Categories
гадаад мэдээ

Оросын байгалийн хийгээс Литва улс бүрэн татгалзжээ DNN.mn

2.8 сая хүн амтай Литва улс Оросын байгалийн хийн хамаарлаас бүрэн салж байгаагаа зарласнаар Европын Холбооны 27 гишүүн улсын дотроос анхдагч болжээ.

“Оросын эрчим хүчний дарамт шахалт, Украинд явуулж буй дайны хариуд Литва улс Оросын байгалийн хийгээс бүрэн татгалзаж байна” гэж тус улсын эрчим хүчний яам Бямба гарагийн орой мэдэгдсэн байна.

Ингэснээр Литва улс дөрөвдүгээр сараас эхлэн ОХУ-аас байгалийн хий авахаа бүрмөсөн зогсоож байгаа ажээ.

“Газпромоос байгалийн хий авдаг Европын Холбооны гишүүн орнууд дотроос Литва улс анх удаа Оросоос хамааралгүй боллоо. Энэ бол олон жилийн зөв бодлого, дэд бүтцийн шийдлийг цаг хугацаанд нь оновчтой нэвтрүүлсний үр дүн юм” гэж Литва улсын эрчим хүчний сайд Дайниус Крейвис ярьсан байна.

Тус улсын ерөнхийлөгч Гитанас Науседа мөн энэ тухай твиттер хуудсандаа мэдэгдээд Европын бусад улсуудад ижил арга хэмжээ авахыг уриалжээ.

“Энэ сараас эхлэн Литва улс Оросын байгалийн хийг хэрэглэхгүй болж байна. Олон жилийн өмнө зөв шийдвэр гаргасан нь өнөөдөр бидэнд түрэмгийлэгчээс эрчим хүчний хамааралгүй болох боломж олголоо. Хэрвээ бид чадаж байгаа бол Европын бусад улсууд ч чадах ёстой” гэж тэр бичсэн байна.

2015 оныг хүртэл Литвийн байгалийн хийн хэрэглээ 100 хувь ОХУ-аас хамааралтай байсан юм. Гэвч 2014 оноос Клайпеда боомт хотод байгуулж эхэлсэн шингэрүүлсэн хий импортлох терминал ашиглалтад орсноор сүүлийн жилүүдэд хамаарал нь аажмаар буурсан байна.

Одоо тус улсын дотоод хэрэгцээний хий бүхэлдээ Клайпеда дахь терминалаар импортлогдох болжээ.

Литвийн хөрш Эстони, Латви улсууд мөн шингэрүүлсэн хийн терминалтай болох талаар судалж эхлээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *