Японы Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн эрдэмтэд коронавирусийн Омикрон хувилбарын шинэ омгийг илрүүлжээ. Энэ талаар тус улсын Эрүүл Мэндийн Яам мэдээллээ.
Үүнийг тодруулбал, Сэндай хотод “КОВИД-19”-ийн шинжилгээний хариу нь эерэг гарсан иргэний сорьцод энэ сарын эхээр шинжилгээ хийхэд Омикрон хувилбарт халдварын “BA.1” болон халдварлах чадвар өндөр “BA.2” омгийн хосолсон халдварын шинэ омог илэрчээ.
Эл өвчтөнд гуравдугаар сарын сүүлээр халдварын шинж тэмдэг илэрч эхэлсэн байна. Гэсэн ч, өвчтөнд халдварын хүндэрсэн шинж тэмдэг илрэхгүйгээр эдгэрсэн ажээ. Тухайн өвчтөн нь ойрын хугацаанд хилийн чанад руу зорчоогүй учир дотооддоо халдвар авсан хэмээн судлаачид дүгнэж байгаа юм.
Шинээр илэрсэн дэд хувилбар нь мөн “BA.1” болон “BA.2”-ын хосолмол “XE” гэх омгоос арай өөр байгаа аж. “XE” омог бол анх хилийн чанадад илэрсэн ба өнгөрсөн сард Нарита олон улсын нисэх буудалд тусгаарлалтад байсан нэгэн иргэнээс илэрч байжээ.
Харин Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнд батлагдсан шинэ хувилбар нь хилийн чанадад ч, дотоодод ч бүртгэгдэж байгаагүй аж. Одоогоор тухайн шинэ төрөл нь Омикрон хувилбарын бусад омгуудаас илүү хурдан халдварладаг, мөн хүндээр өвчлүүлдэг эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн хэлснээр, “BA.1”, “BA.2”-ын аль алинаар нь халдварласан тохиолдолд генийн хосолсон хувилбар үүсэх боломжтой аж. Харин Японд “BA.2” дэд хувилбар нь сүүлийн үед түлхүү тархах болоод байгаа юм.