Categories
гадаад мэдээ

Олаф Шольц гэж ер нь хэн бэ?

Орчин үеийн түүхэнд улс орноо удирдаж явсан эмэгтэйчүүд хуруу дарам цөөн. Бүр хачирхалтай нь эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөөх феминизмын үзэл бодлын бараг үнэр ч ханхлаагүй гуравдагч хэмээх ертөнцийн Энэтхэгт Индира Ганди, Пакистанд Беназир Бхутто, Филиппинд Корасон Акино нар ерөнхий сайдын албыг хашиж байв. Гэхдээ тэд эцгүүдийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэгч гэдгээрээ ард олныхоо дэмжлэгийг аван тодрон гарч ирж байсан юм.

Харин дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн төрийн жолоог атгаж явсан эмэгтэй гэвэл ердөө хоёр. Эхнийх нь мэдээж Их Британийн “төмөр хатагтай” Маргарет Тетчер. Хоёр дахь нь Европын эдийн засгийн гол зүтгүүр Германыг 16 жилийн турш удирдсан “Фрау Канцлеранин” буюу хатагтай Канцлер Ангела Меркель билээ.
Түүнийг албаа хүлээлгэн өгөх ёслолд цэргийн хөгжмийн чуулга БНАГУ-аас гаралтай панк-рок дуучин Нина Хогены “Чи фото зургийн өнгөт хальсаа мартжээ” гэсэн дуу эгшиглэсэн нь санамсаргүй зүйл биш. Учир нь Германы анхны, магадгүй сүүлчийн “Фрау Канцлеранин” дэлхийн II дайны дараа ЗХУ-ын нөлөөний бүсэд орсон социалист БНАГУ-ын угшилтай.Бүхэл бүтэн нэг үе мэндэлсэн хугацаанд улсаа удирдсан Ангела Меркелийг магтан дуулагчид ч, шүүмжлэн эсэргүүцэгчид ч цөөнгүй. Юутай ч түүний эрин үе дууслаа. Ангела Меркелийн орыг нийгмийн хөгжлийн санааг дэмжигч, Социал-демократ намын тэргүүн Олаф Шольц авав.
Зүүний үзэл бодолтой түүнээс либерал дотоод бодлого явуулан цөөнхүүдийг дэмжиж, уур амьсгалын өөрчлөлттэй эрс тэмцэхийг Европын холбоо, дэлхий дахин хүлээж байгаа болов уу. Олаф Шольц гэхдээ зөвхөн өөрийнхөө Социал-демократ намаас хамаарахгүй. Учир нь, Бундестаг буюу Германы парламентад олонхын санал авахын тулд Ногооны нам, бас Чөлөөт ардчилсан намтай хамтарч эвсэл байгуулжээ.
“Фрау Канцлерин”-ийн бодлого үргэлжлэх үү, эсвэл тэс өөр болох уу. Үүнээс Европ төдийгүй дэлхийн цаашдын хэв маяг тодорхойлогдох нь гарцаагүй.
Тэгвэл Олаф Шольц гэж ер нь хэн бэ? Дэлхий даяар судалж эхэлж байна. Тэрээр Германы улс төрд шинэхэн хүн биш аж. ХБНГУ-ын сангийн сайд ,тэр ч байтугай Хууль зүйн сайдын албыг хашиж байжээ. Энэ хүн дэлхийн улс төрд, цаашид олон жил нөлөөлөх нь гарцаагүй. Цөөнхийн эрх ашгийг хамгаална, ковидын халдвартай тэмцэнэ, хар тамхи марихуаныг албан ёсоор баталгаажуулна гэж сонгуулийн мөрийн хөтөлбөртөө оруулсан. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй ч тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн нэгэн. Түүний удирдсан Германы социал-демократ нам А.Меркелийн намыг дангаараа дийлээгүй. Бундестагт Социал-демократ нам дангаараа олонх болж чадаагүй. Тус улсын Ногоон нам болон Чөлөөт ардчилсан намтай нийлж байж Засгийн газар бүрдүүлсэн билээ.
Сонирхолтой баримт дурдахад, эл гурван намын бэлгэдлийн өнгөөр Германы одоогийн улс төрийг тодорхойлжээ. “Гудамжны гэрлэн дохио” гэж. Яагаад гэхээр, О.Шольцын удирддаг намыг улаан өнгөөр төсөөлдөг. Харин Ногоон намыг ойлгомжтой, ногооноор. Тэгвэл Чөлөөт ардчилсан намыг шараар илэрхийлдэг ажээ. Германд тулгарч буй хамгийн том асуудал бол “Ковид-19”-ийн халдвар гэж шинэ Канцлер хэлсэн юм. Энэ асуудал дээр А.Меркелийн засгийн газар дэндүү зөөлөн бодлого барьсан гэж тэрээр шүүмжилж байлаа.
Дашрамд хэлэхэд, Анналена Бербокийн удирдсан Ногоон нам Бундестагт эзэлсэн суудлаараа гуравт орсны ачаар л О.Шольц Канцлер болсон гэдэг. “Улаанууд” “шарууд”, “ногоонууд”-тай юун дээр санал нийлсэн нь сонин.
О.Шольцын мөрийн хөтөлбөрт нэлээд хэдэн онцлог бий. Жишээ нь, нийгмийн бодлогын тал дээр ажлын цагийн хөлсийг 12 евро болгоно гэж тусгасан. Одоогийн цагийн хөлс нь 9.6 евро. Хоёрдугаарт, жил болгон 400 мянган орон сууц барина гэж амласан. Түүнээс 25 хувийг залуучуудад өгнө гэжээ. Үүнээс гадна марихуан буюу навчин тамхийг лицензээр чөлөөтэй худалдаалаад, тэндээс нь татвар авна гэж мэдэгдсэн нь залуучуудын саналыг татсан биз ээ.
Түүнчлэн О.Шольц Германы сонгуульд санал өгөх доод насыг 18 бус 16 болгоно гэсэн. Гэхдээ энэ санаачилга нь бараг бүтэхгүй болов уу. Учир нь, Бундестагийн гишүүдийн 70 хувиас илүү санал авч байж ийм төсөл батлагддаг аж. Түүний эвсэл энэ хэмжээний санал өгөх нь юу л бол. Германы шинэ Канцлерын монголчуудад хамааралтай нэг шинэчлэлийн санал бий. Юу гэхээр, энэ улсын иргэншил авахад найман жил амьдрах ёстой. Тэгвэл түүний хөтөлбөрт тусгаснаар таван жил амьдраад иргэн нь болох эрх нээгдэх нь ээ.
Гэхдээ О.Шольцод эвслийн дотроо зохицуулах бас нэг юм бий. Тэр нь, Чөлөөт ардчилсан намтай зөрчилдөж буй асуудал. Эвссэн нам нь цар тахлын үед дунд давхаргын иргэдээ дэмжих бодлоготой байгаа бол түүний нам ядуучуудаа дэмжихийг урьтал болгох гэнэ. О.Шольц мөрийн хөтөлбөртөө мөн төсвөөс 50 тэрбум еврог ядуучуудыг тэтгэхэд зориулна гэж мэдэгдсэн юм. Тэгвэл энэ бодлогод түүнийг Канцлер болоход чухал үүрэг гүйцэтгэсэн Чөлөөт ардчилсан нам таагүй хандаж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *