Хуульч, өмгөөлөгч П.Эрхэмбаяртай ярилцлаа.
-Цэц, Дээд шүүхийн үл ойлголцол Үндсэн хуулийн маш том хямрал руу чирж орох нөхцөл байдал үүснэ-
-Үндсэн хуулийн Цэц, Улсын дээд шүүхийн хооронд үүссэн асуудал хуульчид төдийгүй олон нийтийн анхаарлыг татаж байгаа. Хоёр хоногийн өмнө Цэц дээр болсон Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчтэй холбоотой хуралдааны талаар яриагаа эхлэх үү?
-Иргэн Т-гийн мэдээллээр Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч нь Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн асуудлыг өчигдөр (уржигдар) Үндсэн хуулийн цэц авч хэлэлцлээ. Гэхдээ Т гэх иргэнийн гомдол өмнөх ерөнхий шүүгчид холбогдуулан гаргасан байсан гэсэн үг. Одоогийн Ерөнхий шүүгч нь 2021 оны зургадугаар сард томилогдсон хүн.
Шүүхийн тухай хуулиар Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн шийдвэрийн эсрэг Дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргадаг зохицуулалттай байсан. Иргэн Т-гийн хэлээд байгаа гомдол бол “Би ерөнхий шүүгч рүү гомдол гаргасан. Гэтэл ажлын алба нь хариу өгөөд байгаа нь Үндсэн хуулийг зөрчөөд байна” гэсэн агуулга. Угтаа өнгөрсөн 16 жилийн хугацаанд Улсын дээд шүүх ийм л процессоор хариу өгч ирсэн. Энэ хугацаанд хуульчид ч бас ерөнхий шүүгчийн үйлдэл Үндсэн хуулийг зөрчиж байна гээд Үндсэн хуулийн Цэц рүү хандаж байсан. Тэгэхэд Цэц нэг ч удаа маргаан үүсгэхгүй явж ирсэн. Гэтэл гэнэт л маргаан үүсгээд, хуралдаан зарлаад явчихлаа. Эндээс хардлага буюу сэжүүр төрж байгаа юм.
-Цэцийн хурал ерөөсөө л ерөнхий шүүгч Д.Ганзоригтой холбоотой гэх мэдээлэл түгсэн байх шүү?
-Тэгсэн. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригтой холбогдуулсан. Яагаад ганц ерөнхий шүүгчийг онилж аваад хуралдаан хийгээд байна вэ гэдэг бас л ойлголтын асуудал байгаа гэсэн үг. Гол нь ганцхан сарын хугацаанд Үндсэн хуулийн Цэц, Улсын дээд шүүхийн хооронд хоёр маргаан үүсч байсан тохиолдол байхгүй. Тиймээс энэхүү үйл явдал бол энэ хоёр байгууллагын дунд зодоон үүссэнийг харуулж байгаа юм. Яагаад тэд зодолдоод унав.
-Хуульч хүн юу гэж үзэж байх юм?
-Үндсэн хуулийн Цэцэд хуульчид бид мэдээлэл өгөхөөр хэрэг үүссэн эсэх нь тодорхойгүй, үүссэн ч хүмүүстээ мэдээлэл хүргэдэггүй, процессын ажиллагаа нь яаж явагддаг нь ойлгомжгүй байсаар ирсэн. Гэтэл энэ удаа ерөнхий шүүгчтэй холбоотой асуудал маш хурдан байдлаар өрнөж, маргаан үүсч, хуралдаан болж байгаа нь хардлага төрүүлж байгаа юм.
Цэц дээр маргаан үүсгэнэ гэдэг Иргэний шүүх болон Эрүүгийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шиг хурдан болдог зүйл биш. Хуульчдын хувьд нэлээд шандас шалгаж байж, Цэц дээр маргаан үүсгэдэг. Гэтэл юу болоод Цэц ийм хурдан, иргэн Т-гийн мэдээллээр маргаан үүсгэж, хуралдаан зохион байгуулж байгаа нь хардлага үүсгэж байна.
2017 оны Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хөөн хэлэлцэх хугацааг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд тоолдог байсан. Энэ хооронд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй хүмүүс өвддөг, хурал хойшлуулдаг, хүсэлт гаргадаг, өмгөөлөгчөө сольдог, хугацаа хожиж явсаар ял завшдаг нөхцөл байдал үүсч байсан. Харин ардын хүүхэд гэмт хэрэгт холбогдвол хурал нь тэр дороо болж, аавын хаалга татаад явчихдаг ялгамжтай нөхцөл байдал байсан.
Үүнийг 2020 оны Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр яллах дүгнэлт үйлдсэнээр хөөн хэлэлцэх хугацааг зогсдог болгосон гэсэн үг. Энэ асуудал дээр Үндсэн хуулийн Цэц дүгнэлт гаргасан. Улсын дээд шүүх хуулийг зөв хэрэглэх талаар тайлбар гаргасан явдлаас эхтэй.
-Дээд шүүх энэ сарын 9-нд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой тогтоол гаргасан. Нэг ёсондоо Цэцийн шийдвэрийн эсрэг, тийм үү?
-Цэцийн шийдвэрийн эсрэг хийсэн дүр зураг харагдаад байгаа нь үнэн. Гэтэл Дээд шүүхийн тайлбараас үүдэж ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа хүмүүс Цэцээр дамжуулж Улсын дээд шүүхийн эсрэг босгох, эсвэл Цэц дээр Улсын дээд шүүхийн гаргасан тайлбарыг Үндсэн хууль зөрчсөн гэдэг байдлаар маргаан үүсгүүлээд явсныг үгүйсгэхгүй.
Хуулийн талаас бол Цэцийн хоёр гишүүнийг томилж чадахгүй нэлээд хугацаа алдсаныг та бүхэн санаж байгаа байх. Ийм хийдэл байсан учраас хууль тогтоогчид 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн Шүүхийн тухай хуулиар Цэцийн гишүүнийг шинээр томилох нөхцөл байдал үүсвэл 30 хоногийн дотор УИХ-д санал болгосон байгууллага нь шинэ гишүүнийг оруулж ирнэ гэдэг зохицуулалтыг оруулж өгсөөн. Ингээд 2021 оны арваннэгдүгээр сард Цэцийн дарга Н.Чинбат 65 нас хүрч, төрийн албаны насны дээд хязгаарт очсон. Дашрамд хэлэхэд, Цэцийн гишүүнийг эргүүлэн татах гурван үндэслэл бий. Нэгдүгээрт, өөрийнх нь хүсэлтээр, хоёрдугаарт, эрүүл мэндийн шалтгаанаар, гуравдугаарт, төрийн албаны насны дээд хязгаарт хүрсэн бол гэдэг. Тэгэхээр шинэ хуулиар Улсын дээд шүүх ажлаа л хийсэн. 30 хоногийн дотор сонгон шалгаруулалт зарлаад эхэлтэл Цэцийн Н.Чинбат дарга “Надаар оролдох гээд байна уу. Надад Шүүхийн тухай хуулийн заалт хамаагүй. Би мэддэг юм, яагаад гэвэл УИХ-аас намайг томидог” гэсэн үнэр үнэртэж эхэлсэн. Уг нь Монгол Улсад хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байна гэдэг зарчим үйлчилдэг. Гэтэл Цэцийн гишүүн бол илүү эрхтэй юм байна гэж ойлгогдохоор байна. Энэ бол Үндсэн хуулийн зарчмыг зөрчиж байгаа асуудал.
-Тэгэхээр ерөнхий шүүгч Д.Ганзориг ажлаа хийсэн гэж та хэлж байгаа хэрэг үү?
-Ерөөсөө л тийм. Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хууль зөв хэрэглэх талаар гаргасан тайлбар. Нэг ёсондоо багаараа тойрч суугаад шийдэж байгаа. Гэтэл яагаад тэр дундаас ганц ерөнхий шүүгчийг нь дуудаж авчраад маргаан үүсгээд байгаа юм бэ гэдэг нь хачирхалтай.
-Цэцийн тухай асуудал улиг болтлоо яригдаж байгаа. Улс төрийн хамааралтай, Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлж чадахгүй байгаа гээд ярих зүйл их бий. Өнөөдөр ч энэ асуудал хурцаар яригдаж байх шиг?
-Үндсэн хуулийн Цэцийн дээр хөх тэнгэр байна гэдэг боловч сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа, хуулиа дагаж мөрдөх, Үндсэн хуулиа хамгаалж, хяналт хийж чадахгүй байна гэж харж байгаа. Процессын хууль гэж бий. Тодруулбал, Цэц дээр маргаан хянан шийдвэрлэх хууль. Энэ хууль дээр заасан хугацаа тодорхой биш, хугацаа байсан ч бусад зүйл заалтыг ерөөс дагаж мөрддөггүй асуудал олон. Ийм кейс ч олон бий.
Цэцийн гишүүнээр томилогдож байгаа хүн ёс зүйн маш өндөр хариуцлагатай, сахилга баттай, жинхэнэ хүний дээд байх ёстой. Гэтэл Цэцэд томилогдохын тулд, эсвэл томилогдож очоод хэн нэгний үүрэг даалгаврыг биелүүлэхээр очсон юм биш үү гэж хардмаар хүмүүс өнөөдрийг хүртэл суудал бөглөн Үндсэн хуулийн хямрал руу түлхэж байна гэж харж байгаа.
-Н.Чинбат даргын тэтгэврийн насан дээр нэлээд ньюанс яригдаад байна уу даа. Чухал үндэслэл мөн үү?
-Н.Чинбат дарга томилогдсоноос хойш хамгийн их зөрчил гарч эхэлсэн гэж хэлнэ. Жишээ нь, процессынхоо хуулийг дагаж мөрддөггүй. Хурал хэзээ болох, мэдээлэл гаргасан хүнд яаж мэдэгдэх. Хуваарилалтыг хэрхэн хийдэг, программаар хуваарилдаг юм уу, Цэцийн дарга нь шууд цохдог уу гэх мэт процессын зөрчлүүд бий. Хууль хэрэглээний талаас ч гаргаж байгаа тайлбарууд нь эрх зүйн шинжлэх ухааны онолоос зөрдөг, маш их хэл ам дагуулсаар байна. Үнэхээр Цэцийн дарга Н.Чинбат ёс суртахуунтай, ажилдаа сэтгэлтэй, Үндсэн хуульд хяналтаа цэвэр тавьчихъя гэдэг байсан бол хэл амгүй байх ёстой. Тэр хүн 65 нас хүрсэн ч томилогдсон хугацааг нь дуустал ажиллуулчих юмсан гэдэг дүр зураг харагдана аа даа. Байхгүй шүү дээ.
-Тэгвэл Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг гэж ямар хүн юм бэ. Улс төрийн том хэргүүд дээр баталгаа, дэнчин нэрээр их хэмжээний мөнгө шүүхийн дансанд байршуулсан гэх зэргээр асуудлыг ярих боллоо?
-Д.Ганзриг шүүгчийг би танихгүй. Би өөрөө С.Баяр, С.Баярцогтын шүүх хуралдаан дээр өмгөөлөгчөөр оролцож байсан хүн. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн шүүгч Цогтзандан шүүгч шийдэж байсан. Тэр шүүгч халдашгүй, хараат байж шийдвэрээ гаргасан байж таараа. Дэнчин баталгааг Цогтзандан шүүгч ярьж л байсан асуудал.
-Ямартаа ч хууль, шүүхийн дээд байгууллага ингэж зодолдох сайны шинж биш байх аа?
-Монгол Улс байх уу, үгүй юү гэдэг асуудал яригдана шүү дээ. Энэ хоёр байгууллагын үл ойлголцол, хуульд заасан бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй бол юун улс үндэстний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө вэ. Үндсэн хуулийн маш том хямрал руу чирж орох нөхцөл байдал үүснэ. Аль нэг улстөрчийн утсан хүүхэлдэй болж, түүний өгсөн үүрэг даалгавраар ажил хийдэг болох юм бол энэ улсад хууль байх, хүний эрх чөлөөг ярих ямар ч үндэслэл байхгүй болно гэсэн үг.