өргөн барьсан илтгэлтэй холбогдуулаад, сургуулийн орчинд сэтгэл зүйч, эмч нарыг байнга ажиллуулах шаардлага тавьж байгаа.