Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор П.Оюунчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Хүний эрхийн үндэсний комиссоос хорих ангиудад хяналт шалгалт хийсэн гэсэн үү?
-Энэ сарын 14-нд Дарханы 435, 445 дугаар хорих ангид манайхаас гэнэтийн үзлэг шалгалт хийсэн. Дарханы цагдан хорих байр, цагдаагийн баривчлах байр, эрүүлжүүлэх байр, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцсан гэсэн үг. Дарханы хорих ангийн үйл ажиллагаа нь тогтворжсон юм. Хорих ангиудын нөхцөл байдлын хувьд шаардлага хангахгүй зүйлүүд байсан. Дархан-Уул аймгийн төв дээрх хорих ангиудад хоригдлуудын хөдөлмөр эрхлэлт явагдаж байна лээ. Тухайлбал, түүхий ноос авч, эсгий хийдэг үйлдвэр бий. Гар урлалаар сийлбэр, бэлэг дурсгалын зүйлүүд хийж байгаа юм билээ. Оёдлын цехэд эсгийгээр оёмол бүтээгдэхүүн хийж, зах зээлд нийлүүлдэг. 445 дугаар хорих ангийн ялтнууд өөрсдөө үйлдвэрлэл эрхлээд, дотоод орлогоо бүрдүүлж байна. Нийт ялтнуудын хөдөлмөр эрхлэлтэд хамаарч буй байдлыг ажиглахад тэгш оролцоотой байна лээ. Гол зорилго нь хөдөлмөрийн дадал зуршил олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Хохиролтой ялтнуудын хохирлыг нөхөн төлүүлэх, хөдөлмөр бүхэн үнэлгээтэй юм билээ.
-Дарханы 435 дугаар хорих ангийн нөхцөл байдал нь ямар байна вэ?
-435 дугаар анги бол аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулж ажилладаг. Хоригдлууд эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал төлдөггүй. Хямд ажиллах хүчээр аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулж байгаа юм билээ. Ингэхээр хоригдлын хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаа санагдсан. Хөдөлмөрийн хөлсний үнэлэмж хэт доогуур байгаа тохиолдолд хохирлын нөхөн төлөлт муу байхаас аргагүй дүр зураг ажиглагдсан. Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар дотооддоо хоригдлын хөдөлмөр хөлсний үнэлгээний асуудалд өөрчлөлт хийх цаг нь болжээ. Үе үеийн хорих ангиудын ялтнуудын хөдөлмөр эрхлэлтийг ажиглахаар хөдөлмөрийн хөлсний үнэлгээ ямагт доогуур байдаг үнэлэмжүүд бий.
-Өөр ямар асуудал тулгамдаж байна вэ?
-Тодорхой хэмжээгээр эрх чөлөө нь хязгаарлагдаж байгаа хүмүүс. Тиймээс анги удирдлагаас шалтгаалж, өөрсдөө нийгэмд хэрэгтэй зүйл хийх ёстой юм байна хэмээх аянг өрнүүлжээ. Дарханы 435 дугаар хорих ангид хорих байгууллагын түүхэнд анх удаа Үндсэн хуулийг хуучин уйгаржин монгол бичгээр торгон дээр зүү ороож, оёж бүтээл туурвисан байна лээ. Зүү орооно гэдэг их тэсвэр тэвчээр, хөдөлмөр шаарддаг. Аливаа зүйлийг анхаарал сэрэмжтэй хийж, хариуцлага гэдэг зүйлийг ойлгож байгаа юм. Үндсэндээ тэнд ямар нэг ажлаар дамжуулж, тухайн хүний хүмүүжил, нийгмийг үзэх үзэл хандлагыг өөрчлөх арга барил явагдаж байсан. Хоригдлын байрны хувьд Мэргэжлийн хяналтаас ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт гарсан. Сүүлийн үед хорих ангийн дарга нарын хийж буй ажил нь өөрсдийн дотоод нөөц бололцоогоороо тухайн оршин сууж байгаа аймаг, орон нутаг, олон улсын байгууллагуудтай хамтраад хүнсний ногоо тарьдаг хөтөлбөрийг хэрэгжүүлээд байгаа юм билээ. Үүний дагуу Дарханы хорих анги өвлийн хүлэмж авч, хүнсний бүх төрлийн нарийн ногоонуудыг тарьж байсан. Нэг хэсэг ялтнууд ямар ч хөдөлмөр хийхгүй, тэднийг улс тэжээж байна гэсэн хандлага явдаг байв. Үүнийг өөрчилж, хөдөлмөрөөр өөрийгөө засах, ямар нэг чиглэлээр мэргэших, өөрсдийнхөө амьдралд хүмүүжлийн нэг хэлбэр суулгаж байгаа нь ажиглагдсан.
-Цагдан хорих байрнуудын ажиллагаа нь ямархуу байсан бэ?
-Дарханы цагдан хорих байранд очиж ажилласан. Барилга нь нэлээн удаж байгаа. Багтаамжийн хувьд боломжийн. Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, хүүхдүүд гэсэн ангилалтай. Стандартын дагуу үйлчилж байна лээ. Баривчлах байрны асуудал санаа зовоосон. 2021 он хүртэл баривчлах ялаар шийтгэсэн хүмүүсийг цагдаагийн байгууллага хүлээж авна гэсэн зохицуулттай болсон. Ингэхээр цагдаагийн байгууллагын ачаалал эрс нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, байр, орон сууц бэлтгэгдээгүй. Орхонд баривчилгааны байрны даац хэтэрсэн. 35 хүнийг 10 метр квадрат хүрэхгүй байранд хорьсон байна. Аливаа нэг хууль, дүрэм журам заавал судалгаан дээр үндэслэгдэж, боловсорч, хийгдэх ёстой. Мөн эрүүлжүүлэх байрны асуудал тулгамдсан. Үүнийг цогцоор нь шийдэх хэрэгтэй. Цагдаагийн байгууллага эрүүлжүүлэх ажиллагааг дагнаж, төрийн хамгаалалтын байранд ажиллагаа явуулдаг. Тэгэхээр хүний амь нас эрсдэх, ямар нэг байдлаар аюулд орох асуудлыг төр өөрөө хариуцаж байгаа гэсэн үг. Энэ ч үүднээс санхүү төсвийн асуудлыг гаргаж тавих цаг болжээ. Баривчлах байр, эрүүлжүүлэхтэй холбоотой асуудлыг сүүлийн арван жил УИХ болон бусад байгууллагад байнга хяналт шалгалттай гаргаж тавьж байгаа. Авч байгаа арга хэмжээ нь үнэхээр нөхцөл байдалтайгаа уялдахгүй байна. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн цагдан хорих төв бол хүн ажиллах боломжгүй газарт үйл ажиллагаа явуулдаг. Төвөөс алслагдмал аймаг. Тэнд тусгай бодлогоор ажиллах цагдан хорих, баривчлах, эрүүлжүүлэх байрны үйл ажиллагааг сайжруулахгүй бол цагдаа, шүүхийн байгууллага ашиглаж болохгүй байна. Төрийн өмнө тангараг өргөсөн ажилтан алба хаагч нар өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй явуулах ёстой. Энэ утгаараа ажлаа хийж байгаа. Иймээс уг асуудалд анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй эрсдэл ихтэй байна.
-Хөдөө орон нутгийн хорих ангийг нийслэлийн хорих ангитай харьцуулахад нөхцөл байдал ямар байна вэ?
-Хөдөө орон нутгийн хорих ангийн ачаалал бага байдаг. Хотын хорих ангиудад шалгалт байнга хийдэг. Ачаалал ихтэй. Амгалангийн 421, 409 дүгээр хаалттай хорих анги зэрэг нь ачаалал ихтэй. 409 дүгээр хорих анги 1000 хоригдлын байр гэж баригдсан. Дотроо үйлдвэртэй. Ахуй, ажилтнуудаа ажиллуулж буй байдал, хоригдлуудын хөдөлмөр эрхлэлтийн байдал нь сүүлийн үед жишиг болж буй юм. 2016 онд ашиглалтад орсон. Хоёр давхар нь үйлдвэрийн зориулалттай. Гутал, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн хийнэ. 70 орчим суурь машин дээр оёдлын цехүүд ажиллаж байна. Хөдөлмөрийн талбар сүүлийн үед хорих ангиудад түлхүү орж ирж байгаа. 421 дүгээр ангид гадаад иргэд олон бий.
-Хорих ангид шүүгч амиа алдсан. Энэ нь хүний эрхийг зөрчсөн үү?
-Цагдан хорих байранд хүн амь насаа алдаж байгаа тохиолдол цэвэр хариуцлагын асуудал. Тухайн хүн 24, 12 цаг камерын ард суух ёстой бол тэндээ байх ёстой. Харин хүн нойл орох, завсарлах шаардлага гарвал түүнийг заавал хянах хүн байх ёстой. Хоёрдугаарт, төсөв санхүүгийн асуудал яригдана. Хорих байранд камерын хяналтуудыг суурилуулж байна. Хорих ангид тухайн хүний аюулгүй байдлыг хангах, хүн өөртөө эрсдэлтэй ямар нэг алхам хийхээс урьдчилан сэргийлэхийн тулд камер ажиллаж байна. Камер нэртэй хаана, юу байгаа нь мэдэгдэггүй зүйл байх шаардлага алга. Бид камерын асуудлыг сүүлийн долоо, найман жил ярьж байна. Камерын хяналтын системийг чанаржуулах ёстой. Тэгэхгүй бол зарим хэсэгт харагддаггүй тохиолдол олон бий. Чанартай камертай бол ямар нэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хурдан явагдана. Үүнд анхаарал хандуулах хэрэгтэй.
-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар хорих ангид ял эдэлж байгаа. Хууль зүйн сайд Ц.нямдорж дээрх хоёр хүний ар гэрийнхнээс уучлалт хүссэн. Хорих ангид Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын эрх нь зөрчигдсөн үү?
-Манайд янз бүрийн санал хүсэлт, гомдол их ирдэг. Бид байнгын хяналт, шалгалт хийдэг. С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэг нууцын зэрэглэлтэй. Тиймээс илүү дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй байна.
Б.ЧИМЭГ