Categories
мэдээ эдийн-засаг

Орон нутгийн төсвийн ил тод байдал хангалтгүй байна

Нээлттэй Нийгэм Форум (ННФ)-аас  орон нутгийн төсвийн ил тод байдлыг  хоёр дахь удаагаа үнэлсэн судалгааны тайланг мэдээлэхээр хэвлэлийн хурал хийв. Орон нутгийн төсвийн нийт зарлага 2013 онд 1.8 орчим их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 10.6 хувьд хүрч, өмнөх онтой харьцуулахад 2.5 дахин өсчээ. “Жил бүр ийнхүү өсөн нэмэгдэж буй төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, иргэдэд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах,  төсөв захиран зарцуулагчдын хариуцлагыг дээшлүүлэхэд орон  нутгийн төсвийн ил тод, нээлттэй байдлыг хангах нь нэн чухал үүрэгтэй” гэж тэд үзэж байна. 

2013 оны 10 дугаар сараас 2014 оны хоёрдугаар  сар хүртэл дөрвөн сарын хугацаанд 2013 оны орон нутгийн төсвийн үйл явц, батлагдсан төсөв болон төсвийн холбогдолтой гарсан шийдвэр, баримт бичгүүдийн ил тод байдлыг үнэлжээ. “Судалгааны дүн орон нутгийн төсвийн ил тод байдал хангалтгүй хэвээр байгааг харууллаа” гэж Нээлттэй нийгэм форумынхан дүгнэж байна. Аймаг, нийслэлийн дундаж оноо 36 буюу нийт авбал зохих онооны дөнгөж гуравны нэгд хүрч байна. 2011 оны судалгаагаар энэ оноо 35 байсан юм. Энэ нь төсвийн ил тод байдлыг хангах талаар гарсан хууль тогтоомжийн хэрэгжилт орон нутгийн захиргааны байгууллагуудын анхаарлын төвд ороогүй байгааг харуулж байна. Төсвийн явцын талаар иргэдэд мэдээлэл өгдөггүй, хаалттай учраас санал бодлоо илэрхийлэх, тусгах ямар ч боломжгүй байсныг олж тогтоожээ. Нийслэл Улаанбаатар хот дангаараа харьцангуй өндөр оноо авсан нь газар зүйн хувьд алслагдсан аймгуудтай харьцуулахад илүү таатай нөхцлийн илрэл болохоос биш, төсвөө иргэддээ илүү нээлттэй байлгадаг гэсэн үг биш аж.
2011 оны  судалгаанаас хойш хоёр жилийн хугацаанд төсвийн эрх зүйн зохицуулалт үндсээрээ шинэчлэгдсэн нөхцөлд энэхүү судалгаа явагдсан. Төсвийн тухай хуулийг шинэчлэн баталж, түүнд орон нутгийн төсвийн эрх мэдлийг өргөжүүлэх чиглэлээр Орон нутгийн хөгжлийн сан, түүнийг бүрдүүлэх, зарцуулах, тус сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх дараалал , арга замын талаар баг, хороодод олон нийтийн нээлттэй санал асуулга явуулах тухай олон чухал зохицуулалт орж, хэрэгжүүлэхтэй холбоотой хэд хэдэн журам, дүрмийг Сангийн сайдын тушаалаар батлан мөрдөж байна.
Түүнчлэн “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх чөлөөний тухай хууль” Батлагдаж  төсөв,  х уда лдан  авах  а ж и ллагааны  ил тод бай длыг хангах нэлээд нарийвчилсан заалтуудыг тусгасан Засгийн газрын хэд хэдэн тогтоол гарсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс “Иргэдийн оролцоотой төсвийн менежмент”-ийн санаачилга гаргаж үндэсний хэмжээний хэд хэдэн удаагийн форум зохион байгуулав. Анх удаа 2013 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хэрхэн зарцуулах талаар засаг захиргааны хамгийн анхан шатны нэгж болох баг, хороодод хэлэлцүүлэг өрнөж, аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд санал асуулга явуулсан нь янз бүрийн шалтгааны улмаас учир дутагдалтай байсан хэдий ч орон нутгийн иргэдийн анхаарлыг энэ зүгт хандуулсан чухал алхам боллоо.
̄Үүний зэрэгцээ иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс төсвийн ил тод байдлыг сайжруулах чиглэлээр төрөл бүрийн санал, санаачилга гаргаж ажилласны нэг нь 2012-2013 онд “Иргэд төсвөө хянана” төрийн бус байгууллагын сүлжээнээс “Орон нутгийн төсвийн ил тод, нээлттэй байдлын загвар стандарт”-ыг боловсруулсан юм. Энэ баримт бичигт орон нутгийн төсөв, Орон нутгийн хөгжулийн сангийн худалдан авах ажиллагаатай холбоотой эрх зүйн олон тооны, заримдаа өөр хоорондоо зөрчилдсөн зохицуулалтуудыг нэгтгэж энгийн, ойлгомжтой загвар хэлбэрт оруулсан аж.  

Аймаг, нийслэлийн төсвийн ил тод байдлын үнэлгээний дээд оноо нь 55.
 “Дунджаас дээш (43-аас дээш оноотой)” үнэлгээг Хөвсгөл, Төв, Говьсүмбэр, Дорноговь, Ховд, Увс, Өмнөговь аймгууд авсан бол “дундаж (30-42 оноотой)” үнэлгээг Улаанбаатар хот, Хэнтий, Архангай, Булган, Дархан-Уул, Дундговь, Орхон, Сүхбаатар аймгууд авчээ. Харин Дорнод, Завхан, Өвөрхангай, Говь-Алтай, Баян-Өлгий, Сэлэнгэ, Баянхонгор аймгууд “дунджаас доош (30 хүртэл оноотой)” түвшинд үнэлэгдсэн байна.
Энэ нь аймаг, нийслэлийн түвшинд төсвийн ил тод, нээлттэй байдал “нэн хангалтгүй байна” гэсэн өмнөх судалгааны үр дүнтэй адил байгааг харуулна. Өөрөөр хэлбэл, төсвийн ил тод байдлыг хангах талаар хууль тогтоомжид хангалттай олон заалт тусгагдсан боловч орон нутгийн удирдлагууд төдийлөн ач холбогдол өгсөнгүй хэмээн дүгнэж болохоор байна. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *