“Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаагийн өмгөөлөгч Б.Дашдоржтой ярилцлаа.
-Та үйлчлүүлэгчтэйгээ уулзаад иржээ. Сэтгэл санаа нь хүнд байгаа байх.
-Шүүгч алхаа цохилоо. Тахарын албаныхан хойд хаалгаар гаргаад л шорон руу аччихсан шүү дээ. Гэрийнхэнтэй нь ч уулзуулаагүй. Юу болоод байгааг тэр хүн ойлгохгүй байна. Өнөөдөр очиход хамгийн түрүүнд хүүгээ асуучихаад “Өчигдөр юу болоод өнгөрсөн бэ” гэж байна лээ. Тайлбарлаад ч бодит байдал дээр бууж өгөхгүй байх шиг байна. Өмгөөлөгчийнх нь хувьд аль болох өөрийгөө завгүй байлга, ном их унш л гэж зөвлөлөө.
-Та бүхэн шүүх ямар шийдвэр гаргана гэж таамаглаж байв?
-Өмгөөлөгчдийн зүгээс Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.6 буюу санаатайгаар, онц хэрцгий аргаар хүний биед хүнд гэмтэл учруулсан гэдэг зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн хэргийн бүрдэл хангагдаагүй, нэмэлт мөрдөн байцаалт хийх шаардлагатай байсан учраас хэргийг буцаах саналтайгаар шүүх хуралдаанд оролцсон. Шүүгчид маш удаан зөвлөлдсөн шүү дээ. Тиймээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаах байх гэсэн хүлээлттэй байлаа. Анхан шатны шүүх ийм шийдвэр гаргана гэж үнэндээ тааварлаагүй. Шүүх бүрэлдэхүүн дотоод итгэлээрээ, хавтаст хэрэг дэх баримтуудад тулгуурлан шийдвэрээ гаргасан юм болов уу даа. Бид анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас давж заалдана.
-Хэргийн бүрдэлд юу дутуу байсан юм бэ?
-Гэмт хэрэг гарах болсон нөхцөл шалтгаан юу байсныг тогтоох ёстой. Нэр бүхий хүмүүсээс мэдүүлэг авч, тодруулах асуудал хийгдээгүй. Хохирогчийн гэмтлийн зэргийг дахин тогтоолгох, нэр бүхий хүмүүсийг гэрчээр байцаалгах хүсэлтийг хоёр удаа гаргасан ч прокурорын байгууллага хүлээж аваагүй.
-Хоёр бүсгүйн маргааныг хамтлагийн ахлагчтай холбож ярих хүмүүс ч бий. Хавтаст хэрэгт хамтлагийн ахлагч Н.Ариунболдоос мэдүүлэг авсан уу?
-Хавтаст хэрэгт Н.Ариунболд мэдүүлэг өгөөгүй. Мэдүүлэг авах шаардлагатай хүмүүсийн дотор тэр хүн ч бий.
-Олон нийт хоёр бүсгүйг хамтран уран бүтээл хийдэг, сайхан эгч дүүс гэж хардаг байсан. Өөрсдөө ч тэгж ярьдаг байлаа. Харин хэрэг гарснаас хойш тэдний маргааныг эр хүнээс болсон гэх зэрэг таамаг ярих олон хүн байна.
-Хувь хүн өөрийнхөө бодлоор л асуудалд хандаад, дүгнэлт өгөөд байна. Нэгэнт хувь хүний нууцтай холбоотой учраас “Тийм зүйл байхгүй” гэж хариулах боломж надад алга. Бодит байдал дээр хүмүүсийн таамаглаж байгаагаар биш өөр асуудлаар л хэрэг шийдэгдээд байгаа шүү дээ.
-Шүүхийн шийдвэр танай үйлчлүүлэгчээс гадна Д.Оюунтуулд маш хүнд тусч байгаа нь харагдсан. Д.Оюунтуулд гоо сайхны мэс засал хийлгэх зардлыг шүүгдэгчээс гаргуулаад хэргийг хөнгөрүүлэх боломж байгаагүй юм болов уу?
-Хоёр бүсгүйг эвлэрүүлэх, ойлголцуулах, биеийг нь эмчлүүлэх талаар ярилцсан зүйл бий. Гэхдээ улсын яллагчийн ялласан зүйл анги нь хохирлыг барагдуулаад, гомдолгүй болголоо гээд хэрэг хаагддаггүй зүйлчлэл. Хоёр тал хэд, хэдэн удаа уулзаж ярилцсан. Оюунтуул дээр удаа дараа очиж уучлал гуйсан. Хоёр хүн нэгийгээ ойлгоод шийдчихдэг асуудал биш гэдэг нь харамсалтай.
Миний хувьд тэднийг хоёр тийшээ харчихсан хүмүүс гэж ойлгодоггүй. Цагтаа сайн найз явсан, одоо ч сайн найзууд гэж ойлгодог. Аав ээж нь ч, найзууд нь ч “Энэ хоёр бүсгүй үнэхээр сайн найзууд. Учраа олчихно” гэж хандаж байсан. Алдармаагийн ээж Оюунтуулыг эмнэлэгт хэвтэхэд гүйгээд л очсон. Эцэг, эхчүүд нь ч нэгийгээ мэднэ. Өнөөдөр энэ хоёр хүний дунд асуудал үүсгэж байгаа гол зэвсэг нь энэ олон болсон болоогүй сайтуудын мэдээлэл. Алдармаа ийм мэдээлэл гаргуулсан, Оюунтуул тэр мэдээллийг тавиулсан гэх зэргээр асуудлыг улам бүр хурцатгаж байсан.
-Шүүх хуралдаан дээр Ц.Алдармааг гэмшсэн шинжгүй байна гэж ярих хүн олон байлаа. “Инээлээ” гэх зэрэг олон яриа гарсан нь олон нийтэд танай үйлчлүүлэгчийн талаарх буруу хандлагыг дахин төрүүлэх шиг боллоо.
-Хэрэг гарснаас хойш хоёр дахь шүүх хуралдааныг хойшлох хүртэл мэдээллийн сайт, facebook, twitter зэрэг олон нийтийн сүлжээгээр гарч байсан мэдээллийн 98 хувь нь Алдармааг буруутгасан хандлагатай байсан. “Шүүх хуралдаанд инээж ирлээ” гэдэг юм. Буруутай зүйл хийсэн ч гэсэн хүн шүү дээ. Хүн учраас дандаа уйлаад, дандаа урвайгаад байх уу. Арван жил хамт ажилласан хамт олон нь хүлээгээд зогсч байхад сэтгэл нь хөдөлж болохгүй юм уу. Машинаас буугаад ирэхэд нь тосоод зогсч байгаа хамт олноо хараад баярласан нь л тэр.
-Шүүхийн шийдвэр гарсны дараа олон хүн “Залуу хүнд арай л хатуу ял оноолоо” гэх хүн олон байгаа. Ц.Алдармаад холбогдох хэргийн зүйлчлэлийн хамгийн бага ялыг шүүх оноосон. Өөрийг нь шалгаж байгаа хуулийн зүйл анги тийм хатуу ялтай гэдгийг танай үйлчлүүлэгч ойлгож байсан уу?
-Хоёр бүсгүй хоорондоо муудалцсан, эвлэрээд асуудал шийдэгдчихнэ гэж олон нийт харж байснаас ийм хүнд асуудал гэж ойлгоогүй байсан. Харин Алдармаад хүнд хэрэг шүү гэдгийг ойлгуулж байсан. Гэхдээ нэмэлт мөрдөн байцаалтад буцна гэсэн хүлээлт байсан учраас шүүх ийм шийдвэр гаргана гэж төсөөлөөгүй. Зүйл ангид заасан хамгийн бага ялыг оноосон мэт боловч цаана нь шалгах маш олон зүйл бий. Тэр бүхнийг шалгаад хэргийг эцэслэн шийдсэн бол гомдолгүй байсан.
-Олны танил, тэр дундаа урлагийнхны амьдрал угаасаа л олны өмнө ил байдаг. Хүүхэд, залуучууд тэднээс үлгэр авдаг. Тийм ч учраас “Шинэ үе” продакшны захирал Н.Ариунболд “Өдрийн сонин”-д ярилцлага өгөхдөө “Ёс зүйн том алдаа гаргалаа. Тэд үзэгчдээсээ уучлал гуйх ёстой” гэсэн. Алдармаа зориг гаргаад уучлал гуйсан бол олон нийтийн хандлага өөр болох байсан болов уу?
-Тэгсэн бол…, тэгэх минь яав даа гэх нь өнөөдөр оройтчихож. Тухайн үед аль алиных нь биеийн байдал хүнд, хоёулаа эмнэлэгт хэвтэж байсан. Хоёулаа тус тусдаа мэдээллийн сайтуудаас асар их дарамтыг авч байлаа.
Ерөөсөө энэ хэрэг маш том сургамж боллоо. Алдармаа ус цацсандаа огт өөрийгөө зөвтгөдөггүй. “Би нэг цохиод авчихгүй яав даа” гэдэг юм. Уураа барьж чадаагүйдээ харамсаад бардаггүй. Уурлах шалтгааныг яривал зөндөө л асуудал бий. Шүүх тэр олон асуудлыг тодруулахыг хүсээгүйд л гайхаж байгаа. Өмгөөлөгчийн зүгээс бүрэлдэхүүнтэй шинжээч томилж гэмтлийн зэргийг тогтоолгоё гэхэд л хүлээж аваагүй. Хэрэг өндрөө авчихсан болохоор прокурорын байгууллага бидний хүсэлтийг хүлээж аваагүй байх. Харин шүүхэд нийгмийн сэтгэлзүй нөлөөлөөгүй байгаасай.
-Өнгөрсөн таван сарын хугацаанд ойр байсны хувьд та Алдармаад ямар байгааг сайн ойлгож байгаа. Тийм ч учраас зарим хүмүүсийн дүгнээд байгаа “Гэм хийсэндээ тоосон царай алга” гэдэгт өөр хариулт өгөх болов уу?
-Олон нийт Алдармааг маш хүнд ялласан. Нийгмээс өгсөн ялыг тэр хүн маш сайн мэдэрч, хүлээж авсан. Сүүлдээ нойрны эм ууж байж унтдаг болсон. Эхний шүүх хуралдааны дараа Алдармаа “Би өөрийгөө хянаж чадахгүй байна. Яах вэ” гэж байсан. Алдармаагийн хувьд ёстой л муу эр хүнээс дээр эмэгтэй. Таван настай хүүтэйгээ, амьдралынхаа төлөө зүтгэж байгаа дэврүүн бүсгүй. Урлагийн хүмүүс цайлган, дэврүүн, сэтгэлийн хөдөлгөөнтэй байдаг юм байна. Хамтлагийнхан нь, найзууд нь түүний талаар надаас илүү мэдэх биз дээ. Шүүх хуралдааны өмнө Алдармаа “Зовж явж байхад хүний чанар танигддаг юм байна. Олон сайн хүн надаас зугтаасан шүү” гэсэн. Энэ ярилцлагыг уншиж байгаа тэр олон хүн бодоосой. Хүнийг алдаж байхад түлхэхэд амар. Харин алдааг нь засаад ойлгуулаад цаашаа хамт явах хүн цөөн юм. Тийм л хүн олон байгаасай.
Бид Алдармааг эрүүгийн хариуцлагаас зугтаалгах санаа огт байхгүй. Амьдрал өөрөө олон өнгөтэй. “Би юу хийчихэв ээ” гэж тэр хүн маш их гэмшиж байгаа. Хуулийн байгууллага олон нийтийн хандлагаар биш хүн гэдэг талаас нь шийдвэрээ гаргаасай. Хэрэг юунаас гарсан, гол сэдэл, нөхцөл шалтгаануудыг олоод тухайн хүний үйлдэлд тохирсон хариуцлагыг оногдуулаасай.
-Таны үйлчлүүлэгч таван настай хүүтэй, өрх толгойлсон эмэгтэй. Шүүх хуралдаанд явахдаа хүүдээ юу гэж хэлээ бол. Ээжийнх нь талаарх мэдээллүүд хүүд яаж тусч байгаа бол гэж бодохоор олон эмэгтэй хүнд хэцүү санагдаж байгаа.
-Шүүх хурлын өмнө “Би хүүдээ гадаад руу сургуульд явлаа гээд хэлчихвэл итгэх болов уу” гэхэд нь хэлэх үг олдоогүй. Телевизээр ээжийнхээ талаарх мэдээллийг сонсоод тэр хүүд ямар байгааг хэлж мэдэхгүй байна. Өглөө гараад явсан ээжийг нь шорон руу ачигдлаа гэдгийг телевизийн мэдээнээс хараад яаж байгааг төсөөлж чадахгүй юм. Надтай уулзахаар хүүтэйгээ хамт ирчихээд “Хүүхдийн хажууд юм яриад яах вэ” гээд машиндаа хүүгээ орхиж байгаа юм. Машины гадна ээж нь хэргийн талаар ярилцаад зогсч байхад тэр хүү машиндаа инээгээд л, тоглоод л. Хүү нь дэлгүүр орж чихэр аваад өг гэж шалахад нь Алдармаа нүдэндээ нулимстай инээгээд л явж байгаа харагдсан. Ээж, хүү хоёрт төсөөлшгүй л нөхцөл бий болчихлоо. Амьдрал баян. Энэ айлд ээж, хүү хоёр хамтдаа инээх үе ирэх биз дээ.
-Ц.Алдармаа энэ бүхний дараа тайзан дээрээ дахиж гарах болов уу?
-Ёстой мэдэхгүй. Хүнд мөрөөдөл байдаг шүү дээ.
Ц.ӨРНӨХ