Эстони, Латви, Литва улсууд хэлэлцээр хийн Оросын холбооны улс, Беларусь улсын бүх хилийн шугам дагуу цэргийн аюул заналхийллээс хамгаалах, таслан зогсоох зорилгоор төрөл бүрийн давхар хамгаалалтын байгууламж барихаар шийдвэрлэв.
Өмнө нь Балтийн орнууд “НАТО-гийн гишүүн нэг улс руу довтлох нь бүхэл бүтэн эвсэлд халдсан явдал болно” гэж үздэг байсан бөгөөд үүнийгээ “өргөст тор” тактик гэж нэрлэдэг байв. Иймээс эдгээр улсын цэрэг, армийн үүрэг нь НАТО-гийн үндсэн хүч ирэх хүртэл дайсныг барих ёстой байсан юм. Харин Украины дайн тэднийг энэ үзлээ өөрчлөхөөс өөр аргагүй болгосон байна. Ийнхүү Балтийн улсууд хилийн давхар шугам бүхий бэхлэлт барьснаар НАТО-гийн орнууд Оросын армийг дорнод хил дээр зогсоож улмаар дарах хүч чадал, чадавхтай болно гэдэгт итгэлтэй болж байгаа аж. Балтийн орнуудын энэхүү батлан хамгаалах төлөвлөгөөг Вильнюс хотод болсон НАТО-гийн хамгийн сүүлийн дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэж, баталжээ. Бэхлэлт барих нь энэ төлөвлөгөөний нэг л хэсэг юм. Үүнд Балтийн орнуудад байх НАТО-гийн цэргийг тоо болон чанарын хувьд бэхжүүлэх явдал багтаж байна.
Энэ хавар Герман, Польш болон Балтийн орнууд “Stalwart Defender” буюу “Хүчирхэг хамгаалалт” нэртэй томоохон цэргийн хээрийн сургуулилалт хийж 50 гаруй байлдааны онгоцоор 500-700 агаарын байлдааны ажиллагаа явуулж, 40 мянга гаруй цэргийн албан хаагчид оролцож Оросын түрэмгийллийг няцаах дадлага хийнэ.
Ийм хээрийн сургуулийг жилд хоёр удаа хийхээр төлөвлөж байна. Мөн Украины ерөнхийлөгч “ОХУ-тай тавин жилийн хугацаанд бүх харилцаа, холбоогоо таслах тухай” зарлигт гарын үсэг зурав. Энэ нь хил дагуу ОХУ-тай холбоотой бүх төмөр зам, авто зам, гүүрийг таслан бэхлэлт хийнэ гэсэн үг юм. Ингэснээр оросууд Европ тивээс бүрэн тусгаарлагдах нөхцөл бүрдэв.
Учир нь эдгээр улсууд руу ОХУ пуужин, дроноор л харвана уу гэхээс цэргийн хүчээр довтлох магадлал маш бага байгаа юм. Гэхдээ өнөөдөр ОХУ үндэстэн, ястнаараа хуваагдан тусгаар улсууд болох нь тодорхой болоод байна. Иймээс оросууд байгалийн баялгаа булаалдан хоорондоо байлдах үед хилийн эдгээр давхар хамгаалалт нь Оросын зүгээс ганц ч цагаач иргэн оруулахгүй, зэвсэгт бүлэглэлүүдийг нь нутагтаа нэвтрүүлэхггүй байх зориулалттай юм.
Г.АМАРСАНАА