Categories
мэдээ нийгэм

“Оюутан цагдаа” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Жуулчдыг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, жуулчидтай холбоотой гарсан гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шийдвэрлэх” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Оюутан цагдаа” хөтөлбөрийг зохион байгуулан, хамтран ажиллаж байна.

Гадаадын жуулчдыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг татан оролцуулахад олон нийтэд түшиглэсэн цагдаагийн үйл ажиллагаатай уялдуулан “Оюутан цагдаа” буюу цагдаагийн туслах ажилтнаар ажиллах сонирхолтой их, дээд сургуулийн оюутнуудыг 2014 оны 5, 6 дугаар сард бүртгэн Нийслэлийн аялал, жуулчлалын газар, Монголын оюутны холбоотой хамтран 88 оюутныг сонгон шалгаруулж, 2 үе шаттайгаар сургалтанд хамруулсан.

Үндэсний баяр наадмын өдрүүдэд иргэд жуулчид ихээр төвлөрдөг Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэг, Сонгинохайрхан дүүргийн “Хүй долоо худаг” зэрэг газруудын харьяа цагдаагийн хэлтсүүдэд 88 оюутныг хуваарилан хариуцуулж 44 чиглэлд цагдаагийн 117 алба хаагчтай хамтран эргүүлд ажиллуулахад 1740 иргэн, гадаадын 3083 жуулчин, иргэнд хууль тогтоомжийг сурталчлан таниулж, зөвлөгөө өгч, туслалцааг үзүүлэн, 2871 ширхэг санамж сэрэмжлүүлгийг тараан ажиллажээ.

Баяр наадмын өдрүүдэд гадаадын жуулчдаас өртөгдөн хохирсон гэмт хэрэг 2 бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 7 нэгжээр буюу 88.8 хувиар буурсан үзүүлэлттэй эерэг дүн харагдаж байна.

Баяр наадам дууссаны дараа 88 оюутан цагдааг Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, Иргэний агаарын тээвэр, Төмөр замын цагдаагийн хэлтсүүдэд дахин хуваарилан 44 чиглэлд ажиллуулан үр дүнг өдөр тутам тооцож, хяналт тавьж ажиллаж байна.

“Оюутан цагдаа”-г ажиллуулж эхэлснээр Нийслэл хотод аялал жуулчлалааар ирж байгаа гадаадын иргэд, жуулчид өөрийн хэрэгцээт мэдээлэл, дэмжлэг туслалцаа зөвлөгөө авч, Улаанбаатар хотод байрлалтай аялал жуулчлалын үйл ажиллагаатай холбоотой газар, үйлчилгээний байршлын талаарх шаардлагатай мэдээллийг авдаг болсон нь үр дүнтэй, ач холбогдолтой ажил болж байгаа юм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *