Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тарифын газрын дарга Б.Эрдэнэбулгантай ярилцлаа.
-Ирэх оны төсөвт шөнийн тарифын хөнгөлөлттэй холбоотой төсвийг суулгахаар болсон. Шөнийн тарифын хөнгөлөлтийг хэзээнээс эхлэн тоооцох вэ?
-Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгаан дулааны тарифт өөрчлөлт оруулахаар санал тооцооллоо боловсруулаад явж байсан. Энэ удаагийн тарифын өөрчлөлтөөр аж ахуйн нэгж байгууллагуудын цахилгаан, дулааны үнэ тарифт өөрчлөлт оруулсан. Харин айл өрхийн цахилгаан, дулааны тарифт ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Айл өрхийн цахилгаан, дулааны өртөг бодит өртгөөсөө харьцангуй доогуур байгаа гэдгийг тодотгон хэлье. Шөнийн тарифын хөнгөлөлт урьдын адил хэвийн үргэлжлэхээр боллоо. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны үнийн хөнгөлөлтийг арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн гуравдугаар сар дуустал тооцох шийдвэр гарсан. Цагийн хуваарийн хувьд 21 цагаас 06 цаг хүртэл шөнийн тарифын хөнгөлөлт үйлчилнэ. Хамрах хүрээний тухайд нийслэл Улаанбаатар хот болон 21 аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сумын төв хамрагдаж юм. Тиймээс Эрчим хүчний зохицуулах хорооноос шийдвэр гаргаж Цахилгаан түгээх компаниудад шөнийн тарифын хөнгөлөлтийг заасан хугацаанаас эхлэн тооцох чиглэл өгч ажиллаж байна.
-Арваннэгдүгээр сарын цахилгаан, дулааны төлбөр бодогдож, хэрэглэгчдэд нэхэмжлэл оччихсон байгаа. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-Цахилгаан түгээх компаниудын тухайд өнгөрсөн сарын цахилгааны төлбөрийн нэхэмжлэлийг тооцон хэрэглэгчдэд хүргэчихсэн байгаа. Тийм учраас тус нэхэмжлэхийн тооцоонд залруулга хийгдэнэ. Залруулга хийгдсэн талаар бүртгэлтэй гар утсанд мессэж очих юм. Зарим хэрэглэгчид нэхэмжлэлийн дагуу төлбөрөө төлчихсөн байгаа байх. Энэ тохиолдолд илүү төлөлттэй гэх мэдээлэл очно. Эдгээр хэрэглэгчдийн хувьд дараа сарын төлбөрөөс илүү төлөлт нь суутгагдаад явах юм.
-Хөнгөлөлтөд хамрагдахад ямар нэгэн хязгаар бий юү?
-Хөнгөлөлтөд хамрагдах сарын дээд хязгаарын тухайд 220 кВт хүчдэлийн түвшинтэй айл өрх 700 кВт, 380 кВт хүчдэлийн түвшинтэй айл өрх 1500 кВт байхаар тооцож байна. Заасан хэмжээнд хэрэглэсэн цахилгааны үнийг 100 хувь хэрэглэх бол илүү гарсан хэрэглээг 50 хувиар хөнгөлөх зохицуулалт бий. Өөрөөр хэлбэл, өмнөх жилүүдэд хэрэгжиж байсан нөхцөл хэвээр үргэлжилнэ гэсэн үг.
-Шөнийн тарифын хөнгөлөлт олгохтой холбоотойгоор Улсын төсвөөс хэдэн тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бэ?
-Шөнийн тарифын хөнгөлөлтөд 2021 онд 156 мянган айл өрх хамрагдаж, 23.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг авч байсан бол 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нийслэл Улаанбаатар хот болон 21 аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын нийт 173.6 мянган айл өрхөд 29.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлэх тооцоотой байна. Харин 2023 онд 37.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр улсын төсөвт тусгагдаад явж байна.
-Өмнөх жилүүдийнхээс нэлээд өссөн үзүүлэлттэй харагдаж байна. Үүний шалтгаан юу вэ?
-Шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагддаг цагийн ялгаварт тоолууртай айл өрх уг хөнгөлөлтөд хамрагддаг. Жил ирэх тусам цагийн ялгаварт тоолууртай айл өрхийн тоо нэмэгдэж байна. Хоёрдугаарт, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурингийн тоо нэмэгдэж байна. Эдгээр үзүүлэлт өссөн нь үнийн дүн өсөхөд нөлөөлж байна.
-Өнөөдрийн байдлаар 1кВт цахилгаан эрчим хүчийг хэдэн төгрөгөөр үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хэдэн төгрөгөөр нийлүүлж байна?
-Нэг кВт цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг нь 224 төгрөг байна. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлээд дамжуулаад, түгээгээд, эцсийн хэрэглэгч дээр очиж байгаа өртөг гэсэн үг. Уг өртөгт нүүрсний уурхай, төмөр замын тээврийн бодит өртөг, цахилгаан станц, дамжуулах түгээх компаниудын өртөг зардлууд орсон. Цахилгааны үнэ нэмэгдээгүй үед хэрэглэгчдэд дунджаар 175 төгрөгөөр борлуулж байгаа. Өөрөөр хэлбэл, 175 төгрөгийг дахин 28 хувиар нэмэгдүүлж байж 224 төгрөгт хүрэхээр байсан. Энэ удаагийн тарифын өөрчлөлтийн тухайд зөвхөн аж ахуйн нэгж байгууллагуудын хэрэглээнээс хамаарч 14, 28, 38 хувиар үнийг нь нэмэгдүүлсэн. Айл өрхийн цахилгааны дундаж үнэ 142 төгрөг байна. Үүнээс шөнийн тарифыг хөнгөлөлтгүй үнээр тооцвол 113 төгрөгөөр тооцогддог.
-Айл өрхийн орлого, инфляцийн түвшинтэй холбоотойгоор шөнийн тарифыг хөнгөлөх шийдвэрийг үргэлжлүүлж байх шиг байна. Цаашид эрчим хүчний салбарыг алдагдалтай биш, ашигтай ажилладаг болгох тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Шөнийн хөнгөлөлтийн тухайд манай эрчим хүчний салбарын бодлого гэхээс илүүтэй байгаль орчны бодлоготой уялдаж гарсан Засгийн газрын шийдвэр. Агаарын бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлж байгаа. Эрчим хүчний салбар цаашдаа эхний ээлжинд тарифыг бодит өртөгт хүргэх зорилготой ажиллаж байна. Айл өрхийн хэрэглээний тариф бусад хэрэглэгчдийнхээс доогуур байгаа. Олон улсын түвшинд энэ асуудал эсрэгээрээ байдаг. Аж ахуйн нэгж цахилгаан, дулааныг бөөнөөр их хэмжээгээр хэрэглэдэг учраас хямд, айл өрх рүү очиж байгаа зардал өндөр учраас айл өрхийн хэрэглээний үнэ өндөр байдаг. Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед айл өрхийн тарифыг нэмэгдүүлэх асуудал руу орж чадахгүй байна. Эдийн засаг өсөлттэй, таатай нөхцөл бүрдэх үед айл өрхийн тарифт зохих өөрчлөлт оруулна хэмээн бодож байна.