Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Алтангэрэл: Бид хийсэн бүтээснээ ард түмэнд ойлгуулахдаа дутуу ажиллаж байна уу даа

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга
П.Алтангэрэлтэй ярилцлаа.

-“Эдийн
засгийг эрчимжүүлэх 100 хоног” хөтөлбөрийн үр дүнгийн талаар ярилцаж байна. Танай
яамны хувьд энэ хөтөлбөрийн хүрээнд ямар ажил хийж, хэрэгжүүлсэн бэ?

-Манай яамны хувьд боломжоо ашиглаад улсын эдийн засагт хувь нэмэр
болохуйц хоёр хуулийн төслийг энэ хугацаанд боловсруулан, Засгийн газраар хэлэлцүүлж,
нэгийг нь УИХ-д өргөн барихад бэлэн болголоо. Үүний эхнийх нь Бооцоот морин уралдааны
тухай хууль юм. Учир нь морин уралдааны эрхзүйн орчныг яаралтай бүрдүүлж чадах юм
бол маш их хэмжээний мөнгөний эргэлт бий болно гэсэн судалгаа гарсан. Дэлхийн хэмжээнд
энэ төрлийн спортоор хичээллэдэг, уралдаан зохион байгуулж, түүндээ их хэмжээний
бооцоо тавьдаг жишиг Хонконг, Ази чиглэлд олонтаа байна. Тиймээс хуулийг нь баталчих
юм бол эдгээр уралдаануудыг зохион байгуулдаг дэлхий нийтийн томоохон сонирхогчид
манай улсыг зорих нь гарцаагүй. Ер нь Монгол бол газарзүйн болоод морь уралдуулах
нөхцөл бололцооны хувьд маш боломжтой нутаг гэсэн судалгаа гарсан байдаг. Тиймээс
уг хуулийг боловсруулж өргөн барилаа. Зарим нэг хүмүүс ийм цаг үед юун морин уралдааны
тухай хууль гэх байх. Уг нь бол манай оронд тохирсон том эдийн засаг юм л даа. Хоёрт
гэвэл мөн л Монголын эдийн засагт том нөлөө үзүүлэх Казиногийн тухай хууль юм. Энэ
хуулийн талаар олон жил ярьсны эцэст төслийг нь боловсрууллаа. Өнгөрснөөс харахад
Казиногийн хууль өөрөө маш их маргаан дагуулдаг, ард түмний дунд өрөөсгөл уур амьсгал
бий болгосон байдаг. Тиймээс бид олон талаас нь судалж боловсруулсан. Мэдээж хянуур
хандаж байгаа. Ер нь казиног зөв голдиролоор нь ашиглаж чадвал Монголын эдийн засагт
бас нэг тулгуур болно гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. 

-Аялал
жуулчлалын улирал дуусч байна. Энэ хугацаанд салбар хариуцсан яамны зүгээс ямар
ажил хийв. Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал манайд ирэх жуулчдад нөлөөлсөн
үү?

-Аялал жуулчлалын улирал дуусаагүй ээ. Монголд ирэх жуулчдын тоо
тогтвортой байгаа. Хэдийгээр дэлхийн эдийн засаг тийм ч таатай бус байгаа ч АНУ,
Япон, Европын орнуудаас ирэх жуулчдын тоо харьцангуй тогтвортой байгаа. Гэхдээ өмнөх
жилүүдийнхээс тоон үзүүлэлтийн хувьд жаахан буурсан тохиолдол бий. Тэр нь хятад
ажилчдын визтэй холбоотой. Манай улсын болоод дэлхий нийтийн жишигт өөр улсын иргэн
нэг сараас дээш хугацаагаар виз аваад орж ирсэн тохиолдолд жуулчин гэж үздэг. Түүнээс
бус бодит жуулчдын тоонд өөрчлөлт гараагүй. Аялал жуулчлалын салбарт гарч байгаа
нэг том үзүүлэлт бий. Тэр нь дотоодын жуулчдын тоо эрс өссөн явдал. Бүр хоёр дахин
нэмэгдсэн байгаа. Энэ бол маш сайн үзүүлэлт. Дотоодын аялал жуулчлалын урсгал хаашаа
байна тэнд төрийн, хувийн хэвшлийн үйлчилгээ чанартай хүрч байх ёстой. Үүнд яамны
зүгээс онцгой анхаарч ажиллана. 

-Дотоодын
аялал жуулчлалын өсөлт нь нийгмийн амьдралын нэг талын үзүүлэлт гэж харж болох уу?

-Тухайн орны иргэдийн амьдралын түвшний гол үзүүлэлтийн нэг бол амрах,
жуулчлахад хэдий хэмжээний  хөрөнгө мөнгө,
цаг зав зориулж байгаагаар хэмжигддэг. Тиймээс дотоодын жуулчдын тоо эрс нэмэгдсэн
байдал нь монголчуудын амьдрал сайн байна л гэсэн үг. Хэрэв тухайн өрхийн эдийн
засаг муу, түүнээ дагасан бухимдалтай байгаа бол юун аялж жуулчлах байхав дээ. Тиймээс
зарим нэг хүний муу амлаад байгаа шиг ард түмний амьдрал элгээрээ мөлхчихсөн гэх
ярианд аялал жуулчлалын салбар дахь энэхүү бодит тоон үзүүлэлт хариулт болно. Ер
нь бол аялал жуулчлалын салбарт Монгол Улс маш том зорилт тавьсан. 2016 он гэхэд
нэг сая жуулчин авна. Үүнийг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд 2015 онд Берлин хотноо
болох Олон улсын үзэсгэлэнд манай улс түнш орноор оролцох гэж байна. Түнш орон гэдэг
бол өөрийгөө сурталчлах давуу эрхтэй. Уг үзэсгэлэнг сонгосон гол шалтгаан нь үзэсгэлэнд
дэлхийн 188 орны аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг 11 мянган аж ахуй нэгж
оролцож, нийтдээ 6.5 тэрбум еврогийн гэрээ хэлцэл хийгддэг. Мөн дэлхийн 400 гаруй
хэвлэл мэдээллийн хэрэгсэл оролцдог. Ийм том үзэсгэлэнд Монгол Улс өөрийгөө сурталчлах
давуу эрх эдэлнэ гэдэг бол маш том боломж. Өмнөх тоон үзүүлэлтүүдээс харахад уг
үзэсгэлэнд түнш орноор оролцсон улсын жуулчдын тоо дараа жилээсээ 30 хувиар нэмэгддэг
гэсэн статистик байдаг юм билээ.

-Бүх
л зүйл болж бүтэхгүй байгаа мэт яриа хөөрөө дунд болж бүтэж байгаа хүний үг эерэг
сонсогдож байна. Манай улс соёлын салбартаа хэр ахиц дэвшилтэй байна вэ?

-Бид соёлын тухай хуулийг шинэчлээд дуусч байна. Аливаа салбарыг
хөгжүүлэхэд эрхзүйн орчин маш чухал. Шинэчлэлийн Засгийн газарт Соёл, Спорт, Аялал
Жуулчлалын Яам байгуулагдсанаар хийсэн нэг томоохон ажил бол Соёлын өвийн тухай
хуулийг батлуулсан явдал. Энэ хууль 1999 онд батлагдсан учир орчин үеийн шаардлага
хангахгүй болчихсон байсан. Аливаа улс үндэстнийг устгая гэвэл соёлыг нь устга гэсэн
үг бий. Харин уг хуулийг шинэчлэн батлуулснаар соёлын өвөө хадгалах, хамгаалах,
өвлүүлэх асуудлыг шийдэж чадсан. Хуучин бол маш олон соёлын өв хулгайгаар гадагш
гарч байсан. Их хэмжээний археологийн дурсгалууд уул уурхайн улмаас устгагддаг байлаа.
Энэ аюулыг хуулиар таслан зогсоосон. Яамны зүгээс 2013 онд хийсэн өөр нэг томоохон
ажил бол дэлхийн биет болон биет бус өвийн төлөөллийн жагсаалтад Монгол гэрийн уламжлалт
зан үйл, урлалыг бүртгүүлсэн. Нэн яаралтай хамгаалах биет болон биет бус өвийн жагсаалтад
уран бичлэгээ бүртгүүллээ. Одоо монгол шагайн харваагаа бүртгүүлэхээр шаардагдах
зүйлсийг нь өгчихөөд байна. Түүнчлэн дэлхийн өвд Бурхан халдун уул, Монгол дагуурын
газрыг бүртгүүлэхээр холбогдох материалаа бүрдүүлчихсэн, одоо дэлхийн өвийн хорооноос
мэргэжилтнүүд ирж газар дээр нь ажиллах л үлдээд байна.

-Ер
нь Соёл, спорт, аялал жуулчлал хариуцсан бие даасан яамтай болсны үр дүнг өнөөдөр
дүгнэж хэлэхээр хугацаа өнгөрлөө гэж бодож байна?

-Яам байгуулахдаа биеийн тамир спортыг бүх нийтэд нь хөгжүүлье гэвэл
нөхцөл бололцоог нь сайтар бүрдүүлж өгөх шаардлагатай гэж үзсэн. Тэгэхгүй бол тамирчид
маань байгалиас заяасан авьяасаараа л дэлхийн дэвжээнээс медаль авчирч байна. Үүнийг
системтэй, төлөвлөгөөтэй хөгжүүлэхийн тулд материаллаг баазыг нь бэлдэж өгөх ёстой.
Тиймээс ч нийслэлийн зургаан дүүрэгт биеийн тамир, спортын цогцолбор барихаар төлөвлөж,
ажлаа эхлүүлээд байна. Сонгинохайрхан дүүрэг гэхэд өнөө жил хүлээлгэж өгнө. Баянгол
дүүргийн ажил эхэлж байгаа. Бусад дүүргүүдийн хувьд 40-60 хувьтай явж байна. Мөн
аймгуудад усан бассейн, биеийн тамир спортын цогцолбор барих асуудлыг эхлүүллээ.
2016 он гэхэд эдгээр том бүтээн байгуулалтууд 
дуусна. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад хоёр жил болоход манай салбарт
гэхэд нүдэнд харагдаж, гарт баригдахуйц ийм томоохон ажлууд хийгдлээ, хийгдээд явж
байна. Өөр маш олон ажил хийгдсэн. Би зах зухаас нь дурдаж байна.

-Та
бол УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга байсан хүн. Өнөөдрийн улс төрийн орчинд
болж буй үйл явцын талаар өөрийн дүгнэлттэй л байгаа байх?

 -Ер нь АН-ын байгуулсан Засгийн
газар бүхэн өмнөх Засгийн газрынхаа хийсэн алдааг засах гэж өөрсдийн хамаг цагийг
барж муу нэр дуулдаг юмдаа. Бид хийсэн бүтээснээ, болж бүтэж байгаагаа нийгмийн
сэтгэл зүйд зөвөөр хүргэх тал дээрээ дутуу дулимаг ажиллалаа. Энэ л бидний алдаа
болоод байх шиг байна даа.

Т.ГЭРЭЛМАА           

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *