Categories
мэдээ нийгэм

​Охидын хүчирхийллийн эсрэг “Нүдээ нээ”-хийг уриаллаа

“Үндэсний өгөх өдөр хөдөлгөөн” ТББ, “Лантуун Дохио” ТББ-аас охидыг хүчирхийллээс хамгаалах “Нүдээ нээ” хөдөлгөөний талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нд уламжлал болгон зохион байгуулдаг “Үндэсний өгөх өдөр”-ийн хүрээнд энэ жил охидын хүчирхийллийн эсрэг “Нүдээ нээ”-хийг уриалж байна. Ийнхүү үндэсний хөдөлгөөнийг эхлүүлжээ.

ХҮЧИРХИЙЛЛЭЭС ХАМГААЛАХ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЭЖ БОДИТОЙ, ҮР ҮНТЭЙ АЛХАМ ХИЙЦГЭЭЕ ГЭВ

Энэ үеэр “Үндэсний өгөх өдөр хөдөлгөөн”-ийг санаачлагч Б.Баярсайхан ярихдаа “Уг хөдөлгөөнийг санаачилснаас хойш найм дахь жилдээ охидын хүчирхийллийн эсрэг “Нүдээ нээ”-хийг уриалж байна. Бид охидыг хүчирхийллээс хамгаалах, тэднийг хайрлах, халамжлах, хамгаалж өгөөч ээ гэж аавууд болон эрчүүдэд, нийгмийг уриалах зорилготой байгаа юм. Ингээд хэрэгжүүлье гээд “Лантуун дохио” ТББ-тай хамтраад үндэсний хөдөлгөөнийг санаачилж эхлүүлээд буй. Он гараад 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн. НҮБ-аас өгсөн мэдээллээр жилд 150 сая хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа. Үүний 50 хүртэлх хувь нь 16-гаас доош насны хүүхдүүд байдаг гэнэ. Гэтэл дэлхийн хэмжээнд гарч байгаа хүчирхийллийн тоог манай улсынхтай харьцуулахад маш өндөрт тооцогдохоор болжээ. Иймээс энэ нь маш их санаа зовоосон асуудал болоод байна. Тухайлбал, манай улсад сүүлийн нэг сарын байдлаар охидын хүчирхийллийн талаарх мэдээлэл маш аюултай түвшинд байгаа. Тиймээс бид өнөөдөр яасан ч зүгээр сууж болохгүй. Нийгмээрээ, нийтээрээ, төрийн болон төрийн бус байгууллага, төр засаг, хувь хүн болон бүх ээж, аав нар зүтгэх хэрэгтэй боллоо. Хүчирхийллээс хамгаалах хөдөлгөөнд нэгдэж бодитой, үр дүнтэй алхам хийцгээе” гэв.

Шог зураач С.Цогтбаяр хэлэхдээ “Өнөөдөр олон сэтгүүлчид ирсэнд баяртай байна. Хүмүүс “Нүдээ нээ” гэдгийг юу гэж байгаа юм бол оо гэх байх. Нүд гэдэг нь мах, цусанд заяагдсан нүдийг хэлж буй. Нээж чадахгүй сэтгэлийн нүд, билгийн нүд, хайрын нүд, энэрлийн нүд гэж байдаг юм. Дорно дахины ухаан, буддын ухаанд билгийн нүдийг бурхдын духан дээр төлөөлүүлж үзүүлдэг. Сэтгэлийн болон дотоод амар амгалангийн нүд, бясалгалын, хайрын нүд гэж байдаг. Ийм нүдээр төлөөлүүлж, далд байгаа “Нүдээ нээ” гэж хэлмээр байна.

Бид энгийн зүйлийг харж байгаа юм шиг хэрнээ аньсан юм шиг амьдарч байна. Болохгүй, бүтэхгүй шударга үнэний эсрэг ч юм уу эдгээр зүйлийн хажуугаар нүдээ аньсан юм шиг, хараагүй юм шиг яваад байна шүү дээ. Иймээс энэ нүдээ нээх хэрэгтэй. Ийм утга учиртай лого, уриа юм шүү” гэж байлаа.

Ч.ГАНЖАВХЛАН: АЛЬ НЭГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА ХҮЧИРХИЙЛЛИЙН ХЭРГИЙГ СЕНСАЦИЙН ХЭМЖЭЭНД ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГГҮЙ

“Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан “Аливаа зүйлд хэмжээ хязгаар, тэвчиж болохгүй цэг гэж байдаг. Өнөөдөр манай улсын хүүхдийн хүчирхийллийн асуудал нийгмийн аюултай хэмжээнд ирсэн байна. Өнөөдөр маш олон аав ээж, хөршүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр үүнийг сонсож байгаа. Хүний эрхийн үндэсний комиссын дарга “Нэг нас зургаан сартай охин бэлгийн хүчирхийлэлд өртсөн” талаар мэдээлсэн. Үүний дараа Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга “Дөрвөн настай хүүхэд жил зургаан сарын хугацаанд хүчирхийлэлд өртсөн байна” гэдгийг хэлсэн. Үүнийг анзаарвал нийгэмд юу болоод байна вэ. 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөнө гэдэг бол долоон анги дүүрэн охидыг хүчиндсэн байна гэсэн үг. Хүчирхийллийн асуудлыг олон жил ярилаа. Тодруулбал, таван настай хүүхдийг заазуурдаж, хоёр настай охиныг хазсан гэх зэргээр хүчирхийллийг ярьдаг. Өнгөрсөн жил аймшигтай зүйл хэд хэдэн удаа болсон. Энэ жил мөн л адил. Одоо бүр ихэсч, гамшгийн хэмжээнд очих нь. Хүчирхийллийн хэрэг ар араасаа гарсаар л. Ингэхээр бид тэмцлийн өөр хэлбэрт орох шаардлагатай боллоо. Үүнийг аль нэг төрийн бус байгууллага дүрэлзсэн гал шиг асаад унтардаг долоон хоногийн сенсацийн хэмжээнд шийдвэрлэх хэрэггүй. Хүн болгон өдөр бүр өөрийнхөө буй газарт хүчирхийллийн эсрэг тэмцэж, “Нүдээ нээх” хэрэгтэй. Ингэхийг бүх баримт аймшигт сэртхийлгэм явдлууд хэлээд өгчихлөө.

Хоёр долоо хоногийн өмнө таван настай охин хүчиндүүлсэн хэрэг гарсан. Үүнийг ярьж байхад маш олон хүмүүс шуугиж, зургаа дахь өдрөөс нь хойш бүгд чимээгүй болж, үйл явдлыг мартаж эхэлсэн. Мөн 13-хан настай охиныг зочид буудалд амь насыг нь хөнөөчихсөн. Хамгийн сүүлд гурван настай охиныг төрсөн эцэг нь удаа дараа хүчиндсэн хэрэг гарлаа. Энэ чинь одоо манай улсад юу болоод байна вэ. Үндэсний аюулгүй байдалд халдаж, хүчирхийлэл гамшгийн хэмжээнд хүрчихлээ. Үүний эсрэг бид маш тууштай, бодит үр дүнг шаардсан тэмцлүүдийг аль хэдийнэ нүдээ нээгээд хийгээд эхлүүлсэн юм. Дэлхийн 11 оронд байгаа монголчууд зохион байгуулалттайгаар энэ аянд нэгдсэн. Мөн Төв, Орхон аймгаас нэгдсэн байгаа. Ингэхээр маш олон хүн нүдээ нээгээд эхэлчихсэн. Дор дороо нүдээ нээж, тууштай тэмцэх хэрэгтэй” гэдгийг онцолсон юм.

ХОЁР ЖИЛИЙН ӨМНӨ 13 НАСТАЙ ОХИНЫГ ГУРВАН ХҮН ГУРВАН ЗОЧИД БУУДАЛ РУУ ДАМЖУУЛАН ХҮЧИНДЖЭЭ

Мөн тэрбээр хүүхдэд хамгийн ээлгүй газар зочид буудлууд болсон. Иймээс хамгийн түрүүнд зочид буудлуудыг цэгцлэх шаардлагатай. Үүнийг бид “Алуурын амбаар” гэж нэрлээд байна. Бид гурван хоногийн өмнө шөнийн цагаар тандалт судалгааг зочид буудлуудаар явж хийсэн байгаа. Ингэхэд манай улсад үйл ажиллагаа явуулж буй зарим зочид буудлуудад бага насны хүүхдэд холбогдох ямар нэг заасан дүрэм журам, заалт огт алга. Мөн бага насны хүүхдийн бүртгэл харгалзагчийн асуудлыг хөндсөн. Ямар ч үг үсэг байхгүй юм. Ийм аймшигтай хэмжээнд буй. Нэг ёсондоо насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уриалан дуудаж, биеэ үнэлэгчид, гулгаа массаж зэрэг газрууд охидын аминд хүрч байна ш дээ. Ингэхээр зочид буудлуудыг цэгцлэх цаг нь яах аргагүй болсон гэж бодож байна. Өнөөдөр холбогдох хууль журманд өөрчлөлт оруулах төслийн хүрээнд баг ажиллаж байгаа. Үүнийг дэмжиж, биелүүлэх хүмүүсийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн. Одоогийн байдлаар 2160 хүн гарын үсэг зурж нэгдсэн. Уг асуудалд бид бодитой өөрчлөлт хийнэ. Эхлээд журмаа өөрчилсний дараа цагдаа, олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагууд нийлж зочид буудлын асуудал дээр тогтсон хяналт тавина. Хоёр жилийн өмнө 13 настай охиныг гурван зочид буудалд нэг шөнийн дотор дамжуулж гурван өөр хүн хүчиндсэн хэрэг гарсан. Тухайн үед Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс өмгөөлөгч, баг гарч ажилласан. Яагаад гурван зочид буудалд охидыг, насанд хүрээгүй хүүхдийг оруулж байгаа юм бэ. Энэ бол маш их харуусал төрүүлмээр хэрэг.

Саяхан амиа алдсан 13 настай охиноос “Очир төв” зочид буудлыг хариуцсан мэргэжилтэн нь “Чи насанд хүрээгүй байна. Чиний харгалзагч хаана байна” гэдгийг асуусан бол талийгаач амьд байх боломжтой. Ингээд зөвхөн 13 настай охины хэргээр хязгаарлагдаж байгаа юм биш. Маш олон охин хүчирхийлэлд өртөж буйг нууж, хаацайлдаг юм билээ. Хүн худалдаалах гэмт хэрэг, садар самууныг сурталчилсан хэрэг бүгд энд тэндхийн нийтийн байр, хаяггүй зочид буудлуудад үйлдэгддэг. Түргэн хугацаанд шийдэх хэрэгтэй. Гадаадын орнуудад зочид буудал руу хүүхэд ороход паспортыг нь канондаж авна. Ингээд харгалзагчийн асуудлыг ярьж, шаардах ёстой дүрэм журмын дагуу үйлчилдэг юм. Үүнийг жишиг болгох хэрэгтэй. Бид шат дараалан зөв алхам, шийдвэрийг гаргах болно. Ерөнхий боловсролын сургуулийн боловсролын системд янз бүрийн өөрчлөлт орж байна. Ингэхдээ эрүүл мэндийн хичээлийн холбогдолтой чухал асуудлыг авчих юм. Ирээдүйд ямар эцэг эх болох вэ гэдэг нь суурь боловсролтой холбоотой. Энэ тал дээр хуульчдын баг ажиллаж байгаа. Маш олон нууц гэмт хэргүүд зочид буудалд үйлдэгддэг. Шүүх эмнэлэг ч гэсэн 0-16 настай хүүхдээс төлбөр авахгүй гэдэг яриа гаргасан боловч эсрэгээрээ ажилладаг. Хүн бүр хүчирхийллийн эсрэг мэдээлэлтэй болох хэрэгтэй гэдгийг хэлэв. Хүн бүр хүчирхийлэл үйлдэгдэх магадлалтай газар, үйлдэгдэж буй орчноос шууд холбогдох газарт нь мэдээлж, хамтарч ажиллах хэрэгтэй. Аавууд, эцэг эхчүүд хүүхдүүддээ цаг гаргаж, сайтар ярилцаж, зөвлөлдөж, зөв хүн болон төлөвшихөд нь туслах хэрэгтэйг санууллаа.

О.БОЛДСАЙХАН: ЭМЭГТЭЙЧҮҮД, ЭЭЖ НАРЫНХАА ТӨЛӨӨ, ҮР ХҮҮХДИЙНХЭЭ ӨЛӨӨ ТЭМЦЭХЭД ЭРЧҮҮД БЭЛЭН БАЙХ ЁСТОЙ

“Үндэсний Өгөх өдөр” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, Аавуудын төлөөлөл О.Болдсайхан хэлэхдээ “Нэг нас зургаан сартай охин хүчирхийлэлд өртчихлөө. Сэтгэл эмзэглэхгүй байхын аргагүй. Гурав, дөрөв, тав, зургаа, 13 настай хүүхдүүд ч гэсэн. Ингэхээр хүүхдийнхээ төлөө чин сэтгэлтэй байх ёстой. Харанхуй байгаа гудамжнуудыг, харанхуйд үйлдэгдэж буй бузар булай зүйлийг бид гэрлээрээ илчилж, үйлдэх нөхцөлгүй болгох шаардлагатай. Гар чийдэн тусгаж байгаа юм шиг сонор сэрэмжтэй байж хүүхдүүдээ хамгаалъя. Сүүлийн үед хүмүүс дахиад л нөгөө сэртхийлгэм, түгшүүртэй хэцүү мэдээ, мэдээлэл гарч байна уу. Би үүнээс холдъё, өөрийгөө чөлөөлье гэж байна. Энэ бол буруу. Харин ч эр зориг гаргаж, шамдан орж, таслан зогсоохын тулд иргэн бүр алхам хийх хэрэгтэй. Хүчирхийлэлтэй холбоотой мэдээ нэвтрүүлэг, нийтлэлийг дуустал нь уншиж, сэтгэлээ эмзэглүүл. Ингэж байж тэмцэнэ. Хүмүүс, ард иргэд амиа бодон унтаа байх хэрэггүй шүү дээ. Дээд, доод айлд нь зодоон нүдээн болж байхад дуугүй, чимээгүй өнгөрдөг. Хүн зодуулаад зовж байхад хажуугаар тойроод л өнгөрдөг. Ингэж болохгүй ээ. Амиа бодсон, хувиа хичээсэн занг хаях хэрэгтэй. Маш олон байгууллага нэгдэж, үүний эсрэг ажиллаж, тэмцэл хийж байгаад баяртай байна. Асуудалд холбогдоод буй хүн бол эрчүүд. Гол үйлдэгч нь хүүхдийн төрсөн аав, эцэг нь байна гээд бод доо. Аймшигтай. Эх орон дуудахад эрчүүд бэлэн гэж ярьдаг. Бид газар шорооныхоо төлөө дайн дайжин болоход очиход бэлэн. Эмэгтэйчүүд, ээж нарынхаа төлөө, үр хүүхдийнхээ төлөө тэмцэхэд бэлэн байх ёстой. Яг одоо энэ баримтуудыг харахад нүдээ хаа сайгүй нээж, оролцох хэрэгтэй” хэмээж байв.

Сүүлийн үед хөвгүүд ч бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа гэнэ. Эдгээр төрийн бус байгууллага хоёр долоо хоногийн өмнө таван настай хүүхэд хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн хэргийн асуудлаар 15 хоногийн турш шуурхай хуралджээ. Хүүхдийн хүчирхийллийн асуудлыг өдөр бүр хөндөж, бүх талаас нь ярьж байгаа аж. Цаашид жагсаал, цуглааныг тууштай зохион байгуулна. Хүүхэд хамгааллын байгууллага, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт сул байдаг гэдгийг ч онцлов. Нэг хэсэг төр засгаас хүүхэд рүү чиглэсэн ээлтэй, зөв нөхцөлийг бүрдүүлж ажиллаж байснаа буцаад буруу зам руу ухраад байгааг хэллээ.

Хүчирхийллийн өндөр зэрэглэлтэй газруудад 45 хүүхдийг хүлээж авах хүчин чадалтай хүүхэд хамгааллын байрыг барьж, холбогдох багтай хамтран ажиллаж байгаа. Хуулийн хэрэгжилт, шаардах арга хэмжээ бүр орхигдчихсон байна. Нэг талын баганаа босгочихоод нөгөө талын баганаа босгох хэрэгтэйг анхаарууллаа. Цаасан дээр баталсан хуулийг хараад л хүчирхийлэл багасна гэвэл эндүүрэл. Эрх нь зөрчигдсөн охид хүчирхийллийн хохирогчид болж байгаа хэрэг хэдэн мянгаараа гардаг гэв. Нуун далдалсан ноцтой гэмт хэргүүд маш их байна. Төрийн байгууллагууд үүнд хүрч ажилладаггүй гэдгийг ч мэдээллээ.

ГУРВАН НАСТАЙ ОХИН ЭЭЖДЭЭ “ААВ НАМАЙГ ӨВТГӨӨД БАЙНА” ГЭЖ ХЭЛДЭГБАЙЖЭЭ

Гурван настай охиныг төрсөн эцэг нь хүчиндсэн хэрэг энэ сарын 22-нд гарсан. Дуудлага Хүүхдийн тусламжийн 108 дугаарт ирсэн аж. Ингээд гурван настай охинд Төв аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс эрүүл мэндийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлжээ. Тодруулбал, хүчирхийлэл үйлдэгч төрсөн эцэг нь охиноо ганц удаа ч биш олон удаагийн үйлдлээр хүчирхийлсэн байж болзошгүй нь тогтоогдоод байгаа гэнэ. Энэ талаар охин ээждээ “Аав намайг өвтгөөд байна” гэж хэлдэг байж. Ээж нь охиныхоо үгэнд биш нөхрийнхөө үгэнд итгэсээр өдийг хүрсэн тухайгаа мэдүүлжээ. Хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллага уг этгээдийг цагдан хорьж, мөрдөн байцаах ажиллагаа явуулж эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр уг этгээд 30 орчим настай. Охиноо хүчирхийлээд зогсохгүй эхнэрээ ч байнга хүчирхийлдэг. Тэрээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээд байж болзошгүйг цагдаагийн байгууллага баримтжуулан шалгаж байгаа гэв. Иймээс иргэдийг хүчирхийллийн хэргийн талаар холбогдох байгууллагад хурдан шуурхай мэдээлэхийг санууллаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *