Categories
мэдээ нийгэм

Органик бүтээгдэхүүнийг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээг батлав

Органик хүнсний тухай хууль, журам, аргачлал, стандартын талаарх мэдлэг, мэдээллийг сайжруулах, ач холбогдлыг сурталчлах, олон улсын сайн туршлагыг Монгол улсад нутагшуулах, Органик салбарын хөгжлийн стратеги зорилтуудыг тодорхойлох зорилгоор ХХААХҮЯ-аас Азийн болон Монголын бүтээмжийн байгууллагатай хамтран “Органик хүнс хөдөө аж ахуйн Үндэсний II чуулган” ба “Органик хүнсний баталгаажуулалт” сэдэвт сургалтыг 2 дахь жилдээ 2017 оны 11 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Сургалтад үйлдвэрлэгч, хэрэглэгч, төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, орон нутгийн хүнсний асуудал эрхэлсэн ажилтнууд зэрэг 100 орчим төлөөлөгчид хамрагдаж, үндсэн илтгэгчээр Азийн бүтээмжийн байгууллагын зөвлөх Ноён Лорензо Перис ажиллалаа.

Органик хүнсний үйлдвэрлэл нь хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжих, экосистемийн тэнцвэртэй байдлыг хангах, хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулах нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэгтэй.

Өнөөдөр дэлхийн 172 улсад органик үйлдвэрлэл эрхэлж, 2.3 сая фермерүүд 43.7 сая.га талбайд 80 тэрбум америк долларын органик хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, хэрэглэгчдэд хүргэж байна. Сүүлийн жилүүдэд органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл жил бүр 20 гаруй хувийн өсөлттэй байна.

Органик хөдөө аж ахуйн салбар хамгийн сайн хөгжсөн улс орны тоонд Австри, Лихтенштейн, Австрали, АНУ, Шинэ Зеланд зэрэг улсууд багтдаг. АНУ, Герман, Франц улсад органик бүтээгдэхүүнийг хамгийн их хэрэглэдэг ба 1 хүнд ногдох органик бүтээгдэхүүний борлуулалтаар Щвейцарь, Дани, Люксембург тэргүүлдэг юм.

Дэлхийн 88 улсад органик үйлдвэрлэлийн эрх зүйн орчин бүрдэж, 24 улсад хууль болон стандартууд төслийн шатандаа боловсруулагдаж, олон улсад итгэмжлэгдэж, хүлээн зөвшөөрөгдсөн 549 баталгаажуулалтын байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

Хуурамч шошготой, баталгаажуулалт хийгдээгүй органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээг таслан зогсоож, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж, үйлдвэрлэгчдийн дунд шударга өрсөлдөөнийг дэмжих зорилгоор Монгол Улсын Их хурал, Засгийн газраас “Органик хүнсний тухай” хуулийг 2016 онд баталсан.

“Органик хүнс хөдөө аж ахуйн үндэсний II чуулган” ба “органик хүнсний баталгаажуулалт” сэдэвт сургалтын үр дүнд үйлдвэрлэгчид органик хүнсний баталгаажуулалтын олон улсын туршлагаас суралцаж, өөрөө өөртөө баталгаа олгох схемийн талаар мэдлэг хуримтлуулсан. Мөн “Органик хүнс” Үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллах сонирхлоо илэрхийлсэн төлөөлөгчдийн саналыг хэлэлцэн, Органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ, органик салбарын урианы төслийг чуулганаар хэлэлцэж, төлөөлөгчдийн 100%-ийн саналаар дэмжигдсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *