Япон улсын нийслэл Токио хотод зохион байгуулагдсан олон улсын физикийн 53 дугаар олимпиадаас хүрэл медаль хүртсэн “Шинэ үе” сургуулийн 10Б ангийн сурагч Г.Батбаяртай ярилцлаа.
-Юуны өмнө олон улсын олимпиадаас медаль авсанд тань баяр хүргэе. Физикийн олимпиадад хэд дэх жилдээ оролцов?
-Намайг Г.Батбаяр гэдэг. “Шинэ үе” сургуулийн 10Б ангид сурдаг. Японы Токио хотод зохион байгуулагдсан олон улсын олимпиадад анх удаа оролцсон. Харин физикийн олимпиадад гурав дахь жилдээ оролцож байна.
-Ер нь олимпиадад оролцоод медаль авах мөч ямар байсан бэ. Тэмцээндээ оролцохдоо өөртөө хэр итгэлтэй байв?
-Медаль авах тэр мөч их гоё байсан. Тэмцээнд орохдоо медаль авна гэж бодоогүй. Маш сайхан байсан.
-Хэддүгээр ангиасаа физикийн хичээлээр бэлтгэгдэж байгаа вэ?
-Наймдугаар ангиасаа хойш физикийн хичээл давтсан. Одоо би арваннэгдүгээр ангид орно.
-Физикийн хичээлийн гоё нь юу вэ?
-Тодорхой үнэн зүйлийг ашиглан бодлого боддог нь таалагддаг.
-Олон улсын олимпиадад оролцоход хүндрэлтэй тал байсан уу?
-Бодлого нь жаахан хүнд байсан. Бүх чадлаараа даалгавруудаа хийж, медаль байлаагардан авах мөч бахархам сайхан байлаа.
-Монгол хүүхдүүдийг дэлхийн түвшинтэй харьцуулахад ямар байсан бэ?
-Өндөр хөгжилтэй орны хүүхдүүдтэй харьцуулахад ур чадварын хувьд дутмаг санагдсан.
-Бэлтгэсэн багшийнхаа талаар ярихгүй юу?
-Г.Мөнхбаяр, Г.Зоригт багш нар маань олон улсын олимпиадад орж ирдэг бодлогуудыг хэрхэн бодох санааг хэлж өгдөг байсан. Харин чадахгүй зүйлээ багшаасаа асуугаад ихэвчлэн өөрсдөө хичээлээ хийнэ. Мөн Г.Ариунболд багш маань олимпиадад шалгарах хүртэл хичээл заасан.
-Ер нь өдөрт хэдэн цаг зарцуулдаг байсан бэ. Хичээлийнхээ хажуугаар давтах уу?
-Өдөрт дунджаар 5-7 цаг бэлтгэнэ. Харин олон улсын олимпиадад бэлтгэж байхдаа 9-10 цаг зарцуулдаг.
-Хичээлийнхээ хажуугаар олимпиадын бэлтгэл хийхэд бусад хичээлээ хэрхэн зохицуулдаг байсан бэ?
-Олимпиад болохын өмнө хичээлээсээ чөлөө аваад бэлддэг. Мөн хичээл тарсны дараа сургууль дээрээ даалгавраа хийчихээд бэлтгэлээ хийнэ.
-Физикийн хичээлийг хүнд, хэцүү гэдэг. Чиний хувьд ямар арга барилаар ойлгодог вэ?
-Миний хувьд хялбар аргаар ойлгох боломжгүй гэж бодож байна. Олон бодлого бодоод өөрөө хичээж байж л сайжирна.
-Цаашдын зорилгоо хуваалцахгүй юу?
-Би цөмийн физикч болно.
Г.Ариунболд: Үзсэн сэдвийнхээ хү рээнд төрөл бү рийн бо длого бо дож үзэх хэрэгтэй
“Шинэ үе” сургуулийн физикийн багш Г.Ариунболдтой цөөн хором ярилцлаа.
-Таны хувьд хүүхдүүдээ олон улсын олимпиадад оролцоход хэрхэн бэлтгэж байв?
-Дөрвөн жилийн өмнө “Сант” сургуульд байхдаа хоёр жилийн хугацаанд олимпиадад хүүхэд бэлтгэж байсан. Тухайн үед хүүхдүүд маань олон улс болон Азийн олимпиадад оролцдог байлаа. Харин хоёр жилийн өмнөөс “Шинэ үе” сургуульд ороод Г.Батбаярыг бэлтгэж эхэлсэн. Г.Батбаяр маань өнгөрсөн жил есдүгээр ангидаа улсын олимпиадаас алтан медаль хүртсэн. Түүнээс хойш олимпиадад орох зорилго тавин бэлтгэж эхэлсэн дээ.
-Та ямар арга барилаар хичээлээ заадаг вэ?
-Олон улсын олимпиадад орж байгаа хүүхдүүд математик суурь сайтай байдаг учраас сэдвээ хэлэхэд л түргэн хугацаанд ойлгодог. Зарим нь хэлэхээс ч өмнө мэдчихсэн байдаг шүү. Хамгийн гол нь үзсэн сэдвийнхээ хүрээнд төрөл бүрийн бодлого бодож үзэх хэрэгтэй. Г.Батбаяр аравдугаар ангийн хүүхэд учраас үзсэн сэдвийн хүрээнд оновчтой бодлогууд сонгож бодуулах нь хэрэгтэй байсан юм.
-Олимпиадын үргэлжлэх хугацаа нь хэр урт байдаг вэ?
-Олон улсын олимпиад таван цаг бодлого бодож, таван цаг туршилт хийдэг.
-Сүүлийн үед хүүхдүүд физикийн хичээлийг хэр их сонирхож байна?
-Физикийн хичээл сонирхдог хүүхдүүд цөөнгүй бий. Гэхдээ ЭЕШ-д физикээр орж байгаа хүүхдийн тоог харахад багассан байна лээ.