Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Оюу толгойгоос алдсан боломж

Оюу толгой” компани ил уурхайгаас олборлосон хүдрээ баяжуулж урд хөршид экспортолж буй. Харин зэсийн гол нөөцийг олборлох учиртай далд уурхайн бүтээн байгуулалтын хоёр дахь шатны санхүүжилт зогсоод хоёр жил болж байна. Оюу толгойн нөөцийн 80 хувь нь гүндээ бий. Далд уурхайн бүтээн байгуулалт дуусч байж Оюу толгой гол нөөц рүүгээ орно гэсэн үг. Далд уурхайн санхүүжилт гацаж бүтээн байгуулалт зогсоогүй бол эдийн засагт ямар эерэг нөлөө үзүүлэх байсныг тоо­цоолж үзсэн хүн одоогоор алга. Ингэхэд Оюу толгойн бүтээн байгуулалт зогссоноор монголчууд ямар боломжуудыг алдсан бол. Тооцоолох гээд үзье.

Оюу толгой төсөл 2013, 2014 онуудад нийтдээ хоёр тэрбум ам.доллар зарцуулах байж. Том төслийн зарцуулалт эдийн засагт яаж нөлөөлөх нь тодорхой. Татвар болж төсөвт очно. Төсөв мөнгөжихийн хэрээр хамгийн наад зах нь л төсвийн ажилчид цалингаа асуудалгүй авна. Цомхтголд өртөж ажилгүй болно гэх айдасгүй ажиллана. Мега төсөл хэрэгжиж эхлэхээр ажилчдын хоол, унд, хувцас, бензин шатахуун, сэлбэг хэрэгсэл гээд хэрэглээ нь өснө. Дотоодын бизнесүүдээс хэрэглээгээ худалдаж аваад эхлэхээр эдийн засагт шууд нөлөө нь мэдрэгдээд ирнэ.

Тооцоогоо бүр ахиулъя. Оюу толгой төслийн зарцуулах байсан нэг тэрбум төгрөгийн53 хувь буюу 553 сая ам.доллар нь эдийн засагт шууд нөлөөлөх байж. Энэ мөнгөний 40 хувь нь дотоодын ханган нийлүүлэгчдээр дамжиж зах зээлд эргэлдэнэ гэсэн тооцоо гарч байна. Төсвийн ажилчдын цалинд 40 сая ам.доллар зарцуулах байсныгонцолъё. Эдийн засгийн шууд бус нөлөөний хувьд ч яг таг тоо хэлж болно. 450 орчим сая ам.доллар ханган нийлүүлэгчдээр дамжиж, бараа бүтээгдэхүүн, цалин, үйл ажиллагаандзарцуулагдах боломжийг бид алджээ. Энэ мөнгөний 37 хувь нь дотоодын гэрээлэгчдэд очих байж. Ханган нийлүүлэгч компани, тэнд ажилладагажилчдаас нийтдээ 90 орчим сая ам.доллар татвар хэлбэрээр улсын төсвийг арвижуулах байсан боломжоо ч бид өнгөрсөн хугацаанд алдаад байна. Ханган нийлүүлэгч байгууллагуудаас60 орчим сая ам.доллар төсвөөс цалинждаг хүмүүст очих байжээ. Энэ хэмжээний мөнгөөр улсад ажилладаг 2500 хүний цалин хөлсийг өлхөн тавьчихна.

Оюу толгой төслийн далд уурхайн санхүүжилт гацсанаасболж эдийн засагт эргэлтэнд орох байсан хэчнээн ам.доллар алга болчихов гэсэн асуултад хариу хайя. 1.55 тэрбум ам.доллар эргэлтэд орох байсан гэсэн тооцоог эдийн засагчид гаргажээ. Бараг л гурван их наяд төгрөг. Оюу толгой төсөл нэг жилд тэрбум ам.доллар зарна гэхээржил бүр дунджаар 500 сая ам.доллар гадаадын шууд хөрөнгө оруулалтаар Монголд орж ирэх байсан гэсэн үг. Энэ боломжоо ч бид алдаад байна.

Бас нэг тооцоо сонирхъё. Оюу толгой төсөл, энэ төслийнханган нийлүүлэгчид, ханган нийлүүлэгч компаниудын ажилчдаас шууд татвар хэлбэрээр авах мөнгө ч чамлахааргүй байж. Нийт зарцуулалтын 9-11 хувьтай тэнцэх мөнгө төсөвт орох байжээ. Оюу толгой төсөл энэ хэмжээний мөнгө зарцуулсан бол дотоодын нийт бүтээгдэхүүний 4-5 хувьтай тэнцэх хэмжээний шинэ бизнесүүд бий болно гэсэн анхаарал татахаар тооцоо ч байна.

Тэгэхээр өнгөрсөн хоёр жилд бид ийм боломжуудыг алджээ. Боломжийг алдсанаар ямар эрсдэлд хүрснээ эргэж харъя.

Оюу толгойн далд уурхайн санхүүжилт зогсч, Засгийн газар“Рио” хоёр хэлэлцээрийн ширээний ард сууснаас хойш гадаад хөрөнгө оруулалт огцом буурсан. Энэ оны нэгдүгээр улирлын төлбөрийн тэнцлийн урьдчилсан гүйцэтгэлээр гадаадын шууд хөрөнгө оруулалт 72.2 сая ам.долларын алдагдалтай гарсан гэх мэдээллийг Монгол банкнаас өгчбайна. Өнгөрсөн оны эхний улиралд 294 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирж. Харин өдгөө 72.2 саяар буурч 366 сая ам.доллар руу уруудаад байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт жил бүр буурч байгааг энэ харьцуулалтаас харчихаж болно. Гадаадын хөрөнгө оруулалтын урсгал татарчихаар ам.долларын ханш өсдөг. Доллар ховордох тусам ханшаа барихад хэцүү, төгрөг үнэгүйдэхэд ойрхон байна гэсэн анхааруулгыг Төв банкныхан өгч байна. Оюу толгой гацсан үед буюу 2012 онд 1400 төгрөг байсан ам.долларын ханш өнөөдөр 1995 төгрөгт хүрсэн. Гол шалтгаан нь эрс буурсан гадаадын хөрөнгө оруулалт.

Монгол руу чиглэсэн том хөрөнгө оруулалтууд хүлээлтийн горимд шилжчихээд байгаа. Тэд Оюу толгой төсөл урагшлах эсэхийг харж суугаа. Бас Монгол Улсын зээлжих зэрэглэл хөрөнгө оруулахад өндөр эрсдэлтэй гэсэн ангилал руу уруудчихсан яваа. Зээлжих зэрэглэл муудах тусам Монголын компаниудын гадны зах зээлээс мөнгө босгох боломж нь хумигдана.Олон улсын банк, санхүүгийн байгууллагаас зээл авахад хэцүү болно. Уг нь зээлжих зэрэглэл өндөр бол олон улсын зах зээлээс хямд хүүтэй мөнгө босгож эдийн засгаа тэтгэх боломж бий. Одоогийн байгаа зээлжих зэрэглэлийн B гэсэн үнэлгээг нэг шатаар ахиулахад л хөрөнгө оруулахад таатай гэсэн ангилалд багтчихна гэж Эдийн засгийн форумын үеэр ярьж байсан. Зээлжих зэрэглэлийг ахиулах нэг том гарц нь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гэж эдийн засагчид ам нийлүүлдэг. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд гадны хамгийн том хөрөнгө оруулалттай Оюу толгойгоо хөдөлгөхөөс өөр гарц харагдахгүй байна.

Том төслөө хөдөлгөөгүйгээс болж гарах нэг том эрсдэл бий. Тэр нь “Чингис” бондын эргэн төлөлт. Засгийн газрын гадны хөрөнгө оруулагчдаас авсан мөнгөө эргүүлж төлөх хугацаа 2017 он. Яг одоогийн байдлаар Монгол Улсын төсөвт бондынөрөө буцаан төлөх мөнгө байхгүй. Том төслөө хөдөлгөж байж л бондын мөнгөө буцаан төлөх боломжтой гэж эдийн засагчид сануулдаг. Хэрвээ далд уурхайн өндөр агуулгатай хүдрээс бүтээгдэхүүн гаргаад эхэлсэн бол улсад төлөх татвар, төлбөрийн баримжаа гурван тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Энэ мөнгө бол 2018-2025 онуудад төлөх татвар хураамжийн хэмжээ. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжилбэл “Чингис” бонд зэрэг гадаад өрийг төлөхөд төсөвт дарамт учрахгүй гэж шинжээчид хэлж байна.

Оюу толгой эдийн засагт ингэж нөлөөлжээ

Хөрөнгө оруулалтын үржүүлэх нөлөө гэсэн ойлголт бий. Олон улсад бүр Investment multiplierгэсэн нэршилтэй. Манайх шиг чөлөөт зах зээлийн эдийн засагтай улсад энэ аргачлалыг хэрэглэдэг. Зорилго нь төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын эдийн засаг дахь зөв нөлөөг гаргах. Ухаандаа Оюу толгой шиг төр, хувийн хэвшил хамтарсан төслийн эдийн засагт үзүүлж байгаажинхэнэ, бодитойөгөөжийг гаргаж ирэх арга гээд ойлгочихож болно. Энэ аргыг анх хэрэглэсэн улс нь АНУ. Өнгөрсөн зууны эхээр буюу 1930 оноос хэрэглэж эхэлжээ. Монголд яг одоо хэрэгжиж буй төр, хувийн хэвшлийн хамтарсан, гадаадын хөрөнгө оруулалттай томтөсөл гэвэл ганцОюутолгой л байна. Таван толгойг засаг, хувийн хэвшил хамтарч хөдөлгөнө гэсэн эерэг мэссэж бий. Гэхдээ яг одоогоор шийдлээ олоогүй байгаа.

Монголчууд том төслүүдээ хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөөгөөр хэмжиж үзсэн удаагүй. Оюу толгой дээр гэхэд шууд оруулсан мөнгийг нь л хөрөнгө оруулалт гэж үздэг. Монголын эдийн засагт Оюу толгой ийм нөлөө үзүүлжээ гэсэн өнцгөөс үнэлсэн тоо харагддаггүй. Хөрөнгө оруулалтын өгөөж хөгжингүй оронд бага, хөгжиж байгаа улсад илүү байдаг гэж шинжээчид онцолдог. Тэгэхээр манай улсын хувьд том хөрөнгө оруулалтын нөлөө өндөр тусна гэсэн үг.

Хөрөнгө оруулалтын үр нөлөөг “татвар ба хөгжил” гэсэн аргачлалыг ашиглаж хэмждэг юм билээ. Татвар нь шууд хэмжиж болох орлого. Харин хөгжил нь мөнгөн үзүүлэлтэд шилжүүлсэн шууд бус эдийн засгийн үр нөлөө. Манай улсын хувьд татварыг нь онцлоод шууд бус үр өгөөжийг нь орхичихдог. Ер нь баялгаа гаргаж буй орнуудын хувьд хөрөнгө оруулагчаас авсан татвараа чамлах хандлага гаргадаг нь хөрөнгө оруулалтын шууд бус өгөөжийг ойлгодоггүйтэй холбоотой гэж эдийн засагчид хэлдэг. Баялгаа ашиглаад хөгжсөн улсуудын хувьд ийм хандлага бага, Замби мэт баялагтай ч өнөө хэр хөгжил буурай улсын хувьд харин өндөр байдгийг судлаач, шинжээчид баримт нотолгоотойгоор гаргаад ирсэн байдаг.

Оюу толгойн бүтээн байгуулалтад нийтдээ 6.49 тэрбум ам.доллар зарцуулсан гэсэн статистик бий. Гэхдээ эдийн засаг талаас нь харвал энэ мөнгөнөөс илүү өгөөж үлдсэн. Хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөө нь их байсан гээд ойлгочихож болно. Баримтаар нотолъё. Бүтээн байгуулалт ид өрнөж байх үед өмнийн говьд 3000 орчим хүн ажиллаж байв. Ийм тооныгэр бүл энэ төслөөс амьжиргаагаа залгуулж байсан гэсэн үг. Нэг хүний ард гурван хүн бий гэж бодоход бараг арван мянган хүнийг Оюу толгой тэжээж байж. Тэдний олонх нь байр, машины зээл авч амьдралаа дээшлүүлсэн. Байнгын дажгүй орлоготой учраас л амьдрал ахуйгаа дээшлүүлсэн хэрэг. Цалин багатай, урьдчилгаагаа өгч чадахгүй иргэдийн хувьд байрны зээл асуудал болдог. Орлого нь хүрсэн ч урьдчилгаагаа төлж чадахгүй учраас байрны зээлд хамрагдаж чадахгүй яваа залуус олон бий. Харин Оюу толгой зэрэг уул уурхайн ашигтай, цалин дажгүй өгдөг төслүүдэд ажилладаг залуусын хувьд байдал өөр байсныг ипотекийн зээлийн статистикаас харж болно. Уул уурхайн салбарт ажилладаг хүмүүс байрны зээлд төвөггүй хамрагдсан байдаг. Үүнийг л хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөө гээд байгаа юм.

Оюу толгой боловсрол сургалтанд гэхэд л 126 сая ам.долларыг таван жилийн хугацаанд зарцуулахаар төлөвлөсөн гэсэн тооцоо бий. Төгрөгт шилжүүлж тооцволхэдэн тэрбум хол давсан мөнгө. Энэ мөнгөөр Өмнөговь аймагт уул уурхайн жишиг сургууль босгосон. Мэргэжлийн боловсрол олгох багш нарыг нь сургасан. Техник мэргэжлийн боловсрол сургалтад анхаарсан. Тэтгэлэгт сургалтуудад зориулсан. Дотоод, гадаадынтэтгэлэгт хөтөлбөр гэж зарласан. Уул уурхайн салбарт чадварлаг мэргэжлийн ажилтан, мэргэжилтнүүд бэлтгэхэд Оюу толгойгоос олон тэрбум төгрөг зарцуулаад байгаа гэсэн үг. Ирээдүйд уул уурхайн олон том төсөл хэрэгжинэ. Таван толгой, Цагаан суварга зэрэг төслүүд хэрэгжиж эхлэх үед уул уурхайн өндөр мэргэжилтнүүд нь монголчууд болчихвол энд үлдэх мөнгө тэр хэрээр ихэснэ. Том төслүүд дээр гадаадын мэргэжилтнүүд өндөр цалинтай ажиллаж байна гэсэн шүүмжлэл сонсогддог. Өндөр түвшинд бэлтгэсэн хүн нь байхгүй учраас том төслүүд гадаадаас мэргэжилтэн авчирч ажиллуулаад байгаа хэрэг л дээ. Харин Оюу толгойн эхлүүлсэн ажил үр дүнгээ өгч, уул уурхайн чиглэлийн мэргэжилтэй залуус гадаад, дотоодод сураад ирэхээр байдал өөрчлөгдөнө. Өндөр цалинтай ажлыг тэд хийнэ гэсэн үг. Уул уурхайн өндөр мэргэжилтэй залууст гадны улсуудад хэрэгжиж буй том төслүүд дээр ажиллаж их мөнгө олох боломж ч бий. Тэр тоолонд Монголд орж ирэх доллар нэмэгдсээр байна. Хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөө гэдэг нь энэ.

Оюу толгойн дотоодод зарцуулсан нийт мөнгөн дүнг сонирхъё. 2010-2015 онд Оюу толгой 4.78 тэрбум ам.долларыг дотоодод зарцуулжээ. Барагцаалбал долоон их наяд гаруй төгрөг. Монгол улсын төсвийн жилийн орлогоос давсан хэмжээний мөнгийг энэ аварга төсөл зөвхөн дотоодод зарцуулжээ. Энэ их мөнгөний 76 хувийг зөвхөн монгол компаниудад хийсэн төлбөр эзэлж байна. Оюу толгойгоос мөнгө авсан монгол компаниуд, тэр компаниудад ажилладаг гэр бүлүүд амьдрал ахуйгаа давгүй аваад явсан гэсэн үг. Оюу толгойн Монголд зарцуулсан мөнгөн хөрөнгөний таван хувь нь үндсэн болон гэрээт ажилтнуудын цалин болж очжээ. Мөн л овоо хэдэн айлыг амьжиргааг залгуулсан байж таарна. Дотоодод зарцуулсан мөнгөний 19 хувь нь Монголын төсөвт байгууллагад төлсөн шууд төлбөрүүд. Өөрөөр хэлбэл татвар, нийгмийн даатгал, хураамж зэрэг бусад төлбөрт зарцуулсан мөнгө. Төсөвт орсон мөнгө төсвийн байгууллагын ажилтнуудын цалин, сургууль, цэцэрлэг, эмнэлгийг үйлчилгээнд зарцуулагдсан гэхээр Монгол Улсын иргэн бүр Оюу толгой төслийн өгөөжийг хүртсэн гэсэн үг. Хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөө гээд байгаа нь энэ л дээ.

Оюутолгой орон нутагт буюу Өмнөговьд ч багагүй хэмжээний мөнгө зарцуулсан байдаг. Дэд бүтэц тавих, малчдын худгийг нөхөн сэргээх, соёлын өвийн, байгаль орчны хөтөлбөр гээд орон нутгийн хөгжил рүү хандсан нэлээд ажил хийснийг компанийн тайлангаас харж болно. Оюу толгойн тавьсан цахилгааны шугам өмнийн говийнхонд хэрэгтэй. Барьсан зам нь ч тусаа өгч байгаа. Янзалж өгсөн худаг нь говийнхны хувьд амины хэрэгцээ. Дээр нь энэ аймгаас Оюу толгойд ханган нийлүүлэлт хийдэг хувь хүн, компаниуд гэхэд л өчнөөн. Наад зах нь хэдэн тэмээтэй Дорж гуай ингэний хоормогоо нийлүүлээд амьжиргаагаа залгуулчихаж байна. За тэгээд Оюу толгойд гэрийнх нь аль нэг нь ажилладаг айл Өмнөговьд олон. Тэд эдийн засаг хямралтай ийм үед энэ төслийн өгөөжөөр ажилтай, орлоготой дажгүй яваа. Хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөө Өмнөговьд гэхэд л ийм байх жишээний.

Монгол шиг байгалийн баялагтай, ирээдүйд хөгжих өндөр боломжтой улсууд олон бий. Тэднээс ялгарч өрсөлдөх нэг тал бидэнд бий.Оюу толгой шиг том хөрөнгө оруулалт шаардсан төслөө хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөөгөөр хэмжиж, бодитой үр дүнг нь тооцоод сурчихвал л Монгол уул уурхайн салбартаа түшиглээдхөгжилд хүрччадна.

Ц.Баасансүрэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *