Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Охидыг хөнөөсөн гэх Б.Идэрзаяа гэмт хэрэгт холбогдож байжээ

Энэ сарын 8-нд буюу өнгөрсөн пүрэв гаригт Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны Хар хошуу уулын овоон дээрээс хэрцгийгээр хөнөөгдсөн хоёр эмэгтэйн цогцос олдсон билээ. Уг аймшигт хэрэг нийгмийг цочроож, цагдаагийн байгууллага уг хэргийг үйлдсэн гэх Б.Идэрзаяаг баривчлан саатуулаад байгаагаа нийтэд мэдээлсэн.
Хохирогч охид 19, 20 насныхан байсан. Хохирогч Б нь 1995 онд төрсөн. Өвөрхангай аймгийн харьяат, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд оршин суудаг байсан аж. Тэрээр бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн байсан бол нөгөө хохирогч Х 1994 онд Ховдод төрсөн, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй байсан гэнэ.
Хэрэг энэ сарын 6-нд гарчээ. Тэр өдөр хохирогч Б, Х нар Э.Золбоо гэх залуугаар дамжуулан Б.Идэрзаяатай танилцжээ. Тэд “Цайз” захын зүүн урд байрлах “Саруул тэнгэр” цогцолборын 45 дугаар байрны нэгдүгээр давхарт байрлах “Анар” мини маркетаас юм худалдаж аваад хажуу талынх нь  “ABBA” гэх пабаар үйлчлүүлжээ.  Шөнийн 00.00 цагийн үед Баянзүрх дүүргийн есдүгээр хороонд байрлах Э.Золбоогийн гэрт ирсэн байна. Тэднийд хоол унд болсны дараа Б.Идэрзаяа хохирогчдыг дагуулаад тэндээс гарчээ. Энэ үед Э.Золбоо унтах гээд гэртээ үлдсэн гэж мэдүүлээд байгаа аж. Б.Идэрзаяа охидыг дагуулаад Хар хошуу уул руу явжээ. Ингээд архидаж согтуурсан залуус муудалцаж энэ аймшигт хэрэг болсон байна. Б.Идэрзаяа хэргээ хүлээсэн бөгөөд мэдүүлэг болон эд мөрийн баримтаас түүнийг энэ хэргийг үйлдсэн гэдгийг тогтоогоод байгаа аж.
Тэр хавийн иргэд “Цагдаагийнхан энэ хавиар олон хоног самналт хийсэн. Уулыг бүхэлд нь самнасан. Амиа алдсан нэг охины толгой, нөгөөгийнх нь хөл олдохгүй байгаа гэл үү дээ. Цагдаа нар эхний өдөр гартаа гавтай өндөр нуруутай, туранхай залуу авчраад ийш тийш дагуулаад газар заалгаад байх шиг байсан. Бодвол тэр хэрэгтэн нь байсан юм байлгүй” гэцгээлээ. “Хар хошууны тэнд нэг агуй байдаг. Залуучууд тэр агуй руу орж архидаж, хонож өнждөг. Тэр аймшигт хэрэг тэнд л болсон юм шиг байна лээ” гэж тэндхийн нэгэн оршин суугч ярилаа.

Зарим мэдээллийн хэрэгслээр залуус “Давсны булаг” гэх дэлгүүрээс архи худалдаж авсан гэж мэдээлээд байгаа. Тэр дэлгүүрт очлоо. Дэлгүүрийн худалдагч “Хүмүүс андуураад байх шиг байна. Цагдаа нар манайд орж ирээд камерын бичлэгийг шалгасан. Тийм хүмүүс орж ирээгүй гэдэг нь тогтоогдсон. Хүмүүс ойлгохдоо гэр хорооллын, хотоос захдуу газарт хууль үйлчилдэггүй гэж боддог бололтой. Харин ч бид хуулиа ягштал баримталдаг. Дэлгүүрээ заасан цагт нь хааж, 21 нас хүрээгүй хүнд архиар үйлчилдэггүй. Би цагдаагийнхнаас “Яг аль дэлгүүрээс тэр залуус архи худалдаж авсан юм бэ” гэж асуухад юу ч хариулаагүй” гэлээ. Цагдаагийнхан энэ дэлгүүрт орж ирээд Б.Идэрзаяа, Б, Х нарын уулан дээр очоод архи ууж суусан газраас олдсон зарим эд зүйл, хүнсний бүтээгдэхүүнийг эндээс худалдаж авсан эсэхийг нь шалгажээ. “Давсны булаг” дэлгүүрийн худалдагч “Цагдаа нар хувийн үйлдвэрийн цагаан гялгар ууттай, шар шошготой боов, хос сойз гаргаж ирээд манайд зарагддаг эсэхийг нь лавласан. Манайх ерөөсөө тийм ууттай боов зарж байгаагүй. Би амьдралдаа ганц ч удаа тийм хос сойз худалдаж үзээгүй юм шүү” гэлээ. (Бид буцах замдаа “Анар” мини маркетаар орж хос сойз зардаг эсэхийг нь лавласан юм. Энэ дэлгүүрт хос сойз 1800 төгрөгийн үнэтэй байлаа)
Эндхийн оршин суугч эмэгтэй энэ сарын 8-ны орой 20 цагийн үед малаа эргүүлэхээр явж байгаад хэрцгийгээр амиа алдсан охидын цогцсыг анх харсан байна. Тэрээр ийн ярьжээ. “Нар жаргах үед малаа харахаар хажуу уул руу гарсан юм. Гэтэл үс, цус харагдахаар нь  “Уул, овоон дээр хэн нь ийм юм хаядаг байна” гэж бодоод цааш алхсан. Гэтэл овооноос мухар хүзүүтэй, сонин улаан юм цухуйж байсан. Одоо байтлаа малын махаар овоогоо тахидаг болоо юу гэж бодтол юун мал манатай. Эмэгтэй хүний бие байсан юм билээ” гэжээ.
Цагдаагийнхныг хэргийн газар очиход уулын баруун энгэрийн орой дээр хад, чулуутай газарт, ар хэсгээс дээш өгсөж явахад хадны дунд цасан дээр эмэгтэй хүний ягаан бас бор өнгийн хоёр гар цүнх харагдсан гэнэ. Цүнхнүүд онгорхой байсан бөгөөд дотор нь уруулын будаг зэрэг гоо сайхны хэрэгслүүд нь байжээ.

Б.Идэрзаяа гэж хэн бэ?
Бямбасүрэнгийн Идэрзаяа 1991 оны арванхоёрдугаар сарын 22-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд төржээ. Айлын отгон хүү юм байна. Бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн. Тэрбээр наймдугаар ангиа төгссөнөөс хойш сургуульд сураагүй. Ажил хийхээр нийслэлд ирсэн юм байна. Хотод Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хорооны Их наранд ах, эгчтэйгээ амьдардаг байжээ. Тэрбээр хотод ирээд машин угаалгын газарт анх ажилд орсон юм байна. Дараа нь барилга дээр хэсэг ажилласан гэнэ. Гэхдээ тэрбээр тогтсон ажил хийж үзээгүй. Хамгийн удаандаа нэг газар хоёр сар ажилладаг байж. Хар ажил хийж байхдаа танилцсан найзуудтайгаа байнга шахам архи уудаг байсан гэдгийг ойрын хүмүүс нь ярьсан. Түүний амьдран суугаа тоот хашаанд гурав, дөрвөн айлын гэр байдаг аж. Хорооныхон “Тэр хашаанд хөдөө гадаанаас ирсэн хүмүүс их орж гардаг. Хөдөөнөөс ирж энд сурдаг оюутнууд, ажил хийдэг залуус амьдардаг” гэсэн мэдээлэл өгсөн юм.
Б.Идэрзаяа 2012 оны тавдугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цом” караокед үйлчлүүлж байгаад үл ялих зүйлээр шалтаглан шар айрагны шилээр Э гэх залуугийн толгойн тус газарт цохиж хөнгөн гэмтэл учруулж танхайрсан хэрэгт холбогдож байжээ. Тэрээр тухайн үед “Бие засах өрөө орчихоод эргээд ирсэн чинь манай найз охиныг Э хүзүүдчихсэн, сонин сонин юм яриад сууж байсан. Тэгэхээр нь надад найз охиноо хардах сэтгэгдэл бага зэрэг төрсөн. Гэхдээ би тэр үйлдэлд уурлаагүй. Дараагаар нь манай найз охин микрофон аваад дуулах гэхэд Э микрофоныг нь булааж аваад “Яасан муухай дуулдаг юм” гэх мэтчилэн сонин зүйл яриад байсан. Тэгсэн манай найз охин уурлаад караокегоос гараад явчихсан. Би найз охиныхоо араас гартал тэр яваад өгчихсөн. Э бид хоёр тооцооноос болж маргалдсан. Би Э-г бөгжтэй гараараа цохьсон. Түүнийг шилээр цохиогүй” гэж мэдүүлж байжээ. Түүний холбогдсон хэргийг Сонгинохайрхан дүүргийн шүүхээс хянан хэлэлцээд бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар нэг сарын хугацаатай баривчлах ялаар шийтгэсэн байна.
Тухайн үед ах, эгч нь хохирогч Э-д 200 мянган төгрөг төлж, гомдолгүй гэх мэдүүлгийг өгүүлж байсан гэнэ.
Б.Идэрзаяа архи уухаараа тавьтаргүй, агсам, омогтой нэгэн гэдгийг хамт ажиллаж байсан хүмүүс нь ярьсан. Ажлаасаа гарчихаад хамт ажиллаж байсан хүмүүсээсээ архины мөнгө нэхэж, бааранд орох санал гаргаж уруу татдаг байсан гэнэ. Үүнээс нь болж найз бүсгүй нь түүнээс салсан аж.
Ажил хийж олсон мөнгөө ах, эгчдээ өгдөггүй. Зугаа цэнгэлд зориулчихдаг учраас гэрийнхэн нь ажил хийлгэх сонирхолгүй байж. Тэрбээр өнгөрсөн намар барилгын ажил хийж байгаад гарчээ. Түүнээс хойш ажил хийгээгүй байна.

Д.САРУУЛ
Ц.ӨРНӨХ
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *