Categories
гадаад мэдээ

“Омикрон” хувилбар дэлхийн 38 улсад бүртгэгджээ

“COVID-19”-ийн “Омикрон” хувилбар 38 улс оронд илрээд байгаа ч уг хувилбараар халдварласан хүмүүсийн дунд нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ баасан гаригт мэдээлжээ.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Өмнөд Африкт “COVID-19”-өөр халдварласан тохиолдлын тоо гурван сая даваад байгаатай зэрэгцэн АНУ, Австралид “омикрон” хувилбараар дотоодод халдварлалсан тохиолдлууд бүртгэгдээд байна.

ДЭМБ-ын мэдээлснээр, шинэ хувилбарын халдварлах чадвар ямар болох, хүндээр өвчлүүлдэг эсэх, вакцин, эмчилгээнд ямар нөлөө үзүүлэхийг тогтооход хэдэн долоо хоногийн хугацаа шаардлагатай. “Омикрон” хувилбараар халдварласан хүмүүсийн дунд нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа ч уг хувилбарын тархалт Европт ойрын саруудад бүртгэгдэх халдварын тохиолдлуудын тэн хагасыг үүсгэж болзошгүй байна гэж тус байгууллагаас мэдээлсэн байна.

11 дүгээр сарын 24-нд шинэ хувилбарын талаар дэлхий дахинд анх мэдээлсэн Өмнөд Африкийн судлаачдын хийсэн урьдчилсан судалгаагаар өмнө нь “COVID-19”-өөр халдварлаад эдгэрсэн хүмүүсийн “омикрон”-оор халдварлах эрсдэлийг “дельта”, “бета”-гийнхтай харьцуулахад гурав дахин өндөр байгааг тогтоожээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *