Хуучин оноо үдэж, шинэ оноо угтахад хэдхэн хоног үлдсэн энэ мөчид аймшигт осол дахин гарлаа. Малайзын гэх тодотголтой, “Эйр Ази” компанийн162 хүнтэй “Аirbus A320” онгоц өнгөрсөн ням гаригт Индонезийн Субарая хотоос Сингапурыг зорьсон юм. Замдаа сураггүй болоод байсан тус онгоц хэдэн цагийн дараа Белитунг арлын орчим сүйрсэн болохыг тогтоосон байна. QZ8501 нислэгийн онгоц орон нутгийн цагаар Сингапурт өглөөний 08.30 цагт газардах ёстой байв. Онгоцонд нисэх багийн долоон хүнээс гадна 155 зорчигч байсны 16 нь хүүхэд бас нэг нярай байжээ. Мөн онгоцонд Өмнөд Солонгосын гурав, Малайзын нэг, Сингапур болон Францын нэг, нэг зорчигчоос гадна 156 Индонезийн иргэн байсан байна. Онгоцны ослын шалтгааны талаар хоёр ч таамгийг дэвшүүлээд байгаа аж. Үүнд, цаг агаарын таагүй байдал болон онгоцны түлш дууссанаас гэж үзэж байна. Учир нь тухайн үед аадар бороо орж байсан. “Аirbus A320″онгоцны нисгэгч осол гарахаас өмнө чиглэлээ өөрчлөх зөвшөөрөл авахаар диспетчерт хандсан байжээ. Урьдчилсан байдлаар онгоц агаарын ширүүн урсгалтай тулж, түүнээс гарах гэж түлшээ барсан бололтой. Индонезийн тээврийн аюулгүй байдлын Үндэсний хорооны тэргүүн Татанг Курнады энэ талаар мэдээлэв. Тэрбээр диспетчерүүд онгоц хяналтын дэлгэцээс сураг тасрахын өмнө нисгэгчдэдхандан байгаа өндрөөсөө 2-3 километрийн дээш гарахыг зөвлөсөн гэнэ. Т.Курнадын онцолсноор онгоцны ахмад болон хоёрдугаар нисгэгч аль аль ньтуршлагатай нисгэгчид байжээ. Гэхдээ зарим хэвлэлд онгоц сураггүй байна. Эрлийн ажлыг үргэлжлүүлж байгаа талаар ч бас мэдээлсээр байгаа аж.
Агаарын тээврийн компаниудын дотор зүүн Өмнөд Азидаа дээгүүрт ордог “Эйр Ази” компани осол гарсан газарт эрлийн ажлыг эхлүүлсэн талаар албан ёсоор мэдэгдсэн байна.Тус байгууллага нь Малайз, Индонез, Тайланд, Филиппин, Энэтхэг зэрэголон оронд салбартай. Дээрх осол нь тус компанийн түүхэнд гарсан анхны осол болоод байна. “ЭйрАзи” нь Малайз дахь агаарын тээврийн салбарын 49 хувийг эзэмшдэг аж.
МАЛАЙЗЧУУДАД ХАЛТАЙ 2014 ОН
Малайзын хоёр ч онгоц осолдон535 хүн амиа алдсан гэх дуулиан намжаагүй байхад дахин ийн Малайзын онгоц осолдсон нь дэлхий нийтийг цочирдуулав. Өнгөрсөн гуравдугаар сарын 8-ндагаарын тээврийн “Малайзын Эйрлайнез” компанийн “Куала-Лумпур-Бээжин чиглэлийн “Боинг-777-200” онгоц нислэг үйлдэж байхдаа сураггүй болсон. Онгоцонд нисэх багийн 12 гишүүнээс гадна 227 хүн байсны дийлэнх нь хятадууд. Онгоц хөөрснөөс нэг цагийн дараа радараас тасарч сураггүй болсон гэдэг. Урьдчилсан байдлаар онгоц Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт сүйрсэн байж болзошгүй гэж таамаглаж байв. Гэвч энэ таамаг батлагдаагүй юм. Олон сараар үргэлжилсэн олон улсын эрлийн багийнхны ажил талаар өнгөрсөн. Уг ажилд26 орны 6000 гаруй хүн дайчлагдан Энэтхэгийн далайд7.7 сая ам дөрвөлжин километр талбайд самналт хийсэн ч үр дүнгээ өгөөгүй билээ. Эрэл хийсэн талбайг харьцуулбал Австралийн нутаг дэвсгэртэй тэнцэх юм. Ийнхүүиргэний агаарын тээврийн түүхэнд урьд хожид гаргаж байгаагүй хамгийн өндөр зардалтай эрлийн ажил үр дүнд хүрэлгүй талаар болсон нь энэ. Осолтой холбоотой ямар ч сэжүүрийг олж чадаагүй нь харамсалтай.
Энэхүү хэрэг намжиж амжаагүй байхад дахин осол гарсан юм. Тодруулбал, өнгөрсөн долдугаар сарын 17-нд мөн “Малайзын Эйрлайнез” компанийн МН17 дугаартай Амстердамаас Куала-Лумпур чиглэлийн онгоц Украины нутаг дээгүүр нисч байхдаа сүйрсэн. Урьдчилсан таамгаар гадны нөлөө бүхий сөнөөгч онгоцонд өртөж сүйрсэн гэж үзэж байгаа. Хэргийг мөрдөх явцад онгоцыг буудаж сөнөөсөн гэдэг нь батлагддаг ч өдийг хүртэл хоёр тал бие бие рүүгээ бухсаар ирсэн билээ. Тухайн үед онгоц Украины мөргөлдөөнтэй бүс нутагт буюу Донецк мужид унасан. Онгоцонд 298 хүн байсан бүгд амь үрэгдсэн билээ. Киевийн эрх баригчид уг осолд Донбассын салан тусгаарлагчдыг буруутгадаг. Харин тэд хариуд нь 10 мянган км-ийн өндөрт нисч буй онгоцыг сөнөөх техник байхгүй гэдгээ мэдэгдэж байсан удаатай. Тэгвэл саяхан буюу арванхоёрдугаар сарын 24-нд “Украины цэргүүд “МН17″-г устгасан” гэсэн гарчигтай нийтлэл “Комсомольская правда” сонинд гарчээ. ОХУ-ын Мөрдөн байцаах хороо тус нийтлэлд бичигдсэн зүйлийг хянаж, ослын шалтгааныг илрүүлэхээр болсон байна. Энэ тухай тус хорооны төлөөлөгч Владимр Маркин мэдэгджээ.
Тэрээр “Нийтлэлд бичигдсэн бүхэн хэргийг тайлах зангилаа ч байж болох юм. Тиймээс үүнийг анхааралдаа авах болно.Юуны өмнө бидэхний ээлжинд дээрх нийтлэл үнэн эсэхийг тодруулна. Уг нийтлэлийг бичсэн сэтгүүлчтэй ч уулзах санал тавиад байгаа” гэсэн байна.Өөрийгөө Александр гэж нэрлэсэн эр “Малайзын агаарын тээврийн”МН17” нислэгийг Украины армийнхан устгасан. Түүнийг “Су-25” гэх байлдааны онгоцны нисгэгч В.Волошинпуужингаар харвасан гэжээ. Мөн тэрээр цааш нь “МН17″ сүйрэхээс хэдэн минутын өмнө Украины Днепропетровск хотоос байлдааны гурван онгоц хөөрсөн юм. Тэдний нэг болохагаар-агаар ангиллын пуужингаар тоноглогдсон”Су-25” нь зорчигч тээврийн онгоцыг харвасан хэмээн ярьжээ. Тэрээр цааш нь онгоц сүйрэх өдөр нисэх онгоцны буудал дээр ажиллаж байсан. Онгоцны нисгэгч буух үедээ “Буруу онгоц байна” гэж хэлснийг онцолсон байна. Дээрх нийтлэл гарсны дараа “Комсомольская правда” сонины уншигчид Малайзын онгоцны осолтой холбогдож буй нисгэгч нь В. Волошин гэгч мөн болохыг тогтоожээ. Тэрээр Украины зүүн хэсэгт явуулсан “алан хядахын эсрэг ажиллагаа”-нд хувь нэмэр оруулсныхаа төлөө шагнагдаж байжээ.
Д.ЦЭРЭНДОЛГОР