МОХ-ны удирдлагууд Батлан Хамгаалахын Сайд Ц.Цолмонтой “Оюутан цэрэг” хөтөлбөрийн талаар уулзалт зохион байгуулжээ. Энэхүү хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, орон нутагт суралцаж буй оюутнууд тухайн аймгийнхаа цэргийн ангид алба хаах боломжийг бий болгох, хамрагдаж буй оюутны тоог нэмэгдүүлэх, боловсронгуй болгох талаар санал солилцож хамтран ажиллахаар болсон байна.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн Засгийн газарт чиглэл өгсөн 2013 оны 92 дугаар зарлиг, Засгийн газрын 40 тоот тогтоолын дагуу Батлан хамгаалахын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд нар хамтарсан тушаал гаргаж “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг орон даяар эхлүүлсэн.
“Оюутан-цэрэг” хөтөлбөрийн эхний ээлжийн оюутан –цэргүүд Цэргийн ерөнхий бэлтгэл хичээлийг хоёр кредит буюу 96 цаг үзэн онолын мэдлэг эзэмшиж, шалгалт өгч, эрүүл мэндийн үзлэгт тэнцээд зуны хугацаанд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн сургалтын төвд хээрийн байрлалд 12 кредит буюу 560 цагийн есөн төрлийн хичээл судалж Цэргийн тусгай бэлтгэлийн сургалтад хамрагдсан юм. Уг сургалтыг нийслэлийн 42 их, дээд сургуулийн 418 оюутан-цэрэг дүүргэсэн.