Categories
мэдээ нийгэм

Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүллээ

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан”-г гаргадаг билээ. Тэгвэл 2016 оны буюу тав дахь удаагийн тайланг гаргаснаа өнөөдөр олон нийтэд танилцууллаа.

Энэхүү тайланд аймгуудын давуу болон сул талуудыг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, болон дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйлийн 180 гаруй шалгуур үзүүлэлтээр харьцуулан гаргадаг аж. Мөн өмнөх жилийн тайлантай харьцуулан хамгийн их өссөн болон буурсан 20 үзүүлэлтийг гаргадаг байна.

Судалгааг хийхэд ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, иж бүрэн санаачилга хөтөлбөр, Азийн сан, МҮХАҮТ, “Мобиком” корпораци, “Ньюком групп” хамтран ажиллажээ.

Судалгаа явуулж эхэлснээс хойш Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Сүхбаатар зэрэг аймгуудын өрсөлдөх чадварын оноо тогтмол өндөр гардаг байна. Өнгөрсөн жилийн тайланд Орхон аймаг мөн л тэргүүлсэн бол Өмнөговь, Дархан-Уул аймгууд удаахв байруудад орсон байна. Харин сүүлийн байруудад Архангай, Дундговь, Говь-Алтай аймгууд эрэмбэлэгджээ.

Тайланг танилцуулах үеэр Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн ерөнхий захирал Б.Лакшми “Өрсөлдөх чадвар сайтай аймгуудад ажиглагдаж байгаа нийтлэг шинж нь үйлдвэрлэл, дэд бүтэц хөгжсөн ажлын байр болон хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бусад аймгуудтай харьцуулахад харьцангуй сайн бүрдүүлсэн байна.

Судалгааг хийж эхэлсэн 2012 онд Орхон аймаг 100 оноогоор тэргүүлж, Дундговь аймаг 27 оноотойгоор сүүлд эрэмбэлэгдэж байсан бол энэ жил Говь-Алтай аймаг 47 оноотойгоор сүүлд эрэмбэлэгдсэн. Энэ жил Дорноговь, Өвөрхангай, Баян-Өлгий зэрэг аймгууд өрсөлдөх чадварын оноогоо хамгийн ихээр ахиулсан бол Архангай, Говь-Алтай, Завхан аймгууд хамгийн их бууралттай нь байв” гэлээ.

Дорноговь аймгийн засаглал болон дэд бүтцийн үзүүлэлтүүд өссөн үзүүлэлттэй гарсан бол Өвөрхангай аймгийн эдийн засаг, бизнесийн орчны үзүүлэлтүүд өссөн нь өрсөлдөх чадьараар тэргүүлэхэд гол нөлөө үзүүлжээ. Харин Архангай аймгийн эдийн засаг болон дэд бүтцийн зарим үзүүлэлтүүд, Говь-Алтай аймгийн бизнесийн орчин болон дэд бүтцийн зарим үзүүлэлтүүд буурсан нь өрсөлдөх чадварын оноо буурахад түлхүү нөлөөлсөн аж.

Судалгааг хийхдээ аймаг тус бүрээс 50, нийт 1,050 бизнес эрхлэгчээс санал асуулга авсан байна. Тэднээс бизнес эрхлэхэд тулгардаг бэрхшээлийн талаар ч асуусан гэлээ. Бизнес эрхлэгчид татвар, зээлийн бодлогоор дэмжих, банкуудын зээлийн хүүг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах гэсэн хариултыг хамгийн олон удаа өгчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *