ОУВС Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийнхөө үнэлгээ, тайланг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш гаргасангүй. Тавдугаар шатны үнэлгээг түрүү оны сүүлээр хийж цахим хуудсандаа тавьснаас хойш зургадугаар шатны тайлангийн сураг өнөө хүртэл алга. Тайлан гарахгүй бол дараагийн шатанд орж ирэх мөнгө түгжигдэнэ. Орж ирэх долларын урсгал нь гацчихсан учраас улстөрчид Валютын сангийн ямар ч шахалтыг хүлээж авахад бэлэн байна. Төв банкны хувьд Валютын сангийн шахаа болгонд толгой дохихгүй яваа өнгө сүүлийн үед тод анзаарагдаж байгаа. Валютын нөөц түүхэнд тохиогоогүй хэмжээнд хүрч өссөн, алт тушаалт дажгүй яваа, гадаад зах зээлд нүүрс, зэсийн ханш цойлсон хэвээр байгаа, Оюу толгойгоо гацаачихгүй бол эдийн засаг өснө гэсэн тайлбарыг Монголбанкны зүгээс өгдөг. Үнэн л дээ, мега төслөө гацаачихгүйхэн шиг аж төрөхөд улсаараа дажгүй амьдрах боломж бий. Валютын сангийн элдэв шахалтад автахгүйгээр амьдрах боломж уг нь бий. Нэг талд нь төв банк боломжоо ашиглаад урагшилъя гээд, нөгөө талд нь засаг ямар ч шахалтыг нь хүлээн зөвшөөрөөд доллар авна гэж зүтгэж байгаа зураг харагдаад байх юм.
Сүүлд гэхэд л валютын сангийн шахалтаар яалт ч үгүй гаргасан нэг шийдвэр бий. Өнгөрсөн сарын сүүлээр банкны системийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг чангатгасан юм. Ер нь банкуудын шалгуур, дүрэм, журмыг чангалах тусам зээл олголт хумигддаг. Зүй тогтол нь ийм хойно, шийдвэр гарснаас хойш банкууд зээл гаргах дургүй болж, иргэд хүү өндөртэй банк бус руу хандахаас аргагүйд хүрээд байгаа. Зээл гарахгүй байх тусам эдийн засаг агшина, хэрэгжихгүй гацах бизнесийн төслүүдийн тоо нэмэгдэнэ. Энэ янзаараа удвал эдийн засаг найман хувиар өсөхтэй манатай болно. Валютын сангийн дараагийн шахалтуудыг хүлээж авахгүй гэж гэдийж байгаа учраас төв банкны ерөнхийлөгчийг огцруулах тухай яриа хүчээ авсан байх өндөр магадлалтай.
Валютын сангийнхан активынх чанарын үнэлгээ хийж тав, зургаан банкинд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх үүрэг өгч байсан юм. Банкууд ч хэлсэн ёсоор нь хөрөнгөө нэмэгдүүлсэн тухай төв банкнаас мэдээлсэн удаатай. Гэтэл одоо Валютын сангийнхан банкуудыг ямар эх үүсвэрээр өөрийн хөрөнгөө бүрдүүлснийг нь шалгана гэж байгаа юм билээ. Бакуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрийг шалгах компанитай гэрээ байгуулах шатанд яваа гэсэн мэдээлэл чих дэлсэж байна. Зарим эх сурвалжийн мэдээллээр ОУВС санхүүгийн мөрдлөг хийдэг компани хөлслөх хүсэлтийг засагт тавьсан бололтой. Засаг хүсэлтийг нь зөвшөөрвөл валютын сангийн хөтөлбөрийн дараагийн шатны мөнгө орж ирэх юм.
Активын чанарын эхний үнэлгээгээр манай улс хамгийн үнэ цэнэтэй хувийн хэвшлийн мэдээллээ ба, бэ-гүй дэлгээд өгчихсөн. Одоо яригдаж буй гадны мөрдлөгийн компани ажиллаад эхэлбэл хувийн хэвшил, иргэдийн илүү нарийн мэдээллүүд гадныханд ил болно. Өөрөөр хэлбэл санхүүгийн ой санамжаа тэр чигт нь бусдад өгнө гэсэн үг.
Банкуудыг шалгах нэрийн дор иргэдийн, компаниудын нарийн ширийн мэдээлэлд халдаж байгаа нь эдийн засгийн аюулгүй байдал талаасаа эрсдэл өндөртэй. Банкны тухай хуульд банкууд иргэн, компанийн данс, санхүүгийн мэдээллийг гуравхан тохиолдолд ил болгох заалт бий. Харилцагч өөрөө хүсвэл гаргаж өгнө. Монголбанкинд мэдээлнэ. Хүчний байгууллага шаардсан тохиолдолд дэлгэдэг. Энэ заалт активын чанарын үнэлгээ хийхэд зөрчигдсөн. ОУВС нэг хүний мэдээллийг гэхэд 110 орчим зүйлээр авсан гэх мэдээлэл бий. Хуулийн энэ заалт дахиад зөрчигдөх ч эрсдэл хаалга тогшиж байна. Хэдэн доллар авахын тулд бусдад хамгаа дэлгэж тонголзсоноос уул уурхайн том төслүүдээ хөдөлгөж, өөрсдийнхөө толгойгоор сэтгэж, урагшлах боломж бий дээ уг нь.