Дэлхийн бараг үндэстэн бүрийн үлгэр домогт бурхад биеийг нь сэргээж, насыг нь хязгааргүй уртасгадаг үхэшгүй мөнхийн ундаа хэрэглэдэг тухай дурдсан байдаг. Эртний Грекийн бурхад амбросиа, харин эртний Энэтхэгийнх амрита, Персийнх хаома хэмээх үхэшгүй мөнхийн ундаа уудаг хэмээн түүхийн эх сурвалжуудад тэмдэглэгдэн үлджээ.
Тэгвэл сүүлийн үед анагаах ухааны эрдэмтэд хүнийг 100, тэр ч бүү хэл 120 нас хүртэл амьдруулах эмийн бэлдмэлүүдийг амжилттай туршсан тухайгаа мэдээлэх болов. Мөн Цахиурын хөндийн IT компаниудын тэрбумтан боссууд хүний хөгшрөлттэй тэмцэх зорилготой шинэ тулгар старт-ап компаниудад хөрөнгө оруулах нь цоо шинэ хандлага болж байна.
Жишээ нь, дэлхийн толгой баян, “Amazon” компанийн үүсгэн байгуулагч жефф Безос хүний эсийг дахин программчлан хөгшрөлтийн үйл явцыг удаашруулахыг зорьж буй “Altos Labs” компанид ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн тухай мэдээлэл өнгөрсөн есдүгээр сарын эхээр цацагдсан билээ. Дахин программчилал гэдэг нь боловсорч гүйцсэн эсийг үүдэл төлөвт нь буцаах үйл явц бөгөөд “Altos Labs”-ын эрдэмтэд үүний тусламжтайгаар хүний биеийн эсүүдийг залуужуулах боломжтой гэж үзэж байгаа аж.
Анх эрдэмтэн шинья Яманака эпигенетикийн дахин программчлалын аргаар өдөөгдсөн үүдэл эсийг гаргаж авчээ. Тэрээр дөрвөн уургийн тусламжтайгаар эсийг үр хөврөлийн ойролцоо төлөв байдалд буцааж болохыг илрүүлсэн аж. Хожим тэдгээр дөрвөн уургийг эрдэмтний нэрээр “яманакагийн хүчин зүйлс” гэж нэрлэжээ. Дараа нь түүний хулганууд дээр хийсэн дахин программчлалын туршилтаар эд эсийн нөхөн төлжилтийн шинж тэмдэг илэрчээ. шинья яманака энэ чиглэлээр хийсэн судалгаагаараа Нобелийн шагнал хүртсэн юм.
“хүчин зүйлс”-ээр дамжуулан дахин программчилснаар донорын соматик эсүүд өдөөгдсөн үүдэл эс болдгийг ашиглан “Altos Labs” компани хүний эсийг орлон залуужуулах үүдэл эстэй төстэй шинэ эс гарган авах туршилтыг эхлүүлсэн юм байна. Одоогийн байдлаар “Altos Labs” дор хаяж 270 сая ам.долларын хөрөнгө босгож, эрдэмтдийнх нь жилийн орлого нэг сая гаруй ам.доллартай тэнцэх ажээ.
Тэгвэл “Google” компанийн үүсгэн байгуулагч ларри Пейж, Сергей Брин нар бүр 2013 онд хүний наслалтыг уртасгах, хөгшрөлтийг сааруулах судалгаа хийж, энэ чиглэлийн эм бэлдмэл боловсруулах “Calico” биотехнологийн компанийг санаачилжээ. Үүнээс дөрвөн жилийн дараа тэд “C4 Therapеutics” биотехнологийн компанитай хүний наслалтыг уртасгах эм зохион бүтээх таван жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан аж. “Calico” старт-ап компанид “Google” нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийснээс гадна “Apple” компанийн удирдах зөвлөлийн тэргүүн Артур левинсон ч багагүй мөнгө нэмэрлэсэн гэнэ.
Тэгвэл АНУ-ын Харвардын их сургуулийн харьяа Эм зүйн сургуулийн эрдэмтэд орчин үеийн хүмүүс удахгүй дунджаар 100 жил амьдрах болно гэж итгэл төгс мэдэгдэн дуулиан тарьсан билээ.
Тэд хүний насыг бүхэл бүтэн 25 жилээр уртасгах чадвартай шинэ эмийн бэлдмэл гарган авч өт, ялаа, хулгана зэрэг дээр туршиж үзсэн нь амжилттай болсон юм.
“Резвератрол” хэмээх тэр эмний найрлагад нь улаан усан үзэмд байдаг бодис орсон юм байна. Дашрамд дурдахад, францууд орой бүр хундага улаан дарс уувал эрүүл байхаас гадна урт насалдаг гэж үздэг билээ. Энэхүү “anti aging wonder” буюу “хөшрөлтийн эсрэг гайхамшиг” нь зөвхөн нас уртасгаад зогсохгүй хүний зүрхний үйл ажиллагааг дэмжиж, зарим төрлийн хавдрын эсрэг үйлчилгээтэй ажээ.
Үүнээс гадна японы Токиогийн их сургуулийн Анагаах ухааны эрдэм шинжилгээний хүрээлэнгийн профессор Макото Наканишигийн удирдсан эрдэмтдийн баг хөгшрөлтийг зогсоож, хүний биеийг залуужуулах эм боловсруулсан юм.
Макото Наканишигийн хэлснээр, хөгшрөлт нь үрэвслийн явцыг үүсгэдэг эсүүд эрхтнүүдэд хуримтлагдсантай холбоотой үйл явц юм байна. Тэдгээрийн нэг нь хөгшрүүлэгч сенесцент эс ажээ. Сенесцент эсүүд аажимдаа хуваагдах чадвараа алдаж эрхтнүүдэд хуримтлагдсанаар хүн хөгширдөг гэнэ.
Макото Наканиши, “Сенесцент эсүүдийг арилгачихвал тэдгээрийн үүсгэдэг үрэвслийн явцыг зогсоож, ингэснээр хөгшрөлтийн шинж тэмдгүүдийг эрс багасгах боломжтой” хэмээн тайлбарлажээ. Эрдэмтэд судалгаа хийх явцдаа хөгшрүүлэгч эс амьдрахын тулд глутаминыг глутамины хүчил болгон хувиргадаг GLS1 фермент шаардлагатай байдгийг илрүүлжээ. Тэгээд энэ ферментийг дарангуйлбал хөгшрүүлэгч эсүүдийг устгах боломжтой гэдгийг тогтоосон аж.
Японы эрдэмтэд зохион бүтээсэн эмээ хулгана дээр туршихад хулганы бөөр, элэг, уушгины үйл ажиллагаа эрс сайжирч, бие нь бүхэлдээ сэргэжээ. Хөгшрөлтөөс үүдэлтэй өөрчлөлтүүдийн нэг нь булчингийн хүч сулрах явдал. Хэрэв залуу хулгана модны нарийхан мөчир дээр 200 секундын турш тогтдог бол хөгшин хулгана 30 секундын дараа л унадаг ажээ. Тэгвэл туршилтын үр дүнд хөгшин хулгана 100 секундын турш мөчир дээр зогсож чадсан байна.
Макото Наканиши, “Ганцхан эм насжилттай холбоотой олон төрлийн өвчнийг анагааж, хүнийг залуужуулах боломжтой нь тогтоогдож байна. Бид өөрсдөө ч туршилтын үр дүнг ихэд гайхан хүлээж авсан. Бидний зохион бүтээсэн эм клиникийн туршилтын эхний шатанд ороод байна. Хэрэв эм элдэв дайвар гаж нөлөөгүй гэдэг нь тогтоодвол тун удахгүй, таван жилийн дараагаас өндөр настнуудад хэрэглэгдэж эхэлнэ гэдэгт найдаж байна. Ер нь хүн хөгшрөлттэй холбоотой элдэв өвчинд баригдалгүй 120 нас хүртэл амьдрах бүрэн боломжтой болох цаг айсуй” гэжээ.
Ийнхүү хүний амьдралыг уртасгах эм бэлдмэлүүдийн туршилт эхнээсээ амжилттай болж, тэдгээрийг боловсруулж үйлдвэрлэх шинэ тулгар компаниудад хөрөнгө оруулах сонирхол эрс нэмэгдсэнээр эртний үлгэр домогт гагцхүү бурхадын хэрэглэдэг байсан гэх “Үхэшгүй мөнхийн ундаа” шиг эм бэлдмэл ердийн хэрэглээ болох цаг алхам алхмаар ойртсоор байгаа ажээ.