Categories
мэдээ цаг-үе

П.Буяндэлгэр: Та бэрхшээлүүдээс зугтсаар байвал хожим маш том “одоо яах вэ” гэсэн асуулттай тулгарна

“Нар хүнээс манддаг”, “Амьдрал оргилд биш бэлд” зэрэг номын зохиогч, хүний хөгжлийн ментор П.Буяндэлгэртэй ярилцлаа. Түүний номонд хүний хөгжил, тэр дундаа бэрхшээл сорилтыг хэрхэн туулах, аз жаргал, амжилт гэж юу юм зэрэг олон сэдвийг хөнддөг.


-Цар тахалтай холбоотойгоор бидний өмнө олон сорилт тулгарч байна. Энэ үед халамж өгөхөөс илүү тухайн сорилтыг даван туулах нөөц боломжийг нээж өгөх нь зүйтэй юм болов уу гэж хардаг. Ер нь бэрхшээл гэж юу вэ, яагаад заавал даван туулах ёстой вэ?

-Хүн тэмцэл, бэрхшээлгүй орчинд байж чаддаггүй онцлогтой. Бизнес, улс төр, спорт гээд бүхий л салбарт тэмцэл байнга явагдаж байдаг. Хүн тэргүүнд явахыг хүснэ. Жишээ нь, та нас биед хүрсэн атал бага ангийн хүүхдүүдтэй хөлбөмбөг тоглож, өшиглөх бүртээ гоол хийгээд байвал танд утга учиртай байж чадах уу. Утга учиргүй. Яагаад гэвэл чамд үеийнхэнтэйгээ тоглож ялж, ялагдах нь илүү утга учиртай байна. Тэгэхээр хүнд зөвхөн ялалт чухал биш. Харин ялалтыг ямар үнэ цэнээр олж авч байгаа нь хамгийн чухал байдаг. Үүгээр би юу хэлэх гэсэн юм гэхээр хүн өөрийнхөө байх ёстой байр сууринаас доогуур түвшинд амьдраад, тэмцэлдээд байвал ухаалаг алхам биш. Хүн өөрийнхөө хэмжээг мэдээд түүндээ тохирсон тэмцэлтэй, бэрхшээлтэй орчинд байж сая л хүнийг өсгөн хөгжүүлж байдаг. Хэн ч биш хүмүүсийн дунд нэг номер байна гэдэг сайхан зүйл биш. Харин мундагчуудын дунд байж тэднээс суралцана гэдэг их чухал. Яахав зүгээр нэг сумын атаман, заан байгаад тэндээ аварга шиг амьдраад байж болно л доо. Хэн ч үгүйсгэхгүй. Гэхдээ тэр хүн аймагт барилдах хэрэгтэй, чадаж байвал улсад очих ёстой. Энэ өөрөө өсөлтийн зарчим юм. Иймд хүн өөрийнхөө байгаа орчинг мэдэрч, би яг энэ түвшинд байх нь зөв үү гэж үнэлж байх шаардлагатай. Тийм учраас би салбар болгоны тэргүүлэгч нарыг хүндэлдэг. Яагаад гэвэл салбараа ялаад гарч ирж байна. Харин бүх салбарт үзэлцээд (попроод) мундаг харагдах гэж хичээх нь ухаалаг алхам биш.

Хүн яагаад бэрхшээлийг даван туулах ёстой вэ гэвэл бэрхшээл хүний амьдралыг утга учиртай болгодог. Хүн тэмцэлгүй орчинд өсдөггүй. Хүнд ачаа үүрүүлж байж бэхжиж өсдөг. Ямар ч ачаагүй, тэмцэлгүй, бэрхшээлгүй газар хүн сөнөж, үхэж, мөхдөг. Америкийн уугуул иргэд индианчууд улсаасаа тэтгэмж аваад сууж байдаг. Ажил хийсэн ч, архи уусан ч ялгаагүй тэтгэмжээ авна. Ийм байхад хүний амьдрал яаж утга учиртай, тэмцэлтэй байж чадах вэ. Тиймээс халамжийн бодлого зарим талаар хүнийг сэтгэх чадваргүй болгодог. Австралийн уугуул иргэд ч мөн халамжийн бодлогод дарлуулаад залхуу хойрго болсон байдаг.

Цар тахал нийгэмд асар их өөрчлөлт авчирч байна. Хүмүүсийн сэтгэхүй, худалдан авалт, хэрэглээ зэрэг олон зүйлд өөрчлөлт орлоо. Тэгвэл зарим хүн хорио цээрийг давуу тал болгон ашиглаж байна. Хэзээ ч өөрт нь байгаагүй мэт нууцлаг авьяасуудаа гаргаж ирж байна. Цаг үед зохицож мэргэжлээсээ тэс өөр чиглэлээр сурч, өрхийн үйлдвэрлэл, гэр бүлийн бизнес эхэлж, онлайн сургалтуудад хамрагдаж, ядаж л хөл хориотой үед гадаад хэлээ сайжруулж байна. Өөрөөр хэлбэл, сул талыг давуу тал болгож болдог. Нөгөө талаас бэрхшээл бол шалгарлын онолын нэг зүйл нь юм. Орш, эсвэл уст. Байгальд өрөвдөх гэсэн ойлголт байдаггүй. Сүргээс хоцорч байгаа амьтныг барьж иддэг биз дээ. Тэгэхээр энэ шалгарлын хуульд хүн дуртай, дургүй байна уу хамаагүй. Би энэ байгалын хууль, шалгарлын онол, бэрхшээл сорилтод чинь дургүй, захирагдмааргүй байна гэж хэлэх боломжгүй. Дагахаас өөр аргагүй. Бүр тодорхой хэлбэл, хүн илүү оршин тогтнож, байр сууриа бататгахын хүсч байвал бэрхшээлтэй шууд нүүр тулах хэрэгтэй.

-Манайхан цагийн юм цагтаа гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл, цаг нь болохоор болж л таарна гэж хүлээдэг. Энэ нь хэр зөв хандлага вэ?

-Цагийн юм гэж байна. Грекийн ийм ойлголт бий. Гэхдээ бүх амьдрал хүлээлт биш. Зарим бэрхшээл, боломжид цаг хугацаа гэж байдаг. Гэвч боломж хүрээд ирэхэд олон хүн эргэлздэг. Эрсдэлийг тооцож байгаа нь тэр л дээ. Мэдээж бодох ёстой. Гэхдээ эрсдэлийг бодсоор байтал цаг хугацаа өнгөрөөд боломж алдарчихвал яах вэ. Ер нь бидэнд заавал үзэж туулж байж сурдаг амьдралын хичээл гэж байна. Үүнийг хэзээ ч бодож олж болдоггүй. Заавал туулж байж суралцдаг. Толгойнд бодоход амархан байдаг ч амьдрал дээр биеллээ олоход түмэн сорилттой тулгарах нь бий. Саяхан би нэг амралтын газар өндөрт дүүжин гүүрээр явлаа. Хүмүүсийг алхаж байгааг харахад их амархан санагдсан. Тэгээд өөрөө алхсан чинь эхний хэдэн алхмаас цааш үнэхээр хэцүү юм билээ. Гол руугаа явах тусам савлагаа ихэсдэг. Гүүрээр гарч ирсний маргааш цээжний хоёр булчин хөндүүрлэсэн байсан. Гэтэл гүүрээр гарч ирсний дараа хүмүүс намайг айдасгүй, амархан гараад ирлээ гэж харсан байгаа юм. Үүгээр юу хэлэх гэсэн гэвэл төсөөлөл хэзээ ч бодит байдлыг гүйцдэггүй. Сорилттой нүүр тулж, туулж байж л хүн суралцаж дараа дараагийн амжилтын үүд хаалга нээгддэг. Хүлээгээд суугаад байвал цаг хугацаа урсаад л байна. Нэг зүйлийг ойлгох нь чухал. Тэмцэл байхгүй бол энэ амьдрал хог, хэврэг эд эсээр дүүрнэ. Тэгэхээр шалгарал, ачаа үүрнэ гэдэг нь энэ ертөнц дээр хэрэгтэй, хэрэггүйг ялгадаг. Нийгэм ч гэсэн ийм.

-Олон хүн аливаа бэрхшээлийн өмнө тулаад айдаг. Заримдаа яг юунаас айгаад байгаагаа ойлгодоггүй. Үүнээс болж үйлдэл хийж чадахгүй байсаар бууж өгдөг. Айдсаа удирдах боломжтой юу?

-Мэдээж бизнес зэрэгт эрсдэлийг тооцох ёстой. Заримдаа хийх ажлын тооцоо бүгд сайхан таарч, ашигтай гараад байдаг ч зөн совин хүлээж авдаггүй. Бүх зүйл зөв байгаа ч цаанаасаа л “энэ нэг л биш шүү” гээд байдаг. Энэ тохиолдолд би зөн совингоо дагадаг. Гэтэл заримдаа боломж байсаар атал айгаад байдаг. Үүнийг зөв совингоос ялгаж цэгнэх ёстой. Айдас юунаас үүсч байна гэдэг чухал. Магадгүй би өмнө нь алдаж байсан учир айгаад байна. Эсвэл мэдлэггүй, чадваргүй, туршлагагүй учир айж байж болно. Тиймээс айдсыг ухаалгаар үнэлж даван гарах нь чухал. Түүнээс биш айсан хүнд аргал хөдлөнө гэдэг шиг байж болохгүй шүү дээ.

Ер нь ямар ч тохиолдолд амжилт эрсдэл дээр тогтдог. Хэрэв эргэлзээ, эрсдэл байхгүй бол бүх хүн хийнэ шүү дээ. Хэзээ ч хохирол амсахгүйгээр байнга ашигтай ажиллана гэвэл бас хэцүү. Амьдрал өөрөө тоглоом шиг. Тиймээс зүгээр айгаад байхаас илүү яг юунаас эмээгээд байна гэдгээ зөв үнэлж, даван гарах боломжоо эрэлхийлэх хэрэгтэй.

-Хүн мөрөөдөж, зорьдог ч түүнийхээ төлөө дорвитой үйлдэл хийхгүй явсаар хожим харамсана гэдэг гунигтай. Амьдрал нь нэг л дутуу дулимаг мэт санагдах байх?

-Хүн айгаад яваад байвал насны эцэст харамсана. Яагаад гэвэл эрүүл хүний тархи хэзээ нэгэн цагт заавал хийсэн зүйлдээ дүгнэлт хийж, би ямар замыг туулав, юуг хийж бүтээв, ямар амжилт гаргав гэдэг. Ялангуяа 40 гараад, 50 хүрээд бүр их үнэлнэ. Харамсана. Тиймээс залуу насанд алдаагүй амьдралыг чухалчилаад байвал хэцүү. Ялангуяа, ажил бизнес дээр алдаж болно. Дөнгөж 25 настай юм байж ажил, бизнес дээр алдаа гаргадаг ямар тэнэг хүн бэ гэж хэлэх хүн ховор доо. Хэрэв тэгж хэлж байгаа бол тухайн хүн өөрөө асуудалтай. 25 настай залуус алдаг. Угаас энэ нас чинь мэдлэггүй, туршлагагүй үе шүү дээ. Амьдралыг туулж, унаж босоод явах ёстой. Алдаа бол хүнийг босгож ирэх таяг юм.

Би тугны зарчим ярих дуртай. Туг хэзээ хамгийн сүр сүлдгүй, гунигтай харагддаг вэ гэвэл салхигүй үед шонгоо даган унжиж байх үедээ. Харин салхитай үед дэр дэр хэмээн хийсч, намирах нь цаанаа л сүр жавхлантай, хүчирхэг ч юм шиг харагддаг. Тийм ч учраас олимпийн талбайд улс орнуудын далбайг хиймэл салхиар байнга хийсгэж байдаг. Тэгэхээр салхи бол бэрхшээл, ачаа юм. Бэрхшээл, ачаа үүрч, даван туулж яваа хүн хүчирхэг харагддаг. Энэ нь хүнийг чимдэг. Ер нь бидэнд саад болдог зүйл эргээд тус болж байдаг. Тухайлбал, завь урагшлахад ус хамгийн их саад болдог ч сэлүүр, эсвэл моторын сэнс ус ашиглаж завийг урагшлуулдаг. Үүнтэй ижил амжилтад хүрэхэд бэрхшээл, сорилт саад болдог мэт боловч хүчирхэг болох түлхэгч хүч нь үнэндээ энэ сорилт юм. Тийм учраас зорьсон зүйлээ хийх хэрэгтэй. Аварга тамирчдын алдаатай цохьсон цохилт оновчтой цохилтоосоо үргэлж олон байдаг. Амьдралын зарчим ийм. Өдөр бүр уйгагүй суралцаж, хичээж байж зорьсон зүйлдээ хүрдэг.

-Би таны номноос өнөөдөр тулгарсан олон бэрхшээлийг шийдэж чадахгүй зугтаавал хожим маш том “Яах вэ” гэсэн асуулттай тулгарах тухай уншиж байсан. Бодит үнэнтэй нүүр тулах нь чухал юм байна?

-Биднийг бага байхад ээж маань ваннд ус хийгээд нидрүүлэг дээр хувцас угаадаг байлаа. Тухайн үед сонголт байгаагүй. Одоо бүгд угаалгын машин хэрэглэж байна. Тэгэхээр хүний амьдралаас зарим бэрхшээлүүд алга болохоор дагаад зарим чадварууд алга болдог. Өөрөөр хэлбэл, ямар нэг бэрхшээл нь ямар нэг чадварыг бүтээж байдаг. Бэрхшээлгүй амьдралыг хүсч байна гэвэл ямар ч чадваргүй амьдралыг хүсч байгаагаас ялгаагүй. Ачаа даах бөх бат нуруу асар их бэрхшээлийг үүрч бий болдог. Сэтгэлийн хат амьдралын бэрхшээл зовлонгоос л үүсдэг. Сэтгэлийн хатгүй эрчүүдэд зовлон учрахад хамгийн түрүүн архичин болдог. Бэрхшээлийг хэрхэн даван туулах ухаан, чадвар байхгүй учир архи ууж зугтаж байгаа нь тэр. Би хэлье, өнөөдөр та олон олон бэрхшээлээс зугтах юм бол нэгэн цагт тэр нь маш том “яах вэ” болж хувирдаг. Өнөөдөр амьдрал танаас асуусан асуултад хариулахгүй юм бол 10-20 жилийн дараа тэр асуулт чинь улам томроод хүрээд ирнэ. Өнөөдөр та амьдралын асуултад хариулж сурах хэрэгтэй, бэрхшээлийг арга ухаанаар туулдаг байх шаардлагатай. Бид амьдралын бүх бэрхшээлийг даван туулах албагүй. Гэхдээ бидэнд туулахаас зайлшгүй бэрхшээл гэж бий. Зөвхөн бид үүрэхээс өөр аргагүй ачаа гэж байгаа. Бид хөхөө биш тул үр хүүхдээ бусдын нуруун дээр үүрүүлж болохгүй шүү дээ. Гэхдээ хөхөө хөгшрөхөөрөө үр хүүхдээ хайж ирдэг. Үр хүүхдээ хаяад явчихсан эцэг, эхчүүд байдаг даа, түүнтэй ижил. Өөрийгөө авч явах чадваргүй өвгөн, эмгэн болчихсон хойноо үр хүүхдээ үнсэх гээд хайгаад явж байдаг. Өнөөдөр бид өөр өөрсдийн ачаагаа үүрснээр хожим үр хүүхдийнхээ буянг эдэлдэг. Бид гэр бүл, үр хүүхдийнхээ боловсролын ачаа зэргийг зайлшгүй үүрэх ёстой. Ачаа үүрдэггүй хүн амьдрал дээр хэн ч биш болж үлддэг. Эцэст нь энэ бүхэн яван явсаар хариуцлага, хайр шүү дээ. Хайр бол нэр үг биш. Хайр бол гоё ганган үг ч биш. Хайр бол үйл үг, бусдын төлөө өөрийгөө зориулах ачаа юм. Өөрийгөө бага багаар үрж бусдын төлөө зориулахыг хайр гэдэг. Үнэнтэй нүүр тулдаг хүмүүс ачаа үүрдэг, өөрийгөө өөрчилдөг, баялаг бүтээдэг юм.

-Ярилцлагын төгсгөлд уншигчдад та юу гэж зөвлөх вэ?

-Амьдралд учирч байгаа бэрхшээлээ гурван зүйлд хувааж үзээрэй. Шийдвэрлэх ёстой бэрхшээл гэж байна. Уг бэрхшээлийг зайлшгүй даван туулах ёстой. Хоёрдугаарт, залах ёстой бэрхшээл гэж бий. Өөрөөр хэлбэл, зарим бэрхшээлийг шийдэж болно, заримаас нь бултаж, залах хэрэгтэй. Гуравдугаарт, зөнд нь орхих бэрхшээл гэж байна. Та шийдэх албагүй, шийдэж ч чадахгүй, шийдэх ч хэрэггүй бэрхшээл юм. Үүнийг зөнд нь хаях хэрэгтэй. Энэ гурван зүйлээр бэрхшээл, асуудал, зовлонтой нүүр тулаарай гэж хэлмээр байна. Хүн үүнийг хэрхэн үнэлж цэгнэхээ өөрөө мэднэ. Шийдэх ёстой бэрхшээлийг орхиод байвал хожим асуудал хуримтлагдана. Зөнд нь орхих бэрхшээлийг шийдэх гээд зууралдаад байвал цагаа үрж, өөрийгөө цөхрөөнө. Залах ёстой бэрхшээл илүү ухаан шаардана.

Түүнчлэн, дээр залуу хүн алдаж түүнээсээ суралцаж өндийдөг тухай ярьсан. Үүн дээр нэг зүйлийг ялгаж ойлгох шаардлагатай. Хэрэв бид бусдын амьдралд хариуцлага үүрч байгаа бол бүх зүйлийг алдаагаар хэмжээд байж болохгүй. Шүүгч, хуульчийн алдаа хүний хувь тавилантай холбоотой. Мэс засалч алдаа гаргавал бусдын амь эрсдэнэ. Би олон хүний амь, хувь тавилангаар тоглож байж шүүгч, эмч болсон гэж яриад байж болохгүй биз дээ. Нөгөө талаас, компани удирдаж байгаа бол дампууруулж болохгүй. Үүний ард ажилчид, ар гэр нь бий. Тэгэхээр ямар нөхцөл байдал, байр сууринаас эрсдэл үүрэхээ бодох хэрэгтэй.

Г.БАТЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *