Баянзүрх дүүргийн IX хорооны нутагт буюу Шар хадны эцэс, “Хар хошуу” уулын овоон дээрээс хэрцгийгээр хөнөөгдсөн хоёр эмэгтэйн цогцос өнгөрсөн тавдугаар сарын 8-нд олдсон. Овооны хажууд цогцос байна гэсэн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хэрэг үүсгэн шалгахад Б.Идэрзаяа, Э.Золбоо гэх хоёр залуутай хамт байсан 19, 20 настай хоёр эмэгтэйнх мөн болох нь тогтоогдсон. Улмаар уг хэрэгт Б.Идэрзаяа, Э.Золбоо нарыг холбогдуулан шалгаж эхэлсэн билээ. Баянзүрх дүүргийн цагдаагийн I хэлтэс уг хэргийг шалгаж дуусаад хавтаст хэргийг Дүүргийн нэгдүгээр прокурорын газар шилжүүлжээ. Мөрдөн байцаалтын шатанд хохирогчидтой хамт байсан Э.Золбоог энэ хэрэгт холбогдолгүйг тогтоожээ. Харин Б.Идэрзаяаг хоёр буюу түүнээс дээш хүнийг санаатайгаар алсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 91.2.16-д зааснаар яллах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Б.Идэрзаяа энэ хэргийг үйлдэхээсээ өмнө танхайн хэргээр ял эдэлж байсан юм. Тодруулбал, 2012 оны тавдугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутагт байх “Цом” караокед үйлчлүүлж байсан Э-г зодож гэмтээсэн хэргээр нэг сар баривчлах ял эдэлсэн нэгэн.