Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Эрхэмбаяр: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт ШЕЗ-ийн зүгээс гомдол гаргасан байна DNN.mn

Өмгөөлөгч П.Эрхэмбаяртай ярилцлаа.


-Таны үйлчлүүлэгч сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг ЦЕГ-аас дуудаж мэдүүлэг авчээ. Үндэслэл нь юу байв?

-Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гомдол гаргасан байна. Энэ гомдолтой холбоотойгоор Зөрчлийн хэрэг юм уу, Эрүүгийн хэрэг юм уу, үүнийг шалгуулах хүсэлтийг өнгөрсөн аравдугаар сард Мөрдөн байцаах албанд гаргажээ. Үүний дагуу л дуудсан байна.

-ШЕЗ-ийн зүгээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг Шүүхийн хараат бус байдалд нөлөөлсөн гэж үзсэн юм уу. Тийм бол яаж?

-Шүүхийн бие даасан хараат бус байдалд нөлөөлсөн байж болзошгүй үйлдэл гэж үзсэн. Тиймээс ШЕЗ хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд энэ үйлдлийг нь шалган тогтоож өгнө үү гэх агуулгатай гомдол гаргасан байна. Мөрдөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 -д заасны дагуу илт худал мэдээллийг олон нийтэд тараах гэдэг зүйл ангиар шалгаж байна. Мөн шүүгч, прокурор, өмгөөлөгч мөрдөгчийн бие даасан хараат бус байдалд нөлөөлөх гэдэг ийм хоёр зүйл ангиар шалгаж мэдүүлэг авъя гэж дууджээ. Одоо шууд энэ нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэхэд эрт. Хэрэг шалгах ажиллагаа нь хийгдээд явж байгаа учраас тэр.

-ШЕЗ шүүхийн хараат бус байдалд хяналт тавьдаг. Таны үйлчлүүлэгч бие даасан хараат бус байдалд нөлөөлөх ямар үйлдэл хийсэн юм бэ?

-ШЕЗ бол хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.

Хуульд заасан чиг үүрэг нь ийм. Ер нь шүүгчид улс төрийн өндөр албан тушаалтнууд, ямар нэгэн хуулийн этгээдийн нөлөөнд автаж өрөөндөө авлига авах, болох болохгүй уулзалтууд хийх зэрэгт хяналт тавьж, ийм нөхцөл байдлыг үүсгэхгүй байх, бие даасан хараат бус байдлыг нь хангаж ажиллах боломжийг хангах чиг үүрэгтэй байгууллага. Нэг асуудалд олон нийт хуваагдаад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаа. Нэг нь шүүхийн бие даасан хараат бус байдалд нөлөөлж байна гэж үзэж байгаа бол нөгөө талд цагдаагийн байгууллага аливаа хэргийг “шалгаж байна” гэх байдлаар шалтаглаад таг чиг болгочихдог гэх жишээтэй.

Ийм учраас олон нийтийн зүгээс төрийн болон хувийн нууцад хамаарахаас бусад мэдээллийг нь ил болгож, тэнд явж байгаа процессыг нийтэд мэдээлээд явах нь зөв гэх байр суурийг илэрхийлдэг. Дээрх гомдолд мөрдөгч 21.6 дугаар зүйлээр шалгаж байгаа. Энд тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой, өөрт ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хэрэглэхээр заналхийлсэн, ашиг сонирхолд

нь ноцтой хор учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлсэн зэрэг үйлдлүүдийг гэмт хэрэг гэж үзэхээр хуульчилсан байдаг. Тэгэхээр ШЕЗ-өөс гаргасан гомдлын хүрээнд мөрдөгч энэ үйлдлүүд байна уу, үгүй юу гэдгийг олж тогтоож мөрдөн шалгах ажиллагаагаа явуулж таарна. Өөрөөр хэлбэл сэтгүүлч Н.Өнөрцэцэг тэр шүүгчид ямар хэмжээний мөнгө амласан, тухайн шүүгчийг заналхийлсэн ямар үйлдлүүд байна ч гэх юм уу энэ талаас нь олж тогтоох шаардлага үүснэ гэсэн үг.

-Хууль сахиулагчдад цагаан захтнуудын авлигын асуудалд хөдөлж өгдөггүй, харин жирийн иргэний хэргийг газар дээр нь шийдээд ачаад явдаг үзэгдэл байна л даа. Хуулийн зүгээс та үүнийг яаж харж байна вэ?

-Бид эрхзүйт төртэй нийгэмд амьдарч байгаа. Ямар нэгэн хүн биш хууль засаглана гэсэн үг. Монгол Улсад үйлчилж байгаа хууль, тогтоомж, түүний санкцын асуудал маш сайн. Гэхдээ олон нийт анзаарч хардаггүй нэг зүйл нь үүнийг шалгадаг процесс нь бие даасан хараат байж чадаж байна уу, аюулгүй байдал нь ямар хэмжээнд байна, хөндлөнгөөс дарга нараас нь нөлөөлөх гэх мэтийн нөхцөл байдал. Энэ нь манайд амар биш. Нэг дарга нь мөрдөгчөө дуудаад л “Тэр сэтгүүлчийг дуудаад ир, өнөөдөр байцаа” гэж үүрэгдэх нь бий. Уул нь үүнийг шалгадаг хуулийн хугацаа байдаг шүү дээ. Эсрэгээрээ нөгөө талд гудамд гар утсаа дээрэмдүүлсэн иргэн өнөөх мөрдөгчийн үүдийг сахиад бүтэн өдрийн турш сууж байдаг. Энэ процесс өөрөө доголдолтой.

Доголдлыг үүсгэж байгаа цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд ямар нэгэн нөлөө байна уу, прокурорын байгууллагын үйл ажиллагаанд ямар нэгэн нөлөө байгаа юу гэдэг нэг суудал. Хоёрдугаарт, Засгийн газрын агентлагууд буюу ЦЕГ, Прокурорын байгууллага бол Шүүхээс тусдаа. Шүүх Эрүүгийн хуулийн хүрээнд ямар хэргийг прокурорын байгууллагаас авч орж байна гэдгийг нь хуулийнх нь хүрээнд шийдвэрлэх чиг үүрэгтэй газар. Гэтэл тэр хэргийг хэн боож байгаа юм, хэнийг яллагдагчаар татаж байна, хэнийг нь аваад үлдэж байна гэдэг огт анхаарал тавьдаггүй. Тэгчихээд шүүх шударга бус байна, авлигад идэгдсэн байна гэдэг мессежийг тарааж олон нийтэд буруу ойлголт төрүүлдэг. Иргэд өөрсдөө шүүх гэдэг байгууллагад итгэдэг байх ёстой. Тэр итгэлийг унагаад байгаа зүйл нь сая онцолсон процесс байхгүй юу. Татагдаж орж ирсэн хүнийг нь өөр зүйл ангиар яллах гээд байдаг, яллагчаар татагдсан субъектээ онож оруулж ирдэггүй ч гэх юм уу, ийм нөхцөл байдал.

Нөгөө талд яг энэ процессыг олон нийтэд нээлттэй хэвлэн нийтэлж түгээж байгаа нь сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй холбоотой асуудал. Бид үүнийг л ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Ийм хоёр төрлийн ойлголтыг манайхан хамтад нь ойлгоод байна. Хамгийн буруутай нь процессын ажиллагаа. Энэ сайжирвал олон нийтийн шүүхэд итгэх итгэл нь сайжраад явна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *