Гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг онцгойлон анхааруулсаар байна.
Он гарсаар Хөвсгөл, Баян-Өлгий, Завхан аймагт мөс цөмөрсөн гурван удаагийн дуудлага бүртгэгджээ. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын “Долоон гатлага” гэдэг газар нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин мөс цөмөрч суусан тухай дуудлагыг нэгдүгээр сарын 11-ний 18:50 цагт онцгой байдлын алба хүлээж авчээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Долоон гатлага гэдэг газраас Цэнгэл сумын чиглэлд долоон зорчигчтой зорчиж явсан иргэн “УАЗ-469” загварын суудлын автомашин “Шар нуур”-ын мөс цөмөрч суусан байсан тул 22:40 цагт татан гаргасан байна.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын эхний 10 хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан 5-65 см нэмэгдсэн хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм.
Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулав.