Categories
мэдээ нийгэм цаг-үе

Орчны халдваргүйтгэл ирэх сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 8-ныг хүртэлх хугацаанд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэг, эмнэлэг болоод томоохон зах, худалдааны төвүүдийн гадна орчинд халдваргүйтгэл хийж буй.

Мананцар үүсгэгч тусгай зориулалтын автомашинаар халдваргүйтгэлийг хийж байгаа бөгөөд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс орчны халдваргүйтгэлийг эхэлсэн юм. Орчны халдваргүйтгэл эхэлснээс хойш 36 томоохон зах, худалдааны төв, 32 эмнэлэг, 178 цэцэрлэгт, 48 ерөнхий боловсролын болоод их, дээд сургуулийг хамруулан ариутгажээ.

Нийслэлийн Хот тохижилтын газрын харьяанд мананцар үүсгэгч, найман тоннын багтаамжтай таван машин байдаг. Энэ удаагийн халдваргүйтгэлийн ажилд дөрвөн машин ашиглаж, хувийн хэвшлийн байгууллагаас дөрвөн тоннын багтаамжтай хоёр машин нэмэлтээр ажиллуулж байгаа юм.

Манай улсад клорсепт 17, жавельон, гипохлорит кальци болон просон гэх бодисуудыг халдваргүйтгэлд хэрэглэдэг. Энэ удаагийн халдваргүйтгэлд Англи Улсад үйлдвэрлэсэн просон хэмээх бодисыг хэрэглэж байгаа бөгөөд найман тонн усанд зургаан сав бодис хийн найруулдаг аж.

Эдгээр ариутгалын бодис нь хүрээлэн буй орчин болоод хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэдгийг ариутгалын ажлыг хийж буй “Түвшинбилэг төгөлдөр” ХХК-ийн биологич Ү.Алтаншагай онцолж байв.

Түүнчлэн “Сар гаруйн хугацаанд дахин дахин хийх тус халдваргүйтгэлд 2,800 орчим сав халдваргүйтгэлийн бодис хэрэглэх тооцоо гарсан. Нийслэлийн хэмжээнд бодисын нөөц хангалттай байгаа” хэмээн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэнгийн захирал А.Нямдорж хэлж байлаа.

Халдваргүйтгэлийн ажилтай зэрэгцэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас автобусны буудлуудын цэвэрлэгээ, угаалга, ариутгалын ажлыг хийж эхэлсэн. Хуваарийн дагуу хариуцсан ариутгалын компаниуд цэвэрлэгээ, ариутгалыг гүйцэтгэж байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *