Бүх ард түмний спартакиад гэж олон нийтийг хамарсан спортын үйл ажиллагаа дээхнэ үед жил бүр болдог байлаа. Анхны спартакиад 1946 онд зохиогдоход эх орны өнцөг булан бүрээс хамгийн шилдэг тэргүүний гэсэн 3000 гаруй тамирчнаа хөнгөн атлетик, хөлбөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөг, кросс, дугуй зэрэг төрлүүдээр өрсөлдүүлж байсан баримт бий.
Спартакиад сумын спартакиадаар эхэлнэ. Тэр үед одоогийнх шиг спортын элдэв клуб, дугуйлан, фитнесс энэ тэр гэж байсан биш. Үеийнхэн, хамт олон дундаа бөмбөг гайгүй шиг цохьдог, гүйж харайхдаа сайн, нуруулаг, бие хаа сайтай, хурдан шалмаг, спортод дуртай гэсэн нөхдөө “Чи тэмцээнд ор” гэж түлхээд л спартакиадад оролцох эрхийг нь өгчихдөг байлаа. Ингээд спартакиад эхлэх болоход сумын төвд энд тэндхийн бригадуудаас хэдэн хар юм хөнжил пүүгээгээ машин дээрээс шидлээд л сүртэй гэгч нь бууж ирнэ. Сумынхаа спартакиадад нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцахаар сонгогдож ирсэн тамирчид нь тэд. Сумын захад гол, горхи бараадуулсхийгээд майхнаа барьсан тэд уул хад руу гүйж, оргил булаацалдаж, элсэн дээр харайж хөлсөө гаргацгааж бэлтгэлээ базаана, хэдэн өдөр. Цээжээ нүцгэлээд толгой хүзүүгээ усаар шавшиж зогсохдоо хүртэл гимнастикаа давтана. Мар мар хийсэн тэд тэмцээн эхлэхэд гүйлт, харайлт, сагсан бөмбөг, хөлбөмбөг гээд бүх төрлөөр нь хүч үзэж хоёр гурван өдөр цуцталаа өрсөлдөцгөөгөөд сая нэг юм буларсан биетэй нөхөд бригад, гэр рүүгээ хүлгийн жолоо зална. Сумын спартакиад гэж нэг иймэрхүү л байр байдалтай спортын тэмцээн болдог байлаа.
Өнөө жил Бразилд болсон зуны XXXI олимпод манайхан яг л сумын спартакиадад оролцох гэж байгаа юм шиг хандаж, бэлтгэлээ ч тэр хэмжээнд хийсэн болоод явцгаасан. Жүдогийнхон хөнжил гудсаа ачиж аваад Баянхонгорт очиж гүйж харайгаад бэлтгэл хийснийг та бид мэдээллийн хэрэгслүүдээр зөндөө л харсан. Д.Дагвадорж чөлөөтийн хүүхдүүдийг жагсаачихаад л медаль авахгүй бол дэмий шүү, медальгүй ирвэл яахыг минь харцгаагаарай гээд л сүржин байлаа даа, олимпийн өмнө. Би ч тийм ийм, бид бол Монгол, хөх толботой, хонины л мах иддэг ард түмэн гэж онгирцгоогоод л. Эх орондоо Mongolia, Chinggis khan гэсэн баахан опен тэмцээнүүд зохиож тэрэндээ өөрсдөө түрүүлцгээгээд л, ай мөн бяртай байв аа. Тэр нээлттэй жижиг тэмцээнүүдэд гадны улсууд гурав, дөрөв, тавд жагсдаг тамирчдаа илгээхэд харин манайхан тэднийх нь өмнөөс нэг, хоёр номерын тамирчдаа гаргаж, хөзрөө дэлгэчихсэн. Гадныхан манай спортынхон, тамирчдыг ингэж л хөөргөөд хаячихсан юм. Бид тэр худлаа магтаалд нь толгой эргээд л “Риог чинь самраад хаячихъя л даа. Өрсөлдөгчдөө базаад базаад шидчихье” гээд л төдөн алт, мөнгө авна. Хүрэл медаль юу юм гэж ирээд яасан ч их хөөрөв. Тэгээд яахав онгирч, догдолсон багийнхан маань тэнд очоод болгож тавиулсан даа. Нойроо хугаслан байж цэнхэр дэлгэц ширтэн суусан олон зуун мянган хүний сэтгэлийг гонсойлготол даруулж, шидүүлж, нүдүүлж, дээрэлхүүлж байгаад ирцгээсэн. Нөгөө хөх толбо молбоо мартаад хувцас хунараа хүртэл тайлаад хүн төрөлхтний нүдийг бүлтийлгэв. Энэ үйл явдлыг шившиг эсхүл баатарлаг үйлдэл байсан гэж дэнслэхээс илүүтэй цаана нь гарч байгаа үр дагавар нь чухал юм. Хоёр дасгалжуулагч тайчсан нь эргээд чөлөөт бөхийн хойч үеийнхэнд хортой тусчих шиг боллоо. Эхнээсээ тэмцээнд оролцож чадахгүй байгаа дуулдана. Гэхдээ цаашид хэрхэхийг мэдэхгүй. Монголчууд энэ удаагийн олимпод иймэрхүү л оролцов. Саяын олимпийн тухай мэдээ сэлт, өнгөрсөн нэвтрүүлгийн давталтыг нь үзэхээс дургүй хүрэх юм. Уг нь монголчууд чинь олимп гэхээр нүд нь сэргээд, сэтгэл нь бадраад л ирдэгсэн. Баг, тамирчдынхаа оролцсон байр байдал, ааш аягийг нь үзвээс сумын спартакиадын жижигхэн тойрогт ач тач үзэж буй мэт байлаа.
Гэтэл манай хоёр хөршөөс эхлүүлээд Азийн орнууд Лондонгийн олимпийн дараачаас л Риод орох тамирчдаа сонгож вакумжсан орчинд бэлтгэлийг нь хангасан. Угаасаа ч тэгдэг. Зарим орон олимпийн тамирчдыг дэмжих шинжлэх ухааны институт хүртэл байгуулж идэх хоол унд, өмсөх зүүхээс нь эхлүүлээд бүгдийг нь шинжлэх ухаанчаар бэлдэж, амьсгалах агаар, харах байгалийг нь ч нарийн тооцож тусгай газруудад бэлтгэлийн баазаа байгуулсан байсан. Тамирчдынхаа бэлтгэлийг хангах орчинг ийн бэлдсэн тэд бэлтгэлжилт, сэтгэлзүйн тал дээр бүхэл бүтэн баг ажиллуулцгаасан. Олимп гэдэг чинь хэдэн тамирчдаа илгээсэн болоод араас нь зурагт ширтэн суудаг зүйл биш гэдгийг бид энэ удаад ухаарлаа. Ямар балар эртний үед хадан агуйд галаа манаж суугаа хүмүүс биш дээ. Энэ удаад тэнгэр заяат өөр юу ч билээ айхавтар ярьж хэлдэг юмандаа хэт итгэчихсэн ч юм шиг.
Шинжлэх ухааны тооцоолол дээр үндэслэсэн бэлтгэлийн нарийн горимоор дөрвөн жилийн турш бэлтгэгдсэн тамирчдыг нэг үгээр шинжлэх ухааны шинэ бүтээл гэж хэлж болно. Бүр нарийн яривал ирээдүйн олимпод оролцох тамирчдаа хоёр, гурван настайгаас нь л олж шинжээд бэлтгээд эхэлчихдэг. Хамгийн ойрын жишээ бол Хятад улс. Лондонгийн олимпод Хятадын усанд сэлэлтийн тамирчин охин хүний үзүүлж барамгүй амжилтыг гаргаж дэлхийг шуугиулсныг спорт сонирхогчид мартаагүй. Тэр охиныг элдвээр гоочилсны эцэст БНХАУ-д спортын шинжлэх ухаан ямар өндөр түвшинд хөгжсөнийг хүлээн зөвшөөрцгөөсөн билээ. Дэлхийн улс орнууд ингэж л олимпдоо шинжлэх ухаанчаар ханддаг. Гэтэл бид тийм мундаг амьтдын өмнөөс хар бяр чадалтай, дээр дурдсан бригадаасаа сонгогдсон адуучин, тракторчин мэтийн сумын спартакиадын залуусаа л хичнээн олныг сөргүүлж тавиад яах юм.
Олимпийн бэлтгэлд гарлаа гээд л жүдогийнхон нэг талд, чөлөөтийнхөн бас нэг уулын мухарт, боксынхон ч тэр. Медаль авах боломжтой топ төрлүүддээ бат итгээд тэдгээр спортыг авч явдаг хүмүүстээ бүр найдаад сурчихсан. Хуучны туршлагатай багш нар, олимп, дэлхийн медальтнуудын нуруун дээр хамаг ачааг өгчихнө. Өнөөдүүл нь өөрсдийн биеэр үзэж туулснаа шавь нартаа дуулгахаас биш шинжлэх ухаан, сүүлийн үеийн технологийн талаар хангалттай мэдээлэл өгдөг гэдэгт эргэлмзээр. Ядаж сэргээшийн жагсаалтад ямар төрлийн бодис нэмэгдсэнийг хурдан шуурхай мэдчихдэг мэдээлэлтэй байх хэрэгтэй.
Үндэсний шигшээ багийг багцалж атгасан үндэсний албаныхан хуучны хүмүүсийн туршлага, арга ухаан, тамирчдынхаа бяр чадал, авьяас, мэдрэмж дээр шинжлэх ухааны үр нөлөөг тусгах хэрэгтэй юм. Спорт, шинжлэх ухаан хоёрыг хослуулах л дутаад байна. Олимпийн хорооны дэргэд энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг болов уу гэж таамагламаар нэг байгууламж хашаанд нь байдаг. Тэрийгээ ч жинхэнэ утгаар нь ажиллуулаад Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэнд нь бүх тамирчныхаа мэдээллийг өгөөд судалгаа, шинжилгээг нь хийлгэ. Аливаа тамирчинд амжилт гаргах цикл, бэлтгэлийн уналт, сэргэлтийн үе гэж бий. Тэр бүгдийг нь нарийн тооцоолуулж, улсдаа гайхагддаг сайн сэтгэлзүйчдийг тамирчидтайгаа одооноос ажиллуулж эхлэх хэрэгтэй. Дэмий омогшил, онгироо занг нь дарж, сэтгэлзүйгээ дэвжээ, ринг, зам, талбайд хянаж чаддаг чадвартай, сэтгэлээр бөх болгох хэрэгтэй байна. Олимпод оролцож байгаа тамирчид бүгд л фэйсбүүк энэ тэрдээ орчихсон “Би одоо гарлаа, барилдлаа” гэж зарлаад л дор нь “Чи чадна аа”, “Чи лаг шүү. Алт аваарай” гэцгээсэн олон зуун сэтгэгдэл хөврөөд л. Яг тэр агшинд тухайн тамирчин дөрвөн жилийн бэлтгэлээрээ хүч үзэх үү. Сэтгэл хөдлөлөөр гараад үзүүлээд өгөх үү гэдэг нь хачирхалтай. Үүнээс нь харахад манай багийнханд ямар ч сахилга бат байдаггүй.
Спортынхон гэсэн дархлагдсан хэдэн улсад ингээд хамаг улс орныхоо нэр нүүрийг итгэл хүлээлгэж өгөөд байвал цаашид юу ч болж мэдэхээр байна. Эцэст нь нэг муу тамирчин, ядарсан хоёр дасгалжуулагч л буруутан болоод үлдэж байгааг харж байна. Спортын үйл хэрэгт шинжлэх ухаанчаар хандаж, тамирчдаа шинжлэх ухааны бүтээлийн хэмжээнд аваачих цаг нь болсон гэдгийг Рио Де Жанейрогийн олимп бидэнд санууллаа. Тийм болохоор одооноос спорт-шинжлэх ухаан гэсэн хослолыг хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй байна, тэр харьяа яам, газрууд нь. Рио Де Жанейро хот болоод өнөө Узбекстаны бөх, Японы шүүгчийг одоо үзэн ядаад, дэлхийгээс нүүцгээе гээд орилоод байх хэрэггүй шүү. Алдааг өөрсдөөсөө эрье. “Токио 2020”-д манайхан аанай сумынхаа спартакиадад оролцох гэж байгаа мэт сэтгэгдэлтэй очвол бас яачих ч юм билээ.