Хуучнаар ССАЖ-ын яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Алтан-Одтой ярилцлаа. Тэрээр Бооцоот морин уралдааны тухай, Казиногийн тухай хуулийг боловсруулсан хүмүүсийн нэг.
–Казиногийн тухай хуулийг боловсруулах ажлыг хуучин ССАЖ яамныхан хийсэн. Хуулийн төслийн боловсруулалт ямар шатанд байгаа бол?
-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн аяны хүрээнд хоёр хуулийн төслийг боловсруулах үүргийг манай яаманд өгсөн. Нэг нь Бооцоот морин уралдааны тухай хууль, нөгөө нь Казиногийн тухай хууль. Ингээд ажлын хэсэг гарч ажилласан. Одоогийн байдлаар Казиногийн тухай хуулийн үзэл баримтлал бэлэн болсон гэж ойлгож болно. Улс татварыг ямар механизмаар тооцож авдаг болох вэ гэдэг асуудлаар эргэж ярилцаад УИХ-д саналаа нэгтгэж өргөн барихаар ярилцаж байна. Бооцоот морин уралдааны хуулийн үзэл баримтлал нь батлагдсан. Засгийн газраас дэмжиж төрийн бус байгууллагуудын саналыг тусгаадУИХ-д өргөн барихаар болоод байгаа. Хоёр хуулийн төслийн боловсруулалт ийм хэмжээнд байгаа.
–Казиногийн хууль мөрийтэй тоглоомыг хэрхэн зохицуулах бол. Жишээ нь казиног хэн, хаана байгуулах вэ?
-Энэ хуулийг яагаад боловсруулах болсон бэ гэсэн шалтгааныг нь хэлэх хэрэгтэй байх. Улс оронд валют оруулж ирдэг тодорхой суваг бий болно. Эдийн засгаа солонгоруулах ёстой гээд олон хүчин зүйлүүдийг ярьж байгаа ч гэсэн яг үйлдэл дээрээ хэн валют авчирдаг вэ. Хөрөнгө оруулагчид уу, аялагчид уу гээд ярихаар дэлхий дээр валютын хэдхэн урсгал байгаа. Казиног Монголд хөгжүүлэхэд тохиромжтой бүс нутаг гэж үздэг юм билээ. Яагаад гэвэл уламжлалт харилцаа, соёл, зан заншил, аялал жуулчлал дагаж хөгжих боломжтой. Ер нь цаашид Ази руу аялал жуулчлал өсөх хандлагатай байна. Хууль эрх зүйгээ сайн хийчихсэн тохиолдолд хөрөнгө оруулагчид өөрсдөө бэлтгэл ажлаа базаагаад ороод ирнэ. Казиног хаана байгуулах вэ гэдгээ УИХ шийдэж байхаар оруулж байгаа. Бас тоглогч гэж хэн байх юм монгол хүн үү, гадаад иргэд үү гэдгийг ч УИХ, Засгийн газрын бүрэн эрх хэмжээнд шийдэж байх заалттай байна.
–Тэгээд Засгийн газар тоглогч дээр ямар байр суурьтай байгаа юм бол. Монголчууд гадагшаа гарч тоглоод байгаа учраас дотооддоо тоглох эрхийг нь олгочихвол зүгээр биш үү?
-Ер нь бол Засгийн газраас эхний ээлжинд Монгол хүн тоглодоггүй байх ёстой гэж үзэж байгаа. Бид 90-ээд оны дундуур мөрийтэй тоглоом ажиллуулж үзсэн. Алдаа оноо сургамж байгаа учраас монгол хүн тоглуулдаггүй байхаар эхний ээлжинд хуулиа боловсруулъя гэж байгаа. Гэхдээ бүрэн эрх нь УИХ-д байгаа учраас УИХ-ын гишүүд асуудлыг мэднэ. Хууль батлагдахдаа бидний боловсруулснаас яаж ч өөрчлөгдөж мэднэ.Казиног монголчууд гадагшаа явж тоглох урсгал байна. Гэхдээ Үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах хэмжээнд асуудалгүй яригдахгүй нь ойлгомжтой. Ер нь бид Солонгосын туршлагыг сайн туршлага гэж үзэж байгаа. Жишээ нь Солонгос Сөүл орчимдоо өөрсдийнхөө иргэнийг тоглуулдаггүй. Бас тодорхой хэмжээний төрийн оролцоотой төрийн бус байгууллагуудын оролцоотой гэсэн казино байна. Бидний хувьд төрийн оролцоо байхгүй, хяналтын үүрэгтэй байхаар хуулийн төслөө боловсруулсан.
–Казино байгуулчихлаа гэж үзье. Тоглогчоо яаж татах юм?
-Хөрөнгө оруулагчид хүнээ дагуулаад ирдэг. Тэгээд ч Монгол Улс 2016 он гэхэд нэг сая жуулчин хүлээн авна гэсэн зорилттой. Энэ үндэслэл, тооцоо судалгааг 2000 оны эхээр боловсруулж байхдаа бид дутуу тооцоолж байж. Аялал жуулчлалын дэд бүтцийг л гэхэд хөгжүүлж амжаагүй байна. Он гаргаад “It Be Berlin”-нд түнш орноор оролцох гэж байгаа. Үүний бэлтгэл ажил гээд маш их ажил хийгдэж байгаа. Тэгэхээр энэ бүгд Монгол Улсыг гадагшаа сурталчлах хэлбэр болно. Харин жуулчид Монголд ирээд юу үзэх вэ, юу тоглох вэ, юу харах вэ, юу авч буцах вэ гэдэг нь хангалттай түвшинд биш байна. Нэг жуулчин ирчихээд дахиж ирэхгүй байгаа асуудал бидний шийдэх ажил. Тэгэхээр цаашид тусгай сонирхлоор аялал жуулчлалыг хөгжүүлэх ёстой болж таарч байгаа. Амьтан, ургамал судалдаг ч юмуу. Үлэг гүрвэл, эртний олдвор, казино гээд тусгай аялал жуулчлалыг хөгжүүлэх нь зүйтэй. Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгаа боловсруулаад Засгийн газарт өргөн барьсан байгаа.
–Казино байгуулах боломжит газрыг тодорхойлж, судлав уу?
-Казиног хаана байгуулах вэ гэдгийг УИХ-аар шийдүүлнэ. Ер нь чөлөөт бүсүүдэд байгуулах ёстой гэсэн олон улсын зөвлөмжүүд байна. Олон улсын туршлага ч тийм. Монголчууд зах зээл багатай, гурван сая хүн амтай. Тэгэхээр бид өөрсдөө тоглоно гэхээсээ илүүтэй Замын-Үүд юм уу, Дорнод аймгийн Халх гол сум руу гэдэг ч юмуу хил орчмыг эхэлж хөгжүүлэх нь зүйтэй гэж харж байгаа. Саналыг ажлын хэсэг гаргана. Онгоц буудаг байх уу, шууд хил гардаг байх уу гэдэгт Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шийдвэрээ гаргадаг болно. Бас ОХУ-тай визгүй зорчдог болчихлоо. Тэгэхээр Сэлэнгийн Алтанбулаг дээр хөгжүүлэхэд ч болохгүй юм байхгүй юм билээ.
–Яагаад Улаанбаатарт казино байгуулна гэхгүй байгаа юм бэ?
-Ер нь бол чөлөөт бүсэд казино байгуулах нь зүйтэй юм билээ. Улаанбаатарт түгжрэл ихтэй. Яг хүмүүсийн тоглохоор явдаг цагт буюу 16 цагаас оройн 20 цагийн хооронд Улаанбаатар түгжрэлтэй байдаг. Тэгэхэд Солонгост хурдны, энгийн гээд хэд хэдэн замыг казино руугаа тавьчихсан. Метро хүртэл шууд очдог. Тийм замаар явж, түгжрэлгүй хүрсэн хүмүүс ямар ч стрессгүй тоглоно биз дээ. Гэтэл манайд яах вэ гэвэл замын түгжрэлд орж бухимдсаар очвол тоглолт ямар байх нь ойлгомжтой. Тийм хүн казино тоглоно, мөнгөө алдана улам л уур нь хүрнэ.
–Казинод хөрөнгө оруулах, эзэмших тухайд?
-Монголын талаас 51-ээс доошгүй хувийг нь эзэмшинэ гээд заачихсан байгаа. Гэхдээ бас ийм заалт оруулчихаар хөрөнгө оруулалтын шаардлагыг давах, хөрөнгө оруулалт хийх нь эргэлзээтэй болчихно. Тиймээс энэ заалтыг авах нь зүйтэй юм байна, эсвэл хувь хэмжээг нь багасгах хэрэгтэй юм уу гээд ярьж байгаа.
–Дэлхийн жишигт төрийн өмчийн казино байдаг гэсэн. Монголын тухайд төр казино байгуулах эрхтэй байх болов уу. Татварын хувь хэмжээ ямар байх вэ?
-Монголын төр хөрөнгө оруулалтад ерөөсөө оролцохгүй. Төр энэ бүхнээс хол байх ёстой. Харин эсрэгээрээ хяналт нь ойрхон байхаар хуульчлах ёстой юм билээ. Казино дээр 40-өөс доошгүй хувийн татвар авахаар тооцоолж байгаа. Макаогийн туршлагаас харахад 39 хувийн татвар авдаг юм билээ. Шууд хэлбэл казиногоос нэг удаагийн тэмдэгтийн хураамж гэж авна. Улсын тэмдэгтийн хураамжнь арван жилийн хугацаатай байж болно. Хоёрдугаарт казиногийн үйл ажиллагаа эрхэлснээрээ аль нэг салбарын асуудлыг шийдэх юмуу, хандив өгөх сан төвлөрүүлдэг юм байна, ихэнх улсад. Тийм нэг удаагийн тусламж нь 10 сая ам.даллор байх ч юм уу дүнг УИХ-аас зааж өгнө. Энэ хоёр татварыг тодорхой хугацаанд нэг удаа авах юм. Мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татвараа хөрөнгө оруулагч компани төлөх ёстой. Энэ нь гурван тэрбум төгрөгөөс дээш 25 хувийн татвар авдаг байхаар орох болов уу. Мэдээж НӨАТ төлнө. Онцгой албан татвар гэж төлнө. Ийм тооцооллыг хийсэн байгаа.
–Казиногийн стандарт ямар байдаг юм бол?
-Казино гэж рулетны машинуудын иж бүрдэл бүхий зориулалтын өрөө тасалгааг хэлнэ гээд тодорхойлолтоор заагаад өгчихнө.
Түүнчлэн ширээгээ тоо ширхгээр зааж өгнө. Тэгэхгүй бол 50 ширээтэй үйл ажиллагаа явуулдаг байж 10 ширээтэй гэдэг ч юмуу татвараас бултах магадлалтай. Бас ганц ширээ, рулет тавьчихсан үйл ажиллагаа явуулж байвал казино гэж үзэхгүй. Жуулчин ирчихээд нэг ширээн дээр дугаарлаж тоглоно гэж байхгүй ш дээ. Тэрчлэн олон улсын туршлагаас харахад нэг дор олон казино байгуулах нь сайн зүйл биш гэж үздэг юм билээ. Жишээ нь Макао бол эдийн засгаа казино руу чиглүүлсэн ихэнх хувь хэмжээг казиногийн орлогоосоо бүрдүүлдэг учраас арай өөр бодлоготой. Солонгос болон бусад орнуудыг харж байхад нэг дор олон казино байх нь өрсөлдөөнийг хязгаарласан ашиг орлого бууруулсан дампууруулдаг тогтолцоо бий болох юм билээ. Тиймээс нэг дор олон тусгай зөвшөөрлийг өгөхгүй байх гэж бодож байгаа.
–Тусгай зөвшөөрлийг авахын тулд хэдэн төгрөг төлөх вэ?
-Энэ бол судалгааны тоо шүү. Улсын тэмдэгтийн хураамж гэж бий. Үүнийг арван жилийн хугацаатай өгөх боломжтой. Ер нь батлагдаагүй тоо баримт урчаас яг тэд гэж хэлэхэд эрт байна. Ер нь бол 10 сая ам.даллор байх болов уу. Энэ бол ажлын хэсгээс хамаарахгүйгээр яригдах асуудал. Мэдээж сунгах болгондоо 10 сая ам.доллараа төлж байя гэдэг ч юмуу энэ дүнг мөн л УИХ тогтооно.
–Казиног дагаж ямар бизнес үйлчилгээ түлхүү хийгдэх бол?
-Казино нэг бүсэд дангаараа үйлчилгээ явуулахад хүндрэлтэй. Тэгэхээр аялал жуулчлал, зочид буудал, ресторан үйлчилгээний газар энд ажиллах шаардлагатай болно. Тийм учраас казино бүхий энэ цогцолбор газрын 70 орчим хувь нь аялал жуулчлалын бүс байдаг. Давхар болгондоо казинотой байна гэж байхгүй ш дээ. Амралтын өрөө байна спа центер буюу массажны газар гэх мэт жуулчдын хүсдэг, таалдаг бүх үйлчилгээг казиногийн цогцолборт төвлөрүүлэх ёстой. Тухайн барилгыг 100 хувь гэж үзвэл 10 орчим хувь нь казино байж бусад нь дагасан үйлчилгээ байх ёстой.
–Тэгэхээр нэг ийм цогцолборт нийт хичнээн хүн ажиллах боломжтой гэж харж байгаа вэ. Монголчуудын хувьд ажиллах боломж хэр байх бол?
-Ер нь ажилчдын дийлэнх хувийг Монгол талаас бүрдүүлнэ гэж хуулиндаа оруулж байгаа. Эхлээд гадны баг ирж монгол ажилчдаа бэлдэх ёстой. Зуун хувь хөрөнгө оруулалт хийчихээд олсон хөрөнгөө буцаагаад авч гараад байж болохгүй. Тэгэхээр бодлогоор тийм заалт хийж өгөх ёстой юм билээ. Хамтарсан компани ч юмуу энэ асуудлаар бид сангийн яамтай зөвшилцөнө.
–Казино дагасан эрсдэл гэж гарах байх. Энэ бүхнээсээ яаж урьдчилан сэргийлдэг болох юм?
-Олон улсын гэмт хэрэгтэн, мөнгө угаах гэмт хэрэг, донтож тоглодог тоглогчдоос сэргийлэх тэдний эрхийг хэрхэн хязгаарлах талаар бүх зүйлийг тусгаж өгөхучиртай. Мөнгө угаах гэмт хэргийг яаж илрүүлэх, их хэмжээний мөнгөтэй болж байгаа тоглогчийг хэрхэн бүртгэх, насанд хүрээгүй хүүхдийг нэвтрүүлэхгүй байх гэх мэтээр асуудал дээр олон улсын туршлагыг судалж байгаад заалтуудыг оруулсан.
–Дүрмийн сан гэж байх уу. Мэдээж их мөнгөтэй хүмүүс л энэ салбарт хөрөнгө оруулна?
-Банкны дүрмийн сан шигээр төсөөлж байгаа. Банкны дүрмийн сан 16 тэрбум байгаа ш дээ. Урьдчилсан ТЭЗҮ гээд олон ажил хийгдээгүй учраас банкныхнаас өөр дүн тавьж болохгүй байгаа. Товчхондоо бүх судалгаа хийгдээгүй байгаа учраас тэр дүнг харанхуйгаар тавьж хөрөнгө оруулагчдыг үргээх үү, инээлгэх үү гэдгээ хэлж мэдэхгүй байна. Одоогоор манайд хамгийн том дүрмийнх сантай байгууллага нь банк. Ер нь энэ салбар, энэ хуулийг нэг удаа яриад ойлгуулчихна байхгүй юм билээ. Хуулийн төсөл өргөн бариад олон хэлэлцээд эхлэхээр илүү тодорхой болох байх.
Л.МӨНХТӨР