Categories
мэдээ цаг-үе

П.Ганбаатар: Нийслэлд 20 жил, таван даргатай хамтарч ажиллажээ

“Өдрийн сонин”-ы 2015.07.03 БААСАН №165 (5117) арвихаас авч нийтлэв.Бидний мэдэх

“Улаан дарцаг” киноны Бат буюу П.Ганбаатар бол насаараа нийслэл, дүүргийн бүтээн байгуулалтын төлөө хүч, хөдөлмөрөө зарцуулан ирсэн нэгэн билээ. Түүнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Хүүхэд байхаасаа үздэг байсан “Улаан дарцаг” киноны лам хүү том хүн болчихсон нийслэлийн хариуцлагатай даргын алба хашдаг гэдгийг багаасаа мэддэг байлаа. Тэр нь бас их сонин санагддаг байж. Кинонд яаж сонгогдсон талаар тань ярилцлагаа эхэлье?

-Би угаасаа хотын унаган хүүхэд л дээ. Нийслэлийн I сургуульд П.Цагаан багштай тооны ангид суралцдаг байлаа. Намайг долдугаар ангид байхад тухайн үеийн Гэгээрлийн яам, Кино үйлдвэрийнхэн хотын бүх сургуулиудаар гол дүрийн жүжигчдээ хайж явж байгаад манай сургууль дээр ирсэн юм. Тэгэхэд баахан хүмүүс орж ирээд хэдэн хүүхдийн нэр цохоод хичээл завсарлахаар ангид ороод ир гээд гараад явсан. Бид хэд бөөн айдас болоод очиход маргааш өглөө Кино үйлдвэр дээр очоорой гэж байв. Маргааш нь эхний даваандаа “Миний нутаг” шүлэг уншчихлаа. Дараа нь “Чиний өмнө цагааны цэрэг аавыг чинь бариад зодож байна, чи яах уу” гэж асуугаад баахан зураг дарав. Тэгээд эцэст нь хориод хүүхдээс гурван хүүхэд үлдэхэд үсчинд оруулаад халимаг толгойг маань халзан болгочихож билээ. Дараа нь лам дээл өмсгөж, Чойжин ламын сүм дээр авчирч кино пробанд оруулсан юм. Архи уусан хүмүүсийг баривчлахаар үсийг нь хусчихдаг болохоор би халзан болсондоо тун дургүй байлаа. Ямар сайндаа л халзан парик байдаггүй юм уу гэж сураглаж загнуулж байхав. Тэр үед надад Батын дүрд тоглохоор боллоо гэж хэлсэн нь хүүхэд насыг минь мөнхөлж үлдээсэн “Улаан дарцаг”-ийн Бат байсан юм даа.

-Тэр үед жилд ганц хоёрхон кино хийдэг. Асар их ач холбогдол өгдөг, цалин хөлс нь ч өндөр байсан гэдэг. Кинонд тоглоод хэдэн төгрөгийн цалин авсан бэ. Түүгээрээ юу авч байснаа санадаг уу?

-Би чинь хотын хүүхэд болохоор морь унаж сурахаас эхлээд олон зүйлийг энэ киноноос сурсан юм. Идэрт тоглосон Ганхуяг маань морь унуулж сургаж байлаа. Найруулагч Х.Дамдин, оператор Б.Балжинням гуай нарын анхны уран бүтээл бай­сан юм шүү дээ. П.Цэрэндагва, К.Латиф нар залуу жүжигчид гэгдэж байв. Нэр нь “Хувьс­галын хараацай” нэртэй байж байгаад солигдсон. 1970 оны зун Тэрэлжид хоёр сар зураг авалт хийж, өвөл нь Кино үйлдвэрийн павильонд зураг авалтаа үргэлжлүүлж байсан. Батын дүр бүтээсэн гээд 400 төгрөгийн авчихаад ээжтэйгээ их дэлгүүр орж, плитка аваад жигтэйхэн баяр хөөр болон гарч явж байж билээ.

-Кинонд тоглосон хүүг үеийнхэн нь андахгүй биз дээ. Танд тэгээд урлагаар явах бодол төрсөнгүй юу, тоондоо тийм их дуртай байсан хэрэг үү?

-Кинонд би авьяастай гэхээсээ дүр төрх нь таарсан учраас тоглосон биз ээ. Мэдээж кинонд тоглочихоор хүмүүс их танина. Хүүхдүүд Бат ахаа гээд дагаад гүйгээд байна. Охид ч бас захиа өгнө. Би багаасаа тоонд дуртай, олимпиадуудад их ордог байсан юм. Багш нар ерөнхийдөө олон нийтийн ажилд явуулж хичээлээс цалгардуулах дургүй. Манай тооны ангийнхан бас мун­даг. Аравдугаар ангид мате­матикийн улсын олимпиадад манай ангийн дөрвөн хүүхэд эхний дөрвөн байрт шалгараад, Польшид олон улсын математикийн олимпиадад оролцож байлаа. Тэгээд бидэнд улсын шалгалтад оролгүй мэргэжлээ сонгох боломжийг өгч байв. Тийм боломж өвөртөлсөн бас сургуулиа алтан медальтай төгссөн байсан би Киевийн Улс Ардын аж ахуйн дээд сургуульд элсч эдийн засагч болохоор шийдвэрээ гаргаж байлаа.

-Сургуулиа төгсч ирээд хаана хуваарилагдсан бэ?

-Улсын төлөвлөгөөний комисст томилогдон ажилла­сан. Улс ардын аж ахуйг хөгжүүлэх VI таван жил, VII таван жилийн төлөвлөгөөг боловсруулахад оролцож байлаа. Тухайн цагт Улсын төлөвлөгөөний комисс бүх яамдын төлөвлөгөөг нэгтгэж, улс ардын аж ахуйн нэгдсэн баланс гаргадаг байв. Манайх төлөвлөгөөгөө зөвхөн өөрсдөө боловс­руулах бус ЗХУ, ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудтай төлөв­лөгөөний зохицуулалтаа хийдэг байлаа. Тэднээс авах зээл тусламжаа зохицуулна гэдэг нүсэр ажил байсан даа.

-Таныг нийслэлийн хөг­жилд хувь нэмрээ оруулж, нийслэл гэдэг айлын гал то­гоонд олон жил чанагд­­сан гэдгийг хүмүүс мэднэ. Хэзээнээс хоттой холбогдсон хэрэг вэ?

-1984 оноос Хотын төлөв­лөгөөний комиссын орлогч даргаар ажиллах болсон. Энэ үед нийслэлийн 1990 он хүртэлх хөгжлийн тав дахь ерөнхий төлөвлөгөө гарч байлаа. 1991 онд Октяб­рийн районы Ардын хурлын гүйцэтгэх захиргааны дар­гаар томилогдон очсон. Намайг ажиллаж байсан үе бол Улаанбаатар хотын хамгийн их бүтээн байгуулалт хийгдсэн үе л дээ. Зөвлөлтийн бэлгийн орон сууц болох I, III хороолол, VI бичил хороолол дараал­аад баригдсан. Хотын төлөвлөгөөний комисст байхдаа эдгээр хорооллын төлөвлөгөөг боловсруулж байсан бол дүүргийн даргаар очсон үедээ энэ бүтээн байгуулалтын ажлыг барьж байгуулахад нь оролцож байлаа. Эргээд бодоход тун сайхан санагддаг. 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдаж, аймаг, орон нутгийн бүтэц, зо­хион байгуулалт өөрчлөгдөөд Нийслэлийн районууддүүрэг болсон шүү дээ. Тэр үед Улаанбаатар хот 512 мянган хүн амтай байснаас Октябрийн районд 245 мянган хүн буюу бараг тал хувь нь амьдарч байсан. Тэгээд Октябрийн районыг гурав хуваана гэж ярьж байгаад хоёр хуваасан юм. Толгойт, Баянхошууг нэг дүүрэг болгохоор тэр чигтээ гэр хороолол болчих гээд байсан учраас I хорооллыг оруулаад хоёр хуваасан хэрэг. Би Баянгол дүүрэгт, Сонгинохайрхан дүүрэгт өөр дарга очиж байв.

-Тухайн үедээ нэр өгөх гэж ихэд бодож тунгааж байсан талаар дуулж байсан юм байна…

-Баянгол дүүргийн нэрийг өгөх гэж нэлээд ярилцсан. Хамбаас хүртээсэн нэр шүү дээ. Төмөр зам, Гандантэг­чинлэн хийд манай дүүрэгт байсан учраас нэлээд бодож байгаад хамба лам Д.Чойжамц гуайтай уулзахад “Баянгол” гэдэг нэр өгье гэсэн юм. Дүүргийн иргэд маань баян тансаг амьдарч, сайн сайхан бүхэн голын урсгал мэт тасралтгүй урсч байхыг бэлгэдсэн нэр. Гэтэл дүүрэгтээ ямар ч гол усгүй байж голын нэр өглөө гэж бусад дүүргийнхэн шоолж л байлаа. Бусад дүүрэг 10 гаруй хороотой байхад манайх 38 хороотой том айл байлаа. Амьдралын түвшин доогуур айл өрх, хүүхдүүдэд зориулан анх удаа дүүрэгтээ халамжийн төв байгуулж, нээлтэд маань Ерөнхий сайд П.Жасрай гуай ирж байсан. Халамжийн цэцэр­лэг, харах, сонсох эрхтний согогтой хүүхдийн тусгай цэцэрлэг зэрэг олон төвүүдийг байгуулсан. Тиймээс Ерөнхийлөгч П.Очирбат гуай “Хүүхдийн нөхөр-Буяны эзэн” шагналаар шагнасан юм.

-Та Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан байх аа. Ер нь хэдэн хотын даргын нүүр үзсэн бэ. Хотод олон жил ажилласан та олон л даргатай хамтран ажилласан байж таарна…

-Ц.Ганхуяг УИХ-ын гишүүн болоод би Засаг даргын орлогчоор хоёр жил шахуу ажилласан юм. Тухайн үед Нийслэлийн Засаг дарга Ц.Баасанжав ганцхан орлогчтой байлаа шүү дээ. Одоо бол зургаан орлогч ажиллаж байна. Өмч хувьчлалын ажил дөнгөж эхэлж байсан, сургууль, цэцэрлэг хүрэлцэхгүй, төсөв, хөрөнгө дутмаг хэцүү байсан үе. Би 1996 онд Улаанбаатар Сөүл хотыг ах дүү хот болгох ажлыг хийсэн. Хотод ажилласан 20 жилийн хугацаанд таван Засаг даргатай хамт ажиллаж байлаа. С.Мөнхжаргал дарга хатуу чанга, зарчимч, шаардлага өндөртэй. Бид даргаас их айна, ажлаа ч сайн хийнэ. Барилга-архитектурын хүн учраас хот байгуулалт тал дээр сайн анхаарна. Ц.Баасанжав даргын хувьд нөмөр нөөлөгтэй их л энгийн даруу хүн байж билээ. Тэр үед бүтээн байгуулалт ч өрнөж байсан даа. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг хийхдээ Сүхбаатарын талбайгаас урагшаа нэг ч өндөр байшин барихгүй, Богд уултай холбосон ногоон бүс байх ёстой гэсэн хот байгуулалтын зарчмыг барим­тал­даг байсан. Аюулгүй байдлын талаасаа Төрийн ордон, талбайн эргэн тойронд өндөр байшин барьж болохгүй гэсэн бодлоготой байсан. Одоо энэ бүхэн хамаагүй болж, газар сайгүй өндөр байшин босч дээ. Харин Л.Энэбиш дарга орон сууц, нийтийн аж ахуйн мэргэжлийн хүн байсан болохоор хотыг орон сууцжуулах, инженерийн байгууламж талаас их анхаарч, гадаадад явахдаа сонирхолтой байшин барилга, гудамж талбай, зүлэг хайсны зураг аваад ирдэг байж билээ.

-Та Сонгинохайрхан дүүргийн засаг даргаар бас ажиллаж байсан байх аа?

-1997 онд Ж.Наранцацралт намайг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар томилсон юм. Дүүргүүд өөрийн бэлгэдэл, туг, сүлд­гүй байсан үед дүүргээ туг, сүлд бас дуутай болгож байлаа. 2000-2004 онд Сонгино­хайрхан дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байгаад дараагаас нь төрийн ажлаас хөндийрч хувийн салбарт арваад жил ажиллаж байгаад өнгөрсөн жил тэтгэвэртээ гарсан.

-“Улаан дарцаг”-ийн Бат маань хэдэн хүүхэдтэй билээ. Гэр бүлийн хүнээ та танилцуулна уу?

-Хань Д.Ичинхорлоотойгоо Төлөвлөгөөний комисст байхдаа танилцаж гэр бүл болж байлаа. Манай хүн социализмын үед гэхэд ховорт тооцогдох компьютерийн программ зохиодог мэргэжил­тэй байв. Монголын хүн амын мэдээллийн санг байгуулж, регистржүүлэх программыг зохиоход гар бие оролцсон хүн. Бид хоёр охин, нэг хүү­тэй. Нэг охин маань Гадаад харилцааны яаманд нөгөө хоёр нь хувийн секторт ажиллаж байна даа.

Ч.БҮЖИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *