Categories
мэдээ эдийн-засаг

Оюутолгойг хөдөлгөлөө

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын нэгдсэн Эмират Улсад албан ёсны ажлын айчлал хийж байгаа билээ. Энэ үеэр “Эрдэнэс MGL” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан мөн “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Д.Ганболд, “Оюу толгой” ХХК-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй нар Оюутолгойн “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд өнөөдөр гарын үсэг зурлаа.

Энэ талаар хэвлэлийн албан мэдээнд “Оюу толгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох Монгол Улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг тус компани талархан хүлээн авч байна. Энэхүү төлөвлөгөөнд далд уурхайн бүтээн байгуулалтын чиглэлээр хийгдэх ажлуудыг тохиролцсоны дотор төслийн санхүүжилтийг эцэслэх, техник эдийн засгийн үндэслэлийг дахин хянах, батлуулах, шаардлагатай бүх зөвшөөрлийг авахад тус тус голлон төвлөрч ажиллах ба ингэснээр далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн явуулах нөхцөл бүрдэнэ”гэсэн байна. Харин энэ талаар “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн дарга Г.Батсүх “Хувьцаа эзэмшигчдийн гаргасан энэхүү шийдвэр нь Оюу олгойтой холбоотой бүх талуудад нэн таатай үйл явдал болж байна. Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто компанийн хэлэлцээрийн багуудад мэргэжлийн өндөр ур чадвар, тэсвэр тэвчээр, харилцан хүндэтгэл гарган ажиллаж, энэхүү шийдэлд хүрсэнд нь талархал илэрхийлэхийг хүсч байна. Оюутолгой төсөл, түүний хувь нийлүүлэгчид төдийгүй Монголын ард түмний хувьд энэ нь бахархалт мөч бөгөөд ТУЗ-ийн нэрийн өмнөөс бүх талуудад баяр хүргэж байна” гэжээ.

Харин “Оюутолгой” компанийн ерөнхийлөгч Эндрью Вүдлэй “Оюу толгойн хувьцаа эзэмшигчид шийдвэрлэгдээгүй байсан асуудлуудаа эцэслэн тохирч, далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн явдалд сэтгэл хангалуун байна. Ингэснээр газрын гүнд байрлаж буй, дэлхийд томоохонд тооцогдох зэс-алтны ордыг ашиглах бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх бололцоо бүрдэж байна. Өнөөдөр ил уурхайн үйл ажиллагаа аюул осолгүй, үр бүтээмжтэй явагдаж байна. Цаашид ч аюулгүй ажиллагаа бидний нэн тэргүүний чиглэл хэвээр байх болно. Бид урт хугацааны бизнесийн бат бэх үндэс суурь бүрдүүлэхийн зэрэгцээ үйлдэврлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны суурь зардлыг бууруулахад үргэлжлүүлэн анхаарч ажиллана” гэдгээ илэрхийлжээ.

Ийнхүү 2013 оноос хойш зогссон Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхлэхээр болж байна. Тус зэс, алтны ордын 80 хувийг далд уурхайгаас олборлох тооцоо байгаа юм. Ил уурхайн олборлолт хэвийн явагдаж байгаа бөгөөд өнгөрсөн оноос тус компани зэсээ экспортод гаргаж эхэлсэн байдаг. Энэхүү бүтээн байгуулалтад нийтдээ дөрвөн тэрбум ам. доллар хэрэгтэй байгаа бөгөөд үүнийг Дэлхийн банк болон гадаадын томоохон арилжааны банкуудаас зээлэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *